Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0472

 

221/МА2023/0472

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н

Нэхэмжлэгч “Ж” ХХК

Хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 115/2022/0045/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдуулан “... сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/111 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26, 27, 43 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/111 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой:

3.1.1. Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/462 тоот албан бичгээр “Ж” ХХК-д А/111 дугаартай захирамжийг хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын зүгээс захиргааны актыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэгч компанийн бүртгэлтэй хаягт шуудангаар хүргүүлж захиргааны актыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн байдаг. Мөн Монгол шуудан ХК-иас 2023 оны 02 дугаар сарын 28 ны өдрийн 18/135 дугаар албан бичгээр тус байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн дотоод журмын дагуу баримт бичиг хадгалах хугацаа нь 5 жил байдаг ба тухайн баримт бичгийн хадгалах хугацаа дууссан тул тус илгээмжийг хүргэж гардуулсан хүргэлтийн дэвтэр устгагдсан учир хуулбарыг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн нь хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэхэд хүргэсэн байдаг.

3.1.2. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх “маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэн гэх нөхцөл байдал нь ийнхүү тогтоогдохгүй, ... хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.”, “Улмаар газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 82 тоот албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн 2022 оны хуулбар үнэн бүртгэлээс үзэхэд Хатанбулаг сумын Засаг даргын А/111 дүгээр захирамжийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хуулбарлан өгсөн нь тогтоогдож байх тул тус газраас маргаан бүхий актыг нэхэмжлэгчид хуулбарлан өгснөөр тухайн захиргааны актыг мэдэгдсэн хугацааг тоолох үндэслэлтэй гэж үзэв” гэж дүгнэсэн байна.

3.1.3. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 82 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариунаас үзвэл нэхэмжлэгч компаниас А/111 дугаартай захирамжийг авах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хуулбар хувийг гаргаж өгсөн гэж байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн захирамж гарсан талаар мэдэж байсан бөгөөд хуулбар үнэн тамга даруулж авсан байхад шүүх хуулбарлан өгснөөр тухайн захиргааны актыг мэдэгдсэн хугацааг тоолох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд шуудангийн баримт устсан гэх үндэслэлээр гардуулаагүй, мөн тухайн баримтыг нэр заан хуулбарлуулан авах хүсэлтийг үндэслэж хуулбарлан авсныг гардаж авсан гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

4. Газар эзэмших эрх дуусгавар болсон тухайд:

4.1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтаар шалгарч, газар эзэмших гэрчилгээ авч гэрээ байгуулснаас хойш газар эзэмших эрх дуусгавар болох хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар газар дээр үйл ажиллагаа явуулаагүй энэ талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр өвчний улмаас гэж тайлбарласан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, гэрээнд заасан ачиж буулгах талбайн зориулалтаар газраа бодитоор ашиглаж байгаагүй, үйл ажиллагаа явуулж байгаагүй учраас Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болж Засаг даргын захирамж гарсан.

4.2. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хууийн зарим заалтыг тайлбарлах тухай ” тогтоолын 1.10 дахь хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан” ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно.

4.3. Мөн Газар эзэмшүүлэх тухай гэрээнд заасан газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх хуульд заасан үүрэг болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй. 2012 онд газрын төлбөр 436,164 төгрөг төлөх байснаас огт төлөөгүй, 2016 онд 800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасан “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл , болзлыг биелүүлэх” үүрэг хүлээх бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй.

4.4. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ны газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дуусахаас 30-иас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах үүрэгтэй байх бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй нь газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэл болж байна.

4.5. Газрын тухай хуулийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Үүнээс үзвэл газрыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ, гэрээний хугацаа дуусгавар болсон нь тухайн газрын эзэмшихтэй холбоотой харилцаа мөн дуусгавар болох хуулийн зохицуулалттай байна.

4.6. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн ямар байдлаар зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь 2012 онд тухайн газрын төсөл сонгон шалгаруулалтаар эзэмших эрх авсан хэрнээ тухайн газар төсөл хэрэгжүүлэх, газар дээр ачиж тээвэрлэхтэй холбоотой бүтээн байгуулалт огт хийгдээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлдөггүй байсан. Мөн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болносноос хойш 5 жилийн хугацаанд цуцалсан талаар огт мэдэгдээгүй, цуцлагдсан талаар 2022 онд мэдсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч компани нь тухайн газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газрыг ашиглаагүй, газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байгаагүй гэдэг нь тогтоогдож байна.

4.7. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой , үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас “... сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/111 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

 

3. Маргаан бүхий А/111 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “ж”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэж, тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын ойролцоо ачиж, буулгах талбайн зориулалтаар 10 га газар эзэмшигч /9011093056/ улсын бүртгэлийн дугаар, /5127947/ регистрийн дугаартай нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/62 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

 

4. Хатанбулаг сумын Засаг даргаас анх нэхэмжлэгчид 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/62 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн, үүнээс хойш 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг дахин байгуулсан, үүнээс хойш хуанлийн бүтэн 2 жил өнгөрөөгүй, уг хугацаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусах тул Газрын тухай хуульд заасан гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл бүрдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруу дүгнэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэж шийдвэр гаргасан бөгөөд хуулийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэрийн дагуу эрх бүхий этгээдүүдийн хооронд газар эзэмших, ашиглах гэрээ хийгдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт нь Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т зааснаар тайлбарлагдах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гэрээнд заасан ачиж буулгах талбайн зориулалтаар газраа бодитоор ашиглаж байгаагүй” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

5.1. Тодруулбал, Хатанбулаг сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/62 дугаар захирамж, газар эзэмших эрхийг сунгасан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн захирамж гарснаас хойш “2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл хэрэгт авагдсан /1-р хх-22-24, 31, 36-128, 129, 130, 156-157, 173-185/ баримтуудаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийг сунгаснаас хойш 2 жил өнгөрөөгүй байхад урд гаргасан шийдвэрээ үгүйсгэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр болжээ.

 

5.2. Энэ тохиолдолд маргаан бүхий Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны А/111 дүгээр захирамжийг зөвтгөж нэхэмжлэгч “Жами-Үржих” ХХК-ийг газар ашиглах эрх олгосноос хойш уг газрыг зориулалтын дагуу огт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлд хамааруулах үндэслэлгүй. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жилийн хугацаа”-г 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан хугацаанаас эхлэн тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдэл үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хариуцагчид хуулиар олгосон, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэсэн, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад актад дурдаагүй үндэслэл зааж маргасан хариуцагчийн өмгөөлөгчийн газрын төлбөртэй холбоотой тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

7. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсонгүй. Хариуцагчаас “... маргаан бүхий акт 2016 онд гарсан, нэхэмжлэгчээс 2022 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, ... сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/462 тоот албан бичгээр маргаан бүхий актыг хүргүүлсэн” гэж тайлбарлан маргасан байна. Анхан шатны шүүхээс энэ талаар холбогдох ажиллагааг хийсэн байх бөгөөд сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Захирамж хүргүүлэх тухай” 05/462 дугаар албан бичгийг хэзээ, хэнд гардуулсан нь тодорхойгүй, шүүхээс “Монгол шуудан” ХК-иас тодруулга авсан боловч “... баримт бичиг хадгалах 5 жилийн хугацаа дууссан” талаар хариу ирүүлсэн байна.

 

7.1. Аливаа захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, Хатанбулаг сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/201 тоот албан бичгээр маргаан бүхий “А/111 дүгээр захирамж”тай холбоотой сонсох ажиллагаа явуулсан ямар нэгэн баримт байхгүй болох нь тогтоогдсон гэж үзнэ.

 

7.2. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, хариуцагч байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.8-д Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заасныг хариуцагчаас нотолж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан “... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 82 тоот албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн 2022 оны “Хуулбар үнэн” баримт” зэргийг харьцуулж нэхэмжлэгчид маргаан бүхий актыг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хуулбарлаж гардуулсан, улмаар аймгийн Засаг даргад гомдол гаргаж, шүүхэд хандсан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй талаарх дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасантай нийцсэн байна.

 

7. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шйидвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

            ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

               

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН