Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1553

 

 

 

 

 

        2017         07           05  

           1553

 

 

С.Нямдаваагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00873 дугаар шийдвэртэй, С.Нямдаваагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Болдод холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 227 850 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг, учирсан хохиролд 540 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй  хэргийг,

 

Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсад,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Номундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нямдаваа нь хариуцагч буюу өмгөөлөгч Б.Болдтой уулзаж “Материал Импекс” ХК-д холбоотой асуудлаар уулзаж зөвлөгөө авахдаа түүнд нөхцөл байдлаа маш тодорхой ярьсан байдаг. Ингээд С.Нямдаваа нь хэргийн материалаа Б.Болд өмгөөлөгчид танилцуулсан ба хариуцагч нь бараг сар гаруй хугацаа болсны дараа хариу хэлэхдээ энэ бол бүрэн боломжтой зүйл байна гээд эхлээд 5 000 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд явцын дунд Б.Болд өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 13 000 000 000 төгрөг болгоод нэмэгдүүлчих гэж хэлсэн байдаг. Энэ үед их хэмжээний улсын тэмдэгтийн хураамж төлөх болсон тул дахин лавлахад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах боломжтой гэж зөвлөгөө өгсөн. Ингээд талууд 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 4 дүгээр зүйлд С.Нямдаваагийн хүсэл сонирхол тусгагдсан байсан. Гэрээний 1.1-д нийт хохирлыг гаргуулах тухай иргэний хэрэгт өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өмгөөлөгч нь итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг бүрэн төлөөлнө гэж тохиролцсон. Зохих үйлчилгээ гэдэг нь 13 000 000 000 төгрөгийн маргаан болохоос биш өөр 5 000 000 000 төгрөгийн асуудал яригдаагүй юм. Гэрээний 2.1-д үйлчлүүлэгчийн нэхэмжилсэн нийт хохирлын 10 хувийг өмгөөллийн хөлс гэж ерөнхийд нь тохиролцсон байдаг. Энэ нь 13 000 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж чадвал 10 хувийг нь өгье гэж, эхний ээлжинд гэрээнд 200 000 000 төгрөгөөр тусгахаар тохиролцсон. Хэрвээ өмгөөлөгч нь бүх шатны шүүхийн ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийн дагуу хариуцагчаас хохирлыг гаргуулж чадаагүй тохиолдолд үйлчлүүлэгчийн төлсөн 180 000 000 төгрөгийг үл маргах журмаар ажлын 3 хоногт буцааж төлнө гэсэн заалтыг гэрээнд тусгасан. Хариуцагч Б.Болд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1, 2.1, 2.2-т заасны дагуу анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож шүүхийн эцсийн шат хүртэл нэхэмжлэлийн дагуу “Материал Импекс” ХК-иас хохирлыг барагдуулах тухай шийдвэр гаргуулах үүргийг хүлээсэн байгаа. Гэтэл Б.Болд нь итгэмжлэл аваагүй, гэрээнд заасны дагуу С.Нямдавааг бүрэн төлөөлөх эрхээ хэрэгжүүлээгүй. Б.Болд нь 3 шатны шүүхийн ажиллагаанд өөрөө оролцоогүй, хүний итгэл үнэмшлийг төрүүлж ийм их хэмжээний мөнгө хөлсөнд аваад өмгөөлөх эрхээ шүүх хуралдаанд хэрэгжүүлээгүйд нь гомдолтой байдаг. Өмгөөлөгч Б.Болдын хууль зүйн зөвлөгөөний дагуу нийтдээ 195 798 985 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж давхар хохирсон байдаг. Гэхдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч талаас үйлчилгээний хөлсөнд авсан 180 000 000 төгрөгийг буцааж төлөхийг Б.Болд хүлээн зөвшөөрч, энэ мөнгийг төлөх хугацаа өгөхийг хүссэн байдаг. Ингээд харилцан ярилцаад Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу өмнөх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг зээлийн гэрээний үүргээр сольсон. 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг байгуулж мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дуусгавар болгосон. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1-д заасны дагуу Б.Болд нь 2014 оны 12 дугаар сард багтаан зээлийн гэрээний үүрэг 180 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэсэн үүргийг хүлээсэн байдаг. Хариуцагч нь 10 000 000 төгрөгөөр хэд хэдэн удаа шилжүүлж 40 000 000 төгрөг төлсөн гэдэг боловч бодит байдалд 25 000 000 төгрөгийг төлсөн. Харин хариуцагчийн 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлсөн гэх 8 700 ам.доллар буюу 15 000 000 төгрөг нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй, хариуцагч нь хувиараа 15 000 000 төгрөг зээлсэн байдаг. Зээлийн гэрээний 1.1-д заасны дагуу хариуцагч Б.Болд нь үлдэгдэл 155 000 000 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тул уг гэрээний 1.6-д заасны дагуу 94 хоногийн алданги тооцон 72 850 000 төгрөгийг нэмж, нийт 227 850 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, өмгөөлөгч О.Батжаргал, Б.Номуундарь нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан, энэхүү гэрээнд заасан үүргээ хариуцагч Б.Болд нь гэрээг мөрдөгдөж эхлэхээс өмнө хэрэгжүүлээд эхэлсэн. 2012 оны 09 дүгээр сараас эхлэн “Материал Импекс” ХК-ийн удирдлагатай уулзаж эвлэрүүлэх талаар уулзаж, эвлэрэх боломжгүй бол маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх талаар мэдэгдсэн. Гэрээний төслийг хариуцагч нь хэд хэдэн удаа С.Нямдаваад   хүргүүлж байсан бөгөөд гэрээний төсөлд одоо нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2.3 гэх заалт огт байгаагүй. Хагас жилийн дараа нэхэмжлэгч өөрөө гэрээний төсөл боловсруулаад төсөл дээр гарын үсэг зурахыг тулган шаардсан байдаг. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг зээлийн гэрээгээр сольсон гэдэг нь үндэслэлгүй тайлбар юм. Хэрэв үүрэг сольж байгаа бол мөнгөөр эсхүл эд хөрөнгөөр юм уу, өөр ажил үйлчилгээ үзүүлэх байдлаар төлсөн тохиолдолд өөр үүргээр сольсон гэж үзнэ. Хариуцагч Б.Болд нь 3 хоногийн дотор төлбөрийг  төлж чадахгүй нь иймд хугацаа олгох гэж зээлийн гэрээний үүргээр сольсон гэж ярьдаг, гэвч 3 хоногийн хугацааг сунгасан бол тэр талаар зээлийн гэрээний хугацаа сунгасан тохиролцоо хийх  байсан.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, өмгөөлөгч О.Батжаргал, Б.Номуундарь нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 180 000 000 төгрөг нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж өгсөн ажлын хөлсийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж байгаа. Гэтэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний үүрэг гэрээ байгуулагдсан байж болох боловч бодит үйлдэл хийгдсэнээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог онцгой зохицуулалттай. Гэтэл 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч С.Нямдаваагаас хариуцагч Б.Болдод бэлэн мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Харин нэхэмжлэгч С.Нямдаваа болон хариуцагч “Материал импекс” ХК-ийн хооронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож зөвлөгөө өгөх, мөн өөрийн өмгөөлөгчийг оролцуулсны үндсэн дээр “Материал импекс” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн 5 000 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний дагуу гарсан үр дүн гэж үзнэ. Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар 540 000 000 төгрөгийг хангаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлэх  шаардлагад энэхүү шаардлагаа нэмэгдүүлж 500 000 000 төгрөг гаргуулан авах эрхтэй гэж байгаа боловч үүнээс 180 000 000 төгрөгийг хасч тооцох хэрэгтэй гэсэн. Б.Болд нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тайлбартаа 180 000 000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зуучлуулж гэрээг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өмнөх шүүх хуралдаанд П.Цэрэн-Очир 180 000 000 төгрөгийг хасч тооцно гэдэг нь 180 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараа хэлсэн. Харин 5 тэрбум төгрөгийн гэрээ хийгээгүй гэдгээ тайлбартаа хэлсэн, энэ үнийн дүнгээр гэрээ байгуулаагүй атлаа 500 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. 2013 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд өмгөөлөгч Б.Болдод хүргүүлсэн мэдэгдэлд 180 000 000 төгрөгөө буцааж авахыг хүссэн. Бид хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болсон учраас зээлийн гэрээний дагуу шаардсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, гэрээний гол зарчмыг өөрсдөө тохиролцох үүднээс хариуцагч зээлдэгчид зээлийн мөнгийг төлөхөөр үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна. Сөрөг нэхэмжлэлийн 5 тэрбумтай холбоотой асуудлаар гэрээ байгуулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6  дахь хэсэгт зааснаар Б.Болдоос зээлийн гэрээний үүрэг 227 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Нямдаваагийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар С.Нямдаваа, Б.Болд нарын байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэгч С.Нямдаваагаас 540 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Болдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар С.Нямдаваагаас 1 058 000 төгрөг гаргуулж Б.Болдод олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 1 508 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 4 073 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, талуудын хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан Хан-Уул дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07178, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04427 дугаар шүүгчийн захирамжуудын үйлчлэлийг тус тус дуугавар болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Нямдаваа давж заалдах гомдолдоо: Хариуцагч Б.Болд нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч талаас авсан 180 000 000 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагч талын тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүх мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёр тал хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний гол нөхцөл болох 2.3-т заасны дагуу урьдчилгаанд төлсөн 180 000 000 төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон тул өмгөөлөгч Б.Болдоос уг мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Нэхэмжлэгч С.Нямдаваагийн зүгээс 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Б.Болдод албан ёсоор мэдэгдэл хүргүүлж "Материал импэкс" ХК-иас 13 002 479 000 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн тул хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3-т заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 180 000 000 төгрөгийг эргүүлэн төлөхийг мэдэгдсэнийг хариуцагч Б.Болд нь хүлээн авч нэхэмжлэгч С.Нямдаваатай зээлийн гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан, хариуцагч Б.Болд нь анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хариу тайлбартаа зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөрсөн тайлбар өгсөн байгаагаас талууд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3 дахь үүргийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэхээр тохиролцсон болох нь харагддаг. Хариуцагч Б.Болд нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлээгүй тул талууд үүргийг өөрчлөх талаар тохиролцон уг гэрээний үүргийг дуусгавар болгон шинэ буюу зээлийн гэрээний харилцааг үүсгэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцсэн буюу өмнөх үүргийг дуусгавар болгосон. Иймээс талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, өмнөх үүргийн хэмжээг зээлийн гэрээний зүйл болгож, үүрэг биелүүлэх хугацаа, үүрэг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тухайн гэрээнд тусгасан байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу гэрээний гол нөхцлүүд болон гэрээний зүйл, түүгээр тодорхойлогдох нөхцөл байдлууд, улмаар тухайн гэрээний үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн агуулгаас үзэхэд зээлийн гэрээ нь талуудын хооронд мөнгөн хөрөнгө зээлдэх, зээлдүүлэх тухай хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, улмаар гэрээний гол нөхцөлийг өөрсдөө тохиролцох зарчмын үүднээс хариуцагч буюу зээлдэгч гэрээний зүйл болох зээлийн мөнгийг төлөхөөр үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Б.Болд нь хоёр талын байгуулсан зээлийн гэрээний 1.1-д заасны дагуу 2014 оны 12 дугаар сард багтаан 180 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч хугацаа зөрчиж 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж байсан үйл баримтаар болон Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт заасны дагуу өөрийн бодит үйлдлээр дээрх зээлийн гэрээг байгуулснаа хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн дээрх хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ сольж зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 155 000 000 төгрөг, гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээнд тохиролцсон алданги 72 850 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.Болдоос 227 850 000 төгрөгийг гаргуулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Болд давж заалдах гомдолдоо: С.Нямдаваатай байгуулсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний хөлс төлөх талаар тохиролцсон заалтуудаас үзэхэд, сөрөг нэхэмжлэлийн дүн нь үндсэн нэхэмжлэлийн нэгэн адил нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн эсхүл бууруулсан дүнд тооцогдох бөгөөд хэрэв сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэрээр хангагдсан тохиолдолд С.Нямдаваагийн хувьд алдагдал буюу хохирол болж төлбөр төлөх, хэрэгсэхгүй болгосон тохиолдолд ашиг олж төлбөрөөс чөлөөлөгдөх шинжтэй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний буюу өмгөөлөгчийн үйл ажиллагааны үр дүн болох 500 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ "өмгөөлөгч нь хэрэг маргааныг ашигтайгаар шийдвэрлүүлэх амлалт баталгаа өгөх эрхгүй" гэсэн нь сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэлд нийцэхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй тул үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгч талд хэрэг маргааныг ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэдэг амлалт, баталгаа гаргах хууль зүйн боломж байхгүй тул зөвхөн хуульд хэрхэн зохицуулж тусгагдсан тухай хуулийн заалтыг тайлбарлаж танилцуулах үүргийг гүйцэтгэж, гэрээний заалтыг баримтлан гаргасан шаардлага юм. Нөгөө талаар, өмгөөлөгч нь шүүхээс гаргах шийдвэрийг шүүхийн өмнөөс гаргах эрхгүй болох нь ойлгомжтой тул нэхэмжлэгчийн энэ талаар тайлбарлаж байгаа нь түүнд ашигтай шийдвэр гаргуулахын төлөө боломжоороо ажиллаж байсан хүнийг гутаан доромжилсон үйлдэл. Иймээс хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1-д заасныг баримтлан С.Нямдаваагаас 360 000 000 төгрөг гаргуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч С.Нямдаваа нь хариуцагч Б.Болдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 270 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 540 000 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигчид 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Нямдаваагийн нэхэмжлэлтэй “Материал импекс” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх, нэхэмжлэгч нь 200 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу хариуцагч 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  180 000 000 төгрөг хүлээн авсан болох нь хэргийн 5-6 дугаар тал дахь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 7 дугаар тал дахь тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч С.Нямдаваагийн нэхэмжлэлтэй хариуцагч “Материал импекс” ХХК-д холбогдох 13 002 479 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 5 000 000 000  төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Б.Болд хууль зүйн туслалцаа үзүүлсэн байх ба уг хэргийг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 932 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 462 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 570 дугаар тогтоолоор үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны үйл баримтын талаар хийсэн эрх зүйн дүгнэлт нь хуульд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, гэрээний 2.3 дахь заалтыг үндэслэн 180 000 000 төгрөгийг буцаан өгөхийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэний дагуу зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчид 180 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцжээ.

Уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 180 000 000 төгрөг шилжүүлэн өгөөгүй, харин хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн мөнгийг буцаан авах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.3-т “бүх шатны шүүхийн ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийн дагуу хариуцагчаас хохирлыг гаргуулж чадаагүй тохиолдолд үйлчилгээний хөлсийг 100 хувь буюу 180 000 000 төгрөгийг буцаан төлнө” гэж заасан нь хөлсөөр ажиллах гэрээний болон өмгөөлөгчөөс хууль зүйн үйлчилгээ үзүүлсний төлөө хөлс авах тухай хуулийн агуулгатай нийцээгүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2 дахь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр  ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээдэг ба гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байх мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авахаар зохицуулсан байна.

Хариуцагч Б.Болд болон түүний өмгөөллийн баг 3 шатны шүүхээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөр оролцож байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор заасан тул гэрээний 2.3 дахь заалт хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.3 дахь заалтаас бусад хэсэг нь хүчин төгөлдөр болно.

2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.3 дахь заалтыг үндэслэн байгуулагдсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Хариуцагчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний үр дүн буюу 5 000 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 932 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 462 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 570 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон ба энэ талаар талууд гэрээгээр тохиролцоогүй тул нэхэмжлэгчээс 540 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 180 000 000 төгрөг хүлээн авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00873 дугаартай С.Нямдаваагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Болдод холбогдох хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 2 197 200 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 957 950  төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧИД                        Б.НАРМАНДАХ

 

                                                                                        А.МӨНХЗУЛ