Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2022/0286/З |
Дугаар | 221/МА2023/0543 |
Огноо | 2023-08-23 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2023/0543
С.Э-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээд “К” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, гуравдагч этгээд Г.Б,
Нэхэмжлэгч С.Э
Хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд Г.Б
Гуравдагч этгээд “К” ББСБ” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээд Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Г, гуравдагч этгээд “К” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2022/0286/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Э-гээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр С.Э-гийг бүртгэхээс татгалзсан Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах1, С.Э-ийг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах2, Улсын бүртгэлийн Ү-22040324921 дугаартай Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой /13130/ 113/6 хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг бүртгэсэн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах3, Г.Б болон “К” ББСБ-ийн хооронд байгуулсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах4”-аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1, 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 8 дугаар зүйлийн 8.2, 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 1/Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Э-ийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл болон уг хөрөнгийг Г.Б-ы нэр дээр бүртгэсэн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн улсын бүртгэл, үл хөдлөх хөрөнгийг Г.Б болон “К” ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн болон 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Э-ийг улсын бүртгэлд бүртгэхийг /Ү-2204032491/ Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн зарим зүйл заалтыг хэрэглэхгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3.1.1. Нэхэмжлэлийн шаардлага болох мэдэгдэл хүчингүй болгоход шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 4.1.7, 4.1.8-д "Эд хөрөнгийн хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 8 дугаар зүйл, 8.2-т заасныг үндэслэн хууль бус үндэслэлээр татгалзсан нь дээрх хуульд нийцээгүй тул өмчлөх эрх сэргээн шийдвэрлэх нь зүйтэй гэж үүнийгээ үндэслэн, С.Э-ийг өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай 4.1.9, 4.1.10-д дурдсан” байна.
3.2. Гэтэл бүртгэхээс татгалзсан үндэслэл нь “Эд хөрөнгийн хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 8 дугаар зүйл, 8.2-т заасныг үндэслээгүй болно. Бүртгэлийн байгууллагын мэдүүлэг хүлээн авах улсын бүртгэгч иргэн С.Э-ийн гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаагүй нотлох баримтын бүрдлийг 8 дугаар зүйлд заасан шаардлага хангасан тул нотлох баримтуудыг хүлээн авч мэдээллийн санд шивж бүртгэл хийх ажилтанд хүлээлгэн өгсөн. Учир нь мэдүүлэг хүлээн авах улсын бүртгэгч мэдүүлэг гаргагч иргэний нотлох баримтын бүрдэл дутуу бол хүлээн авах цонхноос дутуу материалыг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-н 8 дугаар зүйлийг үндэслэн /мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үйлдэл/ хүлээн авахгүй мэдээллийн санд шивж оруулахгүй, бүртгэх ажилтанд хүлээлгэн өгдөггүй болно. Мэдэгдэл нь бүртгэхээс татгалзсан үйлдэл юм. Иймд хуулийн заалтыг буруу хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.3. Улсын бүртгэгч мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтыг бүртгэх улсын бүртгэгч хянан шалгаж мэдээллийн санд хянах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу хянаж доорх үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэхээс татгалзан мэдүүлгийг буцаасан байна. Үүнд:
-Капитал банктай байгуулсан 2011.06.02 /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн бүртгэхээс татгалзсан /
-К ББСБ-тай байгуулсан 2012.09.18-ны барьцааны гэрээ /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн бүртгэхээс татгалзсан/
-НШШГА-н 2016 оны 3/22681 /Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.10, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30.1.4/
-НШШГА-ы 2017 оны 3/15434, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.10, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30.1.4/
-НШШГГ-н 2018 оны 4/12637, 2021 оны 4-159/14888 тоотоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.10, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30.1.4/
-Мөн ЭХЭУБТХ-н 5 дугаар зүйлийн 5.5.5, 5.7-д заасан үндэслэлээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна гэнэ.
3.4. Иргэн С.Э-гийн бүртгүүлэхээр хүссэн эд хөрөнгийг иргэн Г.Б 2010 онд "Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд баталгаажуулсан тул дээрх барьцааны эрх, тусгай тэмдэглэлийн эрх хуулийн дагуу бүртгэгдсэн байна. Улсын бүртгэгч бүртгэгдсэн эрхийг хуулийн дагуу бүртгэл хийлгэж дуусгавар болгох тул бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд хуулийн зүйл заалтыг тусгаагүй ч барьцаатай болон захиран зарцуулах эрхийг хязгаарласан тухай агуулгын хувьд мэдэгдэн татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйл “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 20.1.10-д заасныг үндэслэн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зорчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл "барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэх” заалтуудыг үндэслэсэн болно. Шүүхээс шийдвэрээ гаргахдаа хуулийн дагуу хийгдсэн тусгай тэмдэглэлийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Маргаан нь өмчлөх эрх, барьцааны эрх, тусгай тэмдэглэлийн эрхийг хүчингүй болгох хэрэг маргаан юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл хууль хэрэглэх, 11,1 зүйлийг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дугаар зүйлийг хэрэгжүүлж шийдвэрлээгүй гэж үзэж байна.
3.5. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” нь хэсгийн /2-т шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар/ 2.17-д Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017/05/26- ны едрийн 3/15434, 2.19-д Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018/08/15-ны өдрийн 4/12637 дугаар албан бичгүүдээр Ү-2204032491 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн эсэх лавлагаа шаардсан гэжээ. Гэтэл шүүхэд ирүүлсэн нотлох баримтын албан бичгийн хуулбаруудад “эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэх лавлагааг” хүссэн байх тул нотлох баримтын агуулгыг зөрүүтэйгээр ойлгож үнэлсэн гэж үзэж байна.
3.6. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” нь хэсгийн /2-т шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар/ 2.9-д Г.Б нь Капитал банктай 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээл авсан байгаа боловч уг барьцааны гэрээгээр "113/6" дугаартай орон сууцыг барьцаалаагүй, нөгөө талаас Капитал банк нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 838 дугаар албан бичгээр "Г.Б уг зээлийг төлсөн" гэх тайлбарын хамт зээлийн дансны хуулгыг шүүхэд ирүүлснээс үзвэл улсын бүртгэгчийн "Капитал банктай байгуулсан 2011/06/2-ны өдрийн барьцааны гэрээтэй гэсэн татгалзал үндэслэлгүй, хууль бус байна гэж" гэтэл шүүхэд хүргүүлсэн нотлох баримтад Капитал банктай байгуулсан барьцааны гэрээнд Ү-2204032491 дугаартай эд хөрөнгө тусгагдсан нь хуулбараар очсон байгаа болно. Энэ нь нотлох баримтыг дутуу үнэлснээс "Улсын бүртгэгчийн "Капитал банктай байгуулсан 2011/06/2-ны өдрийн барьцааны гэрээтэй гэсэн татгалзал үндэслэлгүй, хууль бус байна гэж" шүүх тогтоосон гэж үзэж байна.
3.7. Улсын бүртгэлд, мэдээллийн санд бүртгэгдсэн барьцааны эрхийг дуусгавар болгохдоо "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 21.1-“барьцаалбарыг хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгох, 21.2-барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ"-д зааснаар нотлох баримтыг үндэслэн дуусгавар болгодог тул улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны эрх болох Капитал банктай байгуулсан 2011.06.02, "К " ББСБ-тай байгуулсан 2012.09.18-ны барьцааны гэрээ бүртгэлтэй гэж улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан татгалзал хууль бус гэж үзэхгүй байна.
3.8. Дөрөв. Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн- /шүүхийн шийдвэрийн/:
Барьцааны эрхийг хүчингүй болгоход 4.3.1, 4.3.2, 4.3.3-т дурдсанаар хууль бус өмчлөгч Г.Б барьцаанд тавьсан тул хүчингүй болгох нь зүйтэй гэж- нэхэмжлэлийн шаардлага нь Г.Б-ы бүртгэгдсэн эрх, барьцааны эрхийг хүчингүй болгох юм. Уг эрхүүдийг хүчингүй болгоход тухайн үед дагаж мөрдөж байсан хуулийг зөрчиж бүртгэл хийгдсэн эсэх нотлох баримтуудыг шинжилж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл хууль хэрэглэх, 11.1 зүйлийг хэрэгжүүлж, мөн хуулийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дугаар зүйлийг хэрэгжүүлж шийдвэрлээгүй гэж үзэж байна.
3.9. Шүүхийн шийдвэрийн 6.3т "энэ удаагийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нь холбогдох утсаа салгаж алга болсон, ямар нэг хүсэлт ирүүлээгүй түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх" гэж- Э.Ө надад энэ удаагийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйл 71.1 шүүгч тов мэдэгдэх, 71.2т оролцогч товыг шүүхээс лавлах үүрэг хуульчлагдаж өгчээ. Энэ заалтыг нэг нь мэдэгдэх үүрэг, нэг нь лавлах үүрэгтэй гэж ойлгож байна.
3.10. Миний бие 14 удаагийн хойшилсон шүүх хуралдаанд 96611129 /хэргийн материалд байгаа/, 89944447 /хэргийн материалд байгаа/ утсуудаар хурлын товыг мэдэж шүүх хуралдаанд байнга өөрийн биеэр ирж оролцож байсан гэтэл маргаан хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас уг хуралдаанд оролцож чадаагүй болно. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэж байна.
3.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1.1-т хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж энэ тухай баримтжуулах тухай зааж өгөх гэтэл нэхэмжлэгч С.Э 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, мөн шүүх хуралдаан болсон өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн бичгээр тодруулж шүүх энэхүү шаардлагын дагуу хэргийг хянан хэлэлцсэн байна.
3.12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг маргааныг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “К” ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч С.Э нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бүртгэл хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Энэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид болон гуравдагч этгээдүүдэд гардуулан өгөөгүй, хариу тайлбар гаргуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Тодруулбал 2023 онд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гарган шийдвэрлүүлсэн атал нэхэмжлэлийн шаардлагыг гардуулалгүйгээр шүүх хуралдааныг хийжээ. Ингэхдээ 2023 оны 05-р сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эцэслэн бичгээр тодруулж ирүүлсэн байхад хариуцагч тал, гуравдагч этгээд нарт энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан өгөлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь талуудын оролцоо, тэгш байдлыг хангаагүй, мэтгэлцэх боломжийг хязгаарласан шийдвэр болжээ.
4.2. С.Э-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэгдүгээрт: Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хоёрдугаарт: үл хөдлөх хөрөнгийг С.Э миний нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн бүртгэл хийлгэхийг Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг 2022 оны 03-р сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 499273559 тоот дансанд төлсөн байна.
4.3. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оны 06-р сарын 02-ны өдөр "Капитал банк" ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Учир нь манай ББСБ-аас анх 2012 оны 09-р сарын 18-ны өдрийн, 2013 оны 03-р сарын 22-ны өдрийн барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэхэд "Капитал банк" ХХК-ийн зүгээс давхар барьцаалахыг хүлээн зөвшөөрч байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Капитал банкны барьцааны бүртгэлийг чөлөөлөх талаар албан ёсоор бүртгэлийн газарт хандсан үйл баримт байхгүй, одоог хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байхад Анхан шатны шүүх чухам ямар үндэслэлээр "Капитал банк" ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, түүний бүртгэл хүчин төгөлдөр бус гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талаас энэ талаар ямар нэг байдлаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, маргаангүй асуудлаар Капитал банк болон ББСБ-ийн зээлийн гэрээ, барьцааны гэрээний асуудлаар ялгамжтай хандаж, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийж байгаа нь хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.
4.4. Хариуцагчийн зүгээс хариу тайлбар гаргахдаа хэрэг маргаанд гуравдагч этгээдээр “К” ББСБ” ХХК болон "Капитал банк" ХХК-ийг оролцуулах хүсэлтийг гаргасан байгаагаас үзвэл гуравдагч этгээд болох Г.Батчулууны "Капитал банк" ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр бүртгэлийг үндэслэсэн гэдэг нь ойлгомжтой байна. Мөн хариуцагч талаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гарган өгсөн албан бичигт Ү-2204032491 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь "Капитал банк" ХХК болон "К”" ХХК-иудын барьцаанд бүртгэлтэй байгаа талаар тодорхой дурьджээ.
4.5. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10-р сарын 14-ний өдрийн 03069 дугаартай шийдвэрийн 10 дахь талд Ү-2204032487 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ 113/6 тоот 374.9 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, 2010 оны 12-р сарын 22-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэж дүгнэжээ. Шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх бөгөөд түүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүх дахин нотлохгүй гэсэн Захиргааны хэрэг хянан шийдлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасантай зөрчилдсөн шийдвэрийг гаргажээ.
4.6. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээр заалтад үл хөдлөх эд хөрөнгийн дугаарыг Ү-2204032487 дугаартай, 378 мкв талбайтай гэсэн байх бөгөөд бодит бүртгэл дээрээ Ү-2204032491 дугаартай, 374.9 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байгаа нь эргэлзээ төрүүлэхээр байна. Иймээс гуравдагч этгээд Г.Б-ны өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой, тал бүрээс нь шинжлэн судлуулах зорилгоор дээрх үйл баримтыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тэргүүн ээлжинд шалган шийдвэрлүүлсний үндсэн дээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр нотлох баримтад суурилсан, ундэслэл бүхий хүсэлтийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй холбогдуулан шалгаж байгаа талаарх нотлох баримтууд хангалттай авагдсан байдаг. Гэвч анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй баримтад үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсон гэж үзэхээр байна.
4.7. Нэхэмжлэлд Ү-2204032487 дугаартай, 378 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргасан мэтээр хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтуудыг цуглуулж, нэг талд хэт ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.8. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч тал болон гуравдагч этгээд нарт танилцуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Ийнхүү зөрчсөн нь талуудыг тэгш байдал, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзнэ. Мөн нэхэмжлэлд дурдсан шаардлагуудаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.2 дахь хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан гэж үзэхээр байна.
4.9. 2012 оны 2013 оны барьцааны гэрээнд 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2 ширхэг газар эзэмших эрх, 1 ширхэг тээврийн хэрэгслийг тус тус барьцаалсан бөгөөд эдгээр гэрээнүүд нь хүчин төгөлдөр байгаа болно. Тодруулбал хэргийн 81-90 дэх талд авагдсан барьцааны гэрээнээс тодорхой харж болно.
4.10. 2022 оны 05-р сарын 10-ны өдрийн 1/4462 дугаартай "Нотлох баримт гаргуулах тухай" хүсэлтэд дурдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны түүхийн 2020 оны 10-р сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03069 дугаар шийдвэртэй иргэний хэргийн материалын 1 дүгээр хавтаст хэргийн 77-84 дүгээр талд ямар нотлох баримт байгаа, тэр нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой гэж үзэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Г.Б нар нь тэр хэрэгт биечлэн оролцсон этгээдүүд учраас холбогдох баримтыг өөрсдөө гаргуулан авах боломжтой байна.
4.11. Готовын Батчулуун болон "К” ББСБ" ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Энэ талаар гуравдагч этгээд Г.Б” шүүхэд тайлбар гаргасан байдаг. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох талаар аливаа шийдвэр гараагүй байхад Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болох учиргүй юм. Тухайн үед "К” ББСБ” ХХК нь Зээлдэгч Г.Б-ны өмчлөлд хууль ёсоор олгогдсон гэрчилгээ, "Капитал банк" ХХК-ийн барьцааны бүртгэлд бүрдүүлсэн байсныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт барьцаалж барьцаалбар үйлдсэн. Тухайн цаг үед талуудын хооронд байгуулсан гэх амины орон сууц захиалан бариулах гэрээний талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Нөгөө талаар хэрэгт гэрчээр оролцсон гэх гэрчилгээг анх олгосон Ц гэгч нь хууль ёсны дагуу гэрчилгээ олгосон гэсэн тайлбарыг хийсэн байдаг. Эндээс үзвэл Г.Б нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу олж авсан байх бөгөөд "К” ХХК нь хууль бусаар өмчлөх эрх олж авсан гэж мэдэх боломжгүй юм. Уг барьцааны эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд хууль, журмын дагуу бүртгэсэн гэж үзэж байна.
4.12. Иргэний хуулийн 172.6-д “Ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй”, 172.7 “Гуравдагч этгээд энэ хуулийн 172.6-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол холбогдох баримт болон бүртгэлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардах”, 172.8-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг энэ хуулийн 172.6-д заасны дагуу хангасан этгээдэд ипотек шилжсэн бол тэрээр өмчлөгчөөс учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаас үзвэл барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэхийг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байгааг илтэд зөрчиж барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад түүнийг үндэслэн хийсэн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
4.13. Учир нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна.", 156.2-т "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана", 166 дугаар зүйлийн 166.1-д "Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”. 166.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекээр хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ." Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ." 9 дүгээр зүйлийн 9.1-д “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан ул кодлох эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллага нь барьцаалагч, барьцаалуулагч хоёр талын хооронд үүссэн барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгэдэг. Барьцааны эрх дуусгавар болоогүй байхад бүртгэлийг хүчингүй болгох нь барьцаалагчид илтэд хохиролтой шийдвэр болжээ.
4.14. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05-р сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0465 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү
5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Г.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
5.1. Баянзүрх дүүрэг дэх бүртгэлийн хэлтсийн "Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.Э-гийн нэр дээр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухайд:
5.1.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд “...Улсын бүртгэгч нь "захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн" гэх үндэслэлээр С.Э-ийг уг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хуулийн энэ заалтыг зөрчиж байна" гэжээ. Гэтэл Улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд “Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа" гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бөгөөд уг мэдэгдэлд дурдсанаар Капитал банктай байгуулсан 2011 оны 06-р сарын 02-ны өдрийн Барьцааны гэрээ, Кредит Монгол банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 2012 оны 09-р сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 3/22681 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 3/15434 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3/12637 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4-159/14888 дугаар албан бичиг зэргээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэжээ.
5.1.2. Өөрөөр хэлбэл хоёр барьцааны гэрээ, дөрвөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр уг эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа бөгөөд тэдгээр албан бичиг, барьцааны гэрээнүүд одоогийн байдлаар хүчин төгөлдөр байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн 20-р зүйлд Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлсийг тодорхой зохицуулсан байх ба 20.1.14-д "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх"-ийг хориглоно гэжээ.
5.1.3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчсөн эсэхийг хянаж шийдвэрээ гаргах учиртай дээрх байдлаар хууль хяналтын байгууллагаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, тэдгээр шийдвэр нь хүчин төгөлдөр байгаатай холбогдуулан хуульд зааснаар хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй үйлдлийг шүүх хууль зөрчсөн гэж дүгнэж шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
5.1.4. Энэ шүүхийн шийдвэрээрээ шүүгч улсын бүртгэгчийг Улсын бүртгэлийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.14-д заасан хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлэн, бодит байдал дээр хуулийг зөрчихөд хүргэж байна.
5.1.5. Цаашилбал, тухайн үл хөдлөх хөрөнгө, түүний бүртгэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-д заасан эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих оор хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй" үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэж хуулийг ноцтой зөрчсөн байна. Энэ нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ч 2023 оны 05-р сарын 19-ны едрийн 1/2121 дугаар албан бичгээр тогтоогдож байхад бөгөөд уг албан бичигт "Танай 2023 оны 05-р сарын 04-ний өдрийн 1/3851 албан бичигт дурдсан Ү-2204032491 дугаарт улсын бүртгэл давхацсан талаар тус дүүргийн прокурорын газарт яллагдагч Ч.Ө-д холбогдох эрүүгийн 1806042661543 дугаартай хэрэгт Хяналтын прокурор Ц.М хяналт тавьж, мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэжээ.
5.1.6. Түүнчлэн шүүгч шийдвэрийнхээ үндэслэлдээ дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үр дагавар нь уг шийдвэр гарснаар Д.Э нь бусдаас захиран зарцуулах журмаар өмчлөл шилжүүлж авч байгаа явдал огт биш, анхны өмчлөгч нь С.Э болохыг шүүх тогтоосон тул Улсын бүртгэгч энэ үйл баримтыг болон шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлийг зөвтгөж, жинхэнэ өмчлөгчийг өмчлөгчөөр бүртгэх үүрэгтэй байхад бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан нь хууль бус" гэжээ.
5.1.7. Гэтэл дээрх байдлаар бүртгэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас дөрвөн удаагийн албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байхад анхны өмчлөг нь С.Э болохыг шүүх тогтоосон гэх зэргээр дүгнэлт хийж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, С.Э-гийг өмчлөгчөөр тогтоосон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10- р сарын 14-ний өдрийн 03069 дугаар шүүхийн шийдвэрт ч тийм дүгнэлт хийгээгүй. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03069 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 109.1-р зүйлд "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасныг үндэслэл болгон өмчлөх эрхийг шилжүүлэх агуулгаар гарсан байхад Д.Э нь бусдаас захиран зарцуулах журмаар өмчлөл шилжүүлж авч байгаа явдал огт биш, анхны өмчлөгч нь С.Э болохыг шүүх тогтоосон мэтээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гуйвуулсан дүгнэлт хийжээ.
5.2. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-2204032491/-ийг Г.Б-ны нэр дээр бүртгэсэн 2010 оны 12-р сарын 22-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон тухайд:
5.2.1. Тийнхүү шийдвэрлэхдээ Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны -10-р сарын 14-ний өдрийн 03069 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэжээ. Тус шүүхийн шийдвэрт Г.Б-ныг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар бүртгүүлсэн, бүртгэл нь хууль бус болох талаар нэг ч дүгнэлт байхгүй.
5.2.2. Нөгөө талаас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг 2010 онд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 13 жилийн дараа хандаж, үүнийг нь шүүх хүлээн авч, бүртгэлийг хүчингүй болгож нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Тухайлбал,Захиргааны ерөнхий хуулийн 48. 3-д "Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно" гээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-д "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, мөн хугацаа сэргээлгэх талаар хүсэлт ч гаргаагүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн байна.
5.2.3. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д " "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ....маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" хэлнэ гэжээ. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10-р сарын 14-ний өдрийн 03069 дугаар шүүхийн шийдвэрээр Д.Эрдэнэцэцэгийг нэхэмжлэгчээр тогтоосон, өөрөөр өмнө нэхэмжлэгчийг өмчлөгч гэж тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Гэтэл 2010 онд Г.Б-ныг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь 2020 онд Д.Эгийн эрх ашгийг хэрхэн яаж хөндсөн нь ойлгомжгүй, үүнийг мөн тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй билээ. 2010 онд Г.Б-ыг улсын бүртгэгч тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээг олгохдоо ямар хууль зөрчсөн талаар шүүгч огт дүгнэж чадаагүй. Дээрх байдлаар тус нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахын оронд захиргааны хэрэг үүсгэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
5.3. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г.Батчулуун болон "К” ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09-р сарын 18- ны өдрийн болон 2013 оны 03-р сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон тухайд:
5.3.1. Шүүгч тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэлдээ "...өмчлөгч өөрийн өмчийг захиран зарцуулах эрхтэйн дээр уг эрх нь барьцааны гэрээг байгуулах эрхийг үүсгэдэг ба хууль бус өмчлөгч байсан Г.Б-ны байгуулсан барьцааны гэрээгээр барьцааг бүртгэсэн бүртгэлийг хууль ёсны буюу бүртгэл үнэн зөв гэж үзэхгүй" гэжээ. Гэтэл дээрх барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа, барьцааны гэрээнүүд болон түүнтэй холбоотой байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05-р сарын 05-ны өдрийн 1865 дугаар албан бичиг, гуравдагч этгээдүүдийг тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээс тодорхой харагдаж байна. Тухайн үед зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Г.Б байсан. Гэтэл хууль бус бүртгэл дээр үндэслэн, барьцааны гэрээг бүртгэсэн зэргээр шүүгч үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
5.3.2. Иргэний хуулийн 154.6-д "Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ" гээд 154.7-д "Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтыг зөрчин барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон байна. 4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04-р сарын 18-ны өдрийн 356 дугаар тогтоолоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04-р сарын 04-ний өдрийн захирамжид өөрчлөлт оруулж Д.Б-гийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Г.Б миний бие гэрчээр оролцуулах хүний гэрийн хаяг, утасны дугаар /8811 6409/ гаргаж өгсөн боловч шүүхийн тогтоол, захирамж хүчин төгөлдөр байхад гэрчийг хуралд оролцуулах арга хэмжээ авалгүйгээр хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна. • Түүнчлэн, шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1-д "хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох", 20.1.3-д "нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах"; 20.1.4-д "шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах" зэрэг хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааны явуулсан.Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдүүдийн зүгээс хариуцагчийг оролцуулах, мөн шүүгчээс татгалзах хүсэлтүүдийг гаргасан боловч тэдгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсан байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 05-р сарын 25-ны өдрийн 0465 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан, мэтгэлцэх зарчмыг хангалттай хэрэгжүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангасангүй.
2. Шүүх хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр давж заалдах гомдлуудыг хангахгүй орхив.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3069 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар тогтоолоор иргэн С.Э-гийг “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой, 113/6 тоот 378 м.кв талбай бүхий амины орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, харин Г.Б-ны 631,483,764 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг 2011 оноос маргаан бүхий амины орон сууцандаа амьдарч, өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан болон гуравдагч этгээд Г.Б-ныг С.Э-гийн өмчлөгчөөр бүртгүүлэх эрхийг зөрчсөн талаар дүгнэсэн, үүний дараагаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан байх бөгөөд хариуцагчаас “Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа” гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн байна.
3.1. Хариуцагчаас “Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэлийг зааж нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгээгүй нь бодит байдалд нийцсэнгүй.
3.2. Учир нь гуравдагч этгээд Г.Б үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 6-р сард үл маргах журмаар С.Э-т шилжүүлж өгөхөө илэрхийлсэн атлаа гуравдагч этгээд “К” ББСБ” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус тус зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 113/6 дугаартай орон сууцыг барьцаалж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон.
3.3. Түүнчлэн Ү-2204032491 дугаарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой, 113/6 тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр Г.Б бүртгэлтэй,
Ү-2204032487 дугаарт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 17 дугаар гудамж, 253 тоот хаягтай, 181 метр квадрат талбай бүхий хувийн орон сууцны өмчлөгчөөр Б.Эн /РД:ПА78040507/-гэх бүртгэл 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн,
Ү-2204054922 дугаарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой, /13130/ гудамж, 133/13-6 тоот хаягтай 185 метр квадрат хувийн сууцны анхны өмчлөгчөөр Г.Б, одоогийн өмчлөгчөөр Д.Дв /РД:ЧВ87012270/ гэх бүртгэл байгаа зэрэг нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой, 113/6 тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцы эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032487, Ү-2204054922, Ү-2204032491 гэсэн давхар бүртгэлтэй гэж үзэхгүй.
3.3.1. Энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн “... бүртгэлийн гэрчилгээ яагаад 2, 3 байгааг эдгээр гэрчилгээний хуулбарыг өөртөө эзэмшигч Г.Б мэдэх ёстой ч шүүхээр 3 өөр улсын бүртгэлийн дугаартай, хуулбарласан гэрчилгээ байгаагийн учрыг олуулна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй” гэх дүгнэлтийг үгүйсгэсэн үйл баримт тогтоогдсонгүй.
3.3.2. Тодруулбал, улсын бүртгэлийн дугаарыг давхардуулах болон алгасаж олгох боломжгүй, хуульд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг “улсын бүртгэлийн дугаар” гэж тодорхойлсноор Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон, Хар усан тохой, 113/6 тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууц нь улсын бүртгэлд дээр дурдсанаар 2-3 удаа бүртгэгдээгүй, уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2204032491 дугаарт бүртгэсэн байхдаа гэрчилгээг бичиж олгох үедээ уг дугаар “Ү-2204032487” гэж алдаатай гарсан нь уг гэрчилгээг олгосон гэрч Г.Ц-гийн мэдүүлгээр тогтоогдсоноос гадна, уг амины орон сууцыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгээгүй, ийм бүртгэл байхгүй болох нь анхан шатны шүүхийн үзлэгээр тогтоогдсон тул энэ талаар гаргасан гуравдагч этгээд “К” ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмлэлд Ү-2204032487 дугаартай, 378 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх гаргасан мэтээр хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг цугцуулж, хэт нэг талд ашигтай байдлаар шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй.
3.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 6.3-д “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж зааснаар С.Э-ийг шүүхийн шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй болохыг тогтоосон байхад хариуцагчаас “захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэлээр С.Э-ийг уг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй байна.
3.5. Хариуцагч захиргааны байгууллагаас өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан үйлдлийг нь шүүхээс “хариуцагчийн шийдвэр хууль ёсны, улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хязгаарлагдаагүй, зөрчигдсөн байдал тогтоогдохгүй” байна гэж үзэхгүй боломжгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий амины орон сууцны өмчлөх эрхийг С.Э-т шилжүүлсэн, гуравдагч этгээд Г.Б-д олгосон анхны бүртгэл нь тухайн үедээ хууль ёсны байсан байж болох ч “хуульд заасан баримт бичгийг бүрдүүлсэн, бүрдүүлсэн баримтуудыг хүчин төгөлдөр бус гэдгийг хариуцагч захиргааны байгууллага мэдээгүй, мэдэх боломжгүй” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хожим нь шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхтэй болохыг тогтоосон байхад бүртгэхээс татгалзаж мэдэгдэл хүргүүлсэн нь буруу байх тул гуравдагч этгээд буюу “А” ХХК-ийг төлөөлж байсан гуравдагч этгээд Г.Б-ныг дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв юм.
3.7. Дээрхээс улбаатайгаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ 113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд Г.Б болон “К” ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн болон 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох учиртай. Энэ нь гуравдагч этгээд Г.Б, “К” ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
3.7.1. Өмнө маргаан бүхий барилгын ажлыг гүйцэтгэж байсан “А” ХХК-ийн дутуу орхисон амины орон сууцаа С.Э өөрийн зардлаар барьж ашиглалтад оруулсан болон өмчлөгч мөн болохыг Иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байхад захиргааны байгууллагаас гуравдагч этгээд Г.Б-ны өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгох үр дагавар үүсэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
3.8. Хэдийгээр өмнө Г.Б нь өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 6-р сард үл маргах журмаар С.Э-т шилжүүлж өгөхөө илэрхийлсэн нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тул гуравдагч этгээд Г.Б нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй маргаан бүхий амины орон сууцыг барьцаалж, түүнийг захиргааны байгууллагаас бүртгэсэн байгаа тохиолдолд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар байна.
3.8.1. Иймээс хууль бус өмчлөгч байсан Г.Б-ны байгуулсан барьцааны гэрээгээр барьцааг бүртгэсэн бүртгэлийг хууль ёсны бүртгэл гэж үзэхгүй, уг зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал нь уг улсын бүртгэлийг хүчингүй болгоход саад болохгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэх үндэслэлээр бүртгэлийг хуульд нийцсэн гэж үзэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод үл нийцэхээр байна.
4. Түүнчлэн анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаартай тогтоолын дагуу гэрч Б-той холбоотой холбогдох ажиллагааг хийж гуравдагч этгээд Г.Б-ны мэдээллийн дагуу “99066769 80557373, 88116409” дугаар руу холбогдоход “Б гэх хүн эзэмшдэггүй, ийм хүн байхгүй байна” гэж, түүний ажлын газрын хаяг гэх Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж гэх хаягаар шүүхэд дуудах хуудас явуулахад шуудангаас “тус хүн олдохгүй” лавлагаа, ийм хаяг 11 дүгээр хороонд байдаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн байхад шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.
4.1. Үүнээс гадна анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 2 удаа, гуравдагч этгээд Г.Б-ны хүсэлтээр 5 удаа, К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр 5 удаа хойшилсон. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө-д мэдэгдэх үүргээ шүүх биелүүлсэн боловч түүний утасны орох ярианы эрх хаагдсан тохиолдолд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэл болно.
4.1.1. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13:30 цагт зарласан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдсэн, улмаар тус өдрийн шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-д зааснаар 14 хоногоор хойшлуулсан тул 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зарласан шүүх хуралдааны товыг мэдээгүй гэх үндэслэлгүй, түүнийг мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэхгүй.
5. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хариуцагчийг заавал байлцуулж шүүх хуралдааныг явуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэлэлцээд, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулж шүүгчээс хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж татгалзсан байна.
5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглох бөгөөд шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, татгалзан гаргах хүсэлт гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолд заасантай нийцсэн тул энэ талаар гаргасан гуравдагч этгээд Г.Б-ны гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
6. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээд Г.Б, гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН