Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1877

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр            Дугаар 181/ШШ2017/01877          Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 10 байрны 30 тоотод оршин суух, Тайжууд овогт Ганцагааны Энхзаяа /РД:ТВ80052961/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3-т байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгт,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 41 гудамж, 695 тоотод оршин суух, Дархан овогт Дондовын Цэцэгмаа /РД:ХЖ55111607/-г оролцуулан,

 

Орон сууцыг 66,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, гуравдагч этгээд Д.Цэцэгмаа, гэрч Б.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Г.Энхзаяагаас 114,700,000 төгрөгийг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа надад олгохоор шийдвэрлэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205003900 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 30 байр, 10 тоот орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байгаад гомдолтой байна.

Төлбөр төлөгч нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцаа 150,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа гаргасан боловч үнэлгээг үүгээр тогтоолгүй шинжээч томилсон. Шинжээч томилсон тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй, шинжээчээс татгалзах эрхийг эдлүүлээгүй, мөн шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдээгүй нь хууль зөрчсөн.

Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 30 байр, 10 тоотын 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 66,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02655 дугаар шийдвэрээр Г.Энхзаяагаас 114,700,000 төгрөгийг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгохоор шийдвэрлэсэн.

            Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.Энхзаяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байр, 30 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талууд үнийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилж, шинжээчийн 66,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний талаар буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар уг үнэлгээний 70 хувь буюу 46,550,000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох талаар 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Г.Энхзаяад мэдэгдсэн.

            Тус албанаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд Анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолыг мөн л төлбөр төлөгч Г.Энхзаяад мэдэгдсэн болно.

            Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж зориудаар хугацаа авч шүүхэд хандаж байна гэж үзэж байна.

            Би үнэлгээчний үнийг зөвшөөрч байна. Би өөрөө зохих судалгааг хийсэн учир үнэлгээг зах зээлийн ханшид нийцсэн гэж үзэж байгаа. Осмо.mn сайт болон зар сонин, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан дуудлага худалдаанд орж байгаа бусад орон сууцны үнэ ханшийг судалсны үндсэн дээр үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээчин Боржигон овогт Батбаярын Мягмарсүрэн /РД:РЙ73112735/ өгсөн мэдүүлэгтээ:

            Үнэлгээний тайланд хэний захиалгаар ямар хугацаанд юу үнэлснийг бичсэн байгаа. Миний хувьд орон сууцыг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр очиж үзсэн. Хүнгүй байр байсан. Сууц өмчлөгчдийн холбооны хүнтэй уулзсан.

            Үнэлэгдэж буй орон сууц 1980 онд ашиглалтад орсон, 29 м.кв ашигтай талбайтай, угсармал стандартын орон сууц байсан. Үнэлгээг хийхдээ орлогын, зардлын, зах зээлийн харьцуулалтын аргаар хийсэн.

Орлогын аргаар тооцоход нийт 60 жил ашиглагдах ёстойгоос 27 жил ашиглагдсан тул одоо 33 жилийн настай гэж тооцогдож, зохих аргачлалаар тооцоход орон сууцны үнэ 37,200,000 төгрөгөөр гарсан.

            Зардлын аргаар талбайн нэгж 1 м.кв-ыг хэдэн төгрөгөөр барьж болохыг батлагдсан аргачлал, үнэлгээ буюу 1 м.кв х 1,035,000 төгрөгөөр тооцож, нийт 52,000,000 төгрөгөөр баригдах боломжтой хөрөнгө гэж үзсэн. Үүнээс элэгдлийг хасаж тооцоход 28,600,000 төгрөгийн үнэлгээ гаргасан.

            Зах зээлийн аргаар үнэлэхдээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26-1-24 тоотын 39 м.кв угсармал орон сууц 54,000,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Хермесийн тэнд байршилтай 1985 онд ашиглалтад орсон 29 м.кв орон сууц 65,000,00 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын 30 м.кв 2 өрөө орон сууц 75,000,000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байсныг харьцуулж, орон сууц бүрийг худалдан авах үнийг 1,000,000 төгрөгөөр бууруулан тооцож, ашигтай талбайд хувааж, мэдээллийг харьцуулж 1 м.кв-ыг 2,293,500 төгрөгөөр гаргасан. Үүнийг 29 м.кв-д үржүүлэн тооцож 66,500,000 төгрөгөөр зах зээлийн үнэ цэнийг гаргасан.

            Ингээд үнэлгээний зах зээлийн харьцуулалтын аргаа гаргасан дүнд 100 хувь ач холбогдол өгч, эцсийн үнэлгээг гаргасан байгаа гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасныг нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхзаяа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 07/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа Д.Цэцэгмаа нь хариуцагчийн татгалзлыг дэмжсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Г.Энхзаяагаас 114,700,000 төгрөг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, Г.Энхзаяа нь төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 02989 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо ажиллагаа хийгдэж байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003900 дугаарт Г.Энхзаяагийн өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 30 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 146/23 тоот актаар битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 146/28 тоот актаар хурааж, эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч,  төлбөр авагч харилцан тохиролцож тогтоогоогүй үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 28 тоот тогтоолоор ”Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна.

 

ШинжээчМөнх-Оргил Трейд” ХХК нь орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг 66,500,000 төгрөгөөр тогтоосон ба энэ тухай нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоогдсон дээрх үнэлгээ /нийт 66,500,000/-ний 70 хувь болох 46,550,000 төгрөгөөр тогтоох болохыг мэдэгдсэн 3/5246 тоот мэдэгдлээс мэдсэн гэж уг үнэлгээг хүчингүй болгуулах гомдлоо 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд гаргажээ.

 

Шүүхийн шийдвэрээр Г.Энхзаяагаас гаргуулахаар заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар барагдуулаагүй үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан ажиллагаанд нэхэмжлэгч гомдоогүй тул шүүх эдгээр ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг үнэлгээний талаар мэдэгдээгүй, орон сууцыг 66,500,000 төгрөгөөр үнэлснийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн гэх үндэслэлээр буруутгасан боловч шинжээчээс татгалзах эрх эдлүүлээгүй, шинжээчийн гаргасан үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй талаарх гомдлоо ийнхүү өөрт мэдэгдсэн өдрөөс хойш хуульд заасан хугацаанд гаргаагүй тул шүүх хугацаа хэтрүүлэн гаргасан гомдлын үндэслэлийг хянах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Г.Энхзаяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээг эс зөвшөөрсөнтэй холбоотой гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан эсэх асуудал нь хуулиар шүүхэд гомдол гаргахаар тогтоосон хугацааг сэргээх хүндэтгэх шалтгаан болохгүйг дурдая.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь үнэлгээг зах зээлийн үнээс хямд гарсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ, мөн шинжээчээс татгалзах бодит үндэслэл байснаа баримтаар нотлоогүй, хэрэгт үнэлгээний тайлан авагдаагүй ч шүүх хуралдаанд оролцсон гэрч ямар арга, журмаар үнэлгээ хийснээ дэлгэрэнгүй тайлбарласныг талууд үгүйсгээгүй тул шүүх нэмж нотлох баримт бүрдүүлэх үндэслэлгүй байсныг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 07/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Г.Энхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА