Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Ц.Энхээгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00741 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Энхээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймгийн 18 дугаар сургуульд холбогдох,

“Биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч 18 дугаар сургуулийн захирал Б.Батбаяр, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Энхээ би энэ сургуульд 2004-04-16-ны өдрөөс ажлаас халагдах хүртлээ тасралтгүй 13 жил биеийн тамирын багшаар ажиллаж ирсэн. Би 2008 оны 02-р сард багш нарын баяраар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, 2013 онд Боловрол Шинжлэх Ухааны яамны шагнал болох Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнуулж байсан. Би одоо 59 настай бөгөөд хэдхэн сарын дараа өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэж байгаа намайг 2017 оны 01-р сард захирлаар томилогдон ирсэн П.Батбаяр ажлаас халлаа. Би 1982 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн биеийн тамирын багшаар төгсөөд тэр цагаас хойш нийт 35 жил багшийн ажлыг хийчихээд эцэст нь тэтгэмж ч байхгүй. Хамт олон ч үгүй хаягдах учиргүй билээ. Намайг ажлаас халсан тушаал дээр намайг өөрөө хүсэж өөрийн хүсэлтээр халагдсан гэжээ. Би өөрөө хүсэж ажлаас халагдаагүй. Иймд Ц.Энхээ намайг хуучин хийж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Ц.Энхээтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа А/Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2,40-р зүйлийн 40.1.4,131-р зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ. Мөн хүүхдийн эрхийн болон боловсролын тухай хуулийн заалт, хоёр талын хөдөлмөрийн гэрээ.сургуулийн хөдөлмөрийн дотоод журмуудыг тус тус тушаалынхаа үндэслэлийг болгосон явдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь улсаас зохион байгуулалттайгаар бэлгэвч тарааж байгаад багш ямар буруутай байх билээ. Хүүхдийг садар самуунд яаж уруу татсан, хүүхдүүдийг яаж ялгаварлан гадуурхсан, эрх чөлөө, эрүүл мэндэд нь яаж халдсан болохыг яаж тогтоогоод байгаа нь тодорхой бус ойлгомжгүйн дээр хүний хөдөлмөрлөх эрхийг жинхэнэ утгаар нь П.Батбаяр захирлыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ц.Энхээг хуучин хийж байсан ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч 18 дугаар сургуулийн захирал П.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүний учир нь Миний бие 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр энэ сургуулийн захирлын үүрэгт ажлыг хүлээж азсан бөгөөд энэ үед Ц.Энхээ нь хичээл заадаг ангийнхаа \10-р ангийн\ сурагчийг улирлын дүн гаргах явцдаа дүн үнэлгээгээр боож дарамтлан, улмаар бэлгийн харьцаанд орох тухай саналыг тавьсан, урд өмнө нь ч энэ тухай саналыг тавьж, уг сурагчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан үнсэх, биедээ шахаж тэврэх зэрэг үйлдлийг 9-р ангид байх үеэс нь эхлэн удаа дараа гаргаж байсан болон өөр хүнтэй унтвал дүнг асуудалгүй гаргаж болох тухай санал тавьж байсан зэрэг үйлдэл нь нэгэнт нотлогдож, түүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байсан. Харин миний бие эрхэлж буй ажлын албан үүргийн хувьд түүнийг шалган нягталж үзээд, өөрт нь энэ сургуульд багшлах ёс зүйн үндэсгүй болсныг ойлгуулсан. Мөн энэ үеэр 3 хоногийн ажлыг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тул дээрх нөхцөл байдлуудын улмаас Захирлын дэргэдэх зөвлөл-ийн хурлаар оруулан хэлэлцэж, ажлаас халах тухай шийдвэрийг ЗДЗ-ийн бүх гишүүд 100% санал нэгтэйгээр гаргасан тул, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 тоот тушаалаар Багшийн ажлаас халсан. Ц.Энхээ нь би ийм зөрчлийн улмаас халагдмааргүй байна. Иймд энэ тушаалаа өөрчилж өгөөч гэж гуйгаад Өвчний учир эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд ажлаас чөлөөлж өгнө үү? гэсэн өргөдлийг өөрийн гараар бичиж өгсөн билээ. Тэр үед нь сургууль хамт олон, Орхон аймгийн боловсролын байгууллагын нэр бодоод, хүсэлтийнх нь дагууд ажлаас халж биш чөлөөлж буй тушаалыг гаргаж өгсөн.

Иймд Ц.Энхээгийн гаргасан нэхэмжпэл бүхий энэ асуудлыг зүй ёсоор нь зөв дүгнэж, түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00741 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар хариуцагч 18 дугаар сургуульд холбогдох нэхэмжлэгч Ц.Энхээгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасныг баримтлан эд мөрийн баримт болох CD-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017-06-21-ний өдрийн хурлаараа Ц.Энхээгийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн ерөнхий боловсролын 18-р сургуульд хариуцагдах хуучин хийж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох.ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдлыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ:"Ц.Энхээ нь 18-р сургуулийн 10-ын А ангийн сурагч Л.Чулуунчимэгт зохисгүй үг хэлж санал тавьсан нь 2017-01-23-ны өдрийн Ц.Энхээтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээр тогтоогдож байна"гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад зөрчлийг илэрүүлсэн хугацаа 2017-01-23-ны өдөр байхад арга хэмжээ авсан өдөр нь 2017-03-16-ны өдөр гэж тооцход энэ хоёрын хоорондох хугацаа /2017-01-23-ны өдрөөс 2017-03-16-ны хооронд нийт 1 сар 23 хоног/ болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.2-т:"Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар.илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна"гэжээ. Шүүх шийдвэр гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг анхаарсангүй.

Иймд:Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-21-ний өдрийн 142/ШШ2017/00741 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Энхээ нь Орхон аймгийн Баян-Өндөр сум 18 дугаар сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 18 дугаар сургуулийн захирлын 2017.03.16-ны өдрийн 20 дугаар тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Ц.Энхээ нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах ерөнхий боловсролын 18 дугаар дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалаар хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 7 дугаар зүйлийн 7.4 дэхь заалт, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.4, 44.3, 44.4 дэхь заалтууд Багшийн ёс зүйн дүрмийн 2.1.3, 2.1.7, заалтуудыг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3 дахь заалт захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн шийдвэр зэргийг үндэслэн багшийн үүрэгт ажлаасаа халагджээ.

Нэхэмжлэгч Ц.Энхээ нь тус сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байхдаа шалтгаангүйгээр 3 өдрийн ажил тасалсан, хичээл заадаг 10 дугаар ангийн сурагчдын улирлын дүнг гаргах явцдаа үнэлгээгээр боож дарамтлан улмаар бэлгийн харьцаанд орох тухай санал тавьсан, урьд өмнө нь ч санал тавьж байсан, эмэгтэй сурагчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан биедээ шахаж тэврэх, үнсэх зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж байсан нь багшийн ёс зүйг зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан гэсэн үндэслэлийг ажил олгогч тушаалынхаа үндэслэл болгосон гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Энхээ 18 дугаар сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байхдаа багшийн ёс зүй зөрчсөн сурагчидтай зүй бус харьцсан бие мах бодийн шийтгэл үзүүлсэн зөрчил гаргасан үндэслэлээр 2016.05.12-ны өдрийн сургуулийн захирлын 35 дугаар тушаалаар 1 сар цалингийн 20 хувь суутгуулах сахилгын шийтгэл авагдсан байсан байх ба дахин 2016 оны 12 дугаар сарын 22, 26-ны өдрүүдэд 10 дугаар ангийн сурагч Чулуунчимэгт зүй бус шаардлага тавьсан зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин багшийн ёс зүйг зөрчсөн ноцтой зөрчил давтан гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд 18 дугаар сургуулийн захирлын буюу ажил олгогчийн санаачилгаар Ц.Энхээтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтанд нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн Ц.Энхээгийн гаргасан зөрчилд сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Учир нь нэхэмжлэгч Ц.Энхээ нь сурагч Чулуунчимэгт багшийн ёс зүйд үл нийцэх үг хэлж санал тавьсан зөрчлийг 2016.12.22, 26-ны өдрүүдэд гаргасан ба энэ зөрчлийн асуудлаар анги удирдсан багш Ариунтунгалаг 2017.01.23-ны өдөр Ц.Энхээтэй уулзаж ярилцсан/ тэмдэглэл үйлдсэн хх-30/ захирал П.Батбаяр 2017.02.23-ны өдөр багш Ц.Энхээтэй тухайн асуудлаар ярилцсан /тэмдэглэл хх-33/ захирлын дэргэдэх зөвлөл 2017.03.16-ны өдөр хуралдаж Ц.Энхээгийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шийдвэр гаргах эрх бүхий субьект өөрөөр хэлбэл захирал П.Батбаяр нь Ц.Энхээгийн гаргасан зөрчлийг 2017.02.23-ны өдөр мэдэж илрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул сахилгын зөрчлийг илрүүлж арга хэмжээ авах хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00741 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  Ц.Энхээ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ