Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2112

 

 

Г.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01877 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-д холбогдох

 

Орон сууцыг 66 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Г.Э-с 114 700 000 төгрөгийг гаргуулж Д.С, Д.Ц надад олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205003900 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 30 байр, 10 тоот орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байгаад гомдолтой байна. Төлбөр төлөгч нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцаа 150 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа гаргасан боловч үнэлгээг үүгээр тогтоолгүй шинжээч томилсон. Шинжээч томилсон тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй, шинжээчээс татгалзах эрхийг эдлүүлээгүй, мөн шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдээгүй нь хууль зөрчсөн. Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 30 байр, 10 тоотын 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 66 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02655 дугаар шийдвэрээр Г.Э-с 114 700 000 төгрөгийг гаргуулж Д.С, Д.Ц нарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.Э-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байр, 30 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талууд үнийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилж, шинжээчийн 66 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний талаар буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар уг үнэлгээний 70 хувь буюу 46 550 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох талаар 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Г.Э-д мэдэгдсэн. Тус албанаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолыг мөн л төлбөр төлөгч Г.Э-д мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж зориудаар хугацаа авч шүүхэд хандаж байна гэж үзэж байна. Би үнэлгээчний үнийг зөвшөөрч байна. Би өөрөө зохих судалгааг хийсэн учир үнэлгээг зах зээлийн ханшид нийцсэн гэж үзэж байгаа. Осмо.mn сайт болон зар сонин, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан дуудлага худалдаанд орж байгаа бусад орон сууцны үнэ ханшийг судалсны үндсэн дээр үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Г.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205003900 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 30 дугаар байр 10 тоот орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдол гаргаж байна. Шинжээч томилсон тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Шинжээч татгалзах эрхийг эдлүүлээгүй, үнэлгээг төлбөр төлөгчид танилцуулаагүй буюу мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3-т заасан эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс өөрт мэдэгдсэн өдрөөс хойш хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч НШГА-нд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Г.Э-с 114 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 700 000 төгрөгийн хамт гаргуулж Д.С, Д.Ц нарт олгож, Д.Э, Э.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.               /хх15-17 дахь тал/

 

            Уг шийдвэрийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 02989 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 30 тоот, 2 өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 146/23 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 146/28 тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ.                             /хх13, 19-20 дахь тал/

 

Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар үнийн санал өгөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар НШГА нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 30 тоот, 2 өрөө орон сууцыг 66 500 000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй болно.                                                          /хх-21-22 дахь тал/

 

Хэргийн 23-24 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3/5246 дугаар албан бичгээр анхны албадан дуудлага худалдаанд 2 өрөө орон сууцыг 66 500 000 төгрөгийн 70 хувиар тооцон 46 550 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/6 тоот тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан нь хуульд нийцээгүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                               ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ