Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00692

 

Я.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03519 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 161 дүгээр магадлалтай,

Я.Б-гийн нэхэмжлэлтэй,

Д.М-ад холбогдох,

Гэм хорын хохирол 8.243.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Б-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М- нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Т.Спасио маркийн 94-67 УБС улсын дугаартай авто машиныг жолоодон явахдаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Од кино театрын хойд талын туслах замын явган хүний гарцаар гарч явсан намайг мөргөж, эрүүл мэндэд хохирол учруулсан. Энэхүү зам тээврийн осолтой холбогдуулан Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж Д.М-ыг буруутай гэж үзэн 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Зам тээврийн осол болсон өдрөөс хойш Өмнөговь аймгийн Ханбогд суманд авто тээврийн жолоочийн ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй болж цалин хөлс, хөдөлмөр эрхлэх боломжоо алдаж, эрүүл мэндийн хувьд хөдөлмөр эрхлэх чадваргүй явж байна. Зам тээврийн осолд орсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаатай эмчилгээ хийлгэсэн бөгөөд нийт 875.900 төгрөгийн төлбөрийг Д.М- төлсөн. Дараа нь MBG гэмтэл согогийн эмнэлэгт үзүүлж, эм авахад 74.690 төгрөгийг би өөрөө төлсөн, Мульт интермед эмнэлэгт үзүүлж эмчилгээнд 45.000 төгрөг төлсөн, Тайгам фармаас 124.900 төгрөгийн эм, гель авсан, Мөнхийн тун мед ХХК-аас 11.500 төгрөгийн тос авсан ба дээрх эмчилгээнд 256.000 төгрөгийн зардал гаргаж энэ төлбөрийг Хаан даатгалаас гаргуулан авсан. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд амбулаториор эмчлүүлэхэд 42.000 төгрөг төлсөн, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт сэргээн засах, нөхөн сэргээх физик эмчилгээг 244.000 төгрөгөөр хийлгэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Энэрэлт манал эмнэлэгт үзүүлж тус эмнэлгийн мэдрэлийн тасагт 10 хоног эмчлүүлсэн зардалд 401.500 төгрөг төлсөн, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс одоо хүртэл Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээний зардалд 89.000 төгрөг төлсөн. Мөн Хужирт рашаан сувилалд явж эмчлүүлэхэд 667.200 төгрөгийн зардал гарахаар байна. Тухайн осолд орохоос нэг сарын өмнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ё.Гантөмөрийн ӨМ 63-21 улсын дугаартай FOTON маркийн ачааны машины жолоочоор 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээг цаашид сунгах байдлаар 1 жилийн хугацаатай байгуулсан байсан бөгөөд энэ ослын улмаас жолоочийн ажлаа хийх боломжгүй болж авах ёстой цалин, хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан тул нэг сард олох байсан 1.600.000 төгрөг, нийт 3 сарын 4.800.000 төгрөгийн орлого алдсан. Иймд эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулсан Д.М-аас эмчилгээний зардал 776.500 төгрөг, рашаан сувилалд эмчлүүлэх зардал 667.200 төгрөг, олох байсан орлого 4.800.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2.000.000 төгрөг нийт 8.243.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн жолоодож явсан авто машинаар нэхэмжлэгч Я.Б-г шүргэсний улмаас гэмтсэн, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний хөрөнгөөр торгосон. Энэ арга хэмжээ авагдсаны дараа Я.Б-д 1.131.900 төгрөгийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Шүүхийн шинжилгээний 2804 тоот шинжээчийн дүгнэлтээр Я.Б-гийн биед зүүн мөрний шөрмөсний сэмрэлт, зүүн мөр, түнхийн үеийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт учирсан нь тогтоогддог. Эрүүл мэндийг түр сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэж заасан. Нэхэмжлэгч зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх үед хохирол нэхэмжлээгүй ба осол болсноос хойш 10 гаруй сар өнгөрсөн. Энэ хугацаанд тодорхой эмчилгээ хийлгэсэн байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед гарсан эмчилгээний зардлуудыг төлж барагдуулсан. Энэрэлт манал эмнэлгийн эмчилгээний баримт нь орлогын ордер материалын үнэ гэж бичсэн нь орлогын баримт мөн эсэхэд эргэлзэж байна. Энэрэлт манал эмнэлгээс ирүүлсэн баримт нь Я.Б- 2 эмнэлгийн хооронд хэвтэн эмчлүүлж байсан огноо нь зөрүүтэй. Нэг эмнэлэгт хэвтэж байхдаа дараагийн эмнэлэгт давхар эмчилгээ хийлгэж байсан гэж харагдахаар байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03519 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.М-аас 1.776.500 төгрөгийг гаргуулан Я.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6.467.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Я.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас 43.374 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 161 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03519 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.М-аас 776.500 төгрөгийг гаргуулан Я.Б-д олгож, нэхэмжлэлээс 7.467.200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 43.374 /дөчин гурван мянга гурван зуун далан дөрвөн/ гэснийг 23.186/хорин гурван мянга нэг зуун наян зургаан/ гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.374 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-11-22-ны өдрийн 102\ШШ2018\03519 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010-01-18-ны өдрийн 161 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлд заасны дагуу үнэлэхдээ нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт болох “Энэрэлт Манал” эмнэлэгт эмчлүүлсэн зардлын 401.500 төгрөгийн илт үнэлэх боломжгүй баримтыг үнэлж шийдвэрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл, 40.1, 40.2, 40.3 дахь хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Я.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн 776.500 төгрөгөөс “Энэрэлт манал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 401.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Я.Б- нь хариуцагч Д.М-аас эмчилгээний төлбөр 776.500 төгрөг, рашаан сувиллын зардал 667.200 төгрөг, олох байсан орлого 4.800.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2.000.000 төгрөг нийт 8.243.700  төгрөг нэхэмжлэхдээ  шаардлагын үндэслэлийг  зам тээврийн ослын улмаас учирсан гэм хор гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Д.М- нь 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр УБС 94-67 дугаартай Т.Спасио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-т заасан  “жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг  зөрчсөнөөс Я.Б-г мөргөж, зам тээврийн осол гаргасан буруутай болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Зам тээврийн ослын улмаас Я.Б-д зүүн эгмийн шөрмөсний сэмрэлт, зүүн мөр, түнхний үеийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт  бүхий гэмтэл учирсан, энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  дүгнэлтээр тогтоогджээ.

Гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь Мөнгөн гүүр, Эм би жи гэмтэл согогийн эмнэлэг, Мульт интермед, Энэрэлт манал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ болон шинжилгээ хийлгэсэн нь тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн   биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон, тэрээр уг гэм хорыг Иргэний  хуулийн  505  дугаар  зүйлийн  505.1.-т зааснаар арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч ослын улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар  нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс эмчилгээний зардал 776.500 төгрөгийн шаардлагыг хангасан нь зөв боловч хариуцагчаас сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг гаргуулахдаа хуулийг буруу  тайлбарлан хэрэглэжээ.

Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх  талаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан,  давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн,  магадлал хууль ёсны байх шаардлагыг хангажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 161 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 12.695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ