Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2019/0004/З |
Дугаар | 03 |
Огноо | 2020-01-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 03
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н,
Хариуцагч: Ө А З Д Т Г Д,
Гуравдагч этгээд: С.У
“Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дугаар 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүрэг гүйцэтгэгчээр 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар томилогдон ажилласан. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/30 дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд нэг жилийн туршилтын хугацаатай томилогдож, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон.
Төрийн албан хаагчийн албан үүрэгт ажлыг гүйцэтгэж байх хугацаанд сахилгын зөрчил гаргасан гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б-ийн санаачилгаар хоёр удаа сануулах шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчиж төрийн албан хаагчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Төрийн Аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/15ӨМА-2018/1СТА-ТЕЗ албан шаардлагыг үндэслэн “сануулах” сахилгын шийтгэлийг оногдуулсан байна. Тухайн сахилгын шийтгэл ногдуулсан талаарх тушаалыг танилцуулаагүй, тушаал гарсан гэдгийг миний бие 2018 оны 12 дугаар сард мэдсэн. Аудитын газрын дүгнэлтэд заасан зөрчлийг гаргаагүй, дүгнэлт нь үндэслэл бүхий бус бөгөөд сануулах сахилгын шийтгэл оногдуулах тухай мэдэгдсэн бол түүнд тайлбар, гомдол гаргах боломжтой байсан.
Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг гаргахдаа 2018 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолын 8 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралт, Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Шийтгэл оногдуулсан захиргааны акт нь хэлбэрийн хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй болно. Тухайлбал мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдлыг гаргах этгээд болон хугацааг заана” гэсэн шаардлагад нийцээгүй.
2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгох хуулийн заалтыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/362 дугаар тушаал хүчингүй болгох тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь гаргасан. Энэхүү шийдвэрийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б нь өөрийн тушаалаар хүчингүй болгосноор миний бие дахин сахилгын шийтгэлтэй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болсон.
2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр тушаалыг надад мэдэгдээгүй бөгөөд миний бие 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин сахилгын шийтгэлийг өөрт оногдуулах үед мэдэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт, 47.2 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан нь хэлбэр, агуулгын хувьд хуульд нийцээгүй гэж үзэж байна. Тушаалын үндэслэл болгосон хуулийн заалт болох 47.1.6. 47.2 дахь заалтууд нь тухайн захиргааны акт нь илт хууль бус болох тухай зохицуулсан заалт болно. Мөн тушаалд Захиргааны ерөнхий хуулийн сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухай захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно" гэсэн заалтыг үндэслэл болгосон.
2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/362 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаал нь миний хувьд сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт биш болно.
Ө А З Д Т Г Д нь Авлигатай тэмцэх газарт гаргаж өгөх хөрөнгө орлогын мэдүүлгийн хугацааг хэтрүүлсэн, Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүргийг зөрчсөн гэх үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар сахилгын шийтгэлийг оногдуулсан байна. Энэхүү тушаалын үндэслэл нь бий болсон нөхцөлийг миний бие санаатай болон санамсаргүй үйлдлээр гаргаагүй гэж үзэж байна.
Санхүү, төрийн сангийн даргын албан тушаалд туршилтаар ажиллах хугацаа дуусгавар болсон гэж 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б/33 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон. Тухайн тушаалыг гарсны дараа 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр надад танилцуулсан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гарган үүрэгтэй. Тэрхүү үүргийг хэрэгжүүлэх хугацаа хүртүүлсэн шалтгаан нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан болох Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нь хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэх эрхийг нээж өгөөгүйгээс болж хугацаа хэтэрсэн юм. Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нь миний төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон тушаалыг мэдээгүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаад хяналт тавих албаны үүргээ зохих ёстойгоор гүйцэтгээгүйгээс болж энэхүү байдал үүссэн.
Манай байгууллагын албан хаагчдын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, тайлагнах, хадгалах эрх бүхий албан тушаалтан нь Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 196 дугаар тушаалын хавсралт “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам"-д заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүйн улмаас тайланг хоцроосон. Сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл, оногдуулсан зөрчлийн шинж нь миний үүрэгт ажлаа гүйцэтгэж байхаас үл хамаарсан шалтгаанаар бий болсон тул тухайн хариуцлагыг хүлээх эрх зүйн үндэслэлгүй.
Иймд Ө А З Д Т Г Д Ө.Б 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
“...Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаал нь а) Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт, б) Ёс зүйн хорооны 2019 оны 02 дугаар дүгнэлт, в) Санхүүгийн аудитын албаны 2019 оны танилцуулга, г) байгууллагын дотоод журмын зөрчсөн гэж үндэслэл болгосон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд төрийн албанаас халах шийтгэл хүлээлгэдэг байхад үндэслэлгүйгээр халах шийдвэрийг гаргасан.
Төрийн албаны салбар зөвлөлийн Ёс зүйн хорооны 2019 оны дүгнэлтийн хувьд тус хорооны гишүүн нь миний нэр дээр гомдлыг гаргаж, өөрөө тухайн гомдлыг хянах бүрэлдэхүүнд орж дүгнэлт хийсэн нь дүгнэлт үндэслэлгүй болсон. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Ёс зүйн хорооны гишүүн нь өөрийн болон эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүдтэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийхээс татгалзах ёстой байхад Ёс зүйн хороо болон Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанд оролцсон.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны болон Үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл ажиллахаар зохицуулсан байхад хүчингүй болсон журмаар байгуулагдсан Ёс зүйн хороо нь ажиллаж намайг зөрчил гаргасан хэмээх дүгнэлтийг хийсэн.
Энэхүү хууль бус дүгнэлттэй холбоотой гомдлыг дээд шатны байгууллага болох Төрийн албан зөвлөлд маргаан үүсгэсэн болно.
Мөн ажлаас халсан тушаалыг Санхүүгийн аудитын албаны 2019 оны хариу хүргүүлэх албан бичгийг үндэслэн Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж албан тушаалдаа хайхрамжгүй хандсан гэж ажлаас халах тушаалд дурдсан байна. Санхүүгийн аудитын албаны албан бичигт дурдсан зөрчлүүд нь миний буруутай үйл ажиллагаа бус тул түүнийг хариуцахгүй болно.
Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хуулиар хамгаалсан байхад түүнийг зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд надад 3 удаа сахилгын шийтгэл, Ёс зүйн хороог хуралдуулан дүгнэлт гаргасан, Санхүүгийн аудитын албанд чиглэл өгч дүгнэлтийг гаргуулан шийдвэр гаргасан үйлдлүүд хуульд нийцэхгүй юм.
Иймд Ө А З Д Т Г Д Ө.Б-ийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна”гэжээ.
Хариуцагч Ө.Б, түүний өмгөөлөгч Т.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/15ӨМА-2018/1/СТА-ТЕЗ дугаартай албан шаардлагад Өмнөговь аймгийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын баталгаажуулах аудитаар “...Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны жилийн эцэст төвлөрүүлэх 87.5 сая төгрөгийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад үүссэн өр төлбөрийг барагдуулсан нь Төсвийн тухай хуулийн дагуу төсөвт зохицуулалт хийх шат дараалсан арга хэмжээг зохион байгуулаагүй, төсвийг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж батлуулаагүй байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.3, 42.3.4, 61 дүгээр зүйлийн 61.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гээд тус албан шаардлагын 2 дугаар заалтаар “Ажил үүрэгтээ хариуцлагагүй ажилласан Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Н, ...нарт Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн дагуу хариуцлага тооцож биелэлтийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэхийг аймгийн Засаг даргад даалгав” гэсэн юм.
Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудитад нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах албан шаардлагыг төрийн Аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ”, Төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд тус хуулийн 28.2 дахь хэсэгт зааснаар “...зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж аудитын байгууллагын гаргасан албан шаардлагын заавал билэгдэх шинжийг хуульчилсан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан байхад нэхэмжлэгчээс “Аудитын газрын шаардлагад заасан зөрчлийг гаргаагүй, дүгнэлт үндэслэлгүй” гэж маргаж байгаа нь бодит байдалд үл нийцэж байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/04, Б/01 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан атлаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах 2018 оны 06 сарын байна 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар хэргийн оролцогч нар мэтгэлцэж маргааныг шийдвэрлүүлэх зарчимд нийцэхгүй байх тул дээрх захиргааны акттай холбогдуулан тайлбар гаргах шаардлага хариуцагчид байхгүй болно.
Харин хуулийн хүчин төгөлдөр болсон аймгийн Засаг даргын 2018 оны Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Г-ийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/362 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэснээс үзэхэд нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/28 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хандсан байхыг шаардах бөгөөд ямар нэгэн байдлаар захиргааны байгууллагад хандаагүй, тийм баримтыг ирүүлээгүй байхад Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь өөрийн хувийн явцуу ашиг сонирхлоор хандаж сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосон үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “захиргааны шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчихөөс гадна 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг хангаж байсан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны А/362 дугаар тушаалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/04 дүгээр тушаалаар хүчингүй болгож хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон юм.
Захиргааны байгууллагаас 2019 оны 01 сарын 08-ны өдрийн А/04 дүгээр тушаалыг Б.Н-д Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.У-аар биечлэн хүргүүлсэн нь Д.У-ын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан “...У миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/04 дүгээр тушаалыг уг тушаалын заалтаар өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17.00 цагт Нутгийн Удирдлагын ордны 212 тоот өрөө буюу Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан өрөөнд Б.Н-д гардуулан өгсөн нь үнэн болно” гэснээр нотлогдох юм.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гардан авч, актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн огноотой гаргаж, улмаар шүүх тухайн цаг хугацаанаас хойш хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэсэн захиргааны актад гомдол гаргах хуулийн хугацааг өнгөрөөсөн тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Авлигатай тэмцэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” 05/10039 дүгээр албан бичгийг аймгийн Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч мөн өдөр Хууль, эрх зүйн хэлтсийн даргад “Холбогдох арга хэмжээ авч хариу өгөх” гэсэн цохолттойгоор шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газрын дээрх албан бичгийг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 4-138 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлснээр миний бие анх олж мэдсэн. Хавсралт буюу Авлигатай тэмцэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05/10039 Албан бичигт “ХАСХОМ” гаргаагүй буюу хугацаа хоцроож мэдүүлсэн, албан үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалт зөрчсөн, шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн зэрэг зөрчил гаргасан албан тушаалтнуудад холбогдох хариуцлага хүлээлгэж ажиллахыг аймгийн Засаг даргад мэдэгдсэн байсан. Тус албан бичгийн нэгдүгээр хавсралт буюу “ХАСХОМ” гаргаагүй буюу хугацаа хоцроож мэдүүлсэн албан тушаалтны нэрс гэсэн хэсгийн 11 дэх заалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Н нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1 -д заасан “нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах” гэсэн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг заасан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Б.Н-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан юм.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг үүрэгжүүлсэн байхад нэхэмжлэгчээс “2019 оны 01 сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын үндэслэл нь бий болсон нөхцөлийг миний бие санаатай болон санамсаргүй үйлдлээр гаргаагүй, ...аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан болох Хууль, эрх зүйн хэлтсийн дарга албаны үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс энэхүү байдал үүссэн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 сарын 08-ны өдрийн А/04 дүгээр тушаал, 2019 оны 01 сарын 16-ны өдрийн “Б.Н-нд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Б.Н нь ёс зүйн зөрчил гаргасан талаар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 196 дугаар албан бичиг, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 05 дугаар албан бичиг, 01 дүгээр танилцуулга, П.А-ийн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан гомдол, Э.У-гийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гомдол, Э.Б.О-ы 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өргөдөл, “Си Эф Си групп” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол гаргах тухай” 01/17 дугаар албан бичиг зэргийг үндэслэн Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрээр байгуулагдсан Ёс зүйн хороо нь гомдлуудыг хянан хэлэлцээд Б.Н-г Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм /Хуучин буюу Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоол/-ийн 4.1.4, 5.2.2, 5.4.2, 5.3.1, 5.3.4, 5.5.1-д заасныг тус тус зөрчсөн гэж 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ‘Гомдол, мэдээлэл хянан шийдвэрлэсэн тухай” 02 дугаар дүгнэлтийг гаргаж, журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд танилцуулан тус зөвлөлөөр хэлэлцүүлж Төсвийн тухай хууль болон Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэн 2019 оны 01 дүгээр тогтоолыг гаргасан юм.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 7/5 дугаар тогтоолоор төсөв давхардуулан батлуулсан зөрчлийн талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны “Хариуцлага тооцуулах тухай” 196 дугаар албан бичгийн дагуу ажиллагаа хийгдэж зохих байгууллагад хандсанаар Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны “Хариу хүргүүлэх тухай” 05 дугаар албан бичигт Шалгалтаар 2018-2019 онд 490000.0 мянган төгрөгөөр 14 сумын Соёлын төвийг албан хэрэгцээний автомашинаар хангах зардлыг тогтоолын 10, 63 дугаар заалтад тус тус давхар тусган батлуулсан нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх” 5.1.5 “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул холбогдох албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцуулах тухай” саналыг ирүүлсэн.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны а/115 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны ерөнхий чиг үүрэг” хэсгийн 6.2-т “Төсвийн болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймгийн төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлтийн асуудал” гэж Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын чиг үүргийг заажээ.
Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтын 2 дахь хэсэг, Ажлын байрны үндсэн зорилт гэсэн хэсгийн 1-д “Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн суурь үзүүлэлтэд тулгуурлан төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, батлуулах, хуваарилан хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлагыг мэдээллээр хангах”, ажлын байрны гол үйл ажиллагаа хэсгийн 1-д “Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн суурь үзүүлэлтэд тулгуурлан төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн төслийг хүлээн авч, хянаж нэгтгэн, төсвийн зардлын норм, норматив, стандартын дагуу боловсруулан Сангийн яаманд хугацаанд нь хүргүүлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, хуваарилах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заажээ.
2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б-өөс Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Н-тэй байгуулсан Менежерийн 2018 оны үр дүнгийн гэрээний 17.3-т “2019 оны орон нутгийн төсвийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хугацаанд холбогдох газарт хүргүүлэх” гэснээр тухайн жилийн төсөл боловсруулах, батлуулах, хуваарилан хэрэгжилтийг зохион байгуулах, төслийг төлөвлөх чиг үүрэгтэй субъект нь дээрх батлагдсан баримт бичгүүдийн дагуу Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Н болох нь тогтоогдсон болно.
Б.Н-ийн албан ажилдаа хайхрамжгүй хандан алдаа гаргаж төсөв давхардуулан батлуулсан дээрх үйлдэл нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/354 дүгээр тушаалаар батлагдсан “Байгууллагын дотоод журам”-ын 33 дугаар зүйл “Хориглох зүйл” гэсэн хэсгийн 8-д заасан “Албан ажилдаа хайхрамжгүй хандаж, алдаа гаргах”, 34 дүгээр зүйл “Сахилгын шийтгэл ногдуулах” гэсэн хэсгийн 2-т заасан “33 дугаар зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн” гэсэнд нийцсэн тул зөвхөн энэхүү зөрчлийг гаргаж, тогтоогдсоноороо ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болж байгаа юм. Мөн “Байгууллагын дотоод журам”-ын 34 дүгээр зүйлийн 5-д зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан талаарх Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарч байна.
Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл хүлээх хэд хэдэн зөрчлийг /албан ажилдаа хайхрамжгүй хандаж алдаа гаргасан, ёс зүйн зөрчил гаргасан талаар ёс зүйн хорооны дүгнэлт гарсан/ үйлдэж, энэ нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэснээр гаргасан зөрчил тус бүрд нь хариуцлага хүлээлгэх боломжгүй тул 2019 оны Б/02 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаал нь дээр дурдсан буюу хуулиар хянан шалгах эрх олгогдсон эрх бүхий байгууллага, Зөвлөл, Комиссын “Б.Н-г холбогдох хууль, журам, ёс зүйн хэмжээ зөрчсөнийг тогтоосон тогтоол, дүгнэлт, танилцуулга”-ыг үндэслэл болгохоос гадна Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.2, 48.6 дахь хэсгийг тус тус үндэслэсэн.
Б.Н нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/28, 2019 оны Б/01 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан, сахилгын шийтгэлтэй хугацаа хуулийн 48.6 дахь хэсэгт зааснаар дуусгавар болоогүй байхад дахин сахилгын зөрчил гаргасныг харгалзан 48.1.3-д заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийг оногдуулсан.
Иймээс Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Б.Н-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Гуравдагч этгээд С.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан бүхий 3 акт байгаа. Санхүү төрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу гуравдагч этгээдээр татагдсан субъектийн эрх ашиг нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2019 оны 02 дугаар сарын 04-ний Б/02 тушаалыг хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч эрх ашиг хөндөгдөх асуудал яригдах учраас бусад тушаалын хууль зүйн үндэслэл, тайлбарын талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлэхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагад тайлбарласан тайлбарууд хариуцагчийн өмгөөлөгчийн саналтай давхцаж байгаа тул уг тайлбарыг дэмжиж оролцож байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 2018 оны А/362 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар “Б.Н-д сахилгын шийтгэл оногдуулж, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар “Б.Н-г ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж” шийдвэрлэжээ.
Маргаан бүхий дээрх захиргааны актуудын хүрээнд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “захиргааны акт гаргахдаа “хуульд нийцүүлэх” шаардлагыг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “Б.Н нь удаа дараа төрийн албан хаагчийн хуулиар болон ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан тул хуулийн дагуу шийдвэрлэсэн” зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргах тул тэдгээр үндэслэлд шүүхээс дараах байдлаар дүгнэлт өгөв. Үүнд:
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар тушаалыг[1] хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд:
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Г 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/362 дугаар тушаалаар “аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн б/28 дугаар “Б.Н-д сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
Энэ тушаалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б хүчингүй болгон, маргаан бүхий 2019 оны А/04 дүгээр тушаалыг гаргажээ.
Хариуцагчаас энэ тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Учир нь тухайн тушаал гарсан өдөр нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17.00 цагт Б.Н-д тушаалыг хүлээлгэн өгсөн гэх аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.У-ын бичгээр гаргасан тайлбар байх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, бусад байдлаар хүлээлгэн өгснийг нотлох аливаа баримт байдаггүй нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[2] тогтоогдох тул нэхэмжлэгч Б.Н-ийн “...тухайн өдөр хүлээж аваагүй, дараагийн сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг гардан авахдаа ийм тушаал гарсныг мэдсэн...” гэх тайлбар үгүйсгэгдэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь нотлогдохгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 92.2-т “Энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д "гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг”, 10 дугаар зүйлийн 1-д “Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна...” гэж заасан нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны актыг хянуулахаар захиргааны байгууллагад хандах хэлбэрийг зохицуулсан хэм хэмжээ бөгөөд “гомдол”-ыг бичгээр гаргахаар тусгайлан заасан, нарийвчилсан зохицуулалт байна.
Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Г 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/362 дугаар тушаалаар “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.” 48 дугаар зүйлийн 48.1 “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” дэх хэсгийг тус тус үндэслэн...2018 оны Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгосугай...” гэж шийдвэрлэснээс үзэхэд хуулийн эдгээр зохицуулалт нь нэхэмжлэгчээс сахилгын шийтгэл оногдуулсан 2018 оны Б/28 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хандсан байх урьдач нөхцөлийг шаардаж байна.
Хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгыг авч үзвэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь тушаал гаргахын өмнө илт хууль бусад тооцуулахаар гаргасан Б.Н-ийн гомдлыг хүлээн авсан байх, захиргааны байгууллагаас хууль, тогтоомжид заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байхаар зохицуулсан нь уг захиргааны актыг гаргахад тавигдах эрх зүйн тусгай шаардлага болж, эдгээрийг бүрэн хангасан тохиолдолд “хуульд нийцсэн” гэж үзэхээр байна.
Гэтэл нэхэмжлэгч Б.Н нь сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг илт хууль бусад тооцуулах тухай гомдлоо албан тушаалтанд гаргаагүй, гомдол хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явагдаагүй байхад сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул /гомдол гаргасан, хянан шийдвэрлэхтэй холбогдох ямар нэгэн баримт байдаггүй/ “...2018 оны А/362 дугаар тушаал нь... зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн...тул хүчингүй болгосон...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Эндээс маргаан бүхий захиргааны акт, түүний үндэслэл болгосон эрх зүйн хэм хэмжээг дээрх үйл баримттай харьцуулан дүгнэвэл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” зарчмыг зөрчиж гарсан захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгч Б.Н нь зөвхөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр тушаалтай маргаж байгаа тул сахилгын зөрчил гаргасан эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн сахилгын шийтгэлгүй гэх эрх сэргэх боломжгүй болохыг дурдав.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр “Б.Н-д сахилгыг шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Уг маргаан бүхий захиргааны актаар Б.Н-г “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хожимдуулж мэдүүлсэн зөрчил гаргасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ.[3]
Авлигатай тэмцэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05/10039 дүгээр албан бичгээр Өмнөговь аймгийн Засаг даргад “...хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлээгүй буюу хугацаа хожимдуулж мэдүүлсэн...албан тушаалтанд хариуцлага тооцож...хариу ирүүлнэ үү” гээд 1 дүгээр хавсралтын 11 дүгээрт Б.Н аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, хүлээлгэх хариуцлага-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1 дэх хэсэг гэжээ[4].
Авлигатай тэмцэх газрын хяналт, шалгалтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Н нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг /ХАСХОМ/ хугацаа хожимдуулж мэдүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нь зөрчил гаргасан үйл баримтад маргадаггүй, харин эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хугацаа хожимдуулж мэдүүлсэн гэж маргадаг нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, сонсох ажиллагаа зохион байгуулсан тэмдэглэл[5] зэргээр тодорхойлогддог.
Иймд шүүхээс нэхэмжлэгч Б.Н-ийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хожимдуулж мэдүүлсэн үйл баримтад дүгнэлт хийсэнгүй, энэ зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл бий эсэхийг дүгнэв.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж тус тус заасныг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан албан тушаалд шинээр сонгогдсон буюу томилогдсон этгээд ийнхүү сонгогдсон буюу томилогдсон өдрөөс 30 хоногийн дотор, цаашид жил бүр гаргах үүргийг хуулиар хүлээлгэсэн зохицуулалт гэж ойлгоно.
Мөн Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хуулийн үйлчлэлд хамаарна гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтууд нь Авлигын эсрэг хуулийн болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д “холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлэх” нийтлэг үүрэг гэж тусгайлан зохицуулжээ.
Нэгэнт төрийн албан хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1 дэх хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хугацаа хожимдуулж мэдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд тогтоогдсон зөрчилд хариуцлага тооцох хуульд заасан хугацааны дотор “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар “Б.Н-д сахилгыг шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Н энэ нэхэмжлэлийн үндэслэлээ “...төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж урамшуулал авсан, аймгийн Тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнуулж байсан нь чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснийг нотолно...ёс зүйн болон Санхүүгийн аудитын газрын албан бичигт дурдсан зөрчлүүдийг гаргаагүй...” гэж тайлбарлан маргажээ.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалд “... удаа дараа сахилгын зөрчил гаргасан, ажилдаа хайхрамжгүй хандаж алдаа гаргасан, ёс зүйн дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж дурдсан уг актыг гаргах болсон шалтгаан, нөхцөлийг шалган, улмаар акт үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэв.
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичгээр “...Б.Н нь...2019 оны төсвийг батлуулахдаа сумдын соёлын төвүүдийг автомашинаар хангах 490,0 сая төгрөгийг давхардуулан тусгаж, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5 дахь заалтуудыг зөрчиж, ажилдаа хайнга хандсан... хариуцлага тооцон ажиллана уу...”[6] гэж, Санхүү хяналт, аудитын албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар албан бичигт “...шалгалтаар 2018-2019 онд 490,0 сая төгрөгийн зардлыг давхар тусган батлуулсан...холбогдох албан тушаалтанд... арга хэмжээ тооцох саналыг хүргүүлж байна...”[7] гэж аймгийн Засаг даргын Тамгын газарт тус тус санал хүргүүлж, энэ зөрчил гарсан болохыг холбогдох шалгалтаар тогтоожээ.
Нэхэмжлэгч Б.Н-ийн “... Төсвийн тухай хуулиар төсөв батлуулахтай холбогдох хариуцлагыг аймгийн Засаг дарга хүлээх ёстой...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, төсвийн төслийг боловсруулах, төлөвлөх, хянах, батлуулах зэрэг чиг үүргийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга хэрэгжүүлдэг болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт”-ийн[8] ажлын байрны зорилго нь “...аймгийн санхүү, төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт...хийх ажлыг зохион байгуулах...” гэж, ажлын байрны үндсэн зорилтын 1-д “...төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, батлуулах, хуваарилан хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлагыг мэдээллээр хангах”, ажлын байрны гол үйл ажиллагаа хэсгийн 1-д “..төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн төслийг хүлээн авч хянаж, нэгтгэн, төсвийн зардлын норм, норматив, стандартын дагуу боловсруулан...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, хуваарилах...” гэж, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажлын байрны ерөнхий чиг үүрэг”-т[9] “Төсвийн болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах аймгийн төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлтийн асуудал” гэж тус тус заасан тул төсвийг төлөвлөх, хянах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан дээрх зөрчлийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Н-г гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Маргаан бүхий 2019 оны Б/02 дүгээр тушаалд “...Б.Н нь Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны дүгнэлтээр... ёс зүйн дүрмийг зөрчсөн...” гэх үндэслэлийг дурдсан байна.
Ёс зүйн хорооны дүгнэлтэд “...Б.Н-д хариуцлага тооцуулах тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 196 дугаар албан бичиг, Аудитын газрын дарга П.А, Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Э.У, Э.Б.О, “Си ЭФ Си” ХХК-ийн гомдол, өргөдлөөр ёс зүйн зөрчлийг хянан хэлэлцээд... Б.Н-г ёс зүйн зөрчил гаргасан...” гэжээ.
Хэрэгт ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл[10], Э.Б.О-ны “...хамт олон, олон нийтийн өмнө бүдүүлэг үг хэллэгээр гутаан доромжлох, байнгын дарамтад ажиллуулж байгаа нь хэвийн үзэгдэл боллоо...”, Э.У-ийн “...намайг болон хэлтсийн мэргэжилтнүүдийг байнгын ёс бус үгээр гутаан доромжилдог...”, С.У-ийн “...арга хэмжээ, албан томилолтоор явж байхдаа архи дарс ууж согтон, мэргэжилтэн, нягтлангууд руугаа зүй бусаар харьцаж мууддаг...”, Ё.Н-ийн “... Хэлтсийн дарга Б.Н-д хандан миний зүгээс болон хэлтсийн ажилтнуудаас зан харилцааны доголдолтой байгааг хэлж байсан...”, “Си Эф Си” групп ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/17 дугаар “гомдол гаргах тухай” албан бичигт “...Б.Н өөрт цохогдон очсон асуудлыг тодорхойгүй шалтгаанаар өдийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй удаа дараа хүнд суртал гаргаж, биднийг болоод төрийн ажлыг гацааж удаашруулан.... ёс зүйгүй байдал гаргаж, хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж, хүндрэл учруулж байгаад нэн гомдолтой байна...” зэрэг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Н-д холбогдох гомдол, тайлбар, баримтууд авагдсан.
Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”; 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Б.Н нь албан үүргээ гүйцэтгэх байхдаа “Байгууллагын дотоод журам”-ын 33 дугаар зүйлийн 8-д “Албан ажилдаа хайхрамжгүй хандаж, алдаа гаргах”, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн /2010 оны/ 5 дугаар зүйлийн 5.4.5-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа… бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Төсөв төлөвлөх, хянах, батлуулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төсөв давхардуулсан, ажилтнуудтай зүй бус харьцдаг болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг үйлдэл нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй байна. Иймд “ажилдаа хариуцлагатай хандаж, ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудал нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэх нэхэмжлэгчийн гомдол үгүйсгэгдэж байна
Мөн нэхэмжлэгчээс “... Ёс зүйн хорооны нэршил буруу, хуралдсан өдөр нь өөр өөрөөр бичигдсэн, хүчингүй болсон журмыг баримталсан” гэх боловч дээр дурдсанчлан нэхэмжлэгч Б.Н-ийн ёс зүйн зөрчил нь баримтаар тогтоогдсон байна.
Маргаан бүхий актын нэг үндэслэл болсон удаа дараа сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн талаарх баримт энэ шийдвэрт дүгнэгдэж, дурдагдсан болно.
Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа өөрийн сонгох боломжийн хүрээнд зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл оногдуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсгийн 106.3.14 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Н-ээс Ө А З Д Т Г Дд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалуудыг хүчингүй болгох, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА
[1] Хэргийн 12 дахь талд
[2] Хэргийн 145-147 дахь талд
[3] Хэргийн 25 дахь талд
[4] Хэргийн 44-46 дахь талд
[5] Хэргийн 14-15, 50 дахь талд
[6] Холбогдох баримтууд хэргийн 61-67 дахь талд
[7] Хяналт шалгалтын танилцуулгын хамт хэргийн 71-73 дахь талд
[8] Хэргийн 174 дэх талд
[9] 2 дахь хавтасны 84 дэх талд
[10] 2 дугаар хавтасны 69-70 дахь талд