Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1590

 

 

 

 

 

        2017         07           17

                     1590

 

 

Г.Өсөхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01094 дугаар шийдвэртэй Г.Өсөхжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч “Шинэ эхлэл” сургуульд холбогдох

“Шинэ эхлэл” сургуулийн захирлын 2016 оны Б/32, Б/33 тоот тушаалуудыг хүчингүй болгох, тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Түвшинбат, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Өсөхжаргалын нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгчийн тайлбарт: Миний бие “Шинэ Эхлэл” сургуульд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж ирсэн. Ажиллах хугацаанд захирал Л.Эрдэнэ нь намайг 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр жирэмсний амралттай байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлж, улмаар сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооны шаардлагаар ажилд эгүүлэн томилж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар шийтгэл хүлээлгэхдээ намайг шинээр ажилд авсан жижүүр Н.Баярсайханы 2016 оны 11 дүгээр сарын цалинг бодоогүй гэх үндэслэлээр хариуцлага тооцсон. 11 дүгээр сарын 24-ний өдөр цалин бодоход уг ажилтны ажилд томилсон тушаал надад ирээгүй байсан. Мөн сургуулийн 5 жилийн ойн арга хэмжээнд зориулж төсвөөс мөнгө гаргахыг шаардсан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцлага тооцсон. БСШУСЯ-аас Монгол улсын их хурлын 2016 оны 47 тоот тогтоолын дагуу төсвийг захиран зарцуулах албан бичиг ирсэн. Уг тогтоолын 2-в-5 дахь заалтын дагуу захирлын хууль зөрчсөн шаардлагыг биелүүлээгүй болно. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ажлаас халах тушаалын үндэслэл нь сахилгын зөрчил давтан гаргасан буюу зөрчилтэй байхдаа урамшуулал цалин илүү бодож авсан гэдэг үндэслэл байдаг. Өмнөх сануулах арга хэмжээ авсан Б/32 тоот тушаал хүчингүй болвол Б/33 тоот тушаал хүчингүй болох ёстой. Г.Өсөхжаргал нь давтан зөрчил гаргаагүй. Мөн аудитын байгууллагаас ирсэн захидалд урамшуулал мөнгө илүү бодож авсан гэсэн байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан буруутай үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдсон гэдэг үндэслэл болохгүй. Аудитын дүгнэлт 2017 оны 2 дугаар сард эцсийн дүгнэлт гарсан байхад буюу зөрчил тогтоогдоогүй байхад итгэл эвдсэн гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Б/33 тоот тушаалыг хүчингүй болгуулах үндэслэл нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 300 000 гаруй төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 540 000 төгрөг илүү авсан гэж байгаа. Үүнийг зөрчил гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор арга хэмжээ авах ёстой буюу Иргэний хуулийн 73 дугаар зүйлд зааснаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийтгэл ногдуулах хугацаа дууссан байхад 12 дугаар сарын 28-ны өдөр буюу 1 хоногийн дараа сахилгын арга хэмжээ авсан. Иймд Б/33 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр сүүлийн 3 сарын хугацааны цалингийн 1 сарын дундаж цалин 1 227 179 төгрөг байх тул 3 сар 11 хоног ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 4 235 291 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Шинэ Эхлэл” сургуулийн тайлбарт: 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/33 тоот тушаалд “Ажил олгогчийн итгэлийг алдаж, сургуулийн төсвийн цалин, урамшууллаас санаатай үйлдлээр өөрийн дансанд илүү мөнгө удаа дараа авч ашигласан” гэх үндэслэлээр Г.Өсөхжаргалыг ажлаас чөлөөлсөн байдаг. Түүний үйлдэл нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Бэст фортуна Аудит” ХХК-ийн шалгалтын №01/104 тоот албан бичигт 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа цалин, үр дүнгийн шагнал нийт 253 548 төгрөг төлөх байтал Хаан банкны данс руу 253 548 төгрөг, Голомт банкны данс руу 339 300 төгрөг, 2016 оны 6 дугаар сард урьдчилгаа, үр дүнгийн урамшуулал, сарын сүүлийн цалин нийт 1 004 326 төгрөг банк руу төлөх байтал 1 551 076 төгрөг төлж 546 750 төгрөгийг тус тус нягтлан бодогч Г.Өсөхжаргал Голомт банкны дансанд тус тус үндэслэлгүй шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцэж байгаа болно. Мөн Г.Өсөхжаргал нь 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр “Миний бие Г.Өсөхжаргал нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн өөр ажилд шилжин ажиллах болсон тул 1 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсан ба түүнийг ажлаас чөлөөлсөн Б/33 тоот тушаалын 2 дахь заалтад: 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөр Г.Өсөхжаргалын ажлыг бүрэн хүлээж авахыг даалгасан” байдаг. Г.Өсөхжаргал захиргааны санаачлагаар бус өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болгож тушаалаа өөрчлөхийг удаа дараа гуйж байсан. Аудитын дүгнэлтээр гарсан 886 050 төгрөгийн хохирлыг Г.Өсөхжаргалаар төлүүлсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйл буюу аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ба хэрэв зөрчил гаргавал захиргааны хариуцлага, цаашлаад эрүүгийн хариуцлага ногдуулах ёстой байдаг. БСШУЯ-ны харъяа “Шинэ эхлэл” сургууль бол төсвөөс санхүүждэг байгууллага юм. Энэ өөрийн данс руу мөнгө шилжүүлсэн үйлдэл нь нягтлан бодогчийн хувьд байж болохгүй үйлдэл юм. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орсон ажилтан гэдгээс гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу мэргэшсэн аудитор хүн. Төсвийн хөрөнгийг өөрийн 2 удаагийн үйлдлээр хувийн дансандаа авсныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж байгаа боловч сахилгын зөрчилд нь үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөөгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.3 дахь хэсгүүдэд зааснаар эрх бүхий байгууллагаас батласан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах үүргээ зөрчсөн буюу мэргэшсэн нягтлан бодогчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Шинэ Эхлэл” сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Өсөхжаргалын нэхэмжлэлийн шаардлагаас тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт тэнцэх 4 235 291 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч “Шинэ эхлэл” сургуулийн захирал нь Г.Өсөхжаргалыг 2016 оны 12 сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажлаас чөлөөлөхдөө аудитын шалгалтын эцсын дүгнэлт, зөвлөмж гараагүй, зөрчил нь тогтоогдоогүй байхад шийтгэл ногдуулж ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл шүүх "... аудитын шалгалтын явцад илэрсэн зөрчлийн талаар “Бэст Фортуна Аудит” ХХК нь “Шинэ эхлэл” сургуулийн захиралд 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 01/104 дугаартай албан тоотоор мэдэгдсэн ..." тул зөрчил нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Аудитын дүгнэлт 2017 оны 02-р сард гарсан байдаг.

Г.Өсөхжаргалын гаргасан гэх зөрчил нь 2016 оны 03 сарын 11-ний өдөр, 2016 оны 06 сарын 27-ны өдрүүдэд гарсан байхад сургуулийн захиргаа хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа дууссанаас хойн шийтгэл ногдуулж ажлаас халсан. Шүүх дүгнэхдээ "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулсан" тул хуульд нийцсэн гэж дүгнэжээ. Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндсэн хөөн хэлэлцэх хугацаа болох 6 сарын хугацаанд багтах ёстой. Сургуулийн захиргаанд энэ хугацааны дотор шийтгэл ногдуулах боломж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгож, нэхэжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг  бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Г.Өсөхжаргал нь хариуцагч “Шинэ эхлэл” сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2016 оны Б/32, Б/33 тоот тушаалуудыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “Шинэ эхлэл” сургууль нь нэхэмжлэгч Г.Өсөхжаргалыг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллуулж байгаад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б/33 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан үүрэгт ажлаас нь  чөлөөлсөн байна.

Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлээ “... ажил олгогчийн итгэлийг алдаж, сургуулийн төсвийн цалин, урамшууллаас санаатай үйлдлээр өөрийн дансанд илүү мөнгө удаа дараа авч, ашигласан” зөрчил гаргасан гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй хэдий ч  зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Г.Өсөхжаргал нь 3 дугаар сарын урьдчилгаа цалин, үр дүнгийн шагналд 339 300 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 6 дугаар сарын үр дүнгийн урамшуулал болон цалинд 546 750 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн Голомт банкны данс руу шилжүүлсэн зөрчил гаргасан нь хэргийн 60, 61 дүгээр тал дахь түүний Голомт банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй боловч ажил олгогч ажилтны гаргасан дээрх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хариуцагч “Шинэ эхлэл” сургууль нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зөрчилд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт  “Сахилгын зөрчил ... гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн байна.

 

“Бэст фортуна аудит” ХХК 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/104 тоот албан бичигт нэхэмжлэгч Г.Өсөхжаргалыг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 339 300 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сард 546 750 төгрөгийг өөрийн Голомт банкны данс руу шилжүүлсэн талаар дурдсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг албан бичгийг үндэслэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Үндэсний аудитын газраас “Шинэ эхлэл” сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд нэхэмжлэгч Г.Өсөхжаргалыг 2016 оны 3, 6 дугаар сарын урьдчилгаа, урамшуулал, сүүлчийн цалингийн гарт олговол зохих дүн дээр нэмж 886 000 төгрөг илүү шилжүүлсэн гэсэн боловч уг аудитын дүгнэлт нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу нэхэмжлэгчийг ажлаас халагдсаны дараа гарсан байх тул уг баримтыг хэргийн үйл баримтад хамааралтай гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Г.Өсөхжаргалыг хариуцагч “Шинэ эхлэл” сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн нэг сард авах цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 819 698 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01094 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Өсөхжаргалыг “Шинэ эхлэл” сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 7 819 698 төгрөгийг хариуцагч “Шинэ эхлэл” сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Г.Өсөхжаргалд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай” гэж, 2 дах заалтын “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч “Шинэ эхлэл” сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 140 065 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР    

                               ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                    А.МӨНХЗУЛ