Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00873

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун хотхон 116 дугаар байрны 109 тоотод оршин суух, Самдангийн Нямдаваа /РД:УО76012514/-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун, АОС байр 2 тоотод оршин суух, Монхор овогт Бямбажавын Болд /РД:ЧС54103179/-д холбогдох,

          зээлийн гэрээний  үүрэгт 227 850 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014.04.03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг, учирсан хохиролд 540 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, М.Цэдэнпунцаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн өмгөөлөгч О.Батжаргал, Б.Номуундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Базарсад шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн С.Нямдаваа нь хариуцагч хуульч, өмгөөлөгч Б.Болдтой уулзаж “Материал Импекс” ХК-д холбоотой асуудлаар зөвлөгөө авсан, анх уулзаж зөвлөгөө авахдаа хариуцагчид нөхцөл байдлаа маш тодорхой ярьсан байдаг. Ингээд иргэн С.Нямдаваа хэргийн материалаа Б.Болд өмгөөлөгчид танилцуулсан ба хариуцагч нь бараг сар гаруй болсны дараа хариу хэлэхдээ энэ бол бүрэн боломжтой зүйл байна гээд эхлээд 5.000.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд явцын дунд Б.Болд өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 13.000.000.000 төгрөг болгоод нэмэгдүүлчих гэж хэлсэн байдаг. Энэ үед их хэмжээний улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр гарсан тул С.Нямдаваа нь тооцож дахин өмгөөлөгчөөс лавлахад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах боломжтой гэж Б.Болд зөвлөгөө өгсөн байдаг. Ингээд талууд 2013 оны 02 сарын 26-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, гэрээний 4 дүгээр зүйлд иргэн С.Нямдаваагийн хүсэл сонирхол тусгагдсан байсан. Энэ гэрээнд нэг талаас өмгөөлөгч Б.Болд, нөгөө талаас С.Нямдаваа гарын үсэг зурсан байдлаас харахад ямар нэг төөрөлдсөн, дарамт, шахалтанд автсан зүйл байхгүй байгаа юм. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д нийт хохиролыг гаргуулах тухай иргэний хэрэгт өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өмгөөлөгч нь итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг бүрэн төлөөлнө гэж тохирсон. Бүрэн төлөөлнө гэдэг нь Б.Болд гэдэг хүн С.Нямдаваагийн өмнөөс эрхийг нь эдэлж шүүхэд төлөөлж явах ёстой. Зохих үйлчилгээ гэдэг нь 13.000.000.000 төгрөгийн маргаан болохоос биш өөр 5.000.000.000 төгрөгийн асуудал яригдаагүй юм. Гэрээний 2.1-д үйлчлүүлэгчийн нэхэмжилсэн нийт хохирлын  10 хувийг өмгөөллийн хөлс гэж ерөнхийд нь тохирсон байдаг. Энэ нь 13.000.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж чадвал 10 хувийг нь өгье,  эхний ээлжинд гэрээн дээр 200.000.000 төгрөгөөр тусгахаар тохирсон. Хэрвээ өмгөөлөгч нь бүх шатны шүүхийн ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийн дагуу хариуцагчаас хохирлыг гаргуулж чадаагүй тохиолдолд үйлчлүүлэгчийн төлсөн 180.000.000 төгрөгийг үл маргах журмаар ажлын 3 хоногт буцааж төлнө гэсэн заалтыг гэрээнд оруулж, иргэн С.Нямдаваа нь итгээд 180.000.000 төгрөгийг  өгсөн. Хариуцагч Б.Болд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1, 2.1, 2.2-т заасны дагуу анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож шүүхийн эцсийн шат хүртэл нэхэмжлэлийн дагуу “Материал Импекс” ХК-иас хохирлыг барагдуулах тухай шийдвэр гаргуулах үүргийг хүлээсэн байгаа. Гэтэл Б.Болд нь итгэмжлэл аваагүй, гэрээнд заасны дагуу иргэн С.Нямдавааг бүрэн төлөөлөх эрхээ хэрэгжүүлээгүй. Б.Болд нь 3 шатны шүүхийн ажиллагаанд өөрөө оролцоогүй, хүний итгэл үнэмшлийг төрүүлж ийм их хэмжээний мөнгө хөлсөнд аваад өмгөөлөх эрхээ шүүх хуралдаанд хэрэгжүүлээгүйд нь нэхэмжлэгч С.Нямдаваа гомдолтой байдаг. Өмгөөлөгч Б.Болдын хууль зүйн зөвлөгөөний дагуу нийтдээ 195.798.985 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж давхар хохирсон байдаг. Бид энэ мөнгийг нэхэмжлээгүй. Гэхдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч талаас үйлчилгээний хөлсөнд авсан 180.000.000 төгрөгийг буцааж төлөхийг Б.Болд хүлээн зөвшөөрч, энэ мөнгийг төлөх  хугацаа өгөхийг хүссэн байдаг. Ингээд харилцан ярилцаад Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу өмнөх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Зээлийн гэрээний үүргээр сольсон байдаг. Ингээд 2013 оны 4 сарын 03-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг байгуулж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дуусгавар болгосон. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1-т заасны дагуу Б.Болд нь 2014 оны 12 дугаар сард багтаан зээлийн гэрээний үүрэг 180 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэсэн үүргийг хүлээсэн байдаг. Хариуцагч нь 10.000.000 төгрөгөөр хэд хэдэн удаа шилжүүлж  40.000.000  төгрөг төлсөн гэдэг боловч бодит байдал дээр 25.000.000  төгрөгийг төлсөн. Харин хариуцагчийн 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлсөн гэх 8.700 ам доллар буюу 15.000.000 сая төгрөг нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй,  хариуцагч нь хувиараа 15.000.000 төгрөг зээлсэн байдаг. Зээлийн гэрээний 1.1-д заасны дагуу хариуцагч Б.Болд нь үлдэгдэл 155.000.000 төгрөгийг тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний 1.6-д заасны дагуу 94 хоногийн алданги тооцон 72 850 000 төгрөгийг нэмж  нийтдээ 227 850 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд хууль зүйн туслалцаа авах гэрээ 2013 оны 02 сарын 26-нд байгуулагдсан, энэхүү гэрээнд заасан үүргээ хариуцагч Б.Болд нь гэрээг мөрдөгдөж эхлэхээс өмнө хэрэгжүүлээд эхэлсэн байдаг. 2012 оны 9 сараас эхлэн “Материал Импекс” ХК-ийн удирдлагатай уулзаж эвлэрүүлэх талаар уулзаж, эвлэрэх боломжгүй бол маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх талаар мэдэгдсэн байдаг. Гэрээний төслийг хариуцагч нь хэд хэдэн удаа С.Нямдаваад   хүргүүлж байсан бөгөөд гэрээний төсөлд одоо нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2.3 гэх заалт огт байгаагүй. Хагас жилийн дараа нэхэмжлэгч өөрөө гэрээний төсөл боловсруулаад төсөл дээр гарын үсэг зурахыг тулган шаардсан байдаг. Талууд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж тайлбар гаргасан. Үндсэндээ зээлийн гэрээнд ч Нямдаваа нь тулган шаардах, дарамтлах байдлаар гарын үсэг зуруулсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг зээлийн гэрээгээр сольсон гэдэг нь үндэслэлгүй тайлбар юм. Мөнгөн төлбөрийн үүргийг мөнгөн төлбөрийн үүргээр сольно гэдэг байж болохгүй асуудал. Хэрэв үүрэг сольж байгаа бол мөнгөөр эд хөрөнгөөр юм уу өөр ажил үйлчилгээ үзүүлэх байдлаар төлсөн тохиолдолд өөр үүргээр сольсон гэж үзнэ. Хариуцагч Б.Болд нь 3 хоногийн дотор төлбөрийг  төлж чадахгүй нь иймд хугацаа олгох гэж зээлийн гэрээний үүргээр сольсон гэж ярьдаг, гэвч 3 хоногийн хугацааг сунгасан бол тэр талаар зээлийн гэрээний хугацаа сунгасан тохиролцоо хийх  байсан.  Заавал зээлийн гэрээ байгуулж мөнгөн төлбөрийн үүргийг мөнгөн төлбрийн үүргээр сольж, гарын үсэг зуруулж, хуулийн үндэслэлгүй тайлбар гаргах хэрэггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндсэндээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгч нар тайлбар гаргах болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-очир сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон өнөөдрийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараас харахад нэхэмжилж байгаа 180.000.000 төгрөг нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж өгсөн ажлын хөлсийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж нэхэмжилж байгаа. Гэтэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний үүрэг гэрээ байгуулагдсан байж болох боловч бодит үйлдэл хийгдсэнээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог онцгой зохицуулалттай гэрээ байгаа. Гэтэл 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч С.Нямдаваагаас хариуцагч н.Болдод бэлэн мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Ийм үйл баримтыг нотлох боломж, шүүхэд гаргаж өгөх баримт нэхэмжлэгч талд байхгүй. Харин нэхэмжлэгч С.Нямдаваа болон хариуцагч “Материал импекс” ХК-ийн хоорондох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож зөвлөгөө өгөх мөн өөрийн өмгөөлөгчийг оролцуулсны үндсэн дээр “Материал импекс” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн 5.000.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний дагуу гарсан үр дүн юм гэж үзнэ. Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар жич нэхэмжилж тооцно гэсний дагуу авах хэрэгтэй гэж үзнэ. Иймд 540.000.000 төгрөгийг хангаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсад сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: Хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэх  шаардлагад энэхүү шаардлагаа нэмэгдүүлж 500.000.000 төгрөг гаргуулан авах эрхтэй гэж байгаа боловч үүнээс 180.000.000 төгрөгийг хасч тооцох хэрэгтэй гэсэн байна. Үүнээс харахаар 180.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Б.Болд нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тайлбар дээр 180.000.000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зуучлуулж гэрээг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ шүүх хуралдааны өмнөх шүүх хуралдаан дээр П.Цэрэн-Очир тодорхой тайлбар хэлсэн. 180.000.000 төгрөгийг хасч тооцно гэдэг нь 180.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараа хэлсэн. Харин 5 тэрбум төгрөгийн гэрээ хийгээгүй гэдгээ тайлбараараа хэлсэн, энэ үнийн дүнгээр гэрээ хийгээгүй атлаа 500.000.000 төгрөгний сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Өмгөөллийн тухай хуульд гэрээ хийх, ажлын хөлсний хувь тохирохыг шаарддаг. 2013 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд өмгөөлөгч Б.Болдод  хүргүүлсэн мэдэгдэлд 180.000.000 төгрөгөө буцааж авахыг хүссэн. Бид хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болсон учраас зээлийн гэрээний дагуу шаардсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, гэрээний гол зарчмыг өөрсдөө тохиролцох үүднээс хариуцагч зээлдэгчид зээлийн мөнгийг төлөхөөр үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна. Сөрөг нэхэмжлэлийн 5 тэрбумтай холбоотой асуудлаар огт гэрээ хийгээгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч С.Нямдаваа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан 2014.04.03-ны өдрийн зээлийн гэрээний 1.1, 1.3, 1.5-д заасны дагуу 180 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, зээлийн гэрээний 1.6-д заасны дагуу алданги 90 000 000 төгрөг нийтдээ 270 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаарджээ.

          

           Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 155 000 000 төгрөг, алданги 72 850 000 төгрөг нийтдээ 227 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн болно.

 

           Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан 2014.04.03-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, талуудын хоорондын 2013.02.26-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэг, учирсан хохиролд нийтдээ 540 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн байна.

 

          Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Нямдаваа, хариуцагч Б.Болд нарын хооронд 2013.02.26-ны өдөр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу “Материал импекс” ХК-д холбогдох  С.Нямдаваагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал өмгөөлөгч Б.Болдоос эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгч нь итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг бүрэн төлөөлж өөрийн эрх, үүргийн дагуу зохих үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцсоныг зохицуулжээ.

          Дээрх гэрээний 2.1-д “үйлчлүүлэгчийн нэхэмжилж байгаа хохирлын дүнгийн 10 хувь нь гэрээний үйлчилгээний хөлс байхаар ерөнхийд нь тохиролцсон болно” гэж, үйлчлүүлэгч нь хариуцагчаас нийт 13 002 479 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, талууд харилцан ярилцаж энэ үнийн дүнгээс хамгийн багадаа 2 000 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тооцож нэхэмжлэлийн дүнгийн 10 хувь буюу 200 000 000 төгрөгийг гэрээний үйлчилгээний хөлс гэж тооцохоор тохиролцсон байна.

         Үйлчлүүлэгч нь гэрээний нийт төлбөрийн 90 хувь буюу 180 000 000 төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулснаар өмгөөлөгч талд цувуулан бэлнээр төлж, үлдэгдэл 10 хувь буюу 20 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарч шийдвэрийн дагуу төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа төлөхөөр харилцан тохиролцсон байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй байна.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээгээр оролцохдоо хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд өмгөөлөгч болон хэргийн оролцогчдын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай байх бөгөөд агуулгын хувьд хөлсөөр ажиллах гэрээ байдаг болно.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2 дахь хэсэгт “энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно” гэж тус тус заажээ.

С.Нямдаваа нэхэмжлэлдээ “...хариуцагч Б.Болд болон Б.Болдын өмгөөллийн баг тус хэрэг дээр ажилласан боловч хариуцагч Б.Болд нь гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн шүүхийн 2013.04.18-ны өдрийн шүүхийн 932 дугаар шийдвэрээр “Материал импекс” ХК-д холбогдуулан гаргасан С.Нямдаваагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн шүүх болон Улсын Дээд шүүх шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн” гэжээ.

Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн 2013.04.18-ны өдрийн 932 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013.06.07-ны өдрийн 462 дугаар магадлал, Дээд шүүхийн 2013.10.11-ний өдрийн 570 дугаар тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс үзэхэд С.Нямдаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Амарбаясгалан, Б.Номуундарь, Ж.Базарсад, өмгөөлөгч З.Хүрэлсүх нар шүүх хуралдаанд оролцож байсан, мөн 2013.05.31-ний, 2013.09.25-ны өдрийн итгэмжлэлүүдээр “Материал импекс” ХК-д холбогдох иргэний хэргийг бүх шатны шүүхэд хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцуулах, төлөөлөх эрхийг Б.Номуундарьд 1 жилийн хугацаагаар олгосон байна.

Дээрх байдлаас үзэхэд С.Нямдаваа өмгөөлөгч Б.Болдтой гэрээ байгуулсан, мөн бусад өмгөөлөгч нарт итгэмжлэл олгосон байдал нь өмгөөлөгч Б.Болд болон түүний багаар ажиллуулахыг тухайн үед зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.

Талуудын хооронд 2013.02.26-ны өдөр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3-ын догол мөрийн 2-т  “...хэрвээ бүх шатны шүүхийн ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийн дагуу хариуцагчаас хохирлыг гаргуулж чадаагүй тохиолдолд үйлчлүүлэгчийн төлсөн үйлчилгээний хөлсийг 100 хувь буюу 180 000 000 төгрөгийг үл маргах журмаар ажлын 3 хоногт багтаан үйлчлүүлэгчид буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч тал “...180 000 000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч хугацаа олгохыг хүссэн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор харилцан тохиролцож, 2014.04.03-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан тул өмнөх хууль зүйн үйлчилгээ  үзүүлэх гэрээ Иргэний хуулийн 236.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болсон” гэж тайлбарлажээ.

2014.04.03-ны өдрийн зээлийн гэрээгээр “2013.02.27-нд А тал буюу С.Нямдаваагаас  зээлсэн 180 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын дотор багтаан бүрэн төлж барагдуулахаар, график хугацаанд зээлээ буцаан төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүргийг Б тал буюу Б.Болд хүлээсэн” байна.    

          Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.

 

          Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зүйл нь мөнгө байх бөгөөд 2013.02.27-нд мөнгө зээлдүүлсэн болон шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч С.Нямдаваа мөнгө зээлдүүлэх, харин хариуцагч  Б.Болд мөнгө зээлэх зорилгоор хэлцэл хийгч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болоогүй, эрх зүйн дагуу хэлцэл хийгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон болно.

 

           Иргэний хуулийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.2 дахь хэсэгт зааснаар өмнөх үүргийн харилцаа дуусгавар болох боловч С.Нямдаваа, Б.Болд нарын хоорондын анх тохиролцсон үүргийн харилцаа буюу хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийг өөр эрх зүйн харилцааны /зээлийн гэрээ/ үүргээр солихоор тохиролцсон нь Иргэний хуулийн 20 дугаар бүлгийн үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй юм.

 

            Өөрөөр хэлбэл анх тохиролцсон үүргийг гүйцэтгэх ёстой байсан харилцаа гэж үзэхгүй тул зээлийн гэрээний дагуу 180 000 000 төгрөг,  алданги 90 000 000 төгрөг тооцож  нийтдээ 270 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй болно.

 

            Иймд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар С.Нямдаваа, Б.Болд нарын хоорондын 2014.04.03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзлээ.

          Талуудын хоорондын 2013.02.26-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3, 4.5-д зааснаар өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээ хэрэг маргааныг ашигтайгаар шийдвэрлүүлэх амлалт баталгаа өгөх эрхгүй байна.

 

            Иймд хариуцагч Б.Болдын сөрөг нэхэмжлэлийн “эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний үр дүн, учирсан хохирол” гэх 540 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгч С.Нямдаваагаас улсын тэмдэгтийн хураамжид 1 058 000 төгрөг гаргуулж Б.Болдод олгож, талуудын үндсэн болон сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73  дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6  дахь хэсэгт зааснаар Б.Болдоос зээлийн гэрээний үүрэг 227 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Нямдаваагийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар С.Нямдаваа, Б.Болд нарын байгуулсан 2014.04.03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэгч С.Нямдаваагаас 540 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Болдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар С.Нямдаваагаас 1 058 000 төгрөг гаргуулж Б.Болдод олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 1 508 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 4 073 900 /1 058 000+70 200+587 750+1 100 000+157 950+1 100 000/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4. Талуудын хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан Хан-Уул дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016.12.16-ны өдрийн 07178, 2017.04.17-ны өдрийн 04427 дугаар шүүгчийн захирамжуудын үйлчлэлийг тус тус дуугавар болгосугай

 

            5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ