Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00741

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00741                                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1958 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг шинэ тосгоны 08 дугаар гудамжны 14 тоотод оршин суух Сайчууд овогт Цэнгэлийн Энхээгийн /регистрийн дугаар ОБ58012113/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: 18 дугаар сургуульд холбогдох биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч 18 дугаар сургуулийн захирал П.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Энхээ би энэ сургуульд 2004-04-16-ны өдрөөс ажлаас халагдах хүртлээ тасралтгүй 13 жил биеийн тамирын багшаар ажиллаж ирсэн. Би 2008 оны 02-р сард багш нарын баяраар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, 2013 онд Боловрол Шинжлэх Ухааны яамны шагнал болох Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнуулж байсан. Би одоо 59 настай бөгөөд хэдхэн сарын дараа өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэж байгаа намайг 2017 оны 01-р сард захирлаар томилогдон ирсэн П.Батбаяр ажлаас халлаа. Би 1982 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн биеийн тамирын багшаар төгсөөд тэр цагаас хойш нийт 35 жил багшийн ажлыг хийчихээд эцэст нь тэтгэмж ч байхгүй. Хамт олон ч үгүй хаягдах учиргүй билээ. Намайг ажлаас халсан тушаал дээр намайг өөрөө хүсэж өөрийн хүсэлтээр халагдсан гэжээ. Би өөрөө хүсэж ажлаас халагдаагүй. Иймд Ц.Энхээ намайг хуучин хийж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэгч Ц.Энхээ тус шүүхэд хандаж хуучин хийж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны /цалин/нөхөн олговор гаргуулах тухай шаардлага гаргахдаа захирал П.Батбаярын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай тушаалыг үндэслэсэн. Гэтэл хариуцагч Орхон аймгийн өрөнхий боловсролын 18-р сургуулийн захирал П.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай тушаалыг ирүүлж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэхүү тушаалаараа цуцалсан тухай тайлбар ирүүлжээ. Хариуцагчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тушаал нэхэмжлэгчийн анх нэхэмжпэлээ гаргахдаа нотлох баримтаар өгсөн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө гарсан байх бөгөөд энэ тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай тушаалыг хүчингүй болгоогүй байна. Хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тушаалыг нэхэмжлэгчид огт өгөөгүй бөгөөд хэргийн материалтай танилцсанаар ийм тушаал өмнө нь гарч байсан болохыг мэдлээ. Нэхэмжлэгч Ц.Энхээтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа А/Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2,40-р зүйлийн 40.1.4,131-р зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ. Мөн хүүхдийн эрхийн болон боловсролын тухай хуулийн заалт, хоёр талын хөдөлмөрийн гэрээ.сургуулийн хөдөлмөрийн дотоод журмуудыг тус тус тушаалынхаа үндэслэлийг болгосон явдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь улсаас зохион байгуулалттайгаар бэлгэвч тарааж байгаад багш ямар буруутай байх билээ. Хүүхдийг садар самуунд яаж уруу татсан, хүүхдүүдийг яаж ялгаварлан гадуурахсан, эрх чөлөө, эрүүл мэндэд нь яаж халдсан болохыг яаж тогтоогоод байгаа нь тодорхой бус ойлгомжгүйн дээр хүний хөдөлмөрлөх эрхийг жинхэнэ утгаар нь П.Батбаяр захирлыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ц.Энхээг хуучин хийж байсан ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч 18 дугаар сургуулийн захирал П.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай сургуульд Биеийн тамирын багшаар ажиллаж байсан Цэнгэлийн Энхээ нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул ажилд маань эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийг гаргажээ. Миний бие “уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна”. Үүний учир нь Миний бие 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр энэ сургуулийн захирлын үүрэгт ажлыг хүлээж азсан бөгөөд энэ үед Ц.Энхээ нь хичээл заадаг ангийнхаа \10-р ангийн\ сурагчийг улирлын дүн гаргах явцдаа дүн үнэлгээгээр боож дарамтлан, улмаар бэлгийн харьцаанд орох тухай саналыг тавьсан, урд өмнө нь ч энэ тухай саналыг тавьж, уг сурагчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан үнсэх, биедээ шахаж тэврэх зэрэг үйлдлийг 9-р ангид байх үеэс нь эхлэн удаа дараа гаргаж байсан болон өөр хүнтэй унтвал дүнг асуудалгүй гаргаж болох тухай санал тавьж байсан зэрэг үйлдэл нь нэгэнт нотлогдож, түүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байсан. Харин миний бие эрхэлж буй ажлын албан үүргийн хувьд түүнийг шалган нягталж үзээд, өөрт нь энэ сургуульд багшлах ёс зүйн үндэсгүй болсныг ойлгуулсан. Мөн энэ үеэр 3 хоногийн ажлыг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тул дээрх нөхцөл байдлуудын улмаас “Захирлын дэргэдэх зөвлөл”-ийн хурлаар оруулан хэлэлцэж, ажлаас халах тухай шийдвэрийг ЗДЗ-ийн бүх гишүүд 100% санал нэгтэйгээр гаргасан тул, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 тоот тушаалаар “Багшийн ажлаас халсан” билээ. Дээрх ажлыг 3 хоног тасалсан, Суралцагчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан садар самуунд уруу татах гэсэн үйлдэл гаргаж байсан асуудлууд нь ажлаас халагдах шалтгаан болсон билээ. Нэгэнт халсан тушаал гарсныг хүлээн зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өглөө ирэхдээ “Би ийм зөрчлийн улмаас халагдмааргүй байна. Иймд энэ тушаалаа өөрчилж өгөөч гэж гуйгаад “Өвчний учир эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд ажлаас чөлөөлж өгнө үү?” гэсэн өргөдлийг өөрийн гараар бичиж өгсөн билээ. Тэр үед нь сургууль хамт олон, Орхон аймгийн боловсролын байгууллагын нэр бодоод, хүсэлтийнх нь дагууд ажлаас халж биш “чөлөөлж” буй тушаалыг гаргаж өгсөн билээ. Ийнхүү өргөдөл барьж ирэх болсон шалтгаан нь ч сүүлдээ тодорхой болсон юм. Учир нь “Захирлын дэргэдэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэгдээд “Халагдах шийдвэр” гарангуут тэр өдөртөө /2017-03-16/ сурагч Л.Чулуунчимэгийг уулзъя гэж дуудан гэртээ аваачиж, эхнэр Г.Цагаанхүүгийн хамт дарамталсан үйлдэл гаргасан байдаг. Энэ ажиллагаа нь үр дүнд хүрээгүй тул арга буюу сургуулийн захиргаанд хандсан өргөдөл бичих шаардлагатай тулгарсан гэж ойлгож байгаа. /Дээрх байдлын улмаас сурагч Л.Чулуунчимэгийг өнөөдрийг хүртэл сургуулийн нийгмийн ажилтны байнгын анхааралд байлгаж, эрхийг нь хамгаалж байгаа болно/. Нотолгоо нь байгаа болно/ Энэ мэт арга, заль хэрэглэн байж, халагдсан тушаалаа өөрчлүүлж аваад, өөрийгөө хамгаалж, өрөөлд бурууг нялзаах гэсэн үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Жич:Энэ сурагчийнхаа биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан садар самуунд уруу татахыг завдсан явдал нь Эрүүгийн хуулиар шийдэгдэх ёстой гэж үзвэл бидний зүгээс сургуулийн хамт олны нэр төрийг хамгаалж үлдэх гээд Хуулийн байгууллагад шилжүүлээгүй явдал нь буруу болохыг одоо ойлгоод, Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн ба одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа болно. Иймд Ц.Энхээгийн энэ асуудлыг зүй ёсоор нь дүгнэж, түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү,  Ц.Энхээ нь урьд нь ч ажлын байранд, ажлын цагаар архи ууж, сургуулийн удирдлагыг гутаан доромжилсон явдал гаргасны улмаас ажпаас халагдаж байсан ба сурагчид бие мах бодийн шийтгэл хүртээснийхээ төлөө арга хэмжээ авагдаж байсан болно” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хэрэв багш Ц.Энхээ үнэхээр буруугүй бол захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүд бүгд ажлаас халах асуудлыг санал нэгтэйгээр гаргаад, хүлээн зөвшөөрч болно гэж үү?\3ахирлын Дэргэдэх Зөвлөлийн хурлын тэмдэглэл батална\. Дээрх ажлыг 3 хоног тасалсан, Суралцагчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан садар самуунд уруу татахыг оролдсон болон өмнө нь сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 35 тоот тушаалаар “Багшийн ёс зүйн дүрмийг зөрчин суралцагсадтай зүй бусаар харьцаж, бие мах бодийн шийтгэл үзүүлсний учир цалингийн 20%-аар бууруулах” арга хэмжээ авагдаж байсан зэрэг асуудлууд нь ажлаас халагдах шалтгаан болсон билээ. Нэгэнт халсан тушаал гарсныг хүлээн зөвшөөрч, 2017-03-17- ны өглөө ирэхдээ “Би ийм зөрчлийн улмаас халагдмааргүй байна. Иймд энэ тушаалаа өөрчилж өгөөч гэж гуйгаад “Өвчний учир эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд ажпаас чөлөөлж өгнө үү?” гэсэн өргөдлийг өөрийн гараар бичиж өгсөн билээ. Тэр үед нь сургууль хамт олон, Орхон аймгийн боловсролын байгууллагын нэр бодоод, хүсэлтийнх нь дагууд ажпаас халж биш “чөлөөлж" буй тушаалыг гаргаж өгсөн билээ. Ийнхүү өргөдөл барьж ирэх болсон шалтгаан нь ч сүүлдээ тодорхой болсон юм. \Цагаанхүүтэй хийсэн ярилцлага, сурагч Л. Чулуунчимэгийн утсаар ярьсан бичлэгүүдийн СД-д буулгасан бичлэг нотлоно. Учир нь Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд “халагдах шийдвэр” гарангуут тэр өдөртөө \2017-03-16\ сурагч Л.Чулуунчимэгийг уулзъя гэж дуудан гэртээ аваачиж, эхнэр Г.Цагаанхүүгийн хамт дарамтлан, Өргөдлөө буцаан авч, би багшийг буруу ойлгосон байна гээд, хэлээд өг. Энэ асуудал чинь чиний нэр хүндэд халгаатай, муугаар нөлөөлнө, Манайх 6 хүүхэдтэй айл, олон оюутан сургадаг, тийм учир байдлыг ойлгоод өргөдлөө буцаа гэж айлган дарамталсан байдаг. Үүний улмаас тухайн хүүхэд айн балмагдаж, “Хэрвээ би үхчихвэл энэ асуудал яах бол гэх хүнд байдалд орсноо нийгмийн ажилтанд ярьж уйлсан байдаг. Сурагч Л.Чулуунчимэг нь уг дарамтыг нь хүлээн зөвшөөрөөгүй, өргөдлөө буцаан татахыг хүсээгүй тул арга буюу сургуулийн захиргаанд хандаж, эмчлүүлэх шаардлагаар ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл бичих шаардлагатай тулгарсан гэж ойлгож байгаа. \Дээрх байдлын улмаас сурагч Л.Чулуунчимэгийг өнөөдрийг хүртэл сургуулийн нийгмийн ажилтны байнгын анхааралд байлгаж, эрхийг нь хамгаалж байгаа болно\ Ер нь багш Ц.Энхээ, эхнэр Г.Цагаанхүү нар нь өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө, хэнийг ч, юуг ч гүжирдэн гүтгэж, ямарч хамаагүй аргаар хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж чадах хүмүүс билээ. Энэ явдал нь Г.Цагаанхүүгийн зүгээс сургуулийн ня-бо А.Оюунчимэгийг Орхон аймгийн аудитын газар, мэргэжлийн хяналтын газруудад хамт олны нэр барин өргөдөл бичиж удаа дараа шалгуулж байсны дээр, П.Батбаяр миний биеийг буруугүй зүйлд илт гүтгэн, төсвийн мөнгийг хувьдаа завшсан мэтээр гүжирдэж, харьцагч дээд шатны бүх \6\ байгууллагад өргөдөл бичин шалгуулсан явдлаар илэрнэ. Харин ч миний бие “авлигатай тэмцэх газар”-т хүртэл өргөдөл өгөн шалгуулж байхад нь хүлээцтэйгээр хандаж ирсэн юм шүү. Эдгээр хүмүүсийн энэхүү гүжирдэн гүтгэх үйлдэл нь хэрээс хэтрээд, сүүлдээ ажилдаа эргэн орох нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан байна. Хэрэв энэ нэхэмжлэлийг зөвөөр тунгаан шийдвэрлэхгүй бол багш хүн шавийнхаа биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан доромжилж, тохуурхан наадаж болдог, дүн үнэлгээгээр нь боон бэлгийн харьцаанд орохыг шаарддаг, бусадтай бэлгийн харьцаанд орвол дүнг нь гаргаж өгдөг, хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг байдал ноёрхож, багш, боловсролын байгууллагын нэр хүндийг гутаан доромжлох бус уу, нэхэмжлэлд дурдсан 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 тоот тушаалыг нэхэмжлэгчид огт өгөөгүй гэдэг нь Хариуцагчийг илт гүтгэсэн үйлдэл байна. Учир нь Ц.Энхээ нь энэ өргөдлийн нэг хувийг хүлээн аваад, хариуд нь учирлан гуйж байж, өөрийн гараар өргөдлөө өгснийг юу гэж ойлгох болж байна. Эрүүл ухаантай л бол хэн ч энэ байдлыг ойлгох байх аа. Тэгээд ч Ц.Энхээ нь хүний эрхэнд ороод өргөдөл бичээд суух хүн биш гэдгийг хамт олонч гэрчилнэ. Удирдлагууд ч гэрчилнэ. Хурлын тэмдэглэл ч нотолно гэж бодож байна. Багш, сэхээтэн хүнд баймгүй ийм садар самуун үйлдэл гаргачихаад би гэм зэмгүй хүн гэж өөрийгөө харуулахын тулд бага насны хүүхдийг шударга бус байдал гаргахыг шаардаж, албан тушаалын давуу байдлаа ашиглан дарамт үзүүлж, үйлдлээ нуухыг шахан шаардаж яваа нь хуульд, хүн ёсонд нийцнэ гэж үү? Ер нь ч багшийн ёс зүйд нийцэхгүй үйлдлийг байнга гаргаж, халамцуугаар ажлаа хийж явдаг байсныг нь 10а ангийн сурагчдын тайлбар, 2017-03-13-ны өдрийн Захирлын дэргэдэх хурлын тэмдэглэл ч нотолно. Архи ууж ажил тасалдаг явдлаа хуурамч өвчний актаар аргалж ирсэн байдал нь газар авсаар байсныг сургалтын менежер байсан Л. Батдоржийн хуралдаан дээр хэлсэн үг илэрхийлнэ. Яг энэ байдлаар ажил тасалсан үйлдлээ булхайцан хааснаа өнөөдөр зөрчил гаргаагүй гэж ойлгоод байх шиг байна. Яг ийм аргаараа явуургүй заль хэрэглэн байж, халагдсан тушаалаа өөрчлүүлж авсны дараа, өөрийгөө хамгаалж, өрөөлд бурууг нялзаах гэсэн үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Энэ гүтгэлэг үйлдэл нь одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас харагдаж байна. Түүний биет төлөөлөгчийн нэхэмжлэлдээ гаргасан тодорхой асуултуудад хариулт тайлбарыг дараах байдлаар гаргаж байна. Үүнд:

           1.Сурагчийг садар самуунд уруу татахыг оролдсон байдал нь: Сурагч Л.Чулуунчимэгийг үнсэхийг байнга оролддог, уруул дээр нь үнссэн, түүнд хэлсэн “Хамгаалалт байгаа. Унтах уу?” гэсэн яриа болон бусад сурагчдын хэлснээр: сурагчдын мөөм, бөгснөөс баздаг, бас тэврээд байх шиг харагддаг гэсэн ярилцлагаар илэрнэ.

2.Сурагчдыг ялгаварлан ханддаг байдал нь 10а ангийн сурагчдын болон эцэг эхийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан гэж ойлгож байна. Зарим сурагчийн дүн үнэлгээ ямарч асуудалгүй гарч байхад яахлаараа зарим хүүхэд нь төлөөний хүнтэй, эсвэл багштай өөртэй нь унтаж, хавьтаж байж дүнгээ гаргуулах ёстой гэж...

           3.Сурагч Л.Чулуунчимэгийг хувцсаа сольж байхад нь өөрлүүгээ татдаг, хүч түрэмгийлэн үнсэж доромжилдог явдал нь хүүхдийн эрх чөлөөнд халдаж байгаа явдал биш үү? Мөн гэр орондоо аваачин дарамталсан, Эхнэрээ явуулж сурагчийнхаа орон гэрт нь орилж чарлан аашлуулан загнаж, доромжилсон явдал нь хүний эрх чөлөөнд халдаж байгаа явдал гэж үзэж байна

           4. Эрүүл мэндэд нь яаж халдсан гэж үү? Уг хүүхдийг Ц.Энхээ, Г.Цагаанхүү нар нь гэртээ аваачиж дарамталсны улмаас уг хүүхэд, нийгмийн ажилтан Д.Уранчимэгтэй утсаар ярихдаа: Багшаа хэрвээ би үхчихвэл энэ асуудал зүгээр болох уу? гээд уйлж байсан байдаг. Энэ нь хүний сэтгэл зүйн хувьд эмгэгтэй байдалд оруулж байгаа явдал биш гэж үү? \СД бичлэгт байгаа\

            5.Багш, сурган хүмүүжүүлэгч хүн насанд хүрээгүй сурагч, шавьтайгаа бэлгийн хавьтлын тухай сэдвээр яриад, унтах хүсэлт тавиад явах нь өөрөө садар самуун явдал юм.

Ийнхүү сурагчийнхаа биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан садар самуунд уруу татахыг завдсан явдал нь, сурагчдыг ялгаварлан үздэг байдал нь, хүний эрх чөлөөнд халдсан явдал нь ойлгомжтойгоор батлагдаж байна биш үү. Миний бие боловсролын байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагч шавь нарынхаа эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих, таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө, шударгаар хөдөлмөрлөж яваа албан хаагч хүн. Энэ удаад сурагчдынхаа эрх ашгийн үүднээс, ганцаараа биш, зөвлөлддөг бүрэлдэхүүнийхээ хэмжээнд харилцан зөвлөлдөөд Ц.Энхээг гаргасан зөрчлийн нь улмаас ажпаас халсан билээ. Иймд Ц.Энхээгийн гаргасан нэхэмжпэл бүхий энэ асуудлыг зүй ёсоор нь зөв дүгнэж, түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхээ нь 18 дугаар сургуульд холбогдуулан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ц.Энхээ 2004 оноос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 18 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Ажил олгогч тушаалдаа Ц.Энхээг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...ажлыг шалтгаангүйгээр тасалсан, хичээл заадаг ангийн сурагчидад ялгаварлан ханддаг, дүн үнэлгээгээр хохироодог, мөн бие махбодийн шийтгэл үзүүлдэг явдал нь засраагүй, улмаар эмэгтэй сурагчидад бэлгийн харьцаанд орох сэдлийг үүсгэж, үүнийгээ удаа дараа давтан үйлдэж сануулж байсан нь нэгэнт нотлогдож байгаа энэ нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Боловсролын тухай хууль, Багшийн ёс зүйн дүрмийн заалтуудыг ноцтой зөрчсөн, мөн давтан зөрчил гаргасан, ноцтой зөрчил гаргасан “ гэж дурьдсан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.Үндэслэл нь:

1-рт: Ажил олгогч Ц.Энхээ нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 14-д “...хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгыг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална.Дараах тохиолдолд ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.....эрхэлж буй ажил албан тушаалдаа мэргэжил ур чадвар, ёс суртахууны хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Ц. Энхээ 2017 оны 03 дугаар сарын 03, 06, 07-ны өдрүүдэд ажил тасалсан, мөн хичээл заадаг ангийнхаа \10-р ангийн\ сурагчийг улирлын дүн гаргах явцдаа дүн үнэлгээгээр боож дарамтлан, улмаар бэлгийн харьцаанд орох тухай саналыг тавьсан, урд өмнө нь ч энэ тухай саналыг тавьж, уг сурагчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан үнсэх, биедээ шахаж тэврэх зэрэг үйлдлийг 9-р ангид байх үеэс нь эхлэн удаа дараа гаргаж байсан болон өөр хүнтэй унтвал дүнг асуудалгүй гаргаж болох тухай санал тавьж байсан нь багшийн ёс зүйд нийцэхгүй байгаа, мөн давтан зөрчил гаргасан, ажил тасалсан тул Ц.Энхээгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байгаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Ц.Энхээг ажлаас чөлөөлсөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тушаалд дурьдсан зөрчлүүдийг Ц.Энхээ гаргасан нь тогтоогдоогүй.Ц.Энхээд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй.Багшийн ёс зүйн хороогоор Ц.Энхээг буруутай гэж дүгнэж дүгнэлт гараагүй.Тиймээс Ц.Энхээг ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

Ц.Энхээ нь 18 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Л.Чулуунчимэгт зохисгүй үг хэлж, санал тавьсан нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ц.Энхээтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээр тогтоогдож байна. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нийгмийн ажилтан Д.Уранчимэгийн хөтөлсөн тэмдэглэлд нэхэмжлэгч Ц.Энхээ гарын үсэг зурж баталгаажуулсан тул дээрхи нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. / энэ тэмдэглэлд зурагдсан гарын үсгийг Ц.Энхээгийн гарын үсэг биш гэж нэхэмжлэгч маргаагүй /

 Хэрэгт авагдсан бусад нэхэмжлэгч Ц.Энхээ, эцэг эхийн хурлын тэмдэглэл, 11а ангийн сурагчидтай, сурагч Л.Чулуунчимэгтэй хийсэн уулзалтын тэмдэглэл гэх нотлох баримтууд нь нэхэмжлэгчийг тушаалын үндэслэл болж буй зөрчлийг гаргасан болохыг нотолсон хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт биш гэж үзлээ.Мөн хэрэгт авагдсан CD / хуурцагт / -д бичигдсэн яриа нь Л.Чулуунчимэгийн 18 дугаар сургуулийн нийгмийн ажилтантай ярилцсан бичлэг болох нь тодорхойгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт биш тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй.

Иймд нэхэмжлэгч Ц.Энхээ нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан буюу эрхэлж буй ажил албан тушаалдаа ёс суртахууны хувьд тэнцэхгүй болсон нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ц.Энхээтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзэж түүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзлээ.

2-рт:Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 тоот тушаалдаа Ц.Энхээг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж дурьдсан.

2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар тушаалаар багшийн ёс зүйн дүрмийг зөрчин суралцагсадтай зүй бусаар харьцаж, бие махбодийн шийдгэл үзүүлсэн гэсэн үндэслэлээр Ц.Энхээд сахилгын шийтгэл ногдуулсан нь 35 тоот тушаалаар тогтоогдож байх ба ийнхүү сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин дээрхи ноцтой зөрчил гаргасан нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

3-рт:Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...намайг ажлаас халсан тушаал дээр намайг өөрөө хүсэж өөрийн хүсэлтээр халагдсан гэжээ.Би өөрөө хүсэж ажлаас халагдаагүй” гэж дурьдсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа “...Нэхэмжлэгч Ц.Энхээ тус шүүхэд хандаж хуучин хийж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны /цалин/нөхөн олговор гаргуулах тухай шаардлага гаргахдаа захирал П.Батбаярын 2017-03-20-ны өдрийн 20 дугаартай тушаалыг үндэслэсэн. Гэтэл хариуцагч Орхон аймгийн өрөнхий боловсролын 18-р сургуулийн захирал П.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 2017-03-16-ны өдрийн 20 дугаартай тушаалыг ирүүлж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэхүү тушаалаараа цуцалсан тухай тайлбар ирүүлжээ. Хариуцагчийн 2017-03-16-ны өдрийн тушаал нэхэмжлэгчийн анх нэхэмжпэлээ гаргахдаа нотлох баримтаар өгсөн 2017-03-20-ны өдрөөс өмнө гарсан байх бөгөөд энэ тушаалаар 2017-03-06-ны өдрийн 20 дугаартай тушаалыг хүчингүй болгоогүй байна. Хариуцагч 2017-03-16-ны өдрийн тушаалыг нэхэмжпэгчид огт өгөөгүй бөгөөд хэргийн материалтай танилцсанаар ийм тушаал өмнө нь гарч байсан болохыг мэдлээ” гэж дурьдсан.

Хариуцагч шүүх хуралдаанд “...эхлээд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай тушаалыг гаргасан.Ц.Энхээ тушаалаа аваад “..ах нь удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа болохоор ийм үндэслэлээр ажлаас халагдмааргүй байна, өөрийн хүсэлтээр гэж тушаалаа өөрчлөөд өгөөч гээд гуйгаад байхаар нь хүн чанар гаргаад би тушаалаа өөрчилж 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр гэж өөрчилж гаргаж өгсөн.2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өөр тушаал гараагүй байсан учраас 20 гэсэн дугаар нь хэвээрээ гарсан” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрхи өөрчилсөн шаардлагаас нэхэмжлэгч нь захирлын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж мэтгэлцэж байна гэж үзэж 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тушаалд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Энхээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар хариуцагч 18 дугаар сургуульд холбогдох нэхэмжлэгч Ц.Энхээгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

  1. CD-г хэрэгт хавсаргасугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА