Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00660

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01937 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар магадлалтай,

Б гийн нэхэмжлэлтэй,

Н т холбогдох

Гэм хорын хохиролд 7,400,000.00  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Биндэръяа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н  нь 2014 оны 06 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б  намайг АНУ-д сургуульд явуулж өгнө гэж залилан мэхэлж 7,400,000 төгрөгийг авч хохирол учруулж, гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 2043 дугаартай тогтоолоор яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргаж өгч өршөөлийн хуульд багтсан хэрнээ одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байна. Тиймээс Н ээс 7,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нь 2014 оны 06 сарын 10-ны өдөр Б  гэх хүнээс 7,400,000 төгрөг авсан зүйл байхгүй. Б  нь Н т эхлээд мөнгийг өгөөгүй гэх тайлбарыг гаргадаг бөгөөд прокурорын тогтоол нь мөнгө өгөхийг үүрэг болгосон биш тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байдаг. Үндсэн хуульд зааснаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н т мөнгийг хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарлаж байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н  нь тухайн мөнгийг Б гаас авсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01937 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Намхайн Оюунчимэгээс 7,400,000 төгрөгийг гаргуулан Олон модот овогт Биндэръяагийн Амарбаясгаланд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н ээс 133,350 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н , түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/01937 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 28 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 2043 дугаар тогтоолыг нотлох баримтын хэмжээнд үнэлж хариуцагч Н ийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэснийг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, прокурорын тогтоолоор хэн нэгнийг бусдад гэм хор учруулсан гэх үндэслэлгүй юм. 2015 оны 08 сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсантай нь холбогдож хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд байгаа тус хуулийн хэрэгжилтэд хамрагдаж байгаа хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ гэм буруутай эсэх нь нотлогдож тогтоогдсон эсэхийг үл харгалзаж, гэм буруугаа хүлээн зөвшөөр, тэгвэл хэргийг чинь хэрэгсэхгүй болгоно гэсэн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн шахалтаар хууль зүйн мэдлэг дутмагаас болж маш олон хүн прокурорын тогтоолоор өршөөлд хамрагдсан гэмт хэрэгтэн болж хоцорсны нэг нь би юм. Би нэхэмжлэгч Б  гэдэг хүнтэй өмнө нь нэг удаа ч уулзаж байгаагүй бөгөөд түүнээс 7,400,000 төгрөг аваагүй, харин Ц.Мөнгөнцэцэг гэдэг эмэгтэйгээс 4,000,000 төгрөгийг визэнд зуучлуулах хүний мөнгө гэж авч байсан. Гэтэл энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцад Ц.Мөнгөнцэцэг нь надад урьд нь авлагатай байсан 3,400,000 төгрөгийг нэмээд надад 7,400,000 төгрөг өгсөн мэтээр мэдүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн дүнгээс 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 3,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах ёстой. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/01937 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 28 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Н т холбогдуулан гэм хорын хохиролд нийт 7,400,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч,  Б гаас мөнгө хүлээн аваагүй, Ц.Мөнгөнцэцэгээс мөнгө авсан бөгөөд шүүхээр гэм буруутайд тооцогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй гэж маргажээ. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2043 дугаар тогтоолд М.Пүрэвням, Ц.Мөнгөнцэцэг, Л.Түвшинжаргал, Н  нар нь бүлэглэн Б г залилан мэхэлж, түүнд 15,500,000.00 төгрөгийн хохирол учруулсан өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Өршөөлийн хуульд хамрагдаж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б  нь Н ээс 7,400,000.00 төгрөг, Ц.Мөнгөнцэцэгээс 600,000.00 төгрөгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч Н  нь Ц.Мөнгөнцэцэгээр дамжуулан Б гаас    7,400,000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэлд гэм буруутай болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн, тэрээр Өршөөлийн хуулиар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолд ердийн журмаар гомдол гаргаагүй байх тул хариуцагч Н ээс гэм хорын хохиролд 7,400,000.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ. Хариуцагч Н  нь Б гаас биш Ц.Мөнгөнцэцэгээс мөнгө авсан гэх татгалзлаа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01937 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Хариуцагч Н ээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 69,350.00 /жаран есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН