Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00721

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01052 дугаар шийдвэр,

Архангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар магадлалтай,

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ц” ХХК-д холбогдох,

Хохирол 71.751.291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул, хариуцагчийн төлөөлөгч Д.Цогтбаяр, өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Номин Реалтор ХХК нь Цогт-Өнжүүл ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн NR/13/274 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах Терранова дэлгүүрийн дотор заслын ажлыг, мөн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн NR/13/287 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус дэлгүүрийн 1 дүгээр давхрын цахилгаан гэрэлтүүлгийн ажлыг, мөн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн NR/13/285 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус дэлгүүрийн гадна фасадны ажлыг тус тус хийж гүйцэтгүүлсэн. Гэтэл 2017.04.02-ны өдөр Цогт-Өнжүүл ХХК-аар барилгын ажил хийж гүйцэтгүүлсэн Терранова дэлгүүрийн эрэгтэй бэлэн хувцасны тасагт дүүжин тааз бүхэлдээ нурсны улмаас Н ХХК-д 496.040 төгрөгийн, Номин реалтор ХХК-д 14.318.305 төгрөгийн, Ухаалаг эрчим хүч ХХК-д 1.043.461 төгрөгийн, Номин Трейдинг ХХК-д 5.682.098 төгрөгийн, Номин Тав Трейд ХХК-д 26.120.755 төгрөгийн буюу нийт 47.660.659 төгрөгийн хохирол учирсан. Осол гарсны дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02-06-035/146 дугаар актаар тус дэлгүүрийн үйл ажиллагааг 2017.04.02-2017.04.19-ний өдрийг хүртэл зогсоосон. Үүний дагуу ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, илүү цагийн хөлсөнд 11.006.418 төгрөг, түрээсийн зардалд 9.431.514 төгрөг төлсөн буюу энэ ослын улмаас нийт 20.437.932 төгрөгийн хохирол Номин Трейдинг ХХК-д учирсан. Мөн дээрх осол гарснаар Номин Даатгал ХХК нь Номин Трейдинг ХХК-тай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01-002016046 дугаартай бараа материалын даатгалын гэрээний дагуу тус компанид учирсан хохирол болох 3.652.700 төгрөгийг гэрээний даатгалын нөхөн төлбөрт олгосон. Үүний дагуу Номин Даатгал ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу буруутай этгээд буюу Терранова дэлгүүрийн байрыг түрээслүүлэгч Номин Реалтор ХХК-аас Номин Трейдинг ХХК-д төлсөн нөхөн төлбөрөө шүүхийн журмаар шаардаж авсан юм. Хэрэв дээрх осол гараагүй байсан бол Номин Реалтор ХХК нь Номин Даатгал ХХК-д даатгалын нөхөн төлбөр болох 3.652.700 төгрөг төлж хохирол хүлээхгүй байсан. Иймд нийт 71.751.291 төгрөгийг Цогт-Өнжүүл ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Ц” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 онд Номин их дэлгүүрийн 1 давхарт байрлах Терранова дэлгүүрийн дотоод заслыг хийж гүйцэтгэсэн. Барилгын тааз 2017 онд нурсан нь манай компанитай огт холбогдолгүй асуудал байна. Манай компани нь зөвхөн ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан бөгөөд бүх материалыг нэхэмжлэгч тал бүрэн хариуцаж гаргасан тул материалын чанартай холбоотой хариуцлагыг Н ХХК хариуцна. Бүтээц, эдлэхүүний тухайд нэхэмжлэгч тухайн ажлын зураг, бүтээц эдлэхүүний тоо хэмжээг өөрөө гаргасан. Зурагт зааснаас өөр бүтээц, эдлэхүүнээр хийсэн зүйл огт байхгүй. Хэрэв бүтээц, эдлэхүүний хувьд тооцоолол зургийн ямар нэгэн алдаа гарсанаас уг тааз нурсан бол Н ХХК бүрэн хариуцах ёстой. Хийцийн тухайд Н ХХК-ийн хяналтын инженерүүд технологи хийцэд өдөр тутам хяналт тавьж ажиллаж байсан. Хийцийн хувьд хугацаандаа чанартай хийж өгсөн тул хүлээн авах комисс санал дүгнэлтээ гаргаж ажлыг бүрэн хүлээж авсан. Баталгаат хугацаанд ямар нэгэн гологдол дутагдал илрээгүй. Баталгаат хугацаанаас хойш нэг жилийн дараа нэхэмжлэгч албан тоотыг хүргүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01052 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Цогт-Өнжүүл ХХК-аас 71.751.291 /далан нэгэн сая долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729.788 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01052 дугаар шийдвэрийн 2 дахь заалтад “729.788 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй” гэснийг “729.788 төгрөгөөс 516.707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 213.081 төгрөгийг Архангай аймгийн Татварын хэлтсийн 180000280976 дугаар данснаас буцаан гаргуулж олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Нэхэмжлэгч Н ХХК-ий төлөөлөгч Ж.Давааням нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 516.707 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01052 дугаартай шийдвэр, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.дэх хэсэгт “Барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна гэж, мөн зүйлийн 14.3 дахь хэсэгт “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна." мөн 14.6 дахь хэсэгт ”Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, ...тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна." гэж заасан ба Барилгын чанарын баталгаат хугацааг нийт 4 жилээс доошгүй байхаар хуульчлан заасан байхад, түүнийг хэрэглэх эсэх талаар дүгнэлт өгөөгүй нь шүүх тусгайлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй гэж, мөн “Ажил гүйцэтгэх гэрээ"-нд заасан хугацааг хууль ёсны мэт дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 146 тоот актад бичигдсэн “Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-дэх хэсэгт заасан заалт зөрчигдсөн тухай” дүгнэлтийг гаргаж өгсөн ба хариуцагчаас энэ баримтыг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй, хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй эсэх нь хуулийн дээрх заалт болон нотлох баримтаар тогтоогдоогүй тодорхой бус байхад шүүх зөвхөн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийлээ. Барилгын засвар хийсэн этгээд нь “Цогт-Өнжүүл” ХХК мөн бөгөөд хуулиар тогтоосон хугацаанд барилгын чанарын талаар илрэх боломжгүй доголдол илэрсэн байхад, шүүх хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийлгүй, Барилгын захиалагч болон эзэмшигч, ашиглагч нарын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж нэхэмжлэгчийн талаас үзэж байгаа болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

“Н” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-с 71.751.291 төгрөг нэхэмжлэхдээ Терранова дэлгүүрийн тааз нурснаас Н ХХК-д 496.040 төгрөгийн, Номин тав трейд ХХК-д 26.120.755 төгрөгийн, Номин трейдинг ХХК-д 26.120.030 төгрөгийн, Номин реалтор ХХК-д 17.971.005 төгрөгийн, Ухаалаг эрчим хүч ХХК-д 1.043.461 төгрөгийн хохирол тус тус учирсан, нэр бүхий компаниуд шаардах эрхээ шилжүүлсэн гэжээ.  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...тааз нурсанд гэм буруугүй” гэсэн тайлбар гарган, маргасан.  

“Ц” ХХК нь Номин реалтор ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр байгуулсан гэрээний дагуу Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Номин их дэлгүүрийн 1 давхарт байрлах Терранова дэлгүүрийн дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэн, 2014 оны 11 дүгээр сарын 17-нд ажлыг хүлээлгэн өгсөн байх ба 2017 оны 4 дүгээр сарын 2-ний өдөр Терранова дэлгүүрийн тааз нурсан нь  тогтоогджээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 2-ний өдрийн 146 дугаар актад Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1. дэх заалтыг зөрчсөний улмаас тааз нурсан гэсэн байх ба  уг заалтад  барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй бат бэх тогтвортой байна гэжээ.

Хариуцагчийн “...засварын ажлыг  захиалагчийн өөрийнх нь материалаар, тэдний хяналтын дор гүйцэтгэн хүлээлгэн өгсөн”  талаарх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй бөгөөд хариуцагч нь засварын ажил гүйцэтгэхдээ хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй  байна.  

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.-т ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан  гэрээнд баталгаат хугацааг ажил хүлээлгэн өгснөөс хойш 1 жил байна гэж заасан ба уг хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа тааз нурсан байна.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан. Өөрөөр хэлбэл, гэм хорыг хариуцахын тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, гэм буруу, гэм хор болон гэм буруутай үйлдлийн хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай бөгөөд тааз нурсанд хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдоогүй тул гэм хорыг хариуцах үндэслэлгүй талаар хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгосныг буруутгах боломжгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруулын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 517.509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ