Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 184/2018/03380/И |
Дугаар | 001/ХТ2019/00659 |
Огноо | 2019-05-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2019/00659
“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/02712 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр магадлалтай,
“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ю , Б нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 55,557,182.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хохиролд 5,000,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагч Ю , Б , хариуцагч нарын өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Б , Ю нар нь "Төрийн банк" ХХК-д зээл олгох хүсэлт гаргасны дагуу орон сууцны зээлийн хорооны 2011 оны 10 сарын 31-ний өдрийн 66.08 шийдвэрийн дагуу 52,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.35 хувь, жилийн 16.20 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.27 хувь, жилийн 3.24 хувийн хүүтэй зээлийг 180 сарын хугацаатайгаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 19 дүгээр байрны 02 тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалж зээл авсан. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн зөрчил гаргаж 2018 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар зээл хаах үлдэгдэл 55,557,182 төгрөг болж компанийг хохироосоор байна. Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 2011 оны 11 сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 42,549,215 төгрөг, зээлийн хүү 12,904,124 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,843 төгрөг, нийт 55,557,182 төгрөгийг гаргуулан, зээлдэгч нарын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ю ын гаргасан хариу тайлбарт: Зээлийн төлбөрт төлсөн мөнгө нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгөн дүнг бодоод үзэхээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид хамт очиж нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй уулзахад 13,800,000 төгрөгийг төлчих, гэхдээ та хоёрын нэр дээр 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй өөр хүний нэр дээр гарах боломжтой гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал нь бидний хуулийн мэдлэггүйг далимдуулж байгаад гомдолтой байна гэжээ.
Хариуцагч Б ын гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Зээлийн гэрээний үүргээс 14,000,000.00 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Үндсэн зээлийг 35,000,000.00 төгрөг гэж хариуцагч талаас үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагадаа хэдэн оны хэдэн сараас эхэлсэн зээлийн зөрчил үүссэн талаар тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхлээд надад 8 хувийн зээлд хамрах болохгүй гэж хэлсэн. Дараа нь уулзахад 13,800,000.00 төгрөгийг төлчихвөл 8 хувийн зээлд хамруулах боломжтой гэж хэлсэн боловч дараа нь боломжгүй гэж хэлсэн гэжээ.
Хариуцагч Б ын сөрөг нэхэмжлэлд: Би 2011 оны 11 сарын 03-ны өдөр “Төрийн банк” ХХК-аас 52,000,000.00 төгрөгийг сарын 1.35 хувийн хүүтэй, үндсэн хүүг 3 жил тутамд тухайн үед банканд мөрдөгдөж байгаа орон сууцны зээлийн хүүгээр шинэчлэн тогтоож, гэрээг шинэчилж байх болзолтой зээлийн гэрээ хийсэн. 2014 он хүртэл зээлийн хүү, хугацааг нэг ч удаа хоцроохгүй төлж байсан. 2014 оны 2 сард миний эхнэр хамтран зээлдэгч Ю ын бие муудаж, хорт хавдар тусч маш өндөр эмчилгээний зардал шаардлагатай болсон. Мөн би авто тээврийн осолд орж тархины хүнд хагалгаанд орж амь нас аюултай байдалд орж, удаан хугацаанд ухаан орохгүй эмчлүүлж байсан. Эдгээр нөхцөл байдлын улмаас миний хүү АНУ-д сурч байсан сургуулиа орхиж, Монгол Улсад ирж бид хоёрын эмчилгээг хийлгүүлэн мөн банкны төлбөрийг одоо болтол төлсөөр байгаа. Гэтэл “Төрийн банк” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.1.9-д заасан 3 жил тутам солих үүргээ биелүүлээгүй. “Төрийн банк” ХХК 2012 оноос эхлэн орон сууцны 8 хувийн хүүд шилжсэн байсан боловч зээлийн гэрээндээ өөрчлөлт хийхгүй байсны улмаас 2012 оны 11 сарын 0З-нд Төрийн банк орон сууцны зээлийг 0.8 хувийн хүүтэй болгосон. Одоог хүртэл сар бүр 51,000,000 төгрөгийн 1.35 хувийн хүү 702,000 төгрөг, 0.8 хувийн хүү 408,000 төгрөг зөрүү 294,000 төгрөг, 2012 оны 11 сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 17,640,000.00 төгрөгийн алдагдалд орсон байна. Намайг алдагдалд оруулсан 5,000,000.00 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч талын буруугаас болж 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болсон. Тийм учраас 5,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэдэг. Уг сөрөг нэхэмжлэлд хариу тайлбараа өгсөн байгаа. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан шаардлага нь зээлийн хэмжээ 200,000,000 төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараас дээш үнийн дүнтэй орон сууцны зээлд л хамаарах учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/02712 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Төрийн банк” ХХК-ийн хариуцагч Ю , Б нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,557,182 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ын нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-иас алдагдалд оруулсан 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-иас урьдчилан төлсөн 505,940 төгрөг, хариуцагч Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/02712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 21 магадлалд гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалын хяналтын хэсэгт хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид зээлийн гэрээний хугацаанд эргэн төлөх хуваарийн дагуу ямар хэмжээний төлбөр төлсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэл төлбөртэй зэрэг нь ойлгомжгүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болгосон нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэггүй, мөн хариуцагч нар 13,800,000 төгрөгийн гэрээний үүрэг зөрчсөн нь үндсэн гэрээний үүргийн ялимгүй буюу 9.9 хувь зөрчсөн байгаа энэ үүргээ зөвшөөрч байгаа, харин үндсэн үүргээ тасралтгүй цаг хугацаанд биелүүлж 52,000,000 төгрөгийн зээлээс 64,000,000 төлчихсөн графикийн дагуу биелүүлж байгаа гэж маргадаг, гэтэл зайлшгүй нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг хариуцагчийг бүрдүүлэх үүрэгтэй мэтээр дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 заалтыг зөрчин хариуцагчаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлуулах үүрэг хүлээлгэж байгаад нь гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хяналтын хэсэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах шатны шүүх хуралдаанд үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү зэргээс татгалзаагүй гэх тайлбарыг гаргасан. Энэ тохиолдолд үүргийн зөрчил байгаа гэдэг дээр хэн алин нь маргаагүй гэж үзнэ гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. 2011 оноос тасралтгүй төлсөн хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаан буюу Ю нь хорт хавдар туссан зайлшгүй эмчилгээний төлбөрүүд гарсан, ажил хийх чадваргүй болсон, Б би осолд орсон үүний улмаас тархины хагалгаанд орсон, ажил хийх чадваргүй болсон, ямар ч үед татаж унадаг болсон, үүний улмаас хоёулаа группэд орсон байгаа. Харин хариуцагч тал 13,800,000 төгрөгийн гэрээний үүргээ хожимдуулсан, ганц нэг төлбөр дутуу байгааг хүлээн зөвшөөрдөг, нийт гэрээг 100 хувь гэж бодвол, нийт гэрээний үүргийн 9,9 хувийг зөрчсөн байдаг тул энэ төлбөрөө гүйцээж өгөөд гэрээний үүргээ үргэлжлүүлнэ, гэрээг ялимгүй зөрчихөд гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж маргадаг. Гэтэл давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хариуцагчийн тайлбарыг буруугаар тайлбарлаж зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 заалтыг зөрчиж талуудын тэгш мэтгэлцэх зарчмыг зөрчиж, давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар нотлох баримтыг гуйвуулан үнэлж, нэхэмжлэгч талд ашигтайгаар хэргийг шийдвэрлэж байгаад хариуцагч бид нар гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Ю , Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55,557,182.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хохиролд 5,000,000.00 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн зээлийг гэрээтэй холбоотой маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 369 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хариуцагч нар нь 52,000,000.00 төгрөгийг сарын 1,35 хувь, жилийн 16,2 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаагаар “Төрийн банк” ХХК-иас зээлж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 19 дүгээр байрны 02 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-2201004798 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцааны гэрээний зүйл болгожээ.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 42,549,215.00 төгрөг, хүү 12,904,124.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,843.00 төгрөг, нийт 55,557,182.00 төгрөгийг гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “...хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа төлөхгүй зөрчил гаргасан тул гэрээнээс татгалзаж, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны үүргийг шаардсан” гэжээ.
Хариуцагч Ю , Б нар нь өвчний болон гэнэтийн осол, эрүүл мэндийн байдлаас болж зээлийн эргэн төлөлт саатсан, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарыг дуустал гэрээний үүрэгт 50,060,000.00 төгрөг төлсөн, ...13,800,000.00 төгрөгийн үндсэн зээл хүүгийн үлдэгдлийн үүргээ 2019 оны 3 дугаар сараас биелүүлэх боломжтой болно, цаашид үргэлжлүүлэн төлөх боломж олгож өгнө үү гээд мөн банканд хандаж орон сууцны 0,8 хувийн хүүтэй зээл олгуулах хүсэлтийг гаргасан боловч банк шийдвэрлээгүй, түүнчлэн банкнаас гэрээ цуцлах талаар өмнө нь мэдэгдэж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусах бөгөөд хариуцагч нар энэ хугацаанд нийт 139,068,997.48 төгрөг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа 2018 оны 09 дүгээр сарын байдлаар зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн зөрчил гаргасан гэх боловч хэдий хугацаанд, ямар хэмжээний зөрчил гаргасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нарын гаргасан зөрчил нь гэрээний 7.2.2, 1.3.10, хавсралт №1-д заасан гэрээ цуцлах ноцтой зөрчилд хамаарах эсэх, түүнчлэн нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл байгаа эсэх нь тогтоогдоогүй, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 42,549,215.00 төгрөг төлөгдөөгүй гэх боловч зээлийн эргэн төлөлтийн графикт 41,832,656.55 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү төлөхөөр байхад 55,453,339.00 төгрөгийг нэхэмжилсэн тооцоолол нь тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзнэ.
Орон сууц худалдан авах зорилгоор нэхэмжлэгч банкнаас авсан зээлээ хариуцагч нар зориулалтын дагуу ашиглаж, нийт 139,068,997.48 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй зээл, хүүгийн төлбөр 13,800,000.00 төгрөгийг нийт үүрэгтэй харьцуулахад 9,9 хувь, 2018 оны 09 сарын байдлаар төлөгдсөн байх үүрэг 41,832,656.55 төгрөгтэй харьцуулахад 100 хувь буюу илүү төлөлттэй 50,060,000.00 төгрөг бүрэн төлөгдсөн, 2026 онд ирээдүйд төлж дуусах байдлаар 35 хувь биелүүлээгүй гэж тооцоолсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн байх тул нэхэмжлэгч талын санаачилгаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-д заасантай нийцэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээг цуцлах, татгалзах талаар мэдэгдэл хүргүүлээгүй, үүрэг гүйцэтгэх талаар шаардаж байсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзах болон татгалзсантай холбоотойгоор шаардлага гаргах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан журам баримтлаагүй нь шаардлага гаргах эрхээ алдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Иймээс “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзнэ.
Хариуцагч Б ын “Төрийн банк” ХХК-д холбогдуулан орон сууцны 8 хувийн зээлд хамруулаагүй, хувьсах хүүг өөрчлөөгүйгээс алдагдалд оруулсан 5,000,000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг үндэслэл бүхий тайлбарласан, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Давж заалдах шатны шүүх “...Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид зээлийн гэрээний хугацаанд эргэн төлөх хуваарийн дагуу ямар хэмжээний төлбөр төлсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэл төлбөртэй зэрэг нь ойлгомжгүй, энэ талаар нэхэмжлэгч талаас шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй байдалд шүүх болон хариуцагч тал буруугүй, нөгөөтэйгүүр банкны зээлийн тухайд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд энэ үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нийцээгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/02712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ю , Б нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 435,736.00 /дөрвөн зуун гучин таван мянга долоон зуун гучин зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН