Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00640

 

   “Ш ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/03367 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар магадлалтай,                                                                                                                       

“Ш ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“О ” УТҮГ-т холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,240,000.00 төгрөг гаргуулах   тухай   нэхэмжлэлтэй   иргэний  хэргийг

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “О ” УТҮГ-аас зарласан Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2017/ОХШӨТ-06 тоот тендерийн Багц-3 тендерт оролцон шалгарсан бөгөөд тус газартай 2017 оны 04 сарын 26-ны өдөр 5 дугаартай Bacillus thuringiensis Bt-MN-01cillus thuringiensis омгоор үйлдвэрлэсэн Bt-MN01 эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хамтран ажилласан. Гэрээнд зааснаар манай байгууллага нь 63,000 литр био бэлдмэлийг нийлүүлэх үүрэг хүлээсэн ба тухайн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж, хариуцагч байгууллага 2017 оны 5 сард бүтээгдэхүүнийг Бараа хүлээж авсан акт үйлдэж хүлээж авсан боловч төлбөрийг төлөхгүй, 2017 оны 8 сард төлбөрийг дутуу төлсөн. 2017 оны 12 сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Цэнгэл уг биобэлдмэлийг цацсан газруудаас 2 газарт устгал хийгдээгүй, үүнийг устгах арга хэмжээ авч өгөөч, энэ талаар төрийн бус байгууллагууд хэл ам гаргаад байна гэж гуйхад нь бид зөвшөөрсөн. Бид бүтээгдэхүүнээ “О ” УТҮГ-т өгсөн бөгөөд тус байгууллага нь манай нийлүүлсэн хорыг тухайн объектод цацах этгээдийг дахин тендер зарлаж өөр компаниар био бэлдмэлийг цацуулсан. Уг био бэлдмэлийг онгоцоор цацдаг бөгөөд цацахдаа дуслыг хэд хэд хуваасантай тэнцэх хэмжээгээр цацдаг юм. Ингээд цацах үед нь бороо орсон, салхи гарсан бол үр дүнд нь нөлөөлдөг ба тухайн үед цаг агаар нь ямар байсан нь тодорхойгүй. 2017 оны тайлан танилцуулгад 16,000 га талбайд манай хорыг цацсан гэж байдаг. Хор үйлчлээгүй гэх талбай нь 600 га буюу нийт талбайн 3.75 хувийг эзэлж байна. Стандартад чанар 75 хувиас дээш байвал чанарын шаардлага хангасан гэж үздэг бөгөөд манай компаниас авсан био бэлдмэлийг цацсан нийт талбайн 3.7 хувьд үйлчлээгүй буюу 96 хувьд нь үйлчилсэн. Тиймээс чанарын шаардлагын хувьд манай био бэлдмэл нь бүрэн чанартай байсан гэж үзэж байна. Гэрээнд зааснаар уг био бэлдмэлийн төлбөрийг тухайн үед бүтээгдэхүүнийг хүлээж аваад л төлөх ёстой байсан. Түүнчлэн манай хорыг муу, чанаргүй гэж хэлэхгүй атлаа уг үйлчилгээ үзүүлээгүй 1800 литр био бэлдмэлийг дараа жил нь нийлүүлээд өгөөч гэхэд нь мөнгөө авахын тулд зөвшөөрч уг протоколд нь гарын үсэг зурж 116,160,000 төгрөг аваад өр төлбөрөө төлж байсан. Уг 116,160,000 төгрөг нь 2017 оны 5 сард нийлүүлсэн био бэлдмэлийн төлбөр юм. Иймд хариуцагч “О ” УТҮГ-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: 2017 онд “О ” УТҮГ нь Монгол орны ойн хортон шавьж устгах зорилгоор шавьж устгах био бэлдмэл худалдан авах тендер зарласан, тендерт “Ш ” ХХК шалгарч 63,000 литр био бэлдмэл нийлүүлэх гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд гэрээ байгуулсан тал дээр маргаан байхгүй. Мөн 63,000 литр био бэлдмэл хүлээн авсан акт үйлдсэн нь үнэн боловч зөвхөн гаднах байдлаараа 63,000 литр био бэлдмэл хүлээж авсан ба доторх шинж чанар байдлыг нь шалгаж хүлээж аваагүй. Тухайн 63,000 литр био бэлдмэл нь тус бүр 100 литр орчмоор савлагаатай байдаг. Тус тусдаа савлагаатай байдаг бүтээгдэхүүнүүд учир чанарын шаардлага нь өөр өөр байх боломжтой бөгөөд тухайн чанаргүй бүтээгдэхүүнүүд нь Архангай аймгийн Төвшрүүлэх сум болон Горхи, Тэрэлжийн сав газарт цацагдсан ба цацалт хийгдсэний дараа ойн хортон шавьжийн хувь, нягтаршил буурахгүй байна гэсэн гомдол гаргасан байдаг. Ингээд хортон шавьж устгах ажил үр дүнд хүрээгүй болох нь тодорхой болсон. “О ” УТҮГ-аас талуудыг байлцуулан Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын албан өрөөнд 2017 оны 12 сарын 26-ны өдөр хурал хийж бодис нийлүүлэгч болон бодис цацсан 2 компанийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрх бүхий албан тушаалтнууд оролцон хуралдсан. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн 63,000 литр бэлдмэлээс Горхи-Тэрэлжийн сав газарт болон Архангай аймгийн Төвшрүүлэх суманд цацсан 1800 литр бодис үр дүнд хүрээгүй тул чанаргүй хорыг дахин 2018 оны 05 сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх шийдвэрт хүрч, энэ талаар нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээний дагуу био бэлдмэлийн дутууг гүйцээж нийлүүлсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлж тооцоог дуусгана гэж уг гэрээнд тусгасан. Нэгэнт нэмэлт гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээнээс үүдэх үүргээ гүйцэд биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тус 12,240,000 төгрөг нь “О ” УТҮГ-ын дансанд одоо ч байгаа бөгөөд 1800 литр бүтээгдэхүүнийг хүлээж аваад, чанар шалгалтаа хийгээд болж байна гэж үзвэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.                                                           

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/03367 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О ” УТҮГ-аас 12,240,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/03367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “О ” УТҮГ-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,240,000 төгрөг гаргуулах “Ш ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 25 дугаар магадлалыг хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай байхаас гадна баримтад тулгуурлаагүй, тухайн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь магадлалын хянавал хэсэгт “...нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүн нь доголдолтой байсан, уг доголдлыг 2017 оны 12 сарын 06-ны өдрийн талуудын хоорондын гэрээний нэмэлтээр нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, талууд уг доголдлоо арилгах 1800 литр био бэлдмэлийг дахин нийлүүлэх, ийнхүү нийлүүлэгдсэн даруйд санхүүжилтийн үлдэгдэл 12,240,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч 1800 литр дахин нийлүүлээгүй буюу доголдлыг арилгаагүй байхад хариуцагчийг гэрээний үүргийг зөрчсөн гэж үлдэгдэл үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэсэн нь буруу байх ба хууль ёсны болж чадаагүй. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 05 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээнд зааснаар захиалагч нь барааны нийлүүлэлтийг 428,400,000 төгрөгийн төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг барааг 100 хувь нийлүүлсний дараа бүрэн олгоно...”, “...нийлүүлэгч нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэгдэх Bacillus thuringiensis Bt-MN-01 омгийн Bt-MN-01 эсхүл түүнтэй дүйцэх бактерийн бэлдмэлийг 2017 оны 06 сарын 12-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө...” гэж гэрээгээр тохиролцсон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Ш ” ХХК-ийн зүгээс 2017 оны 05 сарын 26-ны өдөр 03/05 дугаартай бараа хүлээж авсан актаар 1260 ширхэг, 50 литрээр савласан 63,000 литр био бэлдмэлийг хүлээн авч акт үйлдсэн бөгөөд уг барааны техникийн тодорхойлолтын шаардлага, чанар стандартад нийцсэн барааг хүлээн авч баталгаажуулсан. Мөн 2017 оны 05 сарын 26-ны өдөр 03-05 дугаартай гэрээ дүгнэсэн акт үйлдэж баталгаажуулсан. Гэрээ дүгнэсэн актанд дурдсанаар “Ш ” ХХК нь захиалагчийн санал болгосон техникийн тодорхойлолт болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу чанарын шаардлага хангасан барааг хугацаанд нь нийлүүлсэн тул “Ш ” ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн. Ингэснээр худалдах, худалдан авах гэрээний бараа нийлүүлэх үүрэг дуусгавар болсон бөгөөд “О ” УТҮГазар нь төлбөрийг бүрэн төлөх үүрэг үүссэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй нь учир дутагдалтай болсон. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт “...Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр Ш  болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ...” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч “Ш ” ХХК нь өөрийн агуулахаас зөвхөн нийлүүлэх үүрэг хүлээсэн ба харин тухайн нийлүүлсэн био бэлдмэлийг тухайн орон нутагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх зориулалтаар цацах ажлыг өөр тус газраас зарласан тендерт шалгарсан хуулийн этгээдийн үүрэг болно. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх био бэлдмэлийг цацах нь байгаль цаг уурын нөхцөл байдал, салхи зэрэг олон хүчин зүйлийг нарийн тооцоолж хийгдэх ажил бөгөөд хүчтэй салхитай, бороо орсон, орж байгаа үед цацах нь үйлчлэл муутай байдаг бөгөөд төдийлөн хортон шавжийг устгадаггүй болно. Эд хөрөнгийг хүлээн авснаас хойш уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилждэг. Нөгөө талаар хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дэх хэсэгт зааснаар “...Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно...” гэж заасан байх ба хариуцагч “О ” УТУГ нь 2017 оны 05 сарын 26-ны өдөр барааг “Ш ” ХХК-ийн үйлдвэрээс хүлээн авсан, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн зэрэг нөхцөл байдлаас эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзэх тул хүлээн авснаас хойш эрсдэлийг худалдагч хариуцахгүй юм. Худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын хувьд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд талууд гэрээ дүгнэсэн акт, бараа хүлээсэн актад техникийн болон чанар, стандартын шаардлага хангасан барааг хүлээн авсан гэж баримт үйлдсэн бөгөөд эдгээр баримтын хүрээнд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байсан боловч дүгнэлт хийгээгүй нь хууль бус болсон. Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд 63,000 литр био бэлдмэлийн хувьд 90 гаруй хувь нь үйлчилсэн гэж үзэх боломжтой байх ба дээрх байдлуудад нийцүүлэн хуулийг тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ. Давж заалдах шатны шүүхээс хийсэн “...Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 хэсэгт “...эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй...” гэж үзсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Хариуцагч нь “Ш ” ХХК-ийн нийлүүлсэн био бэлдмэлийн 1800 литр бэлдмэлийг авч ашиглаад ямар нэгэн үр дүн гаргаагүй гэж үзэн үнэ төлөхөөс татгалзаж байх ба татгалзаж байгаатай холбогдуулан шаардлага гаргаагүй байхад хэт нэг талыг барьж мэргэжлийн хувьд алдаатай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэмэлт гэрээний тухайд хариуцагч барааг 100 хувь хүлээн авсан дариуд төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд танай нийлүүлсэн хор зарим газар үйлчлээгүй гэсэн үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзаж, улмаар 2018 оны тендер сонгон шалгаруулалтад танайх ороод ир, танайхыг шалгаруулна, үйлчлээгүй газрын 1800 литр био бэлдмэлийг 2018 онд нийлүүлэх бэлдмэлд нэмээд оруулаад ир, үүнийг нэмэлт гэрээгээр тохиролцое гэж гарын үсэг зуруулсан мөртлөө 2018 онд тендер сонгон шалгаруулалтаас илт үндэслэлгүйгээр хууль бусаар хасаж, хууран мэхэлсэн. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 25 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч “Ш ” ХХК нь хариуцагч “О ” УТҮГ-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,240,000.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...нэмэлт гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээнээс үүдэх үүргээ гүйцэд биелүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.

“Ш ” ХХК нь ОйСХТ-2017/ОХШӨТ-06 тоот тендерийн Багц-3 тендерт оролцон шалгарч, “О ” УТҮГ-тай Bacillus thuringiensis Bt-MN-01cillus thuringiensis омгоор үйлдвэрлэгдсэн Bt-MN01 эсхүл түүнтэй дүйцэх биобэлдмэл худалдах-худалдан авах гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, талууд 63,000 литр био-бэлдмэлийг нийлүүлэх, 428,400,000.00 төгрөгийн санхүүжилтийг олгох үүрэг тус тус хүлээсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь 63,000 литр биобэлдмэлийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нийлүүлсэн, хариуцагч 416,160,000.00 төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн бараа хүлээн авсан болон гэрээ дүгнэсэн 03-05 тоот акт, бэлэн бусаар мөнгө төлсөн төлбөрийн баримтаар тогтоогджээ. 

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...  биобэлдмэл худалдах-худалдан авах гэрээний нэмэлт гэрээний 3-т Архангай аймгийн Төвшрүүлэх сум, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хийгдсэн тэмцлийн ажлын гүйцэтгэлд илэрсэн зөрчил гологдлыг арилгахын тулд шаардагдах 1800 литр бэлдмэлийн үнэ 12,240,000 төгрөгийг 2018 онд бэлдмэл нийлүүлэгдсэн даруйд нийлүүлэгчийн дансанд шилжүүлнэ гэж, 5-т ... Гэрээ нь энд дурдсан барааны нийлүүлэлтийн талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урьд өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлоно” гэж харилцан тохиролцсон.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Архангайн Төвшрүүлэх сумын 600 га газарт хийсэн ажил үр дүнгүй болсон талаар гомдол гарч, 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мониторинг хийх ажилд томилогдсон. ... Судалгаа хөгжлийн төв болон Байгаль орчны яамны мэргэжилтэнг байлцуулан “Ш ” ХХК ийн зөвлөх инженерийг авч газар дээр нь шалгаж байсан ... талаар гэрчийн мэдүүлэг хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч нь 1800 литр биобэлдмэл дахин нийлүүлээгүй, худалдах-худалдан авах гэрээний доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний үүргийг зөрчсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн нь буруу, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, зохигчдын хооронд хийгдсэн нэмэлт гэрээний нөхцлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлаагүй байна.  

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулахдаа нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүн нь доголдолтой байсан, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрээний нэмэлтээр нэхэмжлэгч өөрөө уг доголдлыг хүлээн зөвшөөрсөн, талууд уг доголдлоо арилгах, 1800 литр биобэлдмэлийг дахин нийлүүлэх, ийнхүү нийлүүлэгдсэн даруйд санхүүжилтийн үлдэгдэл 12,240,000.00 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон тухай хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч “Ш ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,790.00 /хоёр зуун арван мянга долоон зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН