Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1400

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01400

 

 

 

Ө.Гүлжазирагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01193 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ө.Гүлжазирагийн хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд холбогдогдуулан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1 435 404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбагана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Гүлжазирагийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Монгол Улсын Боловсролын сайд нь Баян- Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 тоот актыг үндэслэн, Ө.Гүлжазираг тус актад тэмдэглэсэн зөрчлийг гаргасан хэмээн үзэж, Баян-Өлгий аймгийн 3 дугаар сургуулийн захирлын ажлаас халах тушаал гаргасан байна. Аймгийн улсын байцаагчийн дүгнэлт нь хууль бус, үндэслэлгүй дүгнэлт байна. Нэхэмжлэгчийн дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн сайдад гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байхад аймгийн Улсын байцаагчийн тушаалыг үндэслэж, хууль бус тушаал гаргасан байна. Улсын байцаагчийн актад дурдсан асуудал 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болсон бөгөөд уг зөрчлийг гаргаагүй болно. Иймд сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлтэй байж болох ч Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд зөвхөн 48 дугаар актыг дурдсан учраас уг актын хүрээнд бид мэтгэлцэх ёстой. Нэхэмжлэгч ажлаас халагдсаны дараа 2017 оны 01 дүгээр сараас эхлэн ажилд орж, 01 дүгээр сард 653 499 төгрөг, 02 дугаар сард 903 993 төгрөг, 03 дугаар сард 1 081 098 төгрөгийн цалин тус тус авсан. Иймд нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс болох 1 357 998 төгрөгөөс дээрх цалингийн зөрүү нийт 1 435 404 төгрөгийг Хөдөлдмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжилж байна.Иймд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1 435 404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны тайлбарт:  Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санхүүгийн ноцтой зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн захирал Ө.Гүлжазираг Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Монгол Улсын хэмжээнд Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын яамны харъяа 44 дүгээр лаборатори Ерөнхий боловсролын сургууль өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд захирал нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг болно. Иргэн Ө.Гүлжазирагийн тус яамтай байгуулсан 2014/55 дугаар Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасан ноцтой зөрчилийг гаргасан тул ажпаас чөлөөлөгдсөн. Баян-Өлгий аймгийн Санхүү хяналтын албаны 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 илүү олгосон үр дүнгийн урамшууллыг төлүүлэх тухай, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн илүү авсан мөнгийг төлүүлэх тухай, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай гэсэн Баян-Өлгий аймгийн Санхүү хяналтын албаны улсын байцаагчийн актуудаар нотлогдох болно. Ө.Гүлжазира нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай акттай 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцаж, зөвшөөрөхгүй гэж гарын үсгээ зурсан байдаг.  Дээрх акттай танилцан зөвшөөрөхгүй гэсний дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 767 700 төгрөг, мөн актын үлдэгдэл төлбөр болох 233 900 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ө.Гүлжазира нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Төрийн сангийн дансанд 2 001 600 төгрөгийг 2 хуваан шилжүүлэн төлсөн байдаг. Санхүүгийн зөрчил гаргасан нь дээрх төлбөрийг төлснөөр мөн Хөдөлмөрийн гэрээний 3.2.Б дэх хэсгийг зөрчсөн нь нотлогдож байна. Иймд иргэн Ө.Гүлжазирагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Б/16 тоот ажлаас чөлөөлөх, түр томилох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Гүлжазираг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар суруулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 337 999 төгрөгийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас нэхэмжлэгч Ө.Гүлжазирад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97 405 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Гүлжазирагийн нийгмийн даатгалийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгаж,

 Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хурамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хурамжийн хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 36 358 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайд Ж.Батсуурь давж заалдах гомдолдоо: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтад зааснаар захиргааны акт болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Ө.Гүлжазирагийн захиргааны байгууллагын захиргааны актад гомдол гаргасан нь хэргийн харъяалал зөрчсөн гэж үзэж байна. Сургуулийн захирлыг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтад заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд томилж, чөлөөлдөг. Иргэн Ө.Гүлжазирагийн тус яамтай байгуулсан 2014/55 дугаар хөдөлмөрийн гэрээний 3.2.6-д талуудын хүлээх хариуцлагыг заасан. Энэхүү ноцтой зөрчил нь холбогдох актуудаар тогтоогдсон байдаг. Баян-Өлгий аймгийн 3 дугаар лаборатори сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1А/3077 дугаар албан тоотоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Уг газраас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03/8288 дугаар албан бичигт баримт бичгийг хууль тогтоомжийн дагуу ирүүлнэ үү гэсэн. Тус яамнаас дахин 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1А/3492 дугаар албан бичгээр К.Еркегүлийн урьдчилсан мэдүүлгийг яаралтай хянаж хариуг ирүүлэх тухай хүсэлт хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/8919 дугаар албан бичиг ирсний дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Б/16 дугаар ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай тушаал гаргасан. Баян-Өлгий аймгийн Санхүү хяналтын албаны 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн улсын байцаагчийн актуудаар өмнө нь тус сургуулийн захирлаар ажиллаж байсан хүний гаргасан алдаа тус тус нотлогдох болно. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" албан бичигт иргэн Ө.Гүлжазира нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 767 700 төгрөг /мөн актын үлдэгдэл төлбөр болох 233 900 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр/-ийг Баян-Өлгий аймгийн Төрийн сангийн дансанд төлсөн тул актыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Анхан шатны шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Картенбайн Еркегүлийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байхад шүүх гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Иймд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ө.Гүлжазира хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд холбогдуулан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1 435 404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч Ө.Гүлжазираг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн 3 дугаар бүрэн дунд лаборатори сургуулийн захирлаар ажиллаж байхад нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 3.2.Б, тус сургуулийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Баян-Өлгий аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл,  засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн18-05/48 тоот актыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Ө.Гүлжазира нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 тоот актаар 2014 оны 4 дүгээр улиралд үр дүнгийн урамшуулалд 983 411 төгрөг илүү авсан, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18-05/50 тоот актаар 2015 оны 1, 4, 7, 2016 оны 1 дүгээр саруудад нийт 591 624 төгрөг хууль бусаар зарцуулсан, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/49 тоот актаар 2015 оны 4, 7 дугаар сард илүү цагийн урамшуулалд 327 702 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өлгий сумын Засаг даргаар хууль бус захирамж гаргуулан 8 сарын турш 1 468 104 төгрөг,  2015 оны 1 дүгээр улиралд үр дүнгийн урамшуулал 30 хувиар тогтоосныг дур мэдэн 45 хувиар бодож 110 107 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 тоот актаар 2014 оны 7-8 дугаар сард ээлжийн амралттай байхдаа урамшуулалд 86 370 төгрөг тус тус авсан, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 тоот актаар 2016 оны 06 дугаар сард “Кукамакти” ХХК-д 2 001 600 төгрөг үндсэн баримтгүй шилжүүлсэн зэрэг зөрчил гаргасан гэх баримтууд авагдсан байх бөгөөд ажил олгогч нь 2016 оны 06 дугаар сард “Кукамакти” ХХК-д 2 001 600 төгрөг үндсэн баримтгүй шилжүүлсэн зөрчлийн талаарх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 тоот актыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцалсан байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх актыг баримтаар үгүйсгээгүй тул түүнийг байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй боловч ажил олгогч ажилтны гаргасан дээрх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбоотой 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн актын талаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн тул уг өдрөөр зөрчлийг илрүүлсэн гэж үзэх ба тэрээр нэхэмжлэгчийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт  “Сахилгын зөрчил ... илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн,  энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг буруу бичсэн хэдий ч шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны төлөөлөгчид гардуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн явуулсан учраас дээрх алдааг залруулах боломжтой.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3153 дугаар шүүгчийн захирамжаар Ө.Гүлжазирагийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 020051408 тоот дансанд 1 776 700 төгрөг  шилжүүлсэн баримт ирүүлэхийг даалгасан байхад уг баримт хэрэгт авагдаагүй гэх гомдол гаргасан боловч улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 тоот актаар тогтоосон 2 001 600 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн эсэх асуудал нь маргааны зүйл биш юм.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтыг нотлох баримт гэх бөгөөд шүүгчийн захирамжид тусгагдсан дээрх баримт хэрэгт авагдаагүй нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шүүхийг нотлох баримт бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө К.Еркегүл болон зохигчийн хэн аль нь гуравдагч этгээдээр татуулах хүсэлт гаргаагүй тохиололд шүүх өөрийн санаачилгаар гуравдагч этгээд татахгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн “Баян-Өлгий аймгийн 3 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч К.Еркегүлийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                       

 

                                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                         С.ЭНХТӨР

                                                                                             А.МӨНХЗУЛ