Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1502

 

 

 

 

 

          2017        07          03

           1502

 

 

 

 

 “Траст капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01254 дугаар шийдвэртэй, “Траст капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Чинзоригт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 56 852 261 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч Э.Чинзориг, хариуцагчийн өмгөөлөгч С.Гарьд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Траст капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Э.Чинзориг 2014 оны 6 дугаар сард 30 000 000 төгрөгийн зээл авсан. Тэрээр 2015 оны 8 дугаар сар хүртэл хүү төлсөн бөгөөд өөр төлөлт хийгээгүй. 2015 оны 10 дугаар сард төлөөгүй 3 сарын хүү 3 700 000 төгрөгийг төлж, зээл хаах шаардлага тавьсан. Гэтэл хүүгийн 3 700 000 төгрөг төлөх боломжгүй тул үндсэн зээл дээр нэмж, нийт 33 700 000 төгрөгийн зээлийн гэрээ хийх хүсэлтийг Э.Чинзориг гаргасан. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ бол өмнөх гэрээний үргэлжлэл учир 33 700 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх асуудал яригдахгүй. Дахин гэрээ хийсэн боловч Э.Чинзориг гэрээний үүргээ зөрчиж, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээл 33 700 000 төгрөг, хүү 20 742 030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 410 231 төгрөг, нийт 56 852 261 төгрөгийг Э.Чинзоригоос гаргуулж, төлбөр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Чинзориг болон түүний өмгөөлөгчийн тайлбарт: 2014 оны 6 дугаар сард нэхэмжлэгчтэй 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг авсан. Хүүд нь 17 орчим сая төгрөг төлсөн. Одоо уг зээлийн гэрээний үүрэгт 37 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин 2015 оны 10 дугаар сард байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр 33 700 000 төгрөгийг шилжүүлж аваагүй тул буцаан төлөх үүрэггүй гэж үзэж байна. Уг 33 700 000 төгрөгийн 3 700 000 төгрөг нь өмнөх зээлийн гэрээний хүү тул нэхэмжлэгч тал хүүгээс хүү тооцож шаардаж байгаа нь Иргэний хуульд нийцэхгүй. Бид 2014 онд авсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү төлөх үүрэгтэй гэж үзэж 37 000 000 төгрөг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 187 дугаар зүйлийн 187.1, 451 дугаар зүйлийн 451.1-д заасныг тус тус баримтлан Э.Чинзоригоос зээлийн гэрээний үүрэгт 56 852 261 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “Трасткапитал ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 665 184 төгрөгөөс 512 411 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлөгдсөн 152 773 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2015 оны 10 сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хоёр өөр байдлаар дүгнэсэн нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлээгүй гэж шүүх үзсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт болжээ. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээ байгуулсан тухайн өдөрт нь шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй бөгөөд гол нь шилжүүлэн өгсөн байхыг шаарддаг. Тиймээс "Трасткапитал ББСБ" ХХК нь 30 000 000 төгрөгийг Э.Чинзоригт шилжүүлсэн, хариуцагч ч өөрөө шилжүүлж авснаа болон төлөхөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүх шилжүүлэн өгөөгүй мэтээр дүгнэж, хариуцагчийг уг зээлийг төлөх үүрэггүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид тохиролцсон хугацаанд мөнгө эсхүл эд хөрөнгийг ашиглуулах үүрэгтэйгээс гадна зээлдэгчид мөнгө эсхүл эд хөрөнгийг шилжүүлэх болон тохиролцсон хүгацаанд захиран зарцуулах эрхийг олгодог. 2015 оны 10 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр Э.Чинзориг нь зээлийн мөнгийг ашиглаж, захиран зарцуулах эрхийг эдэлсэн. Харин буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болно. Нэхэмжлэгч "Трасткапитал ББСБ" ХХК болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2015 оны 10 сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166-р зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны түхай хуулийн 22-р зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь тохирсон хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд мөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог" гэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийг зөрчиж байна. Зээлийн гэрээг байгуулсан гэж үзэхэд нийтлэг зохицуулалт үйлчлэх ба гэрээний хүчинтэй санал болон саналыг хүлээн авсан тухай хүчинтэй мэдэгдэл шаардлагатай. Гэрээг хүчин төгөлдөр байгуулахад цаашлаад зээлийн гэрээний зүйлийн талаар санал нэгдсэн байх, хугацаа болон хүүгийн хэмжээг тохирсон байх ёстой байдаг ба талүудын хооронд байгуулсан зээлийн гэрээ энэ шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болно. Иймд  дээрх   үндэслэлүүдийг  харгалзан   үзэж   нэхэмжлэлийн   шаардлагыг  ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг хуульд заасан үндэслэлээр үнэлж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Траст капитал ББСБ” ХХК нь хариуцагч Э.Чинзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56 852 261 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ 14/32, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ 15/44 тоот гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь ЗГ 15/44 тоот гэрээний үүргийг үндэслэн шаардлага гаргасан, уг гэрээний үүрэгт хариуцагч Э.Чинзоригоос үндсэн зээл 33 700 000 төгрөг, хүүд 20 742 030 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 410 231 төгрөг нийт 56 852 261 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон хэдий ч хариуцагчид 33 700 000 төгрөгийн зээл олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ЗГ 14/32 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Ганхүүгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамжны 98-4 тоот, 183 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зусланд байрлах 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалахаар харилцан тохиролцсон, зээлдүүлэгч нь зээлдэгчид 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 29 850 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Зээлдэгч Э.Чинзориг нь ЗГ 14/32  тоот гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргаж байсан байна.

Зээлдүүлэгч “Траст капитал ББСБ” ХХК зээлдэгчийн дээрх хүсэлтийг үндэслэн  2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 33 700 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй байхаар ЗГ 15/44 тоот зээлийн гэрээ байгуулахдаа өмнөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 30 000 000 төгрөг, үүнд төлөгдөх хүү 3 700 000 төгрөгийг нэмж гэрээний зүйлийг тодорхойлсон нь зээлийн гэрээ байгуулж, зээл олгосонд тооцогдох тухай Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан агуулгатай нийцэхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн “2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 33 700 000 төгрөг шилжүүлж аваагүй тул уг гэрээгээр үүрэг хүлээхгүй” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгчийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 33 700 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул зохигчдыг ЗГ 14/44 тоот зээлийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх ба ЗГ 15/44 тоот гэрээгээр зохигчид 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхээр байна.

Талууд ийнхүү гэрээний хугацааг сунгахдаа зээлийн хүүгийн хэмжээг 3.8 хувь болгон өөрчилсөн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэн байх тул ЗГ 14/32 тоот гэрээний үүргийг тооцоолон нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зүйтэй.

Хариуцагч нь үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 19 912 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 982 000 төгрөг, нийт 53 894 000 төгрөг төлөхөөс 2016 оны 02 сард 2 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн биелэлт 50 894 000 төгрөгийг шаардах эрхтэй. 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор С.Ганхүүгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамжны 98-4 тоот, 183 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц,  хариуцагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зусланд байрлах 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалахаар барьцааны гэрээг бичгээр байгуулсан боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01254 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Э.Чинзоригоос зээлийн гэрээний үүрэгт 50 894 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Траст капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 958 261 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665 184 төгрөгөөс илүү төлсөн 70 792 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч Э.Чинзоригоос 412 420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Траст капитал ББСБ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Траст капитал ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

  

                 ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                              А.МӨНХЗУЛ