Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 386

 

“Скай инфра групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунаа, түүний өмгөөлөгч Х.Баасанжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 426 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0551 дүгээр магадлалтай, “Скай инфра групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Н.Туул, П.Отгонсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар  сарын 06-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 15.2-т зааснаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 07 дугаар  сарын 10-ны өдрийн 210201526 дугаар актыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0551 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг баримтлан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 210201526 дугаар актыг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”,  16 дугаар зүйлийн 16.1-д “албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.1. тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх”, 14.6-д “энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс их байвал татварын алба дараахь байдлаар зохицуулна: 14.6.1-д “дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт шилжүүлэн тооцох” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч 2012 онд бичигдсэн падааныг 2015 оны 01 дүгээр сард тайландаа тусгаж тайлагнасан нь тухайн тайлангийн хугацаанд хамаарагдах ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар биш бөгөөд дээрх заалтуудыг зөрчсөн болно. Шүүх буруу хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, П.Отгонсүрэн нар 210201526 дугаар актаар “Скай инфра групп” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0” төгрөгөөр баталгаажуулсан байна.  

Нэхэмжлэгч “Скай инфра групп” ХХК дээрх актыг эс зөвшөөрч “манай компани “М Си Эс интернэйшнл” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрт 2015 оны 2 дугаар сард 252,622,451 төгрөг төлсөн тул тухайн ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцох ёстой” гэж, хариуцагч “2012 оны тайлант хугацааны худалдан авалт, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан 2015 оны тайландаа тусгасан нь тухайн тайлангийн  хугацаанд хамаарагдах ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар биш тул хасч тооцох үндэслэлгүй, хасалт хийх хугацаа хэтэрсэн” гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Скай инфра групп” ХХК 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “М Си Эс интернэйшнл” ХХК-иас инженерийн зөвлөх ажил үйлчилгээ авах гэрээ байгуулан нийт 948,737,651 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон ба уг ажил, үйлчилгээний борлуулалтад хамаарах нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2012 онд нэхэмжлэгч хүлээн авч, гэрээний төлбөрийг 2013 оноос эхлэн хэсэгчлэн төлж, тухай бүрдээ нэмэгдсэн өртгийн албан татвараа тайлагнан, Татварын албаар баталгаажуулж иржээ.

Харин гэрээний үлдэгдэл төлбөр 229,656,774 төгрөгийг нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сард төлөхдөө нэмэгдсэн өртгийн албан татварт 22,965,677 төгрөг төлж, холбогдох татварын тайланд тусган тайлагнасан нь тогтоогдож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно; 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр гаргах” гэж  тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, “Скай инфра групп” ХХК гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг 2015 оны 2 дугаар сард төлснөөр буюу тухайн ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн үеэс “төсөвт төлөх татвараас хасч тооцох” эрх үүсэж байх тул “тухайн ажил үйлчилгээг тайлангийн хугацаанд хамаарахгүй” гэсэн үндэслэлээр түүнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх тухайн татвараас хасч тооцоогүй захиргааны акт хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Нөгөөтэйгүүр, хариуцагч хойшлуулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх тухайн татвараас хасч тооцох харилцааг “тайлангийн залруулга хийх” эрх зүйн өөр харилцаатай адилтган  Татварын тайлан хүлээж авах, хянах, нэгтгэл хийх журмыг хэрэглэсэн нь буруу байна. 

Анхан шатны шүүх дээрх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа маргаан бүхий захиргааны актыг шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон байх бөгөөд Давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0551 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

                                ШҮҮГЧ                                                                             Х.БАТСҮРЭН