Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0349/З |
Дугаар | 221/МА2023/0590 |
Огноо | 2023-09-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2023/0590
“ГХА” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэгч: “ГХА” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 591 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2023/0349/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГХА” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1 “...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “... Улмаар тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайн нөхөн сэргээлт хийгдээгүй талбайд цаашид хэн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэх нь тодорхойгүй байдлыг хүргэж байгаа нь зүйд нийцэхгүй” хэмээн дүгнэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
2.2 Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д “Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж хуульчилсан тул “ГХА” ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ...дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
2.3 Тус ажлын хэсгээс Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын ашиглалтын ...дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “ГХА” ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарах дүгнэлт гаргасан байна.
2.4 Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий актуудад хуулийн зүйл, заалт баримтлаагүй гэсэн үндэслэлээр хэргийн оролцогч нарын маргасан асуудлаар дүгнэлт хийхгүйгээр уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.
2.5 Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэн хэргийн оролцогч нарын маргасан асуудлаар дүгнэлт хийгээгүй нь уг шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болсныг нотлон харуулж байна.
2.6 Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/6227 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дугаар бүхий дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 72 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болсон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “ГХА” ХХК нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.
3. Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор батлагдсан “Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, хүсэлтийг шүүгчид хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам”-ын дагуу шүүгч Л.Б-т хуваарилсан болох нь нэхэмжлэлд дарагдсан шүүхийн дардсаар тогтоогдож байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-д заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.2-т “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” бол гэсэн хуулийн зохицуулалттай.
5. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсан тохиолдолд хууль ёсоор томилогдсонд тооцно гэж үзнэ.
6. Харин энэ тохиолдолд тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчийг дээрх хуульд заасны дагуу албажуулаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хууль ёсоор томилогдсон шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
7. Учир нь Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг албажуулах нь зөвхөн уг хэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөр бусад шүүгчид шилжүүлсэн, шалтгаан арилж буцаад тухайн шүүгчид хуваарилагдаж ирсэн зэрэг хэрэг шилжүүлсэнтэй холбоотойгоор шүүх хуралдаан даргалагчийг албажуулах ойлголт биш бөгөөд журмын дагуу хуваарилагдан ирсэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг албан ёсоор томилж баталгаажуулахыг хуулиар зохицуулсан.
8. Түүнчлэн Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн системээс шүүж үзэхэд “ГХА” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжийн дугаар авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Мөн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Ц.Ж нарт хэргийг оролцогчийн эрх, үүргийг тайлбарласан болон Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан “Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна” гээд 56.1.2-т “хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухайгаа баримтжуулах” гэснийг, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.2.1-д заасан “Шүүгч хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эрх, үүргийг амаар тайлбарлан, “Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай”, ...Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримт”-д тус тус гарын үсэг зуруулан, системд холбогдох ажиллагааг хийж, баримтыг хэрэгт хавсаргана” гэснийг тус тус зөрчсөн байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн бөгөөд хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон давж заалдах гомдолд тус шүүх дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА