Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0397

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, С.Г

Гомдол гаргагч: “” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 411 шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, О.А, хариуцагч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, С.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

Хэргийн индекс: 128/2023/0289/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “А” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-нд холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 411 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг баримтлан гомдол гаргагч “А” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Х.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, С.Г нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх нь “... хяналт шалгалтад хамрагдсан хугацаанд гурилын зах зээл дээр дээд болон нэгдүгээр гурил чөлөөтэй арилжаалагдаж, хэрэглэгч ямар ч үйлдвэрийн гурилыг сонгон авах боломжтой, гурилын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөх, хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээгүй байсан үед “А” ХХК нь гурилын үнээ нэмсэн нь чөлөөт зах зээлийн зарчмаар үнэ тогтоогдсон гэж үзэхээс гадна ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь дээр дурдсан хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээгүй л бол үнээ нэмсэн шалтгаан үндэслэлийг төрөөс хянах эрхгүй, түүхий эдийн үнэ өсөөгүй байсан ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнээ хэрхэн, ямар зорилгоор нэмэх нь аж ахуй эрхлэгчийн эрхийн асуудал юм. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох” гэж заасан давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид хориглосон үндэслэлээр гомдол гаргагчийг буруутгаж буй нь үндэслэлгүй, “А” ХХК нь давамгай байдалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бол хуульд заасан журмын дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосны дараа үнэ нэмсэн үйл ажиллагаанд нь оролцох боломжтой. Иймд шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар годмол гаргагчид шийтгэл ногдуулсны улмаас “А” ХХК-ийн зах зээл дээр шударгаар өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэж дүгнэсэн зэрэг нь үндэслэлгүй юм.

3.2. Шударга өрсөлдөө, хэрэглэгчийн төлөө газраас 2022, 2023 онуудад буудайн гурилын зах зээлд хийсэн судалгаагаар “А” ХХК нь тухайн зах зээлд тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглэгчийн тоогоор хоёрдугаарт ордог аж ахуй эрхлэгч юм.

3.3. Тус компани нь өмнөх он буюу 2021 онд улаан буудайг 1 тонныг 650,000-700,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд уг хямд нөөцөөр үйлдвэрлэсэн гурилыг 26.8-39.5 хувиар нэмэгдүүлсэн үнээр өөөрийн харилцагчдад нийлүүлж, тус бараа бүтээгдэхүүнийг сонгон үйлчлүүлдэг эцсийн хэрэглэгч өндөр үнэтэй гурил худалдан авах нөхцөлийг бий болгож байгаа нь “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

3.4. Мөн гурилын үнийг нэмсэн үйлдэлд “цар тахлын үед ашиггүй ажилласан алдагдлаа нөхөхийн тулд үнээ нэмсэн” гэх мэдүүлгээр үндсэн түүхий эдийн үнэ болон бусад зардал өсөөгүй байх хугацаанд гурилын үйлдвэрийн үнийг үндэслэлгүйгээр нэмж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон.

4. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн зорилтыг тодорхойлж, хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

4.1. Хяналт шалгалтад хамрагдсан 2022 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарын хугацаанд дотоодын зах зээлд гурилын үйлдвэрлэл эрхлэгч зарим аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоосон байсан бөгөөд харин “У” ХХК, “О” ХХК-иуд нь гурилын үнийг 40 хувиар өсгөх замаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон нь бүтээгдэхүүний үнэ нэмэх мэдэгдэл зэрэг нийтэд илэрхий баримтаар тогтоогдсон байдаг.

4.2. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “стратегийн хүнс” гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг гэж тодорхойлсон. Хэдийгээр “А” ХХК нь зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдоогүй боловч стратегийн хүнс үйлдвэрлэж буй аж хауй эрхлэгч болохын хувьд бараа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь иргэд хэрэглэгчдэд харьцуулахад нийлүүлэлт өндөр бөгөөд энэ тохиолдолд зах зээлд бусад хямд үнэтэй гурилын нөөц дуусахад хэрэглэгчид өндөр үнэтэй гурилыг худалдан авахаас өөр аргагүй байдалд хүрнэ гэдгийг шүүхээс анхаарч үзээгүй байна.

5. Иймд анхан шатны шүүх нь зах зээлийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2.1. Гомдол гаргагч “А” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/29 дугаартай удирдамжийн дагуу буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулж буй гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох зорилгоор хяналт шалгалтыг явуулсан, улмаар “А” ХХК-ийн гурилын борлуулалтын үнийн мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарыг 11 дүгээр сартай харьцуулахад хэрэглэгчдийн өргөнөөр худалдан авдаг дээд болон нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг кг тутамд 280-510 төгрөгөөр буюу 26.8-39.5%-иар өссөн болох нь компанийн санхүүгийн тайлан, хууль ёсны төлөөлөгчдийн өгсөн мэдүүлэг, улаан буудайн татан авалт болон буудайн үнийн мэдээллүүд зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

3. Нэгэнт гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй энэ тохиолдолд хэрэглэгчдийн өргөнөөр сонгон хэрэглэдэг дээд болон нэгдүгээр гурилын үнийг кг тутамд 280-510 төгрөгөөр буюу 26.8-39.5%-иар нэмэгдүүлэн өөрийн харилцагчдад нийлүүлж байгаа нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.

3.1. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “стратегийн хүнс” гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг” гэж тодорхойлсон бөгөөд “А” ХХК нь стратегийн хүнс үйлдвэрлэж буй аж ахуй эрхлэгч болохын хувьд бараа бүтгээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл “А” ХХК нь 2021 онд 1 тонн улаан буудайг 650,000-700,000 төгрөгөөр худалдан авч, гурилыг 26.8-39.5%-иар нэмэгдүүлсэн үнээр өөрийн харилцагчдад нийлүүлсэн нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.2. Тодруулбал, зах зээлд зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэж, гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ, зардал өсөөгүй энэ тохиолдолд үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, хэрэглэгчийн эрхийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул маргаан бүхий 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002355 дугаар шийтгэлийн хуудсаар “А” ХХК-д шийтгэл оногдуулсан нь бодит байдалд тохирсон, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж тус тус заасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын удирдамжийн дагуу гурилын үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, гурилын үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгахад шалгалтын үндэслэл, зорилго чиглэсэн байх бөгөөд хяналт шалгалтын явцад “А” ХХК нь улаан буудайн үнэ нэмэгдээгүй байхад дээд болон нэгдүгээр гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмж худалдсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар шийтгэл оногдуулсан хариуцагч улсын байцаагчийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй.

4.1. Улаан буудайн үнэ болон гурилын үйлдвэрлэл явуулахад шаардагдах бусад зардал өсөөгүй, хяналт шалгалтад хамрагдсан 2022 оны 1 дүгээр сараас 11 сарын байдлаар түүхий эдийн нөөц буюу улаан буудайн хомсдолгүй байхад хямд нөөцөөр гурилын үнийг нэмэгдүүлсэн энэ тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хянах нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилго хэрэглэгчийн эрхийг хамгаалах агуулгад нийцэх тул анхан шатны шүүхийн “... ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь ... үнээ нэмсэн шалтгаан, үндэслэлийг төрөөс хянах эрхгүй” гэх дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзлээ.

4.2. Гомдол гаргагчаас “... манайх чөлөөт эдийн засагт ашгийн төлөөх хуулийн этгээд учраас худалдан борлуулж буй барааны үнээ өөрсдөө тогтооно” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэглэгчийн эрх, хууль зөрчих, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжтой гэсэн ойлголт биш тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болно.

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан гомдол гаргагч “А” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-д холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН