Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 74

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Хохирогч  Б.Пүрэвдулам,

Шүүгдэгч Т.Болдбаяр,

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Т.Болдбаяр, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0855 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 26-40 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс 151 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан ял шийтгэгдсэн, Боржигон овогт Тэрбишийн Болдбаяр РД:ЙЕ88072912,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, халх бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 16-242 тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний 26-40 тоотод оршин сууж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Мөнх-Эрдэнэ РД:УУ90031985,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Болдбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 20 дугаар гудамж 343 тоот хашааны үүдэнд иргэн Б.Пүрэвдуламтай маргалдаж байсан эхнэр М.Мөнх-Эрдэнийг салгах явцдаа иргэн Б.Пүрэвдуламын зүүн гарын эрхий хурууг нь дээш нь хөшиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

-яллагдагч М.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 20 дугаар гудамж 343 тоот хашааны үүдэнд иргэн Б.Пүрэвдуламын эзэмшлийн 57-44 УБН улсын дугаартай “Ниссан Нөти” маркийн автомашины хойд талын салхины шил рүү чулуу шидэж санаатайгаар устгаж бусдад нийт 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  судлахад:               

Шүүгдэгч Т.Болдбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 20 дугаар гудамж 343 тоот хашааны үүдэнд иргэн Б.Пүрэвдуламтай маргалдаж байсан эхнэр М.Мөнх-Эрдэнийг салгах явцдаа иргэн Б.Пүрэвдуламын зүүн гарын эрхий хурууг нь дээш нь хөшиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 20 дугаар гудамж 343 тоот хашааны үүдэнд иргэн Б.Пүрэвдуламын эзэмшлийн 57-44 УБН улсын дугаартай “Ниссан Нөти” маркийн автомашины хойд талын салхины шил рүү чулуу шидэж санаатайгаар устгаж бусдад нийт 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: 

-хохирогч Б.Пүрэвдуламын:...”2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн найз Цэрмаатай уулзахаар болж Мөнх-Эрдэний гэр очиход Цэрмаа, Мөнх-Эрдэнэтэй хамт байсан. Удалгүй Баяраа гэх эмэгтэй гаднаас нэмэгдэж орж ирээд бид 4 нийлээд 1 том пиво уусан. Тэгээд бид 4 Мягмарсүрэнтэй уулзахаар болж хороолол орсон. Хороололд Мягмарсүрэнтэй уулзаж караокед орж архи ууж, дуулж нилээн удаан сууцгаасан. Тэгээд байж байтал Мөнх-Эрдэний нөхөр гэж залуу ирж хамт уусан. 21 цаг болж байхад бид нар гэр гэр лүүгээ явахаар болж Мягмарсүрэнгийн найз миний машиныг барьж явсан, машин дотор Мөнх-Эрдэнэ болон түүний нөхөр мөн Баяраа хүүхэдтэйгээ, Цэрмаа, Мягмарсүрэн бид нар бүгдээрээ суугаад хамгийн эхлээд Цэрмааг буулгахаар гэрийнхэн ойролцоо очиж Цэрмааг буулгасан юм. Цэрмаа болон Мөнх-Эрдэнэ нарын гэр ойролцоо болохоор хамт бууцгаасан. Мягмарсүрэн надад хандаж Мөнх-Эрдэнэ болон түүний нөхөр нь Цэрмаа бид 2-ыг хамт идэж ууя гээд байна чи очоод Цэрмааг гэртээ оруулчих гэхээр нь би гүйж очоод Цэрмаа одоо гэртээ ор гэж хэлээд Мөнх-Эрдэнэ та 2 гэртээ харьчих гэж хэлэхэд Мөнх-Эрдэнэ над руу агсарч чи түрүүнээс хойш идэж уухгүй маяглаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмнөөс нь чи миний идэж уухыг заахгүй шүү, хаана идэж уухаа өөрөө мэднэ гээд Цэрмааг дагуулаад хашаа руу орох гэтэл Мөнх-Эрдэнэ араас гүйж ирээд намайг үсдэж дарахаар нь би хариу үсдэж хоорондоо зууралдсан. Энэ үед Мөнх-Эрдэний нөхөр гэж залуу ирээд Мөнх-Эрдэнийг үсдсэн байсан миний зүүн гарын эрхий хурууг хойш гэдрэг дарахад би Мөнх-Эрдэнийн толгойноос гараа авч хойшоо салсан. Тэгээд би Цэрмаагийн гэрт ороод байж байтал Мөнх-Эрдэнэ надад хандаж чи Мягмарсүрэнд Цэрмааг янхан гэж хэлсэн байна лээ гээд орилоод байсан. Гэтэл Баяраа гүйж орж ирээд чиний машины цонхыг хагалчихлаа, өөрөө төлнө гэж байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд бид нарыг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

-гэрч Г.Цэрмаагийн:...”Пүрэвдулам, Мөнх-Эрдэнэ, Баярчимэг бид нар хороолол орж өөрийн найз Мягмарсүрэнтэй уулзаж архи ууж эхэлсэн. Бид нарыг архи ууж байхад Мөнх-Эрдэний нөхөр Болдоо гэх залуу нэмэгдэж ирсэн. Тэгээд 22 цаг болж байхад архиа ууж дуусаад тэндээс гарсан. Тухайн үед би архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тэгээд шөнийн 3 цагт сэрэхэд гэртээ унтаж байсан бөгөөд гаднаас Баярчимэг, Дүрэвдулам 2 орж ирээд машины цонхыг Мөнх-Эрдэнэ хагалсан мөн баахан зодоон болж цагдаа дээр байж байгаад ирлээ гэсэн. Би хорооллоос гарч гэр лүүгээ явахаар болсон үеэс хойш миний санаж байгаа зүйл гэвэл манай хашаан дотор Мөнх-Эрдэнэ, Пүрэвдулам 2 үсдэлцээд байж байсан. Би дундуур нь орж салгах гээд чадаагүй гэр лүүгээ орсон. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна...сүүлд хүмүүсээс сонсоход намайг гэрт оруулна, оруулахгүй гэдэг асуудлаас болж маргалдаж зодолдоод тэгээд Мөнх-Эрдэнэ уурандаа машины цонхыг хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

-гэрч Н.Баярчимэгийн:...2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр найзуудтайгаа хамт хорооллоос гарч орой 22 цаг болж байхад толгойтод Цэрмаагийн гэрийн гадаа ирэхэд Мөнх-Эрдэнэ, Болдбаяр, Цэрмаа, Пүрэвдулам нар машинаасаа бууж Цэрмаагийн гэрийн хашааны дотор талд орсны дараа Мөнх-Эрдэнэ, Пүрэвдулам нар нэг нэгийгээ үсдээд авсан бөгөөд энэ үед би машин дотор охинтойгоо хамт байж байгаад араас нь очиход тэр 2 нэгнийгээ усдээд тавихгүй байсан. Тэгээд Болдбаяр бид 2-ыг салгах гэж байхад Пүрэвдулам Мөнх-Эрдэний нөхөр миний гарыг эвгүй болгочихлоо гэж орилсон. Тэгээд арай гэж 2 тийш болгоход Мөнх-Эрдэнэ хашааны гадаа байсан Пүрэвдуламын машины цонхыг чулуугаар цохиж хагалсан. Тэгээд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

-гэрч О.Дэмбэрэлнямын:...Би Пүрэвдулам гэх эмэгтэйгийн цэнхэр өнгийн Ниссан Нөти маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын орчим хүртэл бариулсан. Толгойтын эцсийн орчимд нэг жалганд очиж зогссон бөгөөд машинд сууж явсан хүмүүс бууж нэг айлын хашааны гадна болон дотор талд хэрэлдэж хоорондоо зодолдож эхэлсэн. Би тэдгээр хүмүүсээс нэг л хүн таньдаг байсан болохоор ерөөсөө зодоонд оролцоогүй машинд жолоочийн руль дээр бууж байсан. Гэтэл араас Мөнх-Эрдэнэ гэх тарган махлагдуу хүүхэн хүрч ирээд уг машины арын цонхыг чулуугаар цохиж хагалсан юм. Тэгээд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

-гэрч Д.Мягмарсүрэнгийн:...2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр найзуудтайгаа толгойт орсон юм. Уг машин Б.Пүрэвдуламын машин байсан бөгөөд уг машины шилийг М.Мөнх-Эрдэнэ хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

-шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3598 дугаартай шижээчийн:...Б.Пүрэвдуламын биед зүүн нэгдүгээр хурууны үеийн зөөлөн эдийн гэмтэл, хамрын үзүүлрт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,

-шинжээч эмч Б.Ариунзулын:...Б.Пүрэвдуламын биед зүүн нэгдүгээр үений зөлөн эдийн гэмтэл дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Харин зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 82-р хуудас/,

-шүүгдэгч Т.Болдбаярын:...Миний эхнэр Мөнх-Эрдэнэ над руу залгаад Пүрэвдулам, Цэрмаа, бид нар хороололд юм уусан байна чи хүрээд ирээд Пүрэвдуламын машиныг аваадах гэхээр нь би очихгүй гэсэн байн байн залгаад байсан...тэд нар нилээн согтсон байсан...Мөнх-Эрдэнэ Цэрмааг манайд орж пиво ууя гэтэл Пүрэвдулам найзыгаа явуулахгүй гэж татаад муудалцсан. Мөнх-Эрдэнэ, Пүрэвдулам 2 үсдэлцээд би салгах гээд гүйж очсон. Салгаад байж байтал тас хийх чимээ гартал Мөнх-Эрдэнэ Пүрэвдуламын машины арын цонхыг хагалсан байсан...манай эхнэр согтолттой байсан...би санаатай хүний биед гэмтэл учруулаагүй...зууралдаад байхаар нь салгах гээд очоод хойш нь татахдаа хуруунаас нь татсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 49-р хуудас/,

-шүүгдэгч:...М.Мөнх-Эрдэний:...бид нар хороололд сууж байгаад орой 22 цагийн үед Пүрэвдуламын машинтай толгойт явсан. Цэрмаа, Мягмарсүрэн болон нөхөр Болдбаяр нартай 1 шил пиво уухаар гэртээ орох гэтэл Пүрэвдулам би найзыгаа мэднэ оруулахгүй гээд хэрүүл хийгээд үсдэлцсэн. Би уурандаа гүйж очоод Пүрэвдуламын машины цонхыг чулуугаар хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 47-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

 

Иймд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Болдбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэний хагалсан “машины хойд шил” дахин ашиглах боломжгүй тул устгасан гэж үзнэ.   

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь хохиролд 300.000 төгрөг /хх-86/ төлжээ.  

Шүүгдэгч Т.Болдбаяр нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан /хх-56-58/ байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т гэж зааснаар шүүгдэгчийн үйлдсэн тухайн хүндэвтэр гэмт хэргийн ялтай байдал Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өршөөлд хамрагдаж арилсан байна.

Шүүгдэгч Т.Болдбаярын өмнө үйлдсэн гэмт хэргийнх нь ялтай байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй ба шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгч, хохирогч нар сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.          

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.        

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хэр хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан М.Мөнх-Эрдэнэд хорих ял оногдуулан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

                      

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 295, 296, 297, 298, 418 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Т.Болдбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Т.Болдбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Т.Болдбаярт холбогдох 2016 2601 0855 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.     

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.          

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.    

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР