| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2019/0017/з |
| Дугаар | 02 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2018/003/3/
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Мандуулыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн иргэдийн Нийтийн Хурал, Дархан сумын Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн “Дархан сумын Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 25-ны өдрийн Б/21 дугаартай “Т.Мөнхзаяаг багийн засаг даргаар томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С
Хариуцагч О.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А
Гуравдагч этгээд Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс Дархан сумын Малчин багийн нийгмийн ажилтанаар томилогдон ажилласан. Малчин багийн Засаг даргаар ажиллаж байсан С.А нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөх хүсэлт өгснийг 2019 оны 10 сарын 10-ны өдрийн Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж 8/01 дугаар тогтоолоор С.А-ийг ажлаас нь чөлөөлж, улмаар тус багийн засаг даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцсэн. Миний бие Малчин багийн Засаг даргад нэр дэвшиж Б.Б өрсөлдөж нийт хуралд оролцсон 81 иргэнээс 73 иргэний санал буюу 91.1 хувиар ялалт байгуулж Малчин багийн Засаг даргаар сонгогдсон. Уг хурлын үр дүнгээр тус багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 8/02 дугаар тогтоолоор М.Гал-Эрдэнэ намайг Малчин багийн Засаг даргад нэр дэвшүүлснийг Дархан сумын Засаг дарга Б.А уламжилсан. Би сумын Засаг дарга Б.А уулзахад чи намын бодлогоор нэр дэвшсэн хүнийг яллаа. Намайг нэрээ татсангүй гэж буруутгаж чамайг Малчин багийн Засаг даргаар томилох үндэслэлгүй гэсэн атлаа яг ямар үндэслэлээр татгалзсанаа хэлэхгүй байсан. Б.А дарга надад чи нэрээ татсан бол Малчин багийн нийгмийн ажилтны ажил албандаа үлдэх байсан гэж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8-р хурал дээр О.А надад чи нэрээ тат гэж байнга хэлж байсан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр намайг ажлаас чөлөөлөөд 24-ний өдөр Т.М Малчин багийн зохион байгуулагчийн ажилд томилсон байсан.
Ингээд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр багийн иргэдийн Нийтийн 9 дүгээр хуралдааныг зарласан. Тухайн өдөр О.А, Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга н.Б бид гурав уулзаж, н.Б дарга багийн Засаг даргын сонгуулийг хууль журмын дагуу явуулах ёстой шүү гэж О.А хэлсэн. Би ч мөн адил түүнд хэлж сануулахад О.А за гэсэн атлаа дандаа миний эсрэг хууль бус ажиллагаа явуулсаар өдийг хүрсэн. Сумын Засаг даргын Тамгын газраас О.А надад Цагдаагийн газрын тодорхойлолт авч өг гэж хэлсэн. О.А надад наадах чинь асуудал биш ээ. Сонгогдсоныхоо дараа бүрдүүлээд өгч болно гэж итгэл үнэмшил төрүүлсэн атлаа 9 дүгээр хуралдаан дээр намайг Цагдаагийн газрын тодорхойлолт авчраагүй гэж гүрийсээр байгаад миний нэрийг дэвшүүлээгүй. Тус хуралд Малчин багийн 245 иргэн оролцсон тухай ирцийн мэдээлэл дээр бүртгэгдсэн байсан бөгөөд хурлыг цааш үргэлжлүүлж Т.М дэвшүүлж санал хураасан бөгөөд 34 саналаар сонгогдсон тооцож МУЗЗНДНТУтХ-ын 26.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж ИНХ-ын дарга О.А нэг талд үйлчилж багийн нийт иргэдийн эсэргүүцлийг үл тоож, албан тушаалаа ашиглан хууль бусаар хурлыг үргэлжлүүлж хууль бус тогтоолыг гаргасан.
Ийнхүү Монгол Улсын хүнд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ шударгаар хэрэгжүүлснийхээ төлөө Засаг дарга Б.А-д таалагдахгүй байна гэх шалтгаанаар Малчин багийн Засаг даргаар томилогдохгүй, Нийгмийн ажилтны ажлын байрнаасаа үндэслэлгүйгээр халагдаж Хөдөлмөрлөх эрх маань хүртэл давхар давхар зөрчигдөж байна. Иймд Дархан сумын Малчин багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 сарын 16-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” тогтоол мөн тус тогтоолыг үндэслэж гаргасан Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 25-ны өдрийн Б/21 дугаартай “Т.М багийн засаг даргаар томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч М.Г үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлж чадаагүй. Малчин багийн Засаг даргыг сонгох 8 дугаар хуралд М.Г үнэмлэхүй санал авч ялалт байгуулсан. Гэвч түүнийг татгалзаж 9 дүгээр хуралдааныг зарласан. Хэрвээ М.Г 9 дүгээр хуралдаанд орох л юм бол ялалт байгуулах нь тодорхой байсан тул хариуцагч М.Г-г нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээ авсан. Тэр арга хэмжээ нь Цагдаагийн тодорхойлолт авчрах гэсэн бичиг баримтаар шалтаглаж түүнийг хасах юм.
9 дүгээр хуралдаанд оролцохдоо нэр дэвшигч нарт 3 төрлийн баримт бичиг бүрдүүлэх шаардлага тавьсан. Т.М хувьд 3 бичиг баримтыг бүгдийг нь бүрдүүлж өгсөн гэж тайлбарлаж байна. Тухайн үед би хуралдаанд очиж Т.М баримт дутуу бас хууль бус гэдгийг тайлбарлаж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар хуралдаанаар дээрх 3 баримтыг огт шаардаагүй болох нь харагдаж байна. Тухайн үед О.А нь хурлын дараа баримтаа бүрдүүлж өгч болдог мэт тайлбарласан.
Цагдаагийн газраас тодорхойлолтыг 2 янзаар авч болдог. Нэгдүгээрт Улаанбаатар хотод байрлах Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сангаас өөрийн биеэр очиж авдаг тодорхойлолт. Хоёрдугаарт байгууллагаас явуулсан тоотын дагуу харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газраас гаргаж өгдөг тодорхойлолт. Т.М-н авсан тодорхойлолт бол мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн утга бүхий миний тайлбарлаад байгаа хоёр дахь төрлийн буюу байгууллагаас тоот явуулж авсан тодорхойлолт юм. Энэ тодорхойлолт нь хуульд заасан ял шийтгэлгүй гэсэн нотолгоо болж чадахгүй. Харин өөрийн биеэр Улаанбаатар хотод очиж Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сангаас авдаг ял шийтгэлгүй гэх тодорхойлолт нь хуулийн шаардлагад нийцсэн тодорхойлолт юм. Энэ тодорхойлолтыг сонгуульд нэр дэвших, гадаадад зорчих виз мэдүүлэх үед авдаг. Тийм учраас би 9 дүгээр хуралдаан дээр үүнийг тайлбарлаж нэр дэвшигч М.Г, Т.М нар нь хоёулаа бичиг баримтын асуудалтай байгаа тул Малчин багийн Засаг дарга сонгох хуралдааныг хойшлуулах эсвэл хоёуланг нь бүртгээд хуралдаанаа үргэлжлүүлэх гэсэн 2 боломжит санал гаргасан. 9 дүгээр хуралдаанд санал өгсөн иргэдийн олонх буюу 50-иас дээш хувийн саналаар Т.М Малчин багийн Засаг дарга болгох захирамж гарсан. Энэ захирамж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн 9 дүгээр хуралдаанд оролцсон 240 хүн бүртгэчихээд яагаад 80 хүн болж үлдсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй. 240 хүнээс 50-иас дээш хувийн санал авсан бол асуудал арай өөр яригдах байсан. Гэтэл ажлын хэсэг санал өгсөн хүний тоог санаатайгаар бууруулж 50-иас дээш хувь болгохын тулд 80 гэдэг тоог гаргаж ирсэн. Хэрвээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж байгаа шиг тийм их хүн гарч явсан бол тэнд үлдсэн хүний тоог дахин тоолж, хүмүүсийнхээ нэрийг бүртгэж аваад санал хураах ёстой байсан. Гэтэл тийм зүйл болоогүй. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл юм.
Малчин багийн Засаг даргыг сонгох 8, 9 дүгээр хуралдаан бол М.Г-г Засаг дарга болгохгүйн тулд хийсэн зохион байгуулалттай арга хэмжээ юм. Багийн Засаг даргыг сонгох сонгууль хамгийн нээлттэй, ил тод, хууль журмын дагуу байх ёстой гэж үзэж байна. М.Г-г намын бодлогыг дэмждэггүй учраас түүнийг хассан. 9 дүгээр хуралдаан анхнаасаа хууль бус болсон тул түүнээс улбаалж гарсан захирамж, тогтоол ч хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга О.А шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
М.Г бид хоёр нэг баг дээр 3 жил хамт ажиллаж байсан. 8 дугаар хуралдаанаар М.Г 90.1 хувиар үнэмлэхүй ялалт байгуулсан. Би хууль журмын дагуу М.Г-г Засаг дарга болгох саналыг Сумын Засаг даргад уламжилсан. Гэтэл Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга н.Б 8-р хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлж санал авсан ажиллагааг анхнаасаа хууль, журмын дагуу явагдаагүй байна гэж хэлсэн. Ингээд Малчин багийн Засаг даргыг сонгох 9 дүгээр хуралдааныг 15 хоногийн хугацаа заагаад товлосон. Зар мэдээнд сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсийг ямар ямар материал бүрдүүлэхийг бүгдэд нь нээлттэй ил тод байдлаар зарласан.
М.Г над руу залгаад та надад Цагдаагийн газрын даргын тодорхойлолт гаргаж өгөх хэрэгтэй байна гэхээр нь би түүнд бичиг хийж өгөхгүй өөрөө бүрдүүлээд ав гэж хэлсэн. Би Малчин багийн Засаг даргад нэр дэвшсэн 5 хүнд хэнд нь ч бичиг хийж өгөөгүй. Ингээд 9 дүгээр хуралдаан болох үед М.Г-н бүрдүүлэх ёстой 3 тодорхойлолтын 2 нь байгаагүй тул бид М.Г-н сонгогдох эрхийг нь хүндлээд түүнийг Цагдаагийн газрын тодорхойлолтоо аваад ир тэгвэл нэр дэвшүүлье гээд хуралдаанаа 30 минут завсарлах шийдвэр гаргасан. Тэр үеэр М.Г дутуу бичиг баримтаа бүрдүүлэхийн оронд өмгөөлөгч Б.С-ыг дагуулаад ороод ирсэн. Энэ асуудлаас болж хурал ч нилээн сунжирсан. М.Г өөрийн хувийн зохион байгуулалтгүйгээс болж бүрдүүлэх ёстой 3 бичиг баримтыг бүрдүүлж чадаагүйгээс энэ бүх зүйл болсон. Энд ямар ч улс төрийн зорилготой ажил явагдаагүй. Багийн ажил бол улс төрөөс ангид явагдах ёстой гэж би боддог. Харин М.Г бол өөрөө улс төрийн зорилготой хүн. Миний гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд М.Г ардчилсан намын фейсбүүк хуудаст байдаг. Ардчилсан намын шинэ жилд орж байсан гэдэг нь харагдаж байна. Мөн тухайн өдөр Б.С өмгөөлөгч хүний эрх хаана зөрчигдөөд байна би тэнд байна гэсэн утга бүхий пост оруулсан байсан. Гэтэл ардчилсан намын дарга доор нь үйлчлүүлэгчийн чинь эрх Малчин баг дээр зөрчигдөөд байна гэсэн коммент бичсэн байсан. Үүний дагуу Б.С өмгөөлөгч түүнийг өмгөөлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч бол өөрөө улс төржсөн хүн. Иймд уг 04 дугаартай тогтоол нь Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, тооллогын комиссын 01 дугаарт тогтоолыг үндэслэсэн тогтоол тул хүчингүй болгох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Дархан сумын Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 8 дугаар хуралдаанаар багийн Засаг даргад тус багийн нийгмийн ажилтан М.Г өрсөлдөн улмаар иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8/02 дугаар тогтоолоор Малчин багийн Засаг даргад нэр дэвшүүлж сумын Засаг даргад уламжилсан. Сумын Засаг дарга М.Г-тэй ярилцлага уулзалт хийсэн бөгөөд ярилцлагын үр дүнд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Малчин багийн Засаг даргаар томилохоос татгалзсан болно.
Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж багийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн буюу 50 хувиас дээш санал авсан Т.М-г батламжлуулахаар уламжилсан. Сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1640 тоот албан бичгээр Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 9 дүгээр хуралдаанаар багийн Засаг даргын сонгуулийн санал хураалтад оролцсон иргэдийн талаарх мэдээлэл, тоон мэдээллийг авах хүсэлт хүргүүлсэн бөгөөд гаргаж ирүүлсэн тайлбар, иргэдийн Нийтийн Хурлын 9 дүгээр хуралдааны 04 тоот тогтоолыг тус тус үндэслэн Т.М-г Малчин багийн Засаг даргаар сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/21 тоот захирамжаар томилсон гэжээ.
Гуравдагч этгээд Т.М шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 7 сарын 22-ний өдрөөс 3-р багт томилолтоор ажиллаж байсан. 2019 оны 10 сарын 17-ны өдөр Засаг дарга Б.А дуудсаны дагуу уулзахад Малчин багийнхаа зохион байгуулагчаар ажил гэж хэлсэн 2 хоногийн дараа дахин дуудаж Малчин багийн Засаг дарга сонгох сонгууль дахин болно чи нэрээ дэвшүүл гэсэн. Би энэ багтаа анх байгуулагдсан цагаас нь эхэлж байсан болохоор Засаг даргын саналыг нь хүлээн авсан. Ингээд 2019 оны 11 сарын 16-нд Малчин багийн ИНХ-ын 9 дүгээр хуралдаан болсон. Би бүрдүүлэх ёстой 3 баримтаа өөрөө хөөцөлдөж авсан. 9-р хуралдааны үед М.Г, өмгөөлөгч Б.С нар нь хуралдааны үед микрофоныг байнга булаан авч хүмүүсийг төөрөгдүүлэн хуралдаан даргалагчийн ажлыг хийлгээгүй. Миний сонгогдох эрхэд нөлөөлсөн. Б.С өмгөөлөгч Цагдаагийн даргын хийж өгсөн бичгийг хуурамч гэж тайлбарласан. О.А дарга хурлын дэг зөрчихгүй байхыг байнга сануулж байсан боловч тийм зүйл болоогүй.
Манай багийн харьяанд байдаггүй хүмүүсийг оруулан ирж хурлыг үймүүлсэн. Тооллогын комисс ажиллаж байхад М.Г хүмүүсийн гарыг буулгаж болохгүй гэж дунд нь орилж явсан. Тэр өдөр хуралдаанд миний талаас тайлбар хийх олон хүн байхад ярих боломж олгоогүй. Хурал сунжирсан тул дундаас нь олон хүн гарч явсан. Би олон жил ажиллахдаа ийм замбараагүй, дэгээрээ явдаггүй, төр засгаа хүндэлдэггүй, хууль бус хурал үзээгүй. Ажлын хэсгээс гадны хүмүүсийг хасаад 84 хүнээс 44 хүн намайг дэмжиж гараа өргөсөн. Үүнээс гадна М.Г 14,15 хүний гарыг буулга гэж хэлээд буулгаж байсан. Тус хурлаас гарсан 04 дугаартай тогтоолыг Малчин багийн ИНХ-ын дарга О.А Дархан сумын Засаг дарга Б.А даргад уламжилсан. Засаг дарга 2019 оны 11 сарын 25-ны өдөр Б/21 дугаартай захирамж гарч Малчин багийн Засаг даргаар томилсон 2019 оны 11 сарын 16-ний өдрийн 9-р хуралдааныг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна гэжээ.
Гэрч Б.Ш мэдүүлэгтээ: Би Малчин багийн иргэдийн Нийтийн хурлын 9 дүгээр хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн. Хуралд ирсэн иргэдийн ихэнх нь хууль бус хурал болж байна хурлыг тараа гээд эсэргүүцэж байсан. 9-р хуралдаан бол маш эмх цэгцгүй замбараагүй явагдсан. Тус хуралд 245 хүн байна гэж О.А дарга хэлж бичүүлсэн. Би нэг бүрчлэн тоолоогүй ч гэсэн 200 гаран хүн бол ирсэн байсан. Ирц бүртгэж байсан хүмүүс Малчин багийн иргэдийг иргэний үнэмлэхтэй нь тулгаж маш сайн шалгаж оруулж байсан. Т.М санал хураахад 240 гаран хүнээс явлаа явлаа гэхэд 84 хүн болтлоо мэдэгдэхүйц цөөрөөгүй. О.А дарга 245 хүнээс 44 хүн санал өглөө гэж бич гээд надад бичүүлээд миний бичсэн тэмдэглэлийг хураагаад авсан гэжээ.
Гэрч М.Б мэдүүлэгтээ: 9 дүгээр хуралдаанд нийт бүртгэлээр 200 гаран хүн ирсэн. 80 хүн байснаас 44 хүн ирсэн гэж ярьж байна гэсэн тийм зүйл огт болоогүй. Заал дүүрэн хүн байсан. М.Г-г ялтай эсэх талаарх лавлагаа байхгүй гэдэг шалтгаанаар нэр дэвшүүлээгүй. Тэрнээс бол манай багийн иргэд бүгд дэмжсэн. М.Г нь тус багт тогтвор суурьшилтай ажилладаг. Ажилдаа цагтаа ирдэг, туршлагатай, архи дарс хэрэглэгдэггүй. Иргэдийн итгэлийг дааж чадахуйц хүн. Багийн иргэдийнхээ аж амьдралыг сайн мэддэг ойлгодог хүн. Багийн даргын болон зохион байгуулагчийн өмнөөс ч мөн ажлыг нь хийгээд л явж байдаг. Малчин багт очиход ажлын байрандаа М.Г нь л байж байдаг. Т.М-д санал өгөхөд 37 хүн гар өргөж санал өргөсөн. Энэ 37 дээр Т.М, гар өргөсөн хүмүүсийг тоолсон 2 хүн, М найз Э охинтойгоо гээд 5 хүн нийлээд нийт 44 хүн болсон.
Гэрч Ж.Д мэдүүлэгтээ: М.Г ИНХ-ын дарга О.А-д Малчин багийн Засаг даргад нэр дэвшихэд Цагдаагийн газрын тодорхойлолт авах хэрэгтэй юм байна гэж хэлэхэд О.А нь тэр шаардлагагүй гэж хэлсэн гэдэг. Дархан сумын орлогч дарга Б гэх хүн О.А-г ингэ тэг гээд зааварлаад байсан. хуралд бүртгэлээр 234 гэж бүртгэсэн байсан ер нь тэр хавьцаа байсан. Санал хураахад 200 гаран хүн бүгд байсан. Т.М-д 34 хүн санал өгсөн. Тэрийг бол бүгд мэдэж байгаа гэжээ.
Гэрч О.Х мэдүүлэгтээ: Малчин багийн ИНХ-аас ирүүлсэн материалуудтай холбоотойгоор Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу М.Г-г өөрийнх нь хүсэлтээр нийгмийн ажилтны ажлаас нь чөлөөлсөн. Багийн засаг даргад томилох тухай захирамжийн төслийг боловсруулаад сумын Засаг дарга Б.А-д таницуулсан. Сумын Засаг дарга М.Г 2-3 удаа уулзалт хийсний үр дүнд багийн Засаг даргад томилохоос татгалзсан шийдвэр гаргасан. 9 дүгээр хуралдаанд сонгуулийн асуудал үүссэн учир хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засаг дарга захирамж гаргаж ажлын хэсэг байгуулсан. 2019 оны 11 сарын 11 өдрийн 1/1578 тоот албан бичгийн дугаар нь ижил боловч утга нь өөр байгаа шалтгаан нь эхнийх нь буруу гээд сольж өгсөн. Буруугаа зөвтгөж өгөхдөө сольсон тоотоо эх хувьдаа хийгээгүй нь манай ажилтны буруутай үйлдэл гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн Дархан сумын Малчин багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “Дархан сумын Малчин багийн иргэдийн нийтийн хурлын 2019 оны 11 сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”, Дархан сумын Засаг даргад холбогдох “Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 25-ны өдрийн “Т.М-г багийн Засаг даргаар томилох тухай” Б/21 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Хариуцагч нь нэхэмжлэгч М-г Малчин багийн иргэдийн нийтийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Багийн засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 8/02 дугаар тогтоолоор Малчин багийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлж батламжлуулахаар Дархан сумын Засаг даргад уламжилсан боловч Дархан сумын Засаг дарга М.Г Малчин багийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгаагаа 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1/1487 дугаар албан бичгээр мэдэгдсэний дагуу Багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Малчин багийн иргэдийн нийтийн 9 дүгээр хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагт хийхээр товлосон Дархан сумын Засаг дарга уг хуралдааныг зохион байгуулах болсонтой холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/238 дугаар захирамжаар хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ.
Хариуцагчаас маргаан бүхий Дархан сумын Малчин багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 04 дугаартай тогтоолыг гаргахдаа Засаг захиргаа нутаг давсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгосон байна.
Малчин багийн иргэдийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр хуралдааны хурал даргалагчийн зүгээс нэхэмжлэгч М. Г /Малчин багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан/-ийг Засаг захиргаа нутаг давсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3-т заасан “Ялгүй байх” гэсэн тодорхойлолт авч ирээгүй гэх үндэслэлээр Малчин багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээс татгалзсан нь түүний “Г-г цагдаагийн газраас бичгээ аваад ирвэл нэрийг нь дэвшүүлье гээд хурлын хуралдааныг 30 минутаар завсарласан гэтэл Цагдаагийн газрын тодорхойлолт авч ирээгүй...” гэх тайлбараар, харин нэр дэвшигч Т.М /Өргөө багийн зохион байгуулагч/-г томилох эрх бүхий Дархан сумын Засаг даргын санал, түүний 2019 оны 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1/1578 дугаар албан бичгийн дагуу авсан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...Т-д холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэх 32/1/4178 тоот албан бичгийг үндэслэн хуулийн 26.6-д заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангасан гэх үндэслэлээр Малчин багийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлж иргэдийн санлыг авчээ.
Хариуцагч дээрхи шийдвэрийг гаргахдаа хуулиа барьж ажилласан гэж тайлбарлаж байгаа ч Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны байгууллага Захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу багийн Засаг даргад нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар нэр дэвшигч болон Малчин багийн иргэдийг мэдээлэлээр тэгш хангах үүрэгээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн “... өмнөх 8 дугаар хуралдаанд нэр дэвшигч нарт “Ялгүй байх” гэсэн шаардлага тавиагүй, Багийн засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 8/02 дугаар тогтоол хүчинтэй байгаа, сонгогдсоныхоо дараа нэр дэвшигчдэд холбогдох материалаа бүрдүүлээд өгч болох итгэл үнэмшил төрүүлсэн” гэх тайлбараар, мөн хуралдаанд Засаг даргаа сонгохоор ирсэн 245 иргэд 2 нэр дэвшигчид хуваагдаж хуралдааныг хойшлуулах, эсвэл хоёуланг нь нэр дэвшүүлж санал хураах талаар хүсэлт гаргаж байсан тухай хуралдааны бичлэгээр тус тус нотлогдож байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг “Ялгүй байх” гэсэн тодорхойлолт авч ирээгүй гэж буруутган нэр дэвшүүлэхээс татгалзсан нь Захирааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 9 дэхь хэсэгт заасан “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” гэх хуулийн заалттай нийцээгүйн дээр нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Малчин багийн 9 дүгээр хуралдаанд ирсэн 245 иргэнээс хасагдаад хасагдаад 84 иргэний 50-иас дээш хувийн саналыг нэр дэвшигч Т.М-д өгсөн эсэх нь хэргийн оролцогч нарын тайлбар, багийн иргэдийн нийтийн хурлын 9 дүгээр хуралдааны тэмдэглэлүүд, хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлэгүүд, бусад баримтаар давхар нотлогдохгүй, багийн Засаг даргад нэр дэвшүүлж санал хураах үйл ажиллагааны тэмдэглэлийг тус хуралдаанаас сонгогдсон Б.Ш хөтөлсөн байхад сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Д.О хөтөлсөн тэмдэглэлийг баталгаажуулсан зэрэгээс үзэхэд тус хурлын хуралдаан, хуралдаанаас гаргасан тогтоол нь хууль бус болох нь 9-р хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарууудаар тогтоогдож байна.
Дархан сумын Засаг дарга нь дээрхи хууль бус Дархан сумын Малчин багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 04 дугаартай тогтоолыг үндэслэн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн “Т.М-г багийн засаг даргаар томилох тухай” Б/21 дугаартай захирамж гаргахдаа Засаг захиргаа, нутаг давсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэх хуулийн заалтыг үндэслэл болгосон хэдий ч захиргааны байгууллага , албан тушаалтны гаргасан дээрхи шийдвэрүүд нь Засаг захиргаа, нутаг давсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,106.3.1 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, арван зургадугаар зүйлийн 9 дэхь хэсэг, Засаг захиргаа, нутаг давсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Дархан сумын Малчин багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 25-ны өдрийн “Т.М-г багийн засаг даргаар томилох тухай” Б/21 дугаартай захирамж”-ийг тус тус хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М.Г-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг хүрэлцэн ирж гардан авах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ