| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00664/И |
| Дугаар | 00728 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00728
2017 оны 06 сарын 19 өдөр Дугаар 142/ШШ2017/00728 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1958 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын 10 дугаар гудамжны 01 тоотод оршин суух Ач хариад овгийн Лхамхүүгийн Санжаасүрэн /регистрийн дугаар РД58082011/
Хариуцагч: 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Эко хороолол 1-15 дугаар байрны 14 тоотод оршин суух Ач хариад овгийн Санжаасүрэнгийн Лхагва /регистрийн дугаар РД81091322/ нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 11 780 359,88 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, Б.Бат-Орших, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Лхамхүү овогтой Санжаасүрэн нь 2014 оны 04 сарын 15-нд Төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвөөс № 3405/134 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөг жилийн 24% хүүтэй, 36 сар /3 жил/-ын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум ,17-р баг, Эрдэнэ, туул 10 гудамж, 1 тоот 60.7 мкв хувийн сууц, 794 мкв газрын хамт, N155311 Х-ТгаП суудлын автомашин, бараа материал, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан. Хариуцагч Л.Санжаасүрэн нь 3405/134 дугаар “Зээлийн гэрээ”-ний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө хийлгүй, үүргээ гүйцэтгээгүй өдийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Төрийн банкны зүгээс 3405/134 дугаар “Зээлийн гэрээ”-ний 6.2.3 дахь заалт буюу “энэ Гэрээний заалтуудыг болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй бол” гэж заасны дагуу Төрийн банкнаас хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нарт нийт 7 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч өдийг хүртэл зээлээ төлөлгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй ноцтой зөрчил гаргасан. Ийм учраас 3405/134 дугаар “Зээлийн гэрээ”-ний 4.1.8, 6.2.1, болон 4.1.9 дэх заалтуудыг үндэслэн Лхамхүү овогтой Санжаасүрэн, С.Лхагва нараас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 8,475,599.35 төгрөг, зээлийн хүү 3,061,662.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234,597.80 төгрөг, нотариатын хөлс 8500 төгрөг, нийт 11,780,359.88 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 11 780 359,88 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3405/134 тоот зээлийн гэрээг үндэслэл болгосон ба хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нар нь Төрийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3405/134 тоот зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж зээлийн барьцаанд барьцааны гэрээнд нэрлэн заасан хөрөнгийг барьцаалжээ.
Зээл болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба дээрх гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн болно.
Хариуцагч С.Лхагвад 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, хариуцагч Л.Санжаасүрэнд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2017 оны 06 дугаар сарын 12, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нар нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Мөн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч С.Лхагва, Л.Санжаасүрэн нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарыг байлцуулахгүйгээр тэднийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч нар нь дээрхи төлбөрийг сайн дураараа эс төлбөл үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр барьцааны үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үнийн дүнгээс хангуулах үндэстэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарын барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна гэж заасан.
Хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нарын барьцаалуулсан хөдлөх хөрөнгүүд нь цахим мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй тул дээрхи барьцаа хөрөнгүүдийг баталгаажсан барьцаа гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нарын барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Төрийн банкнаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203 437,75 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нараас 203 437,75 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 11 780 359,88 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
2.Хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх нийт 11 780 359,88 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын 10 дугаар гудамжны 01 тоотод байрлах 60,7 мкв Ү2101015492 улсын бүртгэлийн дугаартай хашаа байшин, дээрх хаягт байрлах 794 м,кв Г-2101010441 гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасныг баримтлан хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нарын барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 203 437,75 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 203 437,75 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА