Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00743

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02657 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 249 дүгээр магадлалтай,

Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Ц.П, “Б” УТҮГ, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-д холбогдох,

Засварын зардал 26.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М- түүний өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагч И ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010 онд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.П нь Нийслэлийн бодлогоор Монголын уламжлалт ёс заншил, соёл, сургалт сурталчилгааны Богд хаан-2 төв байгуулж Монголын түүхэн дурсгалт байшин, соёлын биет өвийн нэг болох Богд хааны номын өрөөний 178 м.кв байшинг сэргээн засварлах ажлын хүрээнд та өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгэж өгөөч, Нийслэлийн төсөв зардлыг нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дээрх байшинг сэргээн засварлах бодлого баримталж байгаа гэсэн хүсэлт гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар 664 м.кв газрыг Түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар эзэмшдэг, 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан ба Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтыг хариуцах зорилгоор өмчлөгчийг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны газар, хамгаалагчийг төлөөлж Монголын Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх И ТББ-ын хооронд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Миний бие соёлын ажилтны хувьд Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх хэсэгт заасан соёлын талаарх иргэний үүргээ биелүүлэх зорилгоор Ц.Птэй ямар нэг гэрээг бичгээр хийлгүйгээр итгэлцлийн үндсэн дээр түүний хүсэлтийг хүлээн авч, тус байгууламжийн гаднах болон доторх хэсгийн засварыг хийж гүйцэтгэн засварын зардалд нийт 26.800.000 төгрөг зарцуулсан. Энэхүү засварын зардлыг үнэн зөв, бодит үндэслэлтэй болохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, прокурорын газарт Ц.П нь шалгагдаж байх үед Хөрөнгө Эстимэйт ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосон. 2016 оны 11дүгээр сарын 23-ны өдөр Богдын зуны ордон, Богдын торгон цэргийн байр, Дондогдуламын сэрүүн лавринг Удирдлагын академийн балансаас Бд шилжүүлсэн. Иймд одоогийн Бн өмчид бүртгэлтэй Богд хааны номын өргөөг сэргээн засварлахад миний өөрийн хөрөнгөөр зарцуулсан 26.800.000 төгрөгийг Б УТҮГ, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар И ТББ-ын аль хариуцах этгээдээс нь гаргуулж өгнө үү, Ц.Пд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч “Б” УТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Богд хааны торгон цэргийн байр нь 2010 онд буюу Б.М-ийн засвар хийх үед Удирдлагын академийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн өмчийн барилга байсан. 2010 онд Удирдлагын академийн зүгээс өөрийн балансад бүртгэлтэй барилгад өөр хуулийн этгээд засвар үйлчилгээ хийх үед нь дээрх хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл Удирдлагын академи буюу үндсэн эзэмшигч эс бөгөөс Төрийн өмчийн хорооноос ямар нэгэн үүрэг даалгавар авалгүй, эрх, үүргийн харилцаа үүсгэлгүйгээр Ц.П нь дур мэдэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан ба албан тушаалаа ашиглан шийдвэр гаргаснаар Б.М-ийг хохироосон байна. Засварын ажлыг сэргээн засварлах зураг төсөвгүй хийсэн нь тухайн үед мөрдөж байсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Богд хааны торгон цэргийн байр нь Засгийн газрын 2016 оны 157 дугаар тогтоолоор Бд балансаас балансад шилжсэн. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үйл явдал энэ шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө болсон бөгөөд Б.М-тэй энэ барилгын асуудлаар ямар нэгэн эрх, үүрэг байхгүй, гэрээ хэлцэл байгуулж үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайн үеийн эзэмшигч байсан, хэлцэл хийсэн этгээд хариуцах ёстой гэжээ.

Хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий байшинд Удирдлагын академи мужаан цехээ ажиллуулж байсан. Тухайн байшинд зураг төсөв хийлгэж холбогдох байгууллагаар батлуулах, санхүүгийн хяналт дор хөрөнгө оруулж засварлаж болох талаар санал солилцож байх хооронд шууд дур мэдэж засвар эхэлсэн байсан. Энэ үед миний бие соёлын өв хариуцсан мэргэжилтэн М.Отгончимэгийг явуулж газар дээр нь шалгуулж зураг авахуулан баримтжуулж ажлыг нь зогсоох оролдлого хийсэн ч тойроод айлын хаусууд шахаж барьсан, тоос шороо бужигнасан, барилгын материалууд буулгасан нөхцөл хүнд байсан тул Б.М-ийг дуудан ажил дураараа эхэлснийг нь хэлж зэмлэсэн ч би зургаа хийлгэж байгаа гэхээс өөр үг хэлж чадаагүй. Ингээд 2011-2013 онд Б.М- дулаан бохирын асуудлыг шийдүүлэхээр судалж байна, хөөцөлдөж байна, айлуудтай тохиролцож байна гэсээр цаг хугацааг өнгөрөөсөн ба 2013 оны 10-11 сард би БНХАУ-д эмчлүүлж байгаад ирэхэд зогсоо зайгүй мессеж бичиж, одоо дулаан бохирын асуудлыг шийдэх гэж байна, оршин суугчид шугам хоолойг янзлахад 1 тэрбум төгрөг нэхэж байна, яаралтай уулзмаар байна гэснээр миний бие номын өргөөний хажуу байрныхан болон Нийслэлийн дулааны газрын хүмүүстэй хамтран уулзсан. Тэгэхэд байрны оршин суугчид Б.М- гэдэг хүн үлгэр шиг юм яриад алга болсон, бид мөнгө нэхээгүй, манай байрны худаг руу бохироо хаяж болно гэсэн, дулааны байгууллагынхан ч 15 саяд бүх ажил багтана гэсэн, гадаа хүйтэрлээ хавар дулаан орохоор хийлгэнэ гээд Б.М- тэр хүмүүстэй үлдсэн. Үүнээс хойш 2014 онд би Хөх хотод эмчилгээнд яваад ирэхэд Б.М- хаягдсан байсан соёлын өвийг хөрөнгө оруулж зассан, Нийслэлийн музейд өгч оруулсан хөрөнгөө авна гэж Нийслэлийн 375 жилийн ой угтсан төлөвлөгөөнд тусгуулсан байсан. Бид ойн комисст ТББ-д албан тоот хүргүүлж Б.М- засвар хийсэн ч хэдэн төгрөг оруулсныг нь мэдэхгүй, хууль ёсны хамгаалагч байгууллага нь Икэл ТББ байгаа гээд НИТХ-ын тогтоол, НЗД-ын захирамж зэрэг хууль ёсны бичиг баримтыг хавсарган төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлж болохгүй тухай мэдэгдсэн. Хот ч хууль бус үйлдэл байна гээд Б.М-т албан ёсоор мэдэгдэж дээрх хууль бус үйлдэл зогссон. Б.М-ийг төрийн өмчид зөвшөөрөлгүй засвар хийсэн нь хууль бус үйл ажиллагаа болсон гэж яригдсанаас хойш 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, өгсөн байцаалтдаа дээрх байшинг Ц.П өмчилж авсан, хувийн өмчдөө хууран мэхэлж хөрөнгө оруулсан, 2010 онд засвар хийж дууссан гэх зэргээр урдны гүжир гүтгэлгүүдээ улам лавшруулж миний нэр төрд бүдүүлгээр халдаж эхэлсэн. Дээрх номын өргөө нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 408 тоот тогтоолоор Удирдлагын академийн балансаас Боловсрол соёл шинжлэх ухааны яамны баланст шилжсэн нь Соёлын өвийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний 10/10719 албан тоот, Засгийн газрын 408 тогтоолоор батлагдаж байна. Б.М- дээрх асуудлыг хариуцан хамгаалагч байгууллагатай хамтран зохих байгууллагад албан ёсоор тавьсан бол аль хэдийн шийдэгдэх байсан. Тус номын өргөөг соёлын өв болохынх нь хувьд И ТББ нь хуулийн дагуу Иргэдийн нийтийн хурлын шийдвэр гаргуулж хамгаалалтын жагсаалтад оруулах, кадастрын зураг хийлгэх Засаг даргын захирамж гаргуулж хамгаалалтын бүс тогтоолгох, газар эзэмших захирамж гаргуулах зэргээр эрх зүйн бүх баримтуудыг Б.М-ийн нэхэмжлэл болгосон хавтаст хэрэгт эх хувиас нь баталгаажуулан хавсаргасан нь Б.М-ийн хувийн өмч гэх мэтээр мэдүүлэг болгондоо янз бүрээр гүтгэснийг үгүйсгэсэн юм гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02657 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан /РД:8073287/ Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх И ТТБ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.230.000 төгрөг гаргуулан, Боржигон овогтой Банзрагчийн Минжүүрт /РД:ШБ630719013/ олгож, шаардлагаас үлдэх 1.570.000 төгрөг гаргуулах болон Б УТҮГ-т /РД:9120572/ холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 291.950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ТББ-аас тэмдэгтийн хураамжинд 284.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 249 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан Б УТҮГ, И ТББ, Ц.П нарт холбогдох засварын ажлын зардал 26.800.000 төгрөг гаргуулах тухай Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх И ТББ-ын төлөөлөгч Ц.Пгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 249 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, “И” ТББ-ын хооронд байгуулагдсан 2010.01.20-ны өдрийн 01 тоот гурвалсан гэрээг Газрыг нь “И” ТББ байгууллага 5 жилийн хугацаатай эзэмшиж байснаар “И" ТББ болон Б.М- нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэдгийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа гэрээг байгуулахдаа өмчлөгч болох төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гэдгийг нотлоогүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь дээрх зөвшөөрлийг гурвалсан гэрээний 1 тал болох Нийслэлийн Соёл урлагийн газар, тус газрын дарга Ц.П нь өөрийн үйлдлээр болон амаар иргэн Б.М-т олгосон болох нь хэрэгт авагдсан фото зургууд талуудын тайлбараар тогтоогддог. Харин ч эсрэгээрээ зөвшөөрөл авах шаардлагатай байсан гэж үзвэл зөвшөөрөл авах үүргийг Б.М- хүлээхгүй бөгөөд төрийн эрх бүхий мэргэжлийн байгууллага болох Нийслэлийн Соёл урлагийн газар, тус газрын дарга Ц.П зөвшөөрлөө авсан байх үүрэг хүлээх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болох фото зургууд, хариуцагч “Ия ТББ-ын тэргүүн Ц.Пгийн тайлбар, гэрч Отгончимэгийн мэдүүлэг зэргээр тухайн үед зөвшөөрлөө өгсний үндсэн дээр засварын ажил эхэлжээ гэж ойлгогдоно. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Соёлын өвийг хамгаалах тухай хууль 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр УИХ-аар батлагдаж, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. Тухайн цаг үед 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль үйлчилж байсан. 2001 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн “Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг эзэмшигчийн эрх, үүрэг” гэсэн 15 дугаар зүйлийн 15.2.3-т “өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүх, соёлын дурсгалт зүйлийг эзэмших, ашиглах эрхээ бусдад шилжүүлэхгүй байх гэж заасан бөгөөд 2010.01.20-ны өдрийн 01 тоот гурвалсан гэрээнд өмчлөгчийг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны газар, эзэмшигчийг төлөөлж “И” ТББ уг гэрээг байгуулсан байгааг шүүх анхаарч үзээгүй. Хамгийн ноцтой асуудал бол Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт ... уг гэрээгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь уг номын өргөөний өмчлөгчийн хувьд түүх, соёлын дурсгалт зүйлийн эзэмшил, хамгаалалтад хяналт тавих гэж зөв дурдсанаа Нийслэлийн Соёл, урлагийн газар болон И ТББ-ын эрх, үүргийг буюу Эзэмшигч, Хамгаалагчийн эрх, үүргийг сольж бичин, түүндээ дүгнэлт өгсөн нь магадлал хууль ёсны, үндэслэл бүхий байх, нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагыг хангаж чадаагүй. Зүй нь “И” ТББ нь номын өргөөг эзэмшилдээ байлгах хугацаанд сэргээн засварлах, урсгал засвар хийх, анхных нь төрх байдлыг өөрчлөхгүй, эвдэж гэмтээхгүй, бүрэн бүтэн байлгах үүргийг уг гэрээний 4.3, 4.4, 4.5 дахь заалтаар хүлээж, харин Нийслэлийн Соёл, урлагийн газар нь номын өргөөний эзэмшигчийн үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах, эзэмшил, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих үүргийг уг гэрээний 3.1 дэх заалтаар хүлээсэн байсан болно. И ТББ нь 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд хааны сэрүүн ордон байрлаж байгаа 664 м2 газрыг түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар газрыг нь эзэмшиж байсан бөгөөд үүнийг нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/832 дугаар захирамжаар "И" ТББ-ын газар эзэмших эрхийг нь дуусгавар болгож соёлын өвийг хамгаалж авч үлдсэн юм.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 249 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Б.М- нь Ц.Пд холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Б УТҮГ болон Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх И ТББ-с 26.800.000 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа Б УТҮГ “...гэрээ хэлцэл байгуулаагүй”,  И ТББ “...нэхэмжлэгч нь Номын өргөөг засаад үйл ажиллагаанаасаа  оруулсан хөрөнгөө гаргаж авах санал тавьсан, ...эрх бүхий этгээдээс  зөвшөөрөл авалгүй дур мэдэн засвар эхэлсэн, ...ажлын үр дүнг хүлээн аваагүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргажээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор түүх соёлын өв болох Богд хааны Номын өргөөг нийслэлийн хамгаалалтад байхаар тогтоожээ.

Өмчлөгч, хамгаалагч болох Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн соёл урлагийн газар нь Номын өргөөний эзэмшил, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эзэмшигч И ТББ нь эдэлгээ ашиглалтын горимыг чанд мөрдөж, ариг гамтай эдэлж, анхных нь төрх байдлыг өөрчлөхгүй, эвдэж гэмтээхгүй, бүрэн бүтэн байлгах, хамгаалах үүргийг тус тус хүлээж, 2010 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр гэрээ байгуулжээ /хэргийн 21-24, 34-35 дугаар тал/.

Дээрх гэрээний 4.4.-т зааснаар эзэмшигч нь сэргээн засварлах ажлыг хариуцах бөгөөд уг ажлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан зураг төслийн дагуу Нийслэлийн соёл урлагийн газраар хянуулан, зөвшөөрөл авсны үндсэн дээр мэргэжлийн байгууллагатай хамтран  гэрээ хийж гүйцэтгүүлэх үүрэг хүлээжээ.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 157 дугаар тогтоолоор маргааны зүйл болж буй номын өргөөг  Б УТҮГ-т шилжүүлжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Номын өргөөг сэргээн засварлахад 26.800.000 төгрөгийн засвар гаргасан...” талаар дурдаад И ТББ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, Б нь өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэж, төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулна гэж шаардлагаа тодорхойлжээ. 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бол мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж зохицуулжээ.

Хэргийн 96-110 дугаар талд авагдсан Хөрөнгө эстимейт ХХК-ийн шинжээчийн  дүгнэлтэд нэхэмжлэгч Б.М-ийн уг номын өргөөнд хийсэн хөрөнгө оруулалтыг 25.230.000 төгрөгөөр тооцохдоо ажлын хөлс 10.752.865 төгрөг, материалын зардал 10.653.769 төгрөг, бусад зардал 3.823.366 төгрөг гэж тодорхойлсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.  

Анхан шатны шүүх “...номын өргөөг засварлах ажил нь тус үйлдвэрийн газарт шилжихээс өмнө болсон” гэж үзэж, “Богд  хааны ордон музей” УТҮГ-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй боловч И ТББ-с 25.230.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна Ц.Пд холбогдох шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Нэхэмжлэгчийн “...И ТББ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, засварын ажил хийж гүйцэтгэсэн” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна. Гэхдээ нэхэмжлэгч нь түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-т нийцсэн  боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-т “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан ба хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр мөн зүйлийн 56.6.-т зохицуулсан.

Нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр засвар хийсэн буруутай тул энэхүү байдлыг харгалзан төлбөрийг 50 хувиар багасгаж, нэхэмжлэлээс 12.615.000 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 249 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02657 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг баримтлан Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх И ТББ-с 12.615.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгож, нэхэмжлэлээс 12.615.000 төгрөгийн болон хариуцагч “Б” УТҮГ, Ц.П нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...284.100...” гэснийг “...216.790...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 284.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ