Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 123/2023/0015/З |
Дугаар | 221/МА2023/0547 |
Огноо | 2023-08-24 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2023/0547
Япон улсын иргэн Н.Р-гийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А
Гомдол гаргагч: Япон улсын иргэн Н.Р
Хариуцагч: Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албан Гаалийн улсын байцаагч Н.О
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.О үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 дугаар шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 20 шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 123/2023/0015/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Япон улсын иргэн Н.Р нь Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албан Гаалийн улсын байцаагчид холбогдуулан “Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.О үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 дугаар шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гомдол гаргагч Япон улсын иргэн Н.Р-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.О үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 дугаар шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах”-аар гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Гаалийн байцаагчийн шалгалт үндэслэлгүй байсан тухайд:
3.1.1. Н.Рика 2019 оноос хойш Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад гадаадын иргэн хүн бизнес эрхлэхэд ямар хүнд хэцүү байдгийг, олон ч хүнд эд хөрөнгөө алдаж, сүүлдээ төрийн байгууллага нь надаас миний хөрөнгийг булаан авч байгаад итгэж чадахгүй байгаагаа илэрхийлж байсныг юуны өмнө дурдмаар байна.
3.1.2. Гаалийн байцаагч 7 ширхэг алт болон гадаад валютыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж гаалийн хилээр нэвтрүүлсэн гэж буруутгасан.
3.1.3. Гэтэл Н.Р нь өөрийн эд зүйлийг гаалийн байгууллагын ажилчдаас огт нуугаагүй бөгөөд өөрийн гар тээшиндээ авч явсан. Мөн тус 7 ширхэг алтыг Сингапур улс болон Швейцар улсаас тус тус худалдан авсан албан ёсны гэрчилгээтэй, хуулийн дагуу олж авсан хөрөнгө байсан. Н.Р нь гаалийн байцаагчид тэргүүн ээлжид надад алт байгаа гэдгээ хэлсээр байхад шууд намайг өөрсдөө тусгай өрөө рүү дагуулан явсан бөгөөд намайг тус 7 ширхэг алтыг нуусан мэтээр, мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн мэтээр буруутгаж байгааг ойлгохгүй байна гэж мэдүүлсэн байдаг.
3.1.4. Өөрөөр хэлбэл Н.Р нь Гаалийн байгууллагад амаар өөрт алт байгаа гэдгээ мэдүүлсэн буюу Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсгийн 240.1.2-т зааснаар “амаар мэдүүлэх” гэсний дагуу мэдүүлгээ гаргасан байна. Хуульд заасны дагуу амаар мэдүүлчхээд байхад түүнийг хууль зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна.
3.2. Мөн гаалийн улсын байцаагч Н.О нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж процесс ажиллагааны алдааг дахин гаргасан тухайд:
3.2.1. Н.Р болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А бид 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өглөө Чингис хаан олон улсын нисэх буудалд очиход 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 тоот шийтгэх хуудас бичигдсэн байсан бөгөөд Чингис хаан ОУНБ дахь Гаалийн газрын ГЗТХБА-ны гаалийн улсын байцаагч нь шийдвэрээ гаргахаас өмнө эрх бүхий прокурорт хэргээ хянуулаагүй, бүр танилцуулаагүй болох нь тодорхой байсан. Прокурорт хэргийг танилцуулаагүй дээр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нөхөж баримтууд үйлдэн хийсэн. Учир нь хэргээ прокурорт танилцуулна, эцсийн шийдвэр гараагүй байна гэх тайлбарыг бидэнд удаа дараа өгч байсан хэрнээ гэнэт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0012646 дугаар шийтгэлийн хуудсыг танилцуулсан байдаг. Энэ талаар өмнө ч миний бие гомдол гаргасан.
3.2.2. Гэтэл энэ алдаагаа мөн л шинэ акт буюу шийтгэлийн хуудас үйлдэхдээ хүртэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл шинээр акт гаргахдаа зөрчлийг дахин шалгахтай холбоотой ямар ч ажиллагаа хийгээгүй, мөн зөрчлийн хуудсанд заасан зүйл заалт буюу Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 буюу үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн гэж үзэж байгаа нь ямар ч хамааралгүй хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг үндэслэл болгон шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.
3.2.3. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих хэсэг байх бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн яг ямар зүйл заалтыг зөрчсөний улмаас шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй бөгөөд ганц байгаа зүйл заалт буюу Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалт 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөхөөр зохицуулсан байна. Тус заалт нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон заалт байна.
3.3. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0030 тоот шийдвэрийн дагуу гаалийн байцаагчийн өмнө гаргасан шийтгэлийн хуудас хүчингүй болсон тухай:
3.3.1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0030 тоот шийдвэрийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх миний бие эс хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.
3.3.2. Гомдлыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2022/0775 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
3.3.3. Ингээд магадлалд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А миний бие хяналтын журмаар гомдол гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаар магадлалаар итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3-т Магадлалыг шүүх хуралдааны оролцогчдод танилцуулан сонгосноор хүчинтэй болно. Мөн хуулийн 119.4-т магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь үйлдэж шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч 108.4-т заасны дагуу гардан авах үүрэгтэй. Мөн хуулийн 108.4 “Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна. Мөн хуулийн 108.5 “Энэ хуулийн 108.4-т заасан хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж тус тус хуульчилжээ.
3.3.4. Өөрөөр хэлбэл шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр магадлал гарснаас хойш 14 хоног буюу түүнээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч нар гардан авах үүрэгтэй. Энэ хугацаа өнгөрснөөс анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болж энэ хугацаанаас хойш 2 сарын дотор гаалийн байцаагч дахин шинэ акт гаргах үүрэгтэй.
3.3.5. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчинтэй болсноос хойш 2 сар өнгөрсөн бол дахин шинэ акт гаргах боломжгүй бөгөөд анхан шатн шүүхийн шийдвэр хүчинтэй болж түдгэлзүүлсэн акт хүчинтэй болох учиртай. Өөрөөр хэлбэл манай хэргийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүчинтэй болсон байна. Гаалийн байцаагч 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө шинэ акт гаргах үүрэгтэй байсан байна.
3.3.6. Мөн миний эд зүйл болох 7 ширхэг алт болон валютыг үнэлэхдээ үнэлгээ хийх эрхгүй этгээдийг томилж үнэлүүлсэн зэрэг зөрчлийг гаалийн байцаагч арилгаагүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан зөрчлүүдийг нэг мөр арилгаагүй дахин акт гаргасан байна.
3.4. Улаан гарцаар нэвтэрсэн нь гаалийн мэдүүлэг гаргасанд тооцох тухай:
3.4.1. Япон иргэн Н.Р нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4 дэх хэсэгт “зөрчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр”, “гаалийн хилээр нэвтрүүлэх барааг мэдүүлж болно” гэж заасан. Тус асуудлыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагч Гаалийн улсын байцаагчаас тодруулахад тэрээр “тиймээ, үйл хөдлөлөөр барааг мэдүүлсэн гэж үзэж болно” гэж мэдүүлдэг. Мөн Япон улсын иргэн Н.Р нь улаан гарцаар гарсан уу гэхэд “тийм” гэж хариулдаг.
3.4.2. Хуульд заасан буюу үйл хөдлөлөөр мэдүүлсэн байхад түүнийг анхан шатны шүүх шууд зөрчил гаргасан гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, ямар гарцаар гарснаас шалтгаалан гаалийн байгууллагад мэдүүлсэн эсэх нь тодорхой нэхэмжлэгчийн эрх ашиг шууд нөлөөлөхүйц үндэслэлд ямар ч дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх шаардлагыг хангахгүй байна.
3.5. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.1. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1-д “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн” гэж заажээ. Уг зүйлд заасан үндсэн нөхцөл шаардлага, журмыг зөрчих нь хариуцлага ногдуулах үндэслэл болно.
2.2. Гомдол гаргагч Япон улсын иргэн Н.Р Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1-д зааснаар Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг хууль бусаар нэвтрүүлсэн нь тогтоогдоогүй, түүний эд зүйл болох 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт, 19,326,469.48 төгрөгтэй тэнцэх валют, төгрөгийг хариуцагч улсын байцаагчаас хураан улсын орлого болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.3. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 4.14 дүгээр зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй.
2.5. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-д “гаалийн бүрдүүлэлт” гэж, гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа” байх бөгөөд уг бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа гэж ойлгохоор байна.
Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно”, 55.2.4-д “зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр” гэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4-д “Улаан, ногоон гарц бүхий гаалийн хяналтын бүсэд зорчигч улаан, ногоон гарцыг сонгоно” гэж, 11.5-д “Зорчигч ногоон гарцыг сонгосон бол хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан, биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх, гаалийн байгууллагад мэдүүлэх бараа, валют байхгүй хэмээн мэдүүлсэн гэж үзнэ”, 11.6-д “Ногоон гарцаар нэвтэрч буй зорчигч энэ журам болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн нь гаалийн хяналтаар илэрсэн, эсхүл гаалийн байгууллага энэ талаар мэдээлэл авсан бол гаалийн шалгалт хийнэ” гэж тус тус заажээ.
2.6. Хэрэгт авагдсан баримтаар Япон улсын иргэн Н.Р нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр Улаанбаатараас Япон улсын Нарита чиглэлийн онгоцоор нисэхээр улсын хилээр нэвтрэхдээ 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт, 19,326,469.48 төгрөгтэй тэнцэх валютыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж нэвтрүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогдсонгүй.
2.7. Гаалийн хилээр нэвтрэх мэдүүлэгч нь бараагаа бичгээр, мэдээллийн сүлжээгээр, эсхүл үйл хөдлөлөөр мэдүүлэх эрх нь хуулиар нээлттэй байхад анхан шатны шүүхээс “... “gold gold” гэж мэдүүлж байгааг амаар мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, ... тээшийг рентген аппаратаар уншуулахад гаалийн байцаагч ажил үүргийн дагуу нягтлан шалгах шаардлагатай зүйл байсан учир дуудаж, ... зөрчлийг ирүүлж байгаа нь хууль зөрчөөгүй” гэх дүгнэлт дээрх хуульд заасан үндэслэлд нийцээгүй байна.
2.8. Тодруулбал, гомдол гаргагч Япон улсын иргэн Н.Р нь 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт, 19,326,469.48 төгрөгтэй тэнцэх валютыг гар тээшиндээ авч явсан, үүнийг рентгэн аппаратад шалгуулах хэсэгт уншуулсан, улмаар гаалийн байцаагч н.О гэх хүнд “gold gold” гэж мэдүүлсэн болон гаалийн зурвас болох “Ногоон, Улаан” хэсгийн “Улаан хэсэг”-ээр нэвтэрсэн болох нь тогтоогдсон байхад түүнийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн гэж буруутгах боломжгүй, гомдол гаргагч өөрийн бараагаа үйл хөдлөлөөр мэдүүлсэн болох нь тогтоогдсон байхад Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1-д зааснаар шийтгэл ногдуулсан нь буруу байна.
2.9. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь ногоон гарцыг сонгож зорчоогүй, өөрийн эд зүйлсээ үйл хөдлөлөөрөө мэдүүлж, улаан гарцыг сонгож зорчсон байхад түүнийг зөрчил гаргасан гэж буруутгахгүй, хэрэв зорчигч ногоон гарцыг сонгосон бол “хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан, биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх, гаалийн байгууллагад мэдүүлэх бараа, валют байхгүй” хэмээн мэдүүлсэн гэж үзэх боломжтой, гэтэл өөрийн үйл хөдлөлөөр 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт, 19,326,469.48 төгрөгтэй тэнцэх валютыг шалгуулсан байхад түүнийг зөрчил гаргасан гэж үзэхгүй.
3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.2.4, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1-д заасныг тус тус баримтлан Япон улсын иргэн Н.Р-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гомдлын шаардлагыг хангаж, Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.О-ын үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН