Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0049/З |
Дугаар | 385 |
Огноо | 2016-11-16 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 385
“Нэчрал паувер” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч “Нэчрал паувер” ХХК-ийн захирал Д.Төгөлдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 402 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0523 дугаар магадлалтай, “Нэчрал паувер” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 402 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 53 дугаар зүйлийн 53.4-т заасныг баримтлан “Нэчрал паувер” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутаг Хар толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-0197001-001-NE /NE-026683/ дугаартай өргөдлийн дагуу “Нэчрал паувер” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0523 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“Нэчрал паувер” ХХК Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутаг Хар толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасан. Өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүлтийг хийсэн. Ингэхэд NE-026683 дугаар өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх” шаардлагыг хангаагүй байсан. Тодруулбал, өргөдлийн талбай нь олон өнцөгт хэлбэртэй байсан бөгөөд энэ нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”, 5.2-т “төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д зааснаар “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” бүрэн эрхийг Засгийн газарт олгосон. Энэ бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлж, талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахыг Уул уурхайн Сайдад үүрэг болгосон. Ашигт малтмалын газрын чиг үүргийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, 11.1.25-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох” гэж тус тус заажээ. Үүний дагуу нэхэмжлэгчийн хүссэн талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайд хамаарагдаж байгаа эсэхийг хянаж үзэхэд тогтоосон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд багтаагүй байсан тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болно. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд уг талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгож болох тухай заасан нь ойлгомжтой зохицуулалт бөгөөд гагцхүү тусгай зөвшөөрлийг олгохдоо мөн хуулийн “энэ хуульд заасны дагуу олгох” гэж тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, цуцлагдсан, дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.16, 11.1.25-д заасны дагуу төрөөс тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн жагсаалтад оруулсны үндсэн дээр аж ахуйн нэгжид олгох учиртай байхад шүүх үүнийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Нэчрал паувер” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Нэчрал паувер” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумын нутаг, Хар толгой нэртэй газарт 2529 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан ба тус өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай хиллэж байгаа нь тогтоогджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна:” гээд 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн” гэж заасан ч мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т өргөдөлд дурдсан талбайг улсын хил, нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай давхцуулахгүйн тулд хиллэж байгаа хэсэг нь шулуун шугамаар биш байж болохыг зөвшөөрсөн байна.
“Нэчрал паувер” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн талбайгаа тусгай хэрэгцээний газартай давхцуулахгүйн тулд талбайн хилийг шулуун шугамаар, дөрвөн өнцөгтөөр тодорхойлж чадаагүй, өөрөөр хэлбэл, хуулиар зөвшөөрөгдсөн нөхцөл, шалтгаанаар талбайн өнцөгт өөр байгааг хариуцагч анхаарч үзэлгүй, “...олон өнцөгтөөр илэрхийлсэн, шаардлага хангаагүй” гэж тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбайд урьд нь “Ханнибий” ХХК тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан боловч уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр цуцалсан байна.
Ийнхүү тус талбайд хайгуул хийх эрх зүйн харилцаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг шинээр олгож болохоор мөн хуулийн 53.4-т зохицуулсан байхад хариуцагч “Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицолд тусгагдаагүй” гэх үндэслэлээр “Нэчрал паувер” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “Нэчрал паувер” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 402 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0523 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН