Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00719

 

“Арвайн үндэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1063 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар магадлалтай,

“Арвайн үндэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Төмөрчөдөрт холбогдох,

31.084.903 төгрөг гаргуулах үндсэн,

Гэрээ дуусгавар болсонд тооцуулах, 4.254.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзоригийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Төмөрчөдөртэй 2011 оны 05 дугаар сарын 09-нд зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд 70.063.800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 7 удаагийн татан авалтаар нийлүүлж үүнээс 38.349.069 төгрөг төлж 20.723.269 төгрөгийн үлдэгдэл гарч гэрээний дагуу алдангийн хамт нийт 31.084.903 төгрөгийг шаардаж байна. 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд нийт 4 удаа тооцоо нийлж гэрээний дагуу 4 удаа цалин холбогдох зардал бодож олгосон бөгөөд 3-ыг нь Б.Төмөрчөдөрийн дансанд шилжүүлж үлдэгдлийг нь тооцооноос хасаж тооцсон байдаг. 2011 оны 05 дугаар сарын 30-нд 840.110 төгрөг орсон. 2011 оны 6 сарын 30-нд 1.328.960 төгрөг, 2011 оны 7 сарын 30-нд 1.087.658 төгрөг шилжүүлсэн. Бараа бүтээгдэхүүний мөнгийг гүйцэт тушаахгүй авлагын хэмжээ их болоод ирэхээр нь сүүлийн 8 дугаар сарын 31, 9 сарын 30-ны тооцоог бараа бүтээгдэхүүний үнээс хасаж тооцсон. Тооцоо нийлсэн явцад Б.Төмөрчөдөр нь байгууллагын түлшний картыг хувийн хэрэгцээндээ ашигласан байсныг тооцоод нийт 20.723.269 төгрөгийн тооцоо болсон. Арвайн үндэс ХХК нь Б.Төмөрчөдөртэй зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ хийсний үр дүнд 7 жил хохироод явж байна. Зөвхөн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нийт 31.084.903 төгрөгийг шаардаж байгаа гэжээ.                                                  

Хариуцагч Б.Төмөрчөдөр шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд миний бие 20.000.000 төгрөгийг бараа авч үүний 20 хувь буюу 6.000.000 төгрөгийг төлж үлдсэн төлбөрт өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалж архийг авсан. 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Батцэнгэл нь Арвайн үндэс ХХК-ийн захирал Шагдарсүрэн гэх хүний гарын үсэгтэй, Ш.Отгонсүрэнг ажилд авсан тушаалтай дагуулж ирсэн. Ш.Отгонсүрэнг манай ажилтан юм. Бидэнтэй хөдөлмөрийн гэрээ хийсэн. Батцэнгэл Б.Төмөрчөдөр ах та туслаач ээ Ш.Отгонсүрэн хөдөө орон нутагт борлуулалт хийх юм. Та өөрийнхөө авсан архинаас таслаад склад гаргаж өгөөд болж өгвөл машин олж өгөөд хамт ажиллаач гэсэн. Яагаад би өөрийнхөө бэлэн мөнгөөр авсан бараагаа Ш.Отгонсүрэнтэй хуваалцах ёстой юм бэ гэж асуусан. Батцэнгэл та Дархан дотроо борлуулалт хийж байгаа биз дээ. 2011 оны 9 сарын 20-нд Арвайн үндэс ХХК-иас нийт 7 хүн ирж миний ажлыг хүлээж авсан. Би бүх тооцоог нь шахаад 537.000 төгрөгийн үлдэгдэл гарсан. Тэр тооцоог би өөрийн Арвайн үндэс ХХК-иас авах тооцооноос хасуулахаар тохирсон. Ш.Отгонсүрэнгийн тооцооноос 19.125.000 төгрөгийн архи хөдөө орон нутагт үлдэгдэлтэй гарсан. Намайг ажлаа өгснөөс хойш Ш.Отгонсүрэн ажлаа хийж явж байгаад цагдаад шалгагдсан байсан. 19.125.000 төгрөгийг өөрөө аваад идсэн гээд энэ тухайгаа өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулаад хүлээн зөвшөөрсөн байгаа. Миний дансанд үндсэндээ 2 удаа цалин орж ирсэн. Сард надад 1.690.000 төгрөг өгөх ёстой, яагаад гэвэл бараа бүтээгдэхүүн дээрээ үнэ нэмээгүй үүний алдагдлыг тус компани төлөх ёстой. Би энэ шаардаад байгаа мөнгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Төмөрчөдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Арвайн үндэс ХХК-иас өөрийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөө, мөн гэрээний дагуу орж ирээгүй 4.254.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Энэ цалин биш миний олох ёстой байсан орлогыг нэмж олгоё гэж тохирсны дагуу шаардаж байгаа гэжээ.

Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний хоорондох асуудал нь 4 сар 20 хоногийн тооцоо байгаа. 5 удаагийн тооцооны 3 удаагийн тооцоог бэлэн мөнгөний баримтаар шилжүүлсэн. 8, 9 сарын тооцоог төлбөрөөс хасаж тооцсон. Б.Төмөрчөдөр гуайд бараа хүлээлгэж өгсөн падааны дагуу шаардаж байна. Бид Б.Төмөрчөдөр гуайг буруугүй гэсэн бол Ш.Отгонсүрэнгээс шаардаад явах боломжтой байсан. Барьцаалсан хүлэмжийг бид ашиглах боломжгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1063 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар хариуцагч Б.Төмөрчөдөрөөс 31.084.903 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Арвай үндэс ХХК-аас 4.254.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Арвай үндэс ХХК, хариуцагч Б.Төмөрчөдөр нарын хооронд байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ дуусгавар болсонд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.375 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.220 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 160 дугаар зүйлийн 160.1.1... гэснийг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 160 дугаар зүйлийн 160.1.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.380 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14 ний өдрийн 12 дугаар магадлалыг хянуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээний дагуу худалдан авсан бүтээгдэхүүний үнийн 30 хувийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөрийг борлуулсны дараа төлөх, борлуулалтын урамшуулал авах, борлуулсан барааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөх, борлуулах үнийг тодорхойлсон байгаа нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагыг хангаж байна. Мөн зээл авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх баталгаа болгож Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ“- г байгуулсан. Хариуцагчид худалдааны төлөөлөгч Ш.Отгонсүрэнгийн цалин, холбогдох зардлуудыг нэхэмжлэгч нь сар бүр төлж байсан, Зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт худалдааны төлөөлөгчийн төлөвлөгөөний биелэлт, өдөр тутмын үйл ажиллагааг хянаж, ажил үүргийн дагуу шаардлага тавьж ажиллаж байсан нь тогтоогдож байна. Иргэний хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар Ш.Отгонсүрэн нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч хариуцагч Б.Төмөрчөдөрөөс бараа бүтээгдэхүүн авч орон нутагт борлуулж, төлбөр тооцоогоо хийдэг байсан бөгөөд Ш.Отгонсүрэнгийн орон нутагт нийлүүлсэн, дутагдуулсан гэх бараа, бүтээгдэхүүний төлбөрийг Б.Төмөрчөдөр нь 2013 оны 08 дугаар сарын 19 ний өдрийг хүртэлх хугацаанд авч тооцоог дуусгаж байсан талаар гэрч Б.Болортуяа, Л.Басбаяр, Б.Бямбадорж, Д.Цэрэнноров, Х.Оролмаа, Л.Алтанхуяг, Б.Пүнтэй нарын эрүүгийн хэрэгт өгч байсан мэдүүлгээр болон шинжээчийн дүгнэлт, Хаан банкны дансны хуулгаар нотлогддог. Б.Төмөрчөдөр Арвайн үндэс ХХК-ийн нарын хооронд 4 удаагийн тооцоо нийлсэн актыг ямар үндэслэлээр үнэлэхгүй байгаа үндэслэлээ тусгаагүй, Ш.Отгонсүрэн Б.Төмөрчөдөр нарын хооронд хийсэн тооцоо нийлсэн акт нь 20.723.269 төгрөгөөс зөрүүтэй байхад хэрхэн тооцсон нь тодорхойгүй, шүүх баримтгүйгээр дүгнэлт хийж хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлээгүй. Давж заалдах шатны шүүхээс “Зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээ”-г хуульд нийцсэн, хуулийн хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд чөлөөт эрхийн зарчимд нийцүүлж гэрээний агуулгаа тодорхойлсон байтал даалгаврын гэрээ гэж тодорхойлсон. Хэрвээ энэ нь “Даалгаврын гэрээ" бол Иргэний хуулийн 404 дүгээр зүйлд даалгаврыг өөр этгээдэд шилжүүлэх талаар тодорхой заасан бөгөөд хариуцагч Б.Төмөрчөдөр нь Ш Отгонсүрэнд даалгавар орлон гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг шилжүүлсэн бол Иргэний хуулийн 404.2 Дугаар зүйлд "Даалгаврыг бүрэн буюу түүний зарим хэсгийг орлон гүйцэтгэгчид шилжүүлсэн даалгавар гүйцэтгэгч энэ тухайгаа даалгавар өгөгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд орлон гүйцэтгэгчийн талаарх мэдээллээр даалгавар өгөгчийг хангах үүрэгтэй." гэж заасны дагуу Арвайн үндэс ХХК-д Ш.Отгонсүрэнд хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгсөн талаараа мэдэгдэж, үүнийг нотлох санхүүгийн баримтыг өгөх байх ёстой байсан. Хэрэв Б.Төмөрчөдөр нь Арвайн үндэс ХХК-ийг мэдээлэл болон баримтаар хангаж байсан бол 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Б.Төмөрчөдөртэй 4 удаа тооцоо нийлсэн акт үйлдэх биш Ш.Отгонсүрэнтэй тооцоо нийлсэн акт үйлдэх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК нь хариуцагч Б.Төмөрчөдөр манай байгууллагын өмнө хүлээсэн үүргээ борлуулалтын менежер Ш.Отгонсүрэнд шилжүүлэхийг зөвшөөрөөгүй, хариуцагч Б.Төмөрчөдөр нь зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээний үүргийг хангахаар үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан, мөн борлуулалтын менежер Ш.Отгонсүрэн , Алтанхуяг нартай тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа нь гэрээний үүрэг шилжихгүй гэдгийг нотолж байна. Зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт гэрээний хугацаа дууссан боловч Гэрээт борлуулагч үлдэгдэл төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаагаар гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээний хугацаа дууссан нь төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан тул хариуцагч нь гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иймд энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн бодитой шинжлэн судлаагүй, нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож Арвайн Үндэс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “Арвайн үндэс“ ХХК-ийн “...31.084.903 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Төмөрчөдөр эс зөвшөөрч улмаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, 4.254.000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.

Зохигчийн хооронд 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь чанарын өндөр үзүүлэлт бүхий, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүн нийлүүлж, тухайн сарын төлөвлөгөө биелсэн тохиолдолд нийт борлуулалтын 1 хувийн урамшуулал өгөх, хариуцагч нь бараа бүтээгдэхүүнийг зээл 70 хувь, бэлэн 30 хувь нөхцлөөр авч  борлуулан үнийг төлөхөөр харилцан тохирчээ.        

Гэрээний 2.7-д “гэрээт борлуулагч нь борлуулалтын зээлийн нөхцлийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хийнэ...” гэж заасан, Б.Төмөрчөдөр нь Дархан сумын 5 дугаар баг, Хүнсний үйлдвэрийн урд байрлах 600 м.кв хүлэмжийг үүргийн гүйцэтгэлд барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ /хэргийн 9-13 дугаар тал/.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...7 удаагийн нийлүүлэлтээр 70.063.800 төгрөгийн бараа авснаас 38.349.369 төгрөгийг төлсөн,...20.723.269 төгрөгийн дутагдал гарсан тул алданги 10.361.634 төгрөгийн хамт гаргуулна” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...тус компанийн борлуулагч Отгонсүрэнгийн хүлээн авсан барааны үнийг хариуцахгүй” гэсэн тайлбар гаргажээ.

“Арвайн үндэс” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 18-ний өдөр Ш.Отгонсүрэнг борлуулалтын менежерийн албан тушаалд томилж, түүнтэй хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус  байгуулсан байна.  

Хөдөлмөрийн гэрээний 2.6, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 1.2-т зааснаар Ш.Отгонсүрэн нь бараа дутагдуулсан, үрэгдүүлсэн, ашиглан шамшигдуулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн, тэрээр нэхэмжлэгчээс Б.Төмөрчөдөрт нийлүүлсэн бараанаас  авч хөдөө орон нутагт борлуулж  байсан ба хүлээн авсан барааны үнэ 19.186.680 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрснөөс гадна тооцоо нийлсэн актаар тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т зааснаар гэрээт борлуулагч нь орон нутагт томилогдсон худалдааны төлөөлөгчийн төлөвлөгөөний биелэлт, өдөр тутмын борлуулалтын үйл ажиллагааг хянаж, ажил үүргийн дагуу шаардлага эрхтэй хэдий ч түүний өмнөөс төлбөр хариуцах үүрэггүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтад тулгуурласан боловч зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.

Зохигчийн тайлбар, гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нь бараа бүтээгдэхүүнийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, харин тухайн эд зүйлийг нийлүүлэгч талын баталсан үнээр борлуулахаар тохирсон, давж заалдах шатны шүүх даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн  399 дүгээр зүйлд нийцсэн дүгнэлт хийжээ.

Сөрөг нэхэмжлэлийн “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах” тухай шаардлагыг хангаж, 4.254.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.        

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзоригийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 313.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ