Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй 
     Улсын яллагч: М.Батзаяа 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
    Иргэдийн төлөөлөгч: Л.Чимэдлхам  
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Лхамсүрэн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Банзрагчийн Орхонбаатарт холбогдох эрүүгийн 201603000174 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаант гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 150-А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2324 дугаар өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 6 хоногийн хорих ялыг өршөөн хасаж сулласан, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Боржигон овогт Банзрагчийн Орхонбаатар /РД:АЕ80110974/

Шүүгдэгч Б.Орхонбаатар нь шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Хөшөөтийн 7 дугаар гудамжны 5 тоотод хохирогч М.Болдсайханыг амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож М.Болдсайханы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн гутлын түрүүг нь тайран, гутлын түрийнд байсан биет 17.000 төгрөгийг дээрэмдэж нийт 107.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь: 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    Шүүгдэгч Б.Орхонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би зодож нүдээгүй, мөнгө төгрөг аваагүй, би гутлын түрүүг нь унжаад байхаар нь огтолсон. Би мөнгө аваагүй гэв. 

    Эрүүгийн 201603000174 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

    Хохирогч М.Болдсайханы өгсөн: 

    “...би Архангай аймгийн Өлзийт сум руу 2016 оны 03 сарын 15-ны өдөр орж Батаа гэдэг хүнээс 30.000 төгрөг авсан. Би Батаад өмнө нэг адууны шир зарсан байсан, тэрнийхээ мөнгийг авсан. Тэгээд би нэг шил архи аваад явж байсан чинь Өлзийт сумын Банзаа Орхоо гэдэг хүнтэй таараад бид хоёр тэр архийг нэг эзгүй айлд очиж уусан. Бид хоёр тэр архиа хувааж уугаад сууж байсан чинь Орхоо хутга гаргаж ирээд би шоронгоор олон жил явсан хүн чи биедээ байгаа мөнгөө гаргаж өг, өгөхгүй бол чамайг ална гээд намайг айлгаж сүрдүүлсэн, тэгснээ миний нүд рүү гараараа цохих үед нь би газар унасан тэгээд миний дээрээс дарж байгаад намайг зодсон. Би ухаан алдсан байсан, сэрээд харсан чинь Банзаа Орхоо миний хажууд сууж байсан. Миний бие бүхэлдээ хөндүүрлэж өвдөж байсан. Би жоохон хэвтэж байгаад босож болмоор юм шиг байхаар нь тэр гэрээс гараад зугтсан. Орхоо тэр гэрт үлдсэн. Би тэндээс гараад явж байгаад гутлаа харсан чинь миний гутлын түрүүг огтлоод түрүүнд байсан 20-иод мянган төгрөгийг аваад явсан байсан. Би тэндээс гараад Сундуй гэдэг таньдаг айлдаа очсон. Тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Би Банзаа Орхоог зүс танина, ямар нэг харьцаа байхгүй. Орхоо надтай зүгээр архи уугаад сууж байснаа надад мөнгө байгааг мэдсэнээ намайг нэгжний мөнгө өг, өгөхгүй бол ална шүү би шоронд олон жил суусан хүн шүү гэж намайг айлгаж сүрдүүлсэн. Тэгсэнээ миний нүүр рүү цохисон. Тэгээд миний гутлын түрүүнд байсан 20-иод мянган төгрөгийг авсан байсан. Би Банзаа Орхоотой харьцдаггүй бид хоёрын дунд ямар нэг таарамжгүй харьцаа байхгүй. Миний нүүр рүү гараараа 2, 3 удаа цохисон, намайг дээрээс дарж байгаад миний цээж, гэдэс, нуруу руу цохисон. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй, би ухаан алдсан байсан. Сэрсэн чинь миний бие хөндүүр болсон байсан. Миний нүд хавдаж хөхөрсөн, нэг хавирга хугарсан. Би гомдолтой байна, намайг зодож дээрэмдсэн энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. 
    Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Орхонбаатарыг зүгээр л таньдаг, төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би Өлзийт сумын төвд, сумын төвийн зүүн урд руу Баагий гэх айлд Б.Орхонбаатартай хамт орж архи уусан. Бид хоёрыг тэр айлд ороход гэрт нь тэр Баагий гэх залуу байсан, өөр хүн байгаагүй. Тэр Баагий гэх залуу бид хоёрын авч орсон архинаас нэг хундага уучихаад гараад явсан. Тэр айлд Орхонбаатар бид хоёр л үлдсэн. Би тухайн үед биедээ 30.000 төгрөгтэй явж байгаад 0.5 литрийн 2 шил архи нийт 13.000 төгрөгөөр худалдан аваад 17.000 төгрөгтэй үлдсэн. Б.Орхонбаатартай архи уухад миний биед 17.000 төгрөг л байсан байх. Орхонбаатар яагаад миний гутлын түрүүг огтолсныг мэдээгүй, гутлын түрүүг юугаар огтлуулсаныг бас мэдээгүй, хутга юм уу, хайчаар л огтолсон байх. Миний гутал 250.000 төгрөгийн үнэтэй онцгой байдлын ажилчдад хангалтаар өгдөг гутал байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 24, 25 дугаар тал/

    Гэрч М.Батбаатарын өгсөн: 

    “...Би Болдсайханыг танина, ойр дотно харьцаа байхгүй. Болдсайхан тэр өдөр манай эхнэр Чиндалайгаас 30 мянган төгрөг авсан байсан. Болдсайхан өмнө манай эхнэрт нэг адууны шир зараад мөнгөө аваагүй байж байгаад тэр өдөр ирж авсан байсан. Би тухайн үед гэртэй байхгүй ажил дээрээ байсан. Хэнтэй хамт очсоныг нь би мэдээгүй. Тэр талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. Миний мэдэж байгаагаар Болдсайхан нэг их мөнгө төгрөгтэй явдаггүй. Архи уучихсан сумын төвд явж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/ 

    Гэрч Г.Өлзийжаргалын өгсөн: 

    “...Архангай аймигйн Өлзийт сумын Хөшөөт баг Хөшөөтийн 6-9 тоотод манай гэрт 2016 оны 03 сарын 14-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын харъяат Болдсайхан гэх ах ирж хоносон. Маргааш нь буюу 03 сарын 15-ны өглөө Болдсайхан манайд байхдаа адууны мөнгө өгөх хүн олдох болов уу нэг адуу зарна гэж ярьж байсан. Тэгснээ сүүлдээ Батаа гэх хүнээс 30.000 төгрөг авна гээд манай нөхөр Сундуйг хамт яваад өгөөч гэж гуйгаад манай нөхөртэй хамт явсан. Манай нөхөр Болдсайханыг Батаа гэх айлд хүргэж өгчихдөө эргээд гэртэй ирсэн. Тэгсэн чинь орой 18 цагийн үед Болдсайхан нүд нь хөхөрсөн, хамар, ам нь цус болсон, гутлын түрүү нь тасарсан орж ирсэн. Манай нөхөр бид хоёр гайхаад Болдсайханаас юу болсон талаар асуусан чинь юм яриагүй манайд хоноод маргааш өглөө нь гараад явсан. Маргааш өглөө нь манайхаас гарахдаа Банзрагчийн Орхонбаатар гэх хүнд зодуулсан, биед байсан 10.000 төгрөгийг авсан байна гэж ярьсан. Манайд хонохдоо мөнгөгүй байсан. Хүнээс мөнгө авна гэж яриад байсан. Батаа гэх хүнээс 30.000 төгрөг авсан байж магадгүй өөр мөнгө төгрөг хүнээс аваагүй байх. Адуу авах хүн байвал урьдчилаад мөнгө аваад дараа нь адуугаа авч ирж өгөх юм яриад байсан. Манай суманд тэгж адууны мөнгө өгөх хүн байхгүй байх. Ямар учраас зодсоныг нь мэдээгүй. Болдсайханы өөрийнх нь ярьсанаар зүгээр байхад нь Б.Орхонбаатар зодоод мөнгийг нь авсан гэсэн. Болдсайханы зүүн нүд нь хөхөрөөд хавдсан, хамраас нь цус гарсан байсан. Нэг талынх нь гутлын түрүүг нь юмаар тайрсан байсан. Тайрсан түрүү нь өвөрт нь байсан. Тэр хоёр хоорондоо ямар харьцаатайг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/ 

    Гэрч П.Сундуйн өгсөн: 

    “...2016 оны 03 дугаар сарын 14-ний орой Булган аймгийн Сайхан сумын харъяат Болдсайхан гэх миний таньдаг ах ирж манайд хоносон. Болдсайхан адуунд явж байгаа гэж ярьж байсан. Манайд хоночихоод маргааш өглөө нь манай Өлзийт сумын Батаа гэх хүнээс мөнгө авна намайг Батаагийнд хүргээд өгөөч гэж гуйсан. Би Болдсайханыг мотоциклиор Батаа гэх айлд хүргэж өгөөд харьсан. Тэгсэн чинь орой 18 цагийн үед Болдсайхан хүнд зодуулсан гээд нүд нь хавдсан, ам хамар нь цус болсон гутлын түрүүгээ огтлуулсан байдалтай согтуу орж ирсэн. Би Болдсайханыг гайхаад юу болсон талаар асуусан чинь юм яриагүй унтаад өгсөн. Манайд хоноод өглөө эрүүл болохоор нь юу болсон талаар дахин асуусан чинь Б.Орхонбаатарт зодуулсан, биедээ байсан 10.000 төгрөгөө алдсан гэж байсан. Тэгээд Болдсайхан манайхаас гараад явсан. Тэр талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. Болдсайханы өөрийнх нь ярьсанаар Б.Орхонбаатар Болдсайханыг зүгээр байхад нь зодож мөнгийг нь авсан гэсэн. Болдсайхан өөрөө Батаагаас 30.000 төгрөг авах ёстой гэж ярьж байсан. Тэр мөнгөө л авсан байх. Миний мэдэж байгаагаар өөр хүнээс мөнгө аваагүй. Надад л юм мэдэгдээгүй. Болдсайхан манайд хонож байхдаа хүнд адуу зарж мөнгө авна гэж байсан. Гэхдээ адуу зараагүй, хүнээс мөнгө төгрөг аваагүй байх. Тэр хоёр хоорондоо ямар харьцаатайг нь мэдэхгүй, хамт архи уусан талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

    Гэрч Э.Чиндалайн өгсөн: 

    “...Болдсайхан 03 сарын 15-ны өдөр 15 цагийн үед манайд ирж надаас 30.000 төгрөг авсан. Болдсайхан өмнө манайд нэг адууны шир зарсан байсан юм тэрнийхээ мөнгийг авсан. Болдсайхан манайд манай сумын Сундуй гэх залуутай хамт ирсэн Сундуй нь Болдсайханыг манайд хүргэж өгчихөөд түрүүлээд явсан. Болдсайхан эрүүл байсан. Надаас 30.000 төгрөг авсан өөр мөнгө төгрөг аваагүй, өөр хүнээс мөнгө авсан үгүйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

    Гэрч Д.Пүрэв-Очирын өгсөн: 

    “...би Болдсайхантай Архангай аймгийн Өлзийт сумын төвд айлд байхад нь 2016 оны 03 сарын 16-ны өдөр таарсан. Болдсайхан надтай таарах үед нэг талын нүд нь хөхрөөд хавдсан байсан. Баруун талын гутлын түрүү нь тасарсан байсан. Түрүүг нь огтолсон байсан. Тухайн үед Болдсайхан амьсгаа авч болохгүй байна. Амьсгаа авахаар баруун суганы доор хавиргаар нь хатгаж өвдөөд байна гээд байсан. Болдсайханы хавирга нь хугарсан юм шиг байсан. Болдсайхан тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. Тэгээд би Орхон аймагт байдаг Болдсайханы дүү Отгонсүрэн рүү утсаар ярьж ах чинь Өлзийт суманд хүнд зодуулсан байна гэж хэл хүргэсэн. Отгонсүрэн Эрдэнэт хотоос ирж ах Болдсайханыгаа авч явсан. Би Болдсайханаас юу болсон талаар асуухад Болдсайхан эхэндээ мэдэхгүй гээд байсан. Тэгээд сүүлдээ надад Банзрагчийн Орхонбаатарт зодуулсан гэж хэлсэн. Б.Орхонбаатар Болдсайханыг зодоод гутлын түрүүг нь хутгаар огтлоод мөнгийг нь авсан гэсэн. Болдсайханы өөрийнх нь ярьсанаар бол Болдсайханыг гудманд явж байхад нь Б.Орхонбаатар таараад архи, ундааны мөнгө нэхээд зодсон юм шиг байна лээ. Яг юу болсоныг би сайн мэдэхгүй. Болдсайханаас хэдэн төгрөг авсаныг нь мэдээгүй, байсан мөнгийг нь л авсан гэсэн. Би Болдсайханаас хэдэн төгрөгөө алдсан талаар асууж тодруулаагүй. Болдсайхан ганцаараа явж байсан гэсэн. Би хэдэн төгрөгтэй явж байсныг нь мэдэгүй, адуу зарсан үгүйг нь бас мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/

    Гэрч М.Отгонсүрэнгийн өгсөн:

    “...Болдсайхан бол манай төрсөн ах байгаа юм. 2016 оны 03 сарын 16-ны өдөр би Орхон аймагт гэртэй байж байсан чинь Архангай аймгийн Өлзийт сумаас манай найз Пүрэв-Очир гэх хүн над руу утсаар яриад танай ах Болдсайхан Өлзийт сумын төвд хүнд зодуулсан байдалтай нүд нь хөхрөөд хавдсан, өрөөсөн гутлын түрүүгээ огтлуулсан байдалтай явж байна гэж хэлсэн. Би ах Болдсайханыг авахаар тэр даруй Орхон аймгийн төвөөс Өлзийт суманд ирсэн. Намайг Өлзийт суманд ирэхэд манай ах Болдсайхан Өлзийт сумын төвд гудманд явж байсан. Би ахыгаа аваад Орхон аймагт аваачиж эмчлүүлсэн. Би ах Болдсайханыг Өлзийт сумын төвөөс авах үед биеийнх нь байдал их хүнд байсан. Нэг талын нүд нь хөхрөөд хавдсан, амьсгаа авахаар суганых нь доогуур хатгаж өвдөөд байна гэж байсан. Өрөөсөн талынх нь гутлын түрүү нь тасарсан байсан. Би Орхонбаатар гэдэг хүнд зодуулсан гэж ярьсан. Манай ах Болдсайхан Өлзийт сумын төвд байсан чинь Б.Орхонбаатар гэдэг хүнтэй таараад нэг шил архи хувааж уухаар нэг эзэнгүй айлд очсон гэсэн. Тэнд тэр хоёр архи уух гээд сууж байсан чинь Б.Орхонбаатар нь манай ах Болдсайханыг мөнгөтэй байгааг мэдээд мөнгө өг гэж айлгаж сүрдүүлээд мөнгө өгөхгүй гэсэн чинь зодсон гэсэн. Орхонбаатар манай ахыг зодоод мөнгийг нь аваад, өрөөсөн гутлынх нь түрүүг хутгаар огтлож хаясан байсан. Манай ах тухайн үед хэдэн төгрөгтэй байсныг нь би мэдэхгүй. Нэг нүд нь хөхрөөд хавдсан байсан. Нэг хавирга нь хугарсан байсан. Нэг гутлын түрүү нь тасарсан байдалтай байсан. Болдсайханы бие гайгүй болж байгаа гэхдээ толгой нь өвдөж, заримдаа унаад байгаа. Хар өнгийн өвлийн дотортой савхин гутал байсан 300.000 төгрөгийн үнэтэй. Би гомдолтой байна, манай ахыг зодсон Орхонбаатар гэх хүнд хуулийн дагуу зохих хариуцлагыг нь оногдуулж өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/

    Гэрч Д.Өлзийсайханы өгсөн: 

    “...би Б.Орхонбаатарыг танина ,төрөл садангийн холбоо байхгүй. Б.Орхонбаатар хүний гутлын түрүү огтолсон гэж л сонссон яг ямар зүйл болсоныг би мэдэхгүй. Б.Орхонбаатар тэр хүний гутлын түрүүг огтолсоноос хойш Улаанбаатар хот руу явсан тэрнээс хойш эргэж ирээгүй. Одоо Улаанбаатар хотод байгаа байх. Юу хийж байгааг нь сайн мэдэхгүй байна. Б.Орхонбаатар Улаанбаатар хотод 7 буудалд төрсөн дүү Сарантуяагийн Эрдэнэбаяр гэх айлд байгаа байх, би тэдний гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна. Б.Орхонбаатар архи уух дуртай, архи уухаараа агсан зантай, гэрийнхэндээ агсан согтуу тавьдаг, эрүүлдээ бол гайгүй даруухан байдаг. Өмнө цагдаагийн байгууллагад хулгайн хэргээр шалгагдаж байсан. Б.Орхонбаатар эхнэр хүүхэдгүй ганц бие, гэр бүл байхгүй, ээж, дүү нарынхаараа амьдардаг. Ээжийнх нь Өлзийт сум Хөшөөт багт манай хашаанд гэртэй байдаг, Б.Орхонбаатар хавар 4 сард Улаанбаатар хот явснаас хойш ээжийндээ эргэж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/

    Гэрч Б.Болормаагийн өгсөн: 

    “...би Орхонбаатарыг танина. Орхонбаатар бол манай төрсөн дүү. Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөд  татгалзах зүйл байхгүй. Надад Б.Орхонбаатарын үйлдсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Манай дүү Орхонбаатар одоо хаана, юу хийж байгааг нь би мэдэхгүй. Орхонбаатар 2016 оны 04 сарын сүүл 05 сарын эхээр гэртэй ирээд тэрнээс хойш дахиж гэртэй ирээгүй. Орхонбаатар энэ хавар хөдөө Өлзийт сум Байшир багт мал харж байсан. Гэртэй ер нь байгаагүй. Орхонбаатар гэр бүл эхнэр, хүүхэд байхгүй. Тогтсон гэр орон ажил төрөл гэх зүйл байхгүй. Манай гэрт ээж бид хоёртой хамт амьдардаг. Манайхаас өөр манай дүү Эрдэнэсүхийнд очдог, Эрдэнэсүхийнх Өлзийт сум Байшир багт хөдөө байдаг. Өөр нэг их очих айл байхгүй. Б.Орхонбаатар ер нь энд тэнд айлаар хэсээд хаана ч хамаагүй явж байдаг. Яг энд тэнд гэж хэлэх тогтсон газаргүй, хаа хамаагүй тэнэж явдаг. Одоо хаана ч байж магадгүй, Орхонбаатар хавар 4 сараас хойш надтай угаасаа холбоо бариагүй. Орхонбаатарт холбоо барих утас байхгүй. Орхонбаатар архи дарс уух дуртай архи уугаараа агсан согтуу тавьдаг авир муутай. Эрүүлдээ бол гайгүй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

    Гэрч Б.Оюунжаргалын өгсөн: 

    “...Орхонбаатар бол миний төрсөн дүү байгаа юм. Би эрхээ ойлгосон, би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Надад Орхонбаатарын үйлдсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Орхонбаатар одоо хаана юу хийж байгааг мэдэхгүй. Гэр бүл гэх зүйл байхгүй, Орхонбаатарт өөрийн гэсэн гэр орон байхгүй Өлзийт сумын төвд манай ээжийнд ээжтэй хамт байдаг. Гэхдээ ээжийнд байхаасаа байхгүй нь их, гэр оронд тогтохгүй энд тэнд тэнээд явж байдаг. Хамгийн сүүлд 2016 оны 04 сарын сүүлээр Өлзийт сумын Байшир багт хөдөө айлууудаар ямаа самнаж өгөөд явж байгаа сураг гарч байсан. Тэрнээс хойш хаана байгааг нь мэдэхгүй алга болсон. Тэрэнд ээжийнхээс өөр очих айл байхгүй. Эрүүлдээ зан ааш гайгүй, архи уугаад согтохоороо агсан зантай. Манай дүү Орхонбаатар сүүлийн үед архинд ороод зан ааш нь эвдрээд гэр орондоо ч тогтохгүй тэнэмэл амьдралтай болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/

    Гэрч П.Батболдын өгсөн: 

    “...би Б.Орхонбаатарыг танина ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Архангай аймгийн Өлзийт сум Хөшөөт багт Хөшөөтийн 7 дугаар гудамны 5 тоотод 2016 оны 03 сарын дундуур байх яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Гэртэй сууж байсан чинь Б.Орхонбаатар манайд 1 шил архитай орж ирсэн. Б.Орхонбаатар бид хоёр Орхонбаатарын авч ирсэн архийг уугаад сууж байсан чинь Булган аймгийн Сайхан сумын харъяат Болдоо гэх залуу нэг шил 0.5 граммтай Ерөөл архи авч ирсэн. Бид гурав Орхонбаатарын авч ирсэн архийг ууж дуусаад Болдоогийн авч ирсан архийг  задлаад сууж байсан чинь Орхонбаатар Болдоо хоёр маргалдаад байсан. Болдоо нь Орхонбаатарыг хулгайч гээд Орхонбаатар нь Болдоог гуйлгачин гээд нэг нэгийгээ хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл манай хажууд байдаг манай ээжийн бие нь тавгүйрхээд байна гээд би ээжийндээ орчихоод эргээд гэртэй ороод ирсэн чинь Орхонбаатар нь Болдоог доороо хийчихсэн гутлынх нь түрүүг огтлоод хаячихсан байж байсан. Би тэр хоёрыг яагаад зодоон хийгээд байгаан больцгоо гээд салгасан. Тэгээд бид гурав нөгөө үлдсэн архинаас нэг нэг хундага уугаад Орхонбаатар, Болдоо хоёр хамт гараад явсан. Орхонбаатар нь манайд түрүүлж орж ирсэн. Болдоо нь дараа нь орж ирсэн. Болдоо манайд орж ирэхдээ биед нь гэмтэл шарх байгаагүй. Тэр хоёр миний хажууд байхдаа зодоон хийгээгүй. Намайг ээжийнд орчихоод эргээд гэртэй ороод ирсэн чинь Орхонбаатар Болдоогийн гутлын түрүүг нь огтолсон байсан. Нэг нэгийгээ зодсон, цохьсон эсэхийг мэдэхгүй. Болдоод бэлэн мөнгө байсан үгүйг би мэдэхгүй, Орхонбаатар Болдоогийн биед байсан эд зүйлийг дээрэмдсэн эсэхийг мэдэхгүй. Орхонбаатар яагаад Болдоогийн гутлын түрүүг огтолсоныг мэдэхгүй. Манайд өөр хүн байгаагүй. Би ганцаараа байсан. Би тэр хоёрт архи авч өгөөгүй. Болдоо манайхаас гарахад ил харагдах гэмтэл гэх зүйл харагдахгүй нүд, ам нь хөхөрч няцарсан зүйл харагдаагүй. Манайд байсан бор иштэй хутгаар огтолсон байсан. Орхонбаатар гарахдаа манай тэр хутгыг аваад явсан байсан. Тэр хоёр манайхаас гараад зодоон хийсэн эсэхийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар тал/

    Гэрч Т.Мандахбаярын өгсөн: 

    “...Орхонбаатарыг танина, ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. 2016 оны 03 сард хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би хүүхдээ цэцэрлэгээс авах гээд гэрээсээ гарах гэж байсан чинь манайд Б.Орхонбаатар халамцуу орж ирсэн. Би Орхонбаатарыг орж ирсэний дараа зөрөөд гараад явсан. Манайд юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Орой нь гэртэй ирсэн чинь манай нөхөр надад Орхонбаатар, Болдоо хоёр манайд байж байгаад маргалдаад гараад явсан гэж ярьсан. Орхонбаатар, Болдоо хоёр хоорондоо маргалдаж зодолдсон талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар тал/

    Сэжигтэн, яллагдагчаар Б.Орхонбаатарын өгсөн: 

    “...би хүн зодсон хэрэгт холбогдсон. 2016 оны 03 сард өдрийг нь санахгүй байна. Би Өлзийт сумын төвд Хөшөөт хороололд байдаг Баагий гэх нутгийн залуугийнд ороод түүнтэй 1 шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи хувааж уучихаад гарах гээд байж байтал гаднаас тэдний гэрт Болдоо ороод ирсэн. Болдоо орж ирэхдээ согтуу нэг нүд нь хавдсан орж ирсэн. Тэгээд дээлийнхээ өврөөс тал шил Ерөөл нэртэй архи гаргаж ирсэн. Тэр архийг нь Баагийн бид гурав хувааж уусан. Архиа ууж байхдаа Болдоо намайг хулгайч гэж хэлээд өдөөд суулгахгүй байсан. Тэгэхээр нь би өмсөж явсан гутлынх нь түрүүтэй хэл нь унжсан байхаар хутгаар огтлоод авсан. Тэгээд Болдоо гараад явсан. Би ч гэсэн араас нь гарч явсан. Ийм л асуудал болсон. Би түүнийг зодоогүй. Өөрөө гаднаас согтуу хүнд зодуулсан бололтой нэг нүд нь хавдчихсан орж ирсэн. Болдоо нь өөрөө Булган аймгийн Сайхан сумын хүн байгаа юм. Манай Өлзийт сумын нутгаар байнга л адуугаа зараад архи уугаад явдаг. Бараг л манай суманд өвөлждөг. Би түүнээс дээрэмдэж авсан зүйл байхгүй. Түүнд мөнгө байгаагүй. Гутлынх нь түрүүнд мөнгө байгаагүй. Болдсайхан бид хоёр Баагийн гэдэг залуугийнд архи уусан. Баагийгийн жинхэнэ нэрийг би мэдэхгүй байна. Тухайн үед Баагийгийнд Баагийн, Болдоо бид гурав байсан. Болдоог орж ирэхээс өмнө тэдний гэрт Баагийгийн эхнэр болох Мандах байсан. Мандахыг хүүхдээ авахаар явсан хойгуур нь Болдоо гэрт нь ирсэн. Би мөнгө аваагүй. Түүнд мөнгө байхгүй гэж өөрөө ярьж байсан. Мөн Батаагаас 8.500 төгрөг аваад нэг шил архи аваад талыг нь уучихлаа гэж хэлсэн. Би үүнээс хойш Батаа ахтай таарахад Болдоо мөнгө нэхээд 8.500 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Богино түрүүтэй бор өнгийн гутал байсан. Гутлынх нь хажуугийн хэл нь унжаад байхаар нь тэр хэсгийг нь огтолсон. Хэл нь чирэгдээд явахаар нь огтолсон юм. Баагийгийн эзэмшлийн хар иштэй хутга байсан. Уг гутлын зураг миний огтолсон гутал мөн байна. Тухайн үед уг гутал нороод, хоншоор нь цайчихсан байсан. Тэгэхдээ би түрүүг нь ийм том хэмжээтэйгээр огтлоогүй. Зөвхөн хэлнийх нь орчмыг нь огтолсон. Ажил хийхээр хот явсан байсан. Архи уугаад явж байхдаа манайхаар хоноод явдаг байсан. Бид хоёрын дунд өс санасан зүйл байхгүй. Би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Болдсайханыг цохиж зодоогүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. 
    Надад ял сонсгож байгаа зүйл ангийг би ойлгож байна. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Болдсайханыг зодож дээрэмдээгүй. Би түүнээс юу ч аваагүй. Намайг Болдсайхан өөрөө хулгайч гэж дуудаад байхаар нь би түүний гутлын түрүүг жижигхэн огтолсон. Өөрөөр түүнийг цохиж зодоогүй. Түүнд мөнгө төгрөг юу ч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91, 93 дугаар тал/

    * Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. М.Болдсайханы биед тархи доргилт, баруун 11-р хавирганы суганы арын шугамаар далд зөрөөгүй хугарал зэрэг гэмтэл үүсч байжээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний хоёр удаагийн үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Эдгээр гэмтэл 2016 оны 03 сарын 15-нд үүссэн байж болно. 5. Тархи доргилт, хавирганы хугарал зэрэг нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах гэмтэл болно. 6. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/

    * Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19 дүгээр тал/
    * Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн засаг даргын 2016 оны 06 сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр тал/
    * Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 54 дүгээр тал/, эд мөрийн баримт зэрэг болно. 
Шүүгдэгч Б.Орхонбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Хөшөөтийн 7 дугаар гудамжны 5 тоотод хохирогч М.Болдсайханыг амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож М.Болдсайханы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн гутлын түрүүг нь тайран, гутлын түрүүнд байсан биет 17.000 төгрөгийг дээрэмдэж нийт 107.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч М.Болдсайханы “...Банзаа Орхоо гэдэг хүнтэй таараад бид хоёр тэр архийг нэг эзгүй айлд очиж уусан. Бид хоёр тэр архиа хувааж уугаад сууж байсан чинь Орхоо хутга гаргаж ирээд би шоронгоор олон жил явсан хүн чи биедээ байгаа мөнгөө гаргаж өг, өгөхгүй бол чамайг ална гээд намайг айлгаж сүрдүүлсэн, тэгснээ миний нүд рүү гараараа цохих үед нь би газар унасан тэгээд миний дээрээс дарж байгаад намайг зодсон. Би ухаан алдсан байсан, сэрээд харсан чинь Банзаа Орхоо миний хажууд сууж байсан. Миний бие бүхэлдээ хөндүүрлэж өвдөж байсан. Би жаахан хэвтэж байгаад босож болмоор юм шиг байхаар нь тэр гэрээс гараад зугтсан. Орхоо тэр гэрт үлдсэн. Би тэндээс гараад явж байгаад гутлаа харсан чинь миний гутлын түрүүг огтлоод түрүүнд байсан 20-иод мянган төгрөгийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Өлзийжаргалын “...орой 18 цагийн үед Болдсайхан нүд нь хөхөрсөн, хамар, ам нь цус болсон, гутлын түрүү нь тасарсан орж ирсэн. Манай нөхөр бид хоёр гайхаад Болдсайханаас юу болсон талаар асуусан чинь юм яриагүй манайд хоноод маргааш өглөө нь гараад явсан. Маргааш өглөө нь манайхаас гарахдаа Банзрагчийн Орхонбаатар гэх хүнд зодуулсан, биед байсан 10.000 төгрөгийг авсан байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Батболдын “...Орхонбаатар нь Болдоог доороо хийчихсэн гутлынх нь түрүүг огтлоод хаячихсан байж байсан...” гэх мэдүүлэг, 2016 оны 03 сарын 15-ны өдөр хохирогч М.Болдсайхан нь 30,000 төгрөг авсан талаар мэдүүлсэн гэрч Чиндалай, М.Батбаяр нарын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар гарсан шинжээчийн 305 тоот дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн Б.Орхонбаатар уг хутгыг дээрэмдэх зорилгоор бус хохирогчийн өмсөж явсан гутлын түрүү хэсгээр унжиж байсан үдээсний хэлийг огтлох зорилгоор ашигласан, зүйлчлэл тохироогүй гэж өмгөөлж байгаа нь няцаагдаж байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хэргийн  талаар маргаж өөрийн гэм бурууг хүлээхгүй байгаа боловч шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Орхонбаатар нь  хохирогчийн амь биед аюултайгаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн дээрэмдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Орхонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Хохирогч М.Болдсайхан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Орхонбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 
Шүүгдэгч Б.Орхонбаатар нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээхгүй бол” ялгүй болно гэж заасан бөгөөд түүний ялтай хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.Орхонбаатар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Шүүгдгч Б.Орхонбаатарын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 24 хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Орхонбаатар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдан шийдвэрлэв.

        Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Банзрагчийн Орхонбаатарыг зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б.Орхонбаатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Орхонбаатарт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Орхонбаатарын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 24 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 
    6. Шүүгдэгч Б.Орхонбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Орхонбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
    8. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Р.АЛТАНЦЭЦЭГ

              ШҮҮГЧИД               П.ГАНДОЛГОР
                                       Э.ОДХҮҮ