Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 3519

 

 

 

 

 

      2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/03519

                 Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Т.Гандиймаа, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч:Б.-Ө-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Д.М-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 8 243 700 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Я.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, иргэдийн төлөөлөгч А.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                                     

 

            Нэхэмжлэгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.М 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Од кино театрын хойд талын туслах замын явган хүний гарцан дээр өөрийн эзэмшлийн Т.Спасио маркийн 94-67 УБС улсын дугаартай авто машиныг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг зөрчиж замаар гарч явсан намайг мөргөж минйи эрүүл мэндэд хохирол учруулсан ба энэхүү зам тээврийн осолтой холбогдуулан Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж Д.Мыг буруутай гэж үзэн 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.Би осол болсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа алдаж, олон өдөр эмчилгээ хийлгэн зардал гаргаж, цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлага гарсаны зэрэгцээ Өмнөговь аймгийн Ханбогд суманд авто тээврийн жолоочийн ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй болж цалин хөлс, хөдөлмөр эрхлэх боломжоо алдаж, эрүүл мэндийн хувьд хөдөлмөр эрхлэх чадваргүй явж байна.Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн эмч нар миний зүүн мөрөнд нөхөн сэргээх физик эмчилгээ болон эмийн эмчилгээ хийж, эмчилгээ үр дүнгээ өгч байгаа боловч гэмтэл авсан гараар хүнд зүйлийг өргөх, сэдрэх тохиолдолд цаашид зүүн мөрөнд хагалгаа хийнэ гэж эмчлэгч эмч хэлсэн.Зам тээврийн осолд орсон өдрөөс өнөөдрийг хүртэл дараах эмчилгээний зардал гарсан.Зам тээврийн осолд орсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаатай эмчилгээ хийлгэсэн бөгөөд нийт 875 900 төгрөгийн төлбөрийг Д.М төлсөн.Дараа нь MBG гэмтэл согогийн эмнэлэгт үзүүлж, эм авахад 74 690 төгрөгийг би өөрөө төлсөн, Мульт интермед эмнэлэгт үзүүлж эмчилгээнд 45 000 төгрөг төлсөн, Тайгам фармаас 124 900 төгрөгийн эм, гель авсан, Мөнхийн тунмед ХХКомпаниас 11 500 төгрөгийн тос авсан ба дээрх эмчилгээнд 256 000 төгрөгийн зардал гаргаж энэ төлбөрийг Хаан даатгалаас гаргуулан авсан.Мөнгөн гүүр, MBG гэмтэл согогийн эмнэлгийн эмч нар гэмтэл авснаас хойш 21 хоногийн дараагаас нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэх, дараа нь рашаан сувилалд явах хэрэгтэй гэсний дагуу 21 хоногийн дараагаар нөхөн сэргээх физик эмчилгээг улсын 1 дүгээр төв эмнэлгийн сэргээн засах тасагт 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд амбулаториор эмчлүүлэхэд 42 000 төгрөг төлсөн, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт сэргээн засах, нөхөн сэргээх физик эмчилгээг 244 000 төгрөгөөр хийлгэсэн.Удаан хугацаагаар зовиур шаналгаатай, хүзүү сээр, нуруу, гарын булчингууд үргэлж зангиралтай байснаас мэдрэлийн судас дарагдсаны улмаас 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Энэрэлт манал эмнэлэгт үзүүлж тус эмнэлгийн мэдрэлийн тасагт 10 хоног эмчлүүлсэн зардалд 401 500 төгрөг төлсөн, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс одоо хүртэл Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээний зардалд 89 000 төгрөг төлсөн.Мөн Хужирт рашаан сувилалд явж эмчлүүлэхэд 667 200 төгрөгийн зардал гарахаар байна.

            Би осолд орохоос нэг сарын өмнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ё.Гантөмөрийн ӨМ 63-21 улсын дугаартай FOTON маркийн ачааны машины жолоочоор 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээг цаашид сунгах байдлаар 1 жилийн хугацаатай байгуулсан байсан бөгөөд энэ ослын улмаас жолоочийн ажлаа хийх боломжгүй болж авах ёстой цалин, хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан тул нэг сард олох байсан 1 600 000 төгрөг, нийт 3 сарын 4 800 000 төгрөгийн орлого алдсан.

Иймд эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулсан Д.Маас эмчилгээний зардал 776 500 төгрөг, рашаан сувилалд эмчлүүлэх зардал 667 200 төгрөг, олох байсан орлого 4 800 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг нийт 8 243 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа:Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед  Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Од кино театрын хойд талын туслах замын явган хүний гарцаар зам гарч яваад 94-67 УБС улсын дугаартай машинд мөргүүлж  зүүн хажуугаар унаж зүүн гар, мөрний үе, ташаандаа гэмтэл авсан Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ба тэр өдрөө Мөнгөн гүүр эмнэлэг рүү шилжин хэвтэж байх хугацаандаа хаван буруулах, тайвшруулах, өвчин намдаах ойр зуурын эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гарах өдрөө зүүн мөрөндөө MRI оношлогоо хийлгүүлсэн.Мөнгөн гүүр эмнэлгээс гарах үед хийлгэх эмчилгээний зааврын дагуу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Гэмтэл согог судлалын MGB эмнэлэг үзүүлэхэд 3 төрлийн эм бичиж өгсөн, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Мульти мед эмнэлэгт үзүүлсэн, эмнэлэгт хэвтсэн үеийн MRI оношлогооны 300,000 төгрөг бусад зардлуудыг Д.М 875,900 төгрөгийг тухайн үед гаргасан.Хаан даатгалаас мөнгө авах хүртэл 256,000 төгрөгийн зардлыг би өөрөөсөө гаргасан.

Мөнгөн гүүр эмнэлэг  болон Гэмтэл согог судлалын эмнэлэгийн эмч нар гэмтэл авсанаас хойш  21 хоногийн дараа нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу эмчилгээгээ эхлүүлсэн, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Улсын нэгдүгээр эмнэлэгт эмчилгээ хийлгүүлсэн, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний хооронд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт үзүүлж, нөхөн сэргээх болон физик эмчилгээ хийлгүүлсэн.Эмчилгээг тодорхой хугацаанд амрааж, эхлүүлдэг эмчилгээ байсан, удаан хугацаанд зовиур шаналгаатай явсны эцэст Энэрэлт манал эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгүүлсэн, эмчилгээнд ихээхэн хэмжээний зардлууд гарсан.Би осолд орохоос өмнө Өмнөговь аймагт жолоочоор ажилладаг байсан тул олох ёстой байсан 3 сарын орлогоо нэхэмжилсэн, удаан хугацаанд зовиур шаналгаатай байсан “шөрмөс сунах, ташуу суналттай, булчин, ясны хавантай гэж оношилсон, 2 толгойт булчин шөрмөс сэмэрснээс болж эдгээхгүй удаж байна.Эмчийн зөвлөсний дагуу гам барих шаардлагатай, хүнд хүчир ажил, ачаа ачих, огцом хөдөлж болохгүй, зүүн гараараа зуурч, чангаахыг хориглосон.Цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа боловч санхүүгийн боломж муу эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Иймд эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулсан Д.Маас эмчилгээнд гарсан бодит зардал 776 500 төгрөг, рашаан сувилалд хэвтэн эмчлүүлэхэд 667 200 төгрөг, олох ёстой байсан орлого 4 800 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг нийт 8 243 700 төгрөгийг нэхэмжилж байна.Би АШУИС-ийн нэгдсэн эмнэлэгт амбулоторид 14 хоног буюу ажлын 10 өдөр эмчилгээ хийлгэсэн, энэ хугацаанд Энэрэлт манал эмнэлэгт давхар эмчилгээ хийлгүүлсэн.Оройны 20 цаг хүртэл эмчилгээ үзлэг хийгддэг учраас нэг өдөр 2 эмчилгээ давхардсан харагдаж байгаа.Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн.Зөөлөн эдийн гэмтэл гэдэг бол тийм амар эдгэчихдэг гэмтэл биш.Ялангуяа хүний тулгуур эрхтэн гарын мөр тийм ч амар эдгэхгүй.Зүүн гараа дээш өргөхийн тулд баруун гараараа тулж өргөж байна.Би B,C,E ангиллаар мэргэшсэн жолооч голдуу том тэрэг барьдаг.Миний хийдэг ажил хүнд хүчир зүйл өргөж, боож багладаг учир хуучин ажлаа хийх чадваргүй болсон.Эмчийн зааврын дагуу хүнд ажил хийхийг хориглосон байгаа.Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн хувьд осол болсноос хойш хөлийн гэмтэл маш хурдан эдгэсэн.Би гарын гэмтлээ хөл шигээ хурдан эдгэрэх юм байна гэж ойлгосон.Шүүхийн шинжээч эмч олон хүний гэмтэл бэртлийг үзэж байсны хувьд мэдэж байгаа байх гэж найдаад гарын үсэг зурсан.Хурдан гараа эдгээж ажлаа хийхийн тулд Д.М болон түүний эхнэрт “яаралтай гарыг минь эмчлүүлээд өгчих, хэрэв эдгэчих юм бол та нараас мөнгө нэхээд байхааргүй овоо орлоготой ажилтай гээд тухайн үед нь хэлж байсан. Д.М нь эмчилгээ хийлгэсэн зардлыг Хаан даатгалаас гаргуулчихаад надтай уулзахгүй зугтаасан.Үүнээс хойш өр шир тавьж эмчилгээ хийлгэж байгаа гэв. 

Хариуцагч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа:Я.Бн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэдийгээр нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 160 тоот шийтгэврийн дагуу иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй боловч хуульд заасны дагуу шаардаж байгаа хохирол нь бодитой байх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Д.М нь өөрийн жолоодож явсан авто машинаар нэхэмжлэгч Я.Бг шүргэсний улмаас гэмтсэн, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Замын цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ГМ-43 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Мын гаргасан үйлдэлд нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний хөрөнгөөр торгосон.Энэ арга хэмжээ авагдсаны дараа Д.М нь Я.Бд 1,131,900 төгрөгийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан.Нэхэмжлэгч нь эмчилгээнд гарсан бодит зардал 776 500 төгрөг, рашаан сувилалд хэвтэн эмчлүүлэхэд 667 200 төгрөг, олох ёстой байсан орлого 4 800 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг нийт 8 243 700 төгрөгийг нэхэмжилдэг.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” үүний дагуу нэхэмжлэл гаргах эрх нээлттэй боловч шүүхэд гаргасан  нэхэмжлэл нь бодит байдалд нийцсэн байх ёстой.Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.Шүүхийн шинжилгээний 2804 тоот шинжээчийн дүгнэлтээр Бат-Өлзийгийн биед зүүн мөрний шөрмөсний сэмрэлт, зүүн мөр, түнхийн үеийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт учирсан нь тогтоогддог.Эрүүл мэндийг түр сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадварийг алдагдуулахгүй гэж заасан байдаг.Нэхэмжлэгч нь зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх үед хохирол нэхэмжлээгүй ба осол болсноос хойш 10 гаруй сар өнгөрч байна.Энэ хугацаанд тодорхой эмчилгээ хийлгэсэн байхыг үгүйсгэхгүй.Бид эмчилгээнд гарсан зардлуудыг төлөхгүй гэж хэлээгүй.Үнэхээр эмчилгээнд гарсан зардлууд нь бодит, хуульд заасан шаардлагыг хангаж байна уу гэдэгт эргэлзэж байгаа.Тухайн үед 5 газар эмчилгээ хийлгэсэн байдаг.АШУИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлэг, “Энэрэлт манал” эмнэлэг, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, “Мульти мед” эмнэлэг, “MGB” эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэсэн байна.Мөн нэхэмжлэлийн шаардлагад олох ёстой байсан орлого 4,800,000 төгрөг гэдэгт хэрэгт авагдсан баримтаар Я.Б нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймагт ажлаа хийж байх ёстой байсан юм билээ.Нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн хөлсөөр ажиллах гэрээ нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг нотлох баримт шинжлэн судлуулах үед судлуулна гэж бодож байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.Тухайн үед гарсан эмчилгээний зардлуудыг төлж барагдуулсан.Нэхэмжлэгчийн  эрүүл мэнд байдал одоог хүртэл сайжрахгүй байгаа гэж ярьлаа.АШУИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлэг ирүүлсэн лавлагаа, Энэрэл мандал эмнэлэг, MGB эмнэлгүүдээс ирүүлсэн лавлагаа, тодорхойлолтод бичсэн оношийг ойлгохгүй байсан болохоор лавлагаа авахуулсан.Лавлагаанууд зөрүүтэй байдаг.Сүүлд АШУИС-иас авсан лавлагаагаар нэхэмжлэгчийн эрүүл мэнд сайжирсан гэж ойлгогдохоор байсан.Энэрэлт манал эмнэлэгийн эмчилгээний баримт нь орлогын ордер материалын үнэ гэж бичсэн нь орлогын баримт мөн эсэхэд эргэлзэж байна.Энэрэлт манал эмнэлэгээс ирүүлсэн баримт нь Я.Б 2 эмнэлгийн хооронд хэвтэн эмчлүүлж байсан огноо нь зөрүүтэй байдаг.Нэг эмнэлэгт хэвтэж байхдаа дараагийн эмнэлэгт давхар эмчилгээ хийлгэж байсан гэж харагдахаар байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Б хариуцагч Д.Мад холбогдуулан эмчилгээний зардал 776 500 төгрөг, рашаан сувилалд эмчлүүлэх зардал 667 200 төгрөг, олох байсан орлого 4 800 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг нийт 8 243 700 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Д.М 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр өөрийн эзэмшлийн Т.Спасио маркийн 94-67 УБС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч Я.Бг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар болон Замын цагдаагийн албаны шийтгэлийн хуудсаар нотлогдож байна.

Замын цагдаагийн газрын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ГМ-43 дугаартай шийтгэлийн хуудсааар Д.М нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасныг зөрчиж Я.Бг мөргөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан нь нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар 100 000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2804 дугаартай дүгнэлтэнд-“Я.Бн биед үзлэгээр зүүн эгмийн шөрмөсний сэмрэлт, зүүн мөр, түнхний үеийн зөөлөн эдийн няцралт, цус хуралтийн гэмтэл учирсан нь тогтоогдлоо, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ.

Дээрх гэмтлийн улмаас Я.Б нь Мөнгөн гүүр, Эм Би Жи гэмтэл согогийн эмнэлэг, Мульт Интермед, Энэрэлт манал, Анагаахийн шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгүүдэд биеэ үзүүлж, шинжилгээ болон эмчилгээ хийлгэж байсан, мөн  Мөнхийн тун мед ХХКомпани, Тайгам фарм эмийн сангаас эм болон эмчилгээний зүйл авч байсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогдож байна. /хх 7-9, 13-40/

Мөн Энэрэлт Манал эмнэлгээс ирүүлсэн өвчний түүх, АШУШИС-ийн эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирлын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 107 тоот тодорхойлолт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 тоот баримт, Эм Би Жи гэмтэл согогийн эмнэлэгээс 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ирүүлсэн 117 дугаартай баримт, эмчийн үзлэгийн хуудсууд, Энэрэлт Манал эмнэлгээс 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ирүүлсэн оношийн лавлагаа гаргах тухай зэрэг баримтаар нотлогдож байх тул түүний эмчилгээнд зарцуулсан 776 500 төгрөгийг Д.Маас гаргуулах нь зүйтэй байна.

Дээрх эмчилгээний зардлын үнийн дүнд нэхэмжлэгчийн хариуцагч Д.Маас хүлээн авсан болон Хаан даатгалаас авсан эмчилгээний зардлын дүн ороогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан Хужирт рашаан сувиллын 2018 оны 3 дугаар сарын илгээх бичиг болон Хужирт рашаан сувилал нь Д.Маас мөнгө нэхэмжилсэн баримтаар шаардаж байгаа Хужирт рашаан сувилалд явж эмчилгээ хийлгэхэд шаардлагатай гэх 667 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй байна.

Хэргийн 41-42 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Я.Б нь Өмнөговь аймгийн Цогт Цэций сумын таван толгойн уурхайгаас Ханбогд сумын Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэж байсан тухайгаа баримтаар нотлоогүй байх тул түүний олох байсан орлого гэж нэхэмжилсэн 4 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 230 дугаар зүлйийн 230.1-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байх бөгөөд дээрх зам тээврийн ослын улмаас Я.Бн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл буюу зүүн эгэм, түнхний үеийн зөөлөн эдийн няцралт, холбоосны суналт, эгмийн  дээрх шөрмөсний төгсгөл  хэсэгт сэмэрсэн урагдал учирсан байдал, Мөнгөн гүүр, Эм Би Жи гэмтэл согогийн эмнэлэг, Мульт Интермед, Энэрэлт манал, Анагаахийн шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгүүдэд үзүүлж, зураг авхуулж, шинжилгээ хийлгэж, хэвтэн эмчлүүлсэн байдал, нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар, биеийн эдгэрэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүний сэтгэл санааны хохиролд хариуцагчаас 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 230 дугаар зүлйийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан Д.М-с 1 776 500 /нэг сая долоон  зуун далан зургаан мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Я.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6 467 200 /зургаан сая дөрвөн зуун жаран долоон мянга хоёр зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Я.Бн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 43 374 /дөчин гурван мянга гурван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ГАНДИЙМАА

 

                                                                                    А.САРАНТУЯА