Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Д.Пүрэвжаргал

Улсын яллагч                                                     Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Д.Уранчимэг

Хохирогчийн өмгөөлөгч                                     Э.Батбаяр

Хохирогчийн төлөөлөгч                                     Ц.Дандар

                                                                           Д.Цэрэн

Иргэний нэхэмжлэгч                                        Ц.Алтанхуяг

                                                                           Д.Ганбат

Шинжээч                                                            Ж.Явуухулан нарыг оролцуулан шүүх хуралдааны  танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

                Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чойдор овогт Батбаярын Сайнбаярт холбогдох эрүүгийн 201610010039  дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Модны 3-5 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Чойдор овогт Батбаярын Сайнбаяр / РД:ЕК90050371/

                Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч Б.Сайнбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 07-19 ДГО улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй  үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон цас , бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий  болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайшгүй тохиолдолд зогсоох арга  хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг “Борхойн” гудамжны 03-34 тоотод оршин суух иргэн Ц.Алтанхуягийн Монгол гэрийг мөргөж гэр, гэрийн доторх эд зүйлийг эвдэлж 2 048000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг учруулсан мөн гэр дотор байсан Д.Ганбатын биед хөнгөн, Д.Цэрэнгийн биед хүндэвтэр, Д.Шүрэнцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              Шүүгдэгч Б.Сайнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн үед найзуудынхаа хамт 2 дугаар  сургуулийн зааланд сагс тоглосон. 2 цаг тоглогчихоод Доржготовын гэрт очиж ус уучихаад гэрлүүгээ харихаар явсан. Гэрлүүгээ харих замдаа гэр байрны баруун захаар явсан , Явж байхад гэр байрны баруун захад гэрлээ нэлээн ойр дээрээ тавьсан машин зогсож байсан. Гэр баруун захаар цэвэр усны шугам байдаг. Тэгээд машин элсэнд суух гээд байдаг болохоор нь би Үүдийн гудмаар эргээд машин элсэнд суух гээд байхаар хааз өгөөд хурдаа нэмэхэд замын сэвээн дээр  2 сэвээд машин жолоодлогогүй болоод машин зогсоогүй. Тормзоо гишгээд машин зогсоогүй.гэв.

               Хохирогч Ц.Дандар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө намайг Эрдэнэ суманд гэртээ байж байхад талийгаачийн найз Зулаа гэх эмэгтэй Замын-Үүд сумаас утсаар манай эхнэр  Цогзолмаатай холбогдож осол болсон талаар хэлж манай охиныг нас барсан талаар хэлсэн. Нэхэмжлэлтэй холбоотой баримтаас ямар нэг төлбөр мөнгө төлөгдсөн зүйл байхгүй. Талийгаачийн ажил явдал болохын өмнө 200 000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь талийгаачийн 49 хоног хураах үед 400 000 төгрөг бэлнээр өгсөн. Өөр ямар нэг зүйл өгөөгүй. Одоо гэм буруутай этгээдээс 9 100000 төгрөг нэхэмжилж байна ...гэв.

               Хохирогч Д.Цэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр өөрийн Борхойн 3-34 тоотод бэр охин Шүрэнчимэг болон танил Ганбат нарын хамт 23 цагийн үед унтаж амарсан. Тухайн үед талийгаач Шүрэнчимэг гэрийн баруун талын орон дээр унтсан ба гэрийн зүүн талаар Ганбат гэрийн хойд талаар газар ор засаад унтаж амарсан. Тэгээд тухайн шөнө  яг хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна хүн орилох шиг болсон. Тэгээд юу болсоныг мэдэхгүй ухаан алдчихсан. Дараа нь сэрэхэд манай гэр  унаж нурсан байдалтай миний дээрээс гэрийн тавилга дарчихсан ба гэрийн буйрны зүүн талд хэвтчихсэн талийгаачийн ор миний зүүн талд гарчихсан нэг машин гэрийн буйр дээр зүүн урд зүгт харж зогссон байсан. Эмчилгээнд ойролцоогоор 1 сая орчим төгрөг зарцуулсан. Буруутай этгээдээс  эмчилгээтэй холбоотой зардлаа гаргуулж авмаар байна гэв.           

            Иргэний нэхэмжлэгч Ц.Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө өөрийн танил Зулаа гэх эмэгтэйн гэрт  найз нөхдийн хамт хөзөр тоглож тоглох зуураа бага зэрэг архи уусан. Тэгээд 22 цагийн үед зулаагийн гэрээс  манай талийгаач Шүрэнчимэг одоо кино гарах цаг боллоо гээд 22 цагийн үед гэрлүүгээ явсан. Намайг унтаж байхад шөнө 3 цагийн үед манай хүргэн Сартуулбаатар намайг хайж ирээд осол болсон талаар хэлж намайг гэрлүү авч явсан. Тэгээд хамт амьдарч байсан Шүрэнчимэгийг нас барсан талаар нь мэдсэн. Би буруутай этгээдээс 4 ханатай Монгол гэрийг нь авсан. Мөн 10 метр шинэ хулдаас авсан. Эдгээр зүйлсээс гадна хуучин зурагт, эвдэрсэн хөргөгч өгсөн. Би буруутай этгээдээс гэрт байсан тавилга угаалгын машин зэрэг эд зүйлийг нэхэмжилнэ гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Ганбат  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 01-ний шөнө Цэрэн гуай ганцаараа байж байсан. Орой 21 цагийн үед бэр охин болох Шүрээ гэх эмэгтэй гэрт нь ирсэн. Тэгээд л бид гурав 23 цагийн үед унтаж амарсан. Тэгээд унтаж байхад яг хэдэн цагийг нь мэдэхгүй байна Цэрэн гуай их чанга хашгирсан. Тухайн үед намайг цагдаа дуудаж сэрээхэд миний унтаж амарч байсан гэрийг машин мөргөчихсөн байсан. Тэгээд  түргэний машинд суугаад эмнэлэг дээр очсон. Надад одоохондоо эмчилгээ хийлгэсэн зүйл баримт байхгүй. 2 удаа        40 000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн. Одоо Улаанбаатар хотод очиж тархины зураг  авахуулна. Зардал нь 80 000 төгрөг гэсэн. Би буруутай этгээдээс 1 300000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Шинжээч Ж.Явуухулан шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ:  Хууль зүйн сайдын 2014 оны 08 сарын 31-ний өдрийн 101-р дүрэмд заагдсанаар эрх хасагдсан жолооч тухайн орон нутаг байгаа газрынхаа замын цагдаагийн нэгжид эрх сэргээлгэх шалгалт өгдөг. Энэ шалгалтыг өгсөнөөр эрх сэргэдэг. Замын цагдаагийн зохицуулагч  Гандаваагийн өгсөн тодорхойлолтоор Сайнбаяр шалгалт өгөөгүй жолоодох эрхийн үнэлмэхгүй жолооч байсан.  Жолоодох эрхийн үэнмлэхгүй нь зөрчлийн шинжтэй. Зам тээврийн осолд нөлөөлөөгүй, зам тээврийн осол болох шалтгааныг шинжээчийн дүгнэлтэндээ тодорхой зааж өгсөн байгаа. Тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдалтай холбогдуулаад хэргийн газраас авсан нотлох баримт болон тээврийн хэрэгслийн гэмтэл, авто тээврийн улсын байцаагчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байна гэсэн заалтыг Б.Сайнбаяр зөрчсөн байсан. Тээврийн хэрэгслийн хурд болон тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ гэсэн 2 томъёолол байдаг. 1 дүгээрт зорчих хэсэгт гарсан дугуйн мөр буюу тормосын мөрөөр нь хурдыг тогтооно. Яагаад зогсоох арга хэмжээ аваагүй бэ гэдэг хэргийн схем зураг болон хэргийн газрын үзлэгээр тогтоогдож болно. Тэгэхээр энэ хүн ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй. Сэвээнээс болж хааз гацаж осол гарсан гэж шүүгдэгч мэдүүлдэг. Гэтэл хэргийн газрын үзлэг техникийн үзлэгээр энэ байдал тогтоогдоогүй.  Хааз гацсан жолооны механизм гацсан нь оношлогооны дүгнэлтээр тогтоогдоогүй гэв.

            Гэрч Д.Доржготов мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэр бүлийн гишүүдийн хамт 2 дугаар сургуулийн зааланд тоглосон. Заалнаас гараад Сайнбаяртай түүний 07-19 ДГО улсын дугаартай приус маркийн машинтай манай гэрлүү явсан бөгөөд гэрт очоод хүйтэн юм уучихаад төврүү нэг найзтайгаа уулзахаар явсан. Тухайн үед гэр хорооллын баруун захаар явж байсан бөгөөд бид хоёрын өөдөөс гэрэл нь ассан байдалтай машин зогсож байсан. Машины гэрлийн үзүүрт машин дотор цагдаагийн хантаазтай хүн харагдахаар нь би Сайнбаярт хандан наад машин дотор чинь цагдаа байна чиний бичиг баримт байгаа юу гэж асуухад надад бичиг баримт байхгүй шүү дээ, ингээд явъя гэж хэлээд машины рулийг баруун тийш буюу ертөнцийн зүгээр зүүн тийш дарж хуучнаар бол Үүдийн гудамж руу орсон. Тэгээд л уг гудамжруу ороход машины жолоочийн эсрэг талын толинд цагдаа байсан машин бидний араас дагаж байгаа юм шиг харагдсан. Сайнбаяр машины хурдыг нэмээд давхисан. Замын сэвээн дээгүүр 2 удаа харайлгаад машинаа зогсоож чадаагүй.  Тухайн үед Сайнбаярт зогсоорой гэж хэлсэн боловч машинаа зогсоож чадалгүй машины руль нь эргүүлэгдэхгүй байгаад чигээрээ явж Борхойн 3-34 тоотод байх Монгол гэрийн баруун хойд талын хэсгээс нь мөргөж зогссон. Ямар ч байсан гэрийг мөргөөд гэрийн цаад талд нь зогсох шиг болсон. Тэгээд бид хоёр машинаас бууж би ганцаараа уг гудамжны хойд талд байх өөрийн танил ахын гэрт очиж аавруугаа залгаж Сайнбаяр бид хоёр машинтай явж байгаад айлын гэр мөргөчихлөө та гялс хүрээд ир гэж хэлсэн. Би айлаас буцаж гараад аав болон ахтайгаа уулзаад хэргийн газарт очсон. Машинаас Сайнбаяртай буусан ба тухайн үед Сайнбаяр хаашаа явсан гэдгийг мэдээгүй алга болчихсон байсан. Тэгээд Сайнбаяртай утсаар холбогдоод цагдаагийн байгууллагад өөрсдөө ирж мэдэгдсэн гэжээ.

Гэрч Б.Наранбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  Осол болсны дараа Сайнбаяр шууд манай гэрлүү ирсэн. Сайнбаяр машинаа жолоодон явсан, айлын гэр мөргөчихлөө. Дотор нь хүн байсан бол янз бүрийн зүйл болсон байж магадгүй хурдан очиж түргэн тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тухайн үед Сайнбаяр манай гэрт ирсэн шалтгаан нь манай эхнэрийг эмч болохоор нь ирсэн гэж хэлж байсан гэжээ.

Гэрч С.Осгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр Замын цагдаагийн эргүүлийн хамт эргүүлийн автомашинаар үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд байрны баруун захад машинаа зогсоочихоод бие засаад байж байтал манай машины урдаас нилээд хол зайнаас машины гэрэл гарч байгаад гэнэт огцом эргээд Борхойн гудамжруу орчихсон. Энэ юун машин орчихов араас нь харья гэж бодоод уг машин орсон Борхойн гудамж руу машинаа асаагаад ортол гудамжны шороон зам дээр машины ард гупер, усны илүүдлийн сав зэрэг зүйл уначихсан байхаар нь энэ юу болов гээд цаашаа гэрэлтүүлээд явтал хамт явсан цагдаа хүүхэн дугараад байна уу Осгоо ахаа гэж хэлсэн. Тэгээд л цаашаа яваад үзэхэд уг машин төмөр тороор хашаа хийсэн айлын гэрийг мөргөөд зогсчихсон байсан. Тэгээд л машинаас буухад нэг эмгэн орилоод байсан. Тэгээд л эмнэлэг цагдаа дуудсан. Хэргийн газарт 00 цаг 30 минутын үед очсон. Анх машин дотроос харахад гэр гэж харагдах зүйл байгаагүй, харин машинаас буухад гэрийн буйр хэсэгт нэг хөгшин настай хүн ёолчихсон нэг залуу юу болчихов гээд хөнжилтэйгээ хэвтэж байсан. Мөн гэрийн буйрнаас зүүн тийш нэг эмэгтэй дуу гаргалгүй доошоо гараад хэвтэж байсан гэжээ.

  • Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-13 дугаар тал/
  • Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар тал/ 
  • Цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-76 дугаар тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар дүгнэлт /хх-ийн 67-70 дугаар тал/...Талийгаач Д.Шүрэнчимэгийн цогцост гавал тархины далд гэмтэл, цээж хэвлий хөндийн гэмтэл гавлын дунд хонхорын ирмэгний урд хэсгээр түрк эмээл дамнасан хөндлөн хугарал, гавлын ар хонхорын дунд хэсгээр дугуйрсан хугаралтай, баруун талд нугасны том нүхнээс баруун чамархай руу чиглэсэн хугарал, баруун тал бөмбөлөгийн ар дагз хэсгээр зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, 2 талын чамархай хэсэг болон суурь хэсгээр тархмал цус хуралт, цээжний баруун талд 1, 2 дугаар хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгийн хугарал, цээжний зүүн талд 1, 5 дугаар хавирга нугаламын хажуугийн шугамын хугарал, цээжний зүүн талд 6-9 дүгээр хавирга суганы ур шугамын хугарал, цээжний зүүн талд 9 дүгээр хавирга нугламын хажуугийн шугамын хугарал, цээжний баруун талд 1-5 дугаар хавирга суганы арын Шугаман хугарал, эрүүний дунд хэсгийн хугарал гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас барсан байна.
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 196 дугаартай дүгнэлт /хх-ийн 105 дугаар тал/ Д.Цэрэнгийн биед зүүн дунд чөмөгний дээд хэсгийн салбарсан хугарал, цээж хэсгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, тархины хаван гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтлийн зүүн дунд чөмөгний дээд хэсгийн салбарсан хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, цээж хэсгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, тархины хаван гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын хөнгөн зэрэгт хамаарна.
  • Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаартай дүгнэлт /хх-ийн 115 дугаар тал/ Д.Ганбатын биед баруун ар далны хэсэгт шарх, хэвлийн урд хананы зөөлөн эдийн гэмтэл...Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
  • Шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот дүгнэлт /хх-ийн 121 дүгээр тал/...Батбаяр овогтой Сайнбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: a/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 9.2. Жолоо
  • ч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
  • Шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101 тоот дүгнэлт /хх-ийн 132 дугаар тал/
  • Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129 дүгээр тал/
  • Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 дугаар тал/

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 152 дугаар тал/

- Г.Баянмөнх, Г.Энхцэцэг нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 156 дугаар тал/

- Согтуурал шалгасан баримт

- Гэрч Б.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 172 дугаар тал/

- Гэрч Б.Должингийн мэдүүлэг /хх-ийн 173 дугаар тал/

- 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн албан тоот /хх-ийн 175 дугаар тал/

- Хохирогч Д.Цэрэнгийн нэхэмжилсэн хохирлын талаархи баримтууд /хх-ийн 176-189 дүгээр тал/

- Хохирогч Ц.Дандарын нэхэмжилсэн хохирлын талаархи баримтууд /хх-ийн 192-215 дугаар тал/   зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

               Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

        Шүүгдэгч Чойдор овогт Батбаярын Сайнбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 07-19 ДГО улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй  үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон цас , бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий  болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайшгүй тохиолдолд зогсоох арга  хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг “Борхойн” гудамжны 03-34 тоотод оршин суух иргэн Ц.Алтанхуягийн Монгол гэрийг мөргөж гэр, гэрийн доторх эд зүйлийг эвдэлж 2 048000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг учруулсан мөн гэр дотор байсан Д.Ганбатын биед хөнгөн, Д.Цэрэнгийн биед хүндэвтэр, Д.Шүрэнцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн болон хохирогчид, иргэний нэхэмжлэгч, шинжээч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

           Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул Б.Сайнбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Сайнбаяраас  6 265510 төгрөг гаргуулж хохирогч Ц.Дандарт, 433 750 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэрэнд,  1 048000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Алтанхуягт тус тус олгохоор тогтов.

Иргэний нэхэмжлэгч Д.Ганбат нь  нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэл гарган уг гэм хорын асуудлаа жич иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,  55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан  ирээгүй ба шүүгдэгч Б.Сайнбаярын хувьд ноогдох хөрөнгө болох цагаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн угаалгын машин, саарал өнгийн самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Чойдор овогт Батбаярын Сайнбаяр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Сайнбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар  хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй. 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Сайнбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй бөгөөд шүүгдэгч Б.Сайнбаярын хувьд ноогдох хөрөнгө болох цагаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн угаалгын машин, саарал өнгийн самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Сайнбаяраас  6 265510 төгрөг гаргуулж хохирогч Ц.Дандарт, 433 750 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэрэнд,        1 048000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч  Ц.Алтанхуяг нарт тус тус олгосугай

6. Иргэний нэхэмжлэгч Д.Ганбат нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сайнбаярт  авсан   батлан   даалтад   өгөх   таслан   сэргийлэх  арга   хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ