Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/0109

 

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01094

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 9А байрны 190 тоотод оршин суух, ДЮ85091201 регистртэй, Жалайр ургийн овогт Ганхуяг овогтой Өсөхжаргалын,

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, өөрийн байранд байрлах, БСШУСЯ-ны харъяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ Эхлэл” сургуульд холбогдох,

“Шинэ Эхлэл” сургуулийн захирлын 2016 оны Б/32, Б/33 тоот тушаалуудыг хүчингүй болгох, тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулан гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Түвшинбат /ШТҮД:0713/, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ш.Отгонбаяр /ШТҮД:2226/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Өсөхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие “Шинэ Эхлэл” сургуульд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж ирсэн. Ажиллах хугацаанд захирал Л.Эрдэнэ нь намайг 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр жирэмсний амралттай байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлж, улмаар сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооны шаардлагаар ажилд эгүүлэн томилж байсан юм. Үүнээс хойш захирал Л.Эрдэнэ нь ямар нэгэн шалтаг гарган надад хариуцлага тооцох болсон. Тодруулбал: 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаал гарган надад сануулах сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр хүлээлгэсэн байсныг дараа нь мэдсэн. Надад энэ тушаалыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, танилцуулаагүй. Гэтэл улмаар нэг сарын дараа буюу 12 дугаар сарын 28-ны өдөр Б/33 дугаар тушаал гарган сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан.

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар шийтгэл хүлээлгэхдээ намайг ямар нэг зөрчил гаргаагүй байхад шинээр ажилд авсан жижүүр Н.Баярсайханы 2016 оны 11 дүгээр сарын цалинг бодоогүй гэх үндэслэлээр хариуцлага тооцсон. 11 дүгээр сарын 24-ний өдөр цалин бодоход уг ажилтны ажилд томилсон тушаал надад ирээгүй байсан. 11 дүгээр сарын 25-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан бөгөөд 26-нд тус сургуулийн 5 жилийн ойн баяр болж 28-ны өдөр байгууллагын бүх ажилчид амарч байхад би бодсон цалин дээр гарын үсэг зуруулахаар ажил дээр ирэхэд Н.Баярсайханы ажилд томилсон тушаалыг нарийн бичиг Б.Мөнхсайхан өгсөн. Мөн сургуулийн 5 жилийн ойн арга хэмжээнд зориулж төсвөөс мөнгө гаргахыг шаардсан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцлага тооцсон. БСШУСЯ-аас Монгол улсын их хурлын 2016 оны 47 тоот тогтоолын дагуу төсвийг захиран зарцуулах албан бичиг ирсэн байсан. Уг тогтоолын 2-в-5 дахь заалтын дагуу захирлын хууль зөрчсөн шаардлагыг биелүүлээгүй болно. Захирлын Б/33 дугаар тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Учир нь өмнөх Б/32 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр хариуцлага хүлээлгэсэн учир давтан зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Мөн миний бие нь уг тушаалд дурдсан “ажил олгогчийн итгэлийг алдаж, сургуулийн төсвийн цалин, урамшууллаас санаатай үйлдлээр удаа дараа авч ашигласан” гэдгийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд техникийн алдаанаас болж урамшуулал илүү бичигдсэн байсан болно. Иймд “Шинэ эхлэл” сургуулийн захирлын “сахилгын арга хэмжээ авах тухай” 2016 оны Б/32 дугаартай тушаал, “ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны Б/33 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгох, Г.Өсөхжаргал намайг “Шинэ эхлэл” сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулан гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх зэрэг шаардлага тавьж, нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Түвшинбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.Өсөхжаргал Б/32, Б/33 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шинээр орсон жолоочийн цалинг бодоогүй гэдэг үндэслэлээр амаар сануулах арга хэмжээ авсан байдаг. Энэ тухай баримт байдаггүй тул уг тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл зөв ногдуулсан тухай нотлох баримт байхгүй байна. Үүний дараа 1 сарын дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ажлаас халах тушаалын үндэслэл нь захилгын зөрчил давтан гаргасан буюу зөрчилтэй байхдаа урамшуулал цалин илүү бодож авсан гэдэг үндэслэл байдаг. Өмнөх сануулах арга хэмжээ авсан Б/32 тоот тушаал хүчингүй болвол Б/33 тоот тушаал хүчингүй болох ёстой. Г.Өсөхжаргал нь давтан зөрчил гаргаагүй. Мөн аудитын байгууллагаас ирсэн захидалд урамшуулал мөнгө илүү бодож авсан гэсэн байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан буруутай үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдсон гэдэг үндэслэл болохгүй. Аудитын дүгнэлт 2017 оны 2 дугаар сард эцсийн дүгнэлт гарсан байхад буюу зөрчил тогтоогдоогүй байхад итгэл эвдсэн гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Б/33 тоот тушаалыг хүчингүй болгуулах үндэслэл нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 300,000 гаруй төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 540,000 төгрөг илүү авсан гэж байгаа. Үүнийг зөрчил гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор арга хэмжээ авах ёстой буюу Иргэний хуулийн 73 дугаар зүйлд зааснаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийтгэл ногдуулах хугацаа дууссан байхад 12 дугаар сарын 28-ны өдөр буюу 1 хоногийн дараа сахилгын арга хэмжээ авсан. Иймд Б/33 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр сүүлийн 3 сарын хугацааны цалингийн 1 сарын дундаж цалин 1,227,179 төгрөг байдаг. Ажлаас халагдах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш бүтэн 3 сарын цалин 3,681,537 төгрөг, ажлын 11 хоног 663,754 төгрөг, нийт 4,235,291 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагч “Шинэ Эхлэл” сургуулийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/33 тоот тушаалд “Ажил олгогчийн итгэлийг алдаж, сургуулийн төсвийн цалин, урамшууллаас санаатай үйлдлээр өөрийн дансанд илүү мөнгө удаа дараа авч ашигласан” гэх үндэслэлээр Г.Өсөхжаргалыг ажлаас чөлөөлсөн байдаг. Түүний үйлдэл нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Бэст фортуна Аудит” ХХК-ийн шалгалтын №01/104 тоот албан бичигт 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа цалин, үр дүнгийн шагнал нийт 253,548 төгрөг төлөх байтал Хаан банкны данс руу 253,548 төгрөг, Голомт банкны данс руу 339,300 төгрөг, 2016 оны 6 дугаар сард урьдчилгаа, үр дүнгийн урамшуулал, сарын сүүлийн цалин нийт 1,004,326 төгрөг банк руу төлөх байтал 1,551,076 төгрөг төлж 546,750 төгрөгийг тус тус нягтлан бодогч Г.Өсөхжаргал Голомт банкны дансанд тус тус үндэслэлгүй шилжүүлсэн нь тогтоогдож байдаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх заалтад нийцэж байгаа буюу Г.Өсөхжаргалын ажлаас халагдах үндэслэлтэй болохыг нотлож байгаа болно.

Мөн Г.Өсөхжаргал нь 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр “Миний бие Г.Өсөхжаргал нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн өөр ажилд шилжин ажиллах болсон тул 1 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсан ба түүнийг ажлаас чөлөөлсөн Б/33 тоот тушаалын 2 дахь заалтад: 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөр Г.Өсөхжаргалын ажлыг бүрэн хүлээж авахыг даалгасан” байдаг. Г.Өсөхжаргалын хувьд ажлаас чөлөөлөх болсонтой холбоотой ажлаа хүлээлгэн өгөхөөс цааргалах болон ажил хүлээлцэх ажлын хэсгийн ажилд саад учруулах зэрэг хүндрэлүүдийг үүсгэж байсны дээр захиргааны санаачлагаар бус өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болгож тушаалаа өөрчлөхийг удаа дараа гуйж байсан. Аудитын дүгнэлтээр гарсан 886,050 төгрөгийн хохирлыг Г.Өсөхжаргалаар төлүүлсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйл буюу аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ба хэрэв зөрчил гаргавал захиргааны хариуцлага, цаашлаад эрүүгийн хариуцлага ногдуулах ёстой байдаг. БСШУЯ-ны харъяа “Шинэ эхлэл” сургууль бол төсвөөс санхүүждэг байгууллага юм. Энэ өөрийн данс руу мөнгө шилжүүлсэн үйлдэл нь нягтлан бодогчийн хувьд байж боломжгүй үйлдэл юм. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орсон ажилтан гэдгээс гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу мэргэшсэн аудитор хүн. Төсвийн хөрөнгийг өөрийн 2 удаагийн үйлдлээр хувийн дансандаа авсныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж байгаа боловч сахилгын зөрчилд нь үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөөгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.3 дахь хэсгүүдэд зааснаар эрх бүхий байгууллагаас батласан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах үүргээ зөрчсөн буюу мэргэшсэн нягтлан бодогчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыгшинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Өсөхжаргал нь хариуцагч “Шинэ Эхлэл” сургуульд холбогдуулан, тус сургуулийн захирлын 2016 оны Б/32, Б/33 дугаар тушаалуудыг хүчингүй болгох, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин, олговорт 4,235,291 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас “Шинэ Эхлэл” сургуулийн захирлын 2016 оны Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Г.Өсөхжаргал нь “Шинэ Эхлэл” сургуультай 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус сургуулийн захирлын 2011 оны Б-03 тоот тушаалаар 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авч, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс нягтлан бодогчоор дахин томилогдож, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, “Шинэ Эхлэл” сургуулийн захирлын тушаалууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 7, 31-36/

Нэхэмжлэгч Г.Өсөхжаргал нь хариуцагч “Шинэ Эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/32 тоот тушаалаар үндэслэлгүйгээр сануулах арга хэмжээ авч, түүнээс хойш 1 сарын дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/33 тоот тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хуульд нийцээгүй гэж тайлбарлан, дээрх тушаалуудыг хүчингүй болгуулж, нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн.

Харин хариуцагч “Шинэ Эхлэл” сургууль нь уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Г.Өсөхжаргалыг ажлаас чөлөөлөх тухай тус сургуулийн захирлын 2016 оны Б/33 дугаар тушаал нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу бус, харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, уг арга хэмжээг авахад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тайлбарлан маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба нэхэмжлэгч Г.Өсөхжаргал өөрийг нь ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/33 дугаар тушаалд хуульд заасан хугацаанд гомдол гаргажээ.

Хариуцагч “Шинэ Эхлэл” сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/33 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Сургуулийн дотоод журмын 3.2.1 дэх заалтуудыг үндэслэн, “нягтлан бодогч Ганхуяг овогтой Өсөхжаргал нь ажил олгогчийн итгэлийг алдаж, сургуулийн төсвийн цалин, урамшууллаас санаатай үйлдлээр өөрийн дансанд илүү мөнгө удаа дараа авч, ашиглан хийсэн нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар илэрч, тогтоогдсон, сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээр Г.Өсөхжаргалыг тус сургуулийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байна. /хх 6/

Дээрх шийдвэрийг гаргах үндэслэл болсон мэргэжлийн байгууллагын шалгалт нь Үндэсний аудитын газрын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “Шинэ Эхлэл” лаборатори сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалт явуулахаар “Бэст Фортуна Аудит” ХХК-тай гэрээ байгуулснаар аудит хийжээ. /хх 41/

Аудитын шалгалт хийсэн “Бэст Фортуна Аудит” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд завсрын аудитыг, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд жилийн эцсийн аудитыг хийхээр төлөвлөж ажилласан болох нь аудитын дүгнэлтийн “оршил” хэсэгт тусгагдсан бөгөөд, дүгнэлтэд завсрын аудитын шалгалтын дагуу илэрсэн зөрчлүүдийг арилгахаар санал, зөвлөмж гаргаж, түүний дагуу аудитаар илэрсэн зөрчлүүдийг шийдвэрлэсэн тухай мөн дурдсан байна. /хх 41, 42/

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13 дахь хэсэгт “төрийн албан хаагч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, ... албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитын явцад илэрвэл түүнд хууль тогтоомжид заасны дагуу сахилгын хариуцлага тооцуулах асуудлыг эрх бүхий байгууллага албан тушаалтанд тавих. Тэдгээр нь уг асуудлыг зохих журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа Үндэсний аудитын газарт ажлын 10 хоногийн дотор мэдэгдэнэ” гэжээ.

“Бэст Фортуна Аудит” ХХК нь завсрын аудитын гүйцэтгэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр танилцуулж хүлээлгэн өгсөн ба тус сургуулиас зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайлангаа ирүүлсэн гэж Үндэсний аудитын газрын аудитын тайланд тусгагдсан ба, тийнхүү аудитын шалгалтын явцад илэрсэн зөрчлийн талаар гүйцэтгэгч “Бэст Фортуна Аудит” ХХК нь “Шинэ Эхлэл” лаборатори сургуулийн захиралд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/104 дугаар албан тоотоор мэдэгдсэн байна. /хх 37/

Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажил олгогчийг сахилгын зөрчил оногдуулахдаа хууль зөрчсөн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “сахилгын зөрчил давтан гаргасан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч, тэдгээр тушаалуудыг хүчингүй болгуулахыг хүссэн.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлах бөгөөд түүний тайлбар маргааны зүйл болох 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийг сахилгын арга хэмжээ авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрснөөс 1 хоногийн дараа авсан нь хуульд нийцээгүй гэж тайлбарлах боловч ажил олгогч нь уг зөрчлийг илрүүлснээс хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн “сахилгын зөрчил ... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцсэн гэж шүүх дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан арга хэмжээ авах үндэслэл нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхыг шаардах бөгөөд, завсрын аудитын шалгалт хийсэн “Бэст Фортуна Аудит” ХХК-ийн шалгалтын дүн, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “завсрын аудитын гүйцэтгэл” зэрэг аудитын дүгнэлтэд дурдагдсан зөвлөмжөөр зөрчлийг илрүүлэн тогтоосон байх тул түүний дагуу ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч Г.Өсөхжаргалын шүүхэд гаргасан “Шинэ Эхлэл” лаборатори сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/33 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 4,235,291 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Харин, “Шинэ Эхлэл” лаборатори сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар гаргасан бөгөөд маргаан бүхий уг тушаалаар нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авахдаа ажил олгогч нь ямар зөрчил гаргасны улмаас сануулах арга хэмжээ авсан талаар дурдаагүй, түүнийг нотлох аливаа баримт байхгүй байх тул хариуцагчийн тайлбараар бүрэн нотлогдохгүй гэж үзэж уг тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Шинэ Эхлэл” сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Өсөхжаргалын нэхэмжлэлийн шаардлагаас тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт тэнцэх 4,235,291 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.  

3.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   119   дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр   танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА