Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 125

 

Б.Орхонбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар магадлалтай, 201603000174 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Орхонбаатар, түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар, 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 6 хоногийн хорих ялыг өршөөн хасаж сулласан, 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Өөлд овогт Банзрагчийн Орхонбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Орхонбаатарыг зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Боржигон...” гэснийг “...Өөлд...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Орхонбаатарын өмгөөлөгч Б.Алтанчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох гэсэн шаардлагыг хангаагүй, хэрэгт нотлох баримт, эд мөрийн баримтаар тооцон хураагдсан гутал нь тухайн гэмт хэрэг гарах үед хохирогч Болдсайханы өмсөж явсан, Б.Орхонбаатарын хэлийг нь огтолсон гэх гутал биш. Б.Орхонбаатар нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би богино түрийтэй, бор өнгийн гутлын хэл нь унжаад байхаар нь тэр хэсгийг нь огтолсон” гэж мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлэг тогтворгүй, зөрүүтэй, гэрч нарын мэдүүлэг мөн зөрүүтэй байхад мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгийг үнэлж, шүүгдэгчийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь буруу. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хэрэв буцаах шаардлагагүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн дагуу ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Орхонбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Батболд гэдэг айлд нэг шил архи уугаад мах идээд сууж байхад Болдсайхан орж ирээд сууж байхдаа намайг “хулгайч” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “юуг чинь хулгайлчихсан юм бэ” гээд түлхэж унагаад гутлын хэлний гогцоог тасдаж хаясан. Өөр юу ч болоогүй, надтай маргах үедээ хүнд цохиулсан нүд нь хөхөрсөн байсан, өөрөө зодуулсан хүнээ мэдэж байгаа. Надад бусдыг зодож цохих, дээрэм хийх гэсэн ямар ч шалтгаан байхгүй. Хэргийн эд мөрийн баримт гэж байгаа гутал нь бор өнгийн гутал байсан буюу би хэлнийх нь гогцоог тасалсан юм. Гэтэл тэр гутал биш өөр цайрсан хар өнгийн хэлгүй, битүү түрийтэй гуталны зураг хэрэгт авагдсан байх тул үнэн зөвийг тогтоож, шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Б.Орхонбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Орхонбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн 7 дугаар гудамжны 5 тоотод хохирогч М.Болдсайханыг амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутгаар гутлын түрийг нь тайрч, гутлын түрийнд нь байсан 17,000 төгрөгийг дээрэмдэж нийт 107,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Б.Орхонбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв.

Амь биед аюултайгаар хүч хэрэглэх тухай ойлголтод зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэхээс гадна хохирогчийн эсэргүүцлийг дарах, айлгах, заналхийлэхэд чиглэсэн бие махбодийн хүчирхийллийн аливаа үйлдэл хийснийг ойлгох бөгөөд хүч хэрэглэсэн тухайн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учрахаас гадна бодитой хор уршиг учраагүй боловч амь биед аюултай нөхцөл байдал бий болгохоор байсныг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолдоо дурдсан “...эд мөрийн баримтаар хураагдсан түрийтэй гутал нь тухайн үед хохирогчийн өмсөж явсан гутал биш...” гэж маргадаг боловч гэрч Отгонсүрэн, Пүрэв-Очир, Сундуй, Өлзийжаргал, Батболд нар болон хохирогч М.Болдсайханы мэдүүлгээр хангалттай үгүйсгэгдсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй тохиолдолд хэргийн үйл баримтыг шинээр тогтоож дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй тул “... би Болдсайханыг зодоогүй, анх уулзахад нүд нь хөхөрсөн байсан, зодуулсан хүнээ өөрөө мэдэж байгаа ...” талаарх шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Орхонбаатарын “хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү”, түүний өмгөөлөгч Б.Алтанчимэгийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Орхонбаатар, түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ