Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/02240

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/02240

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Н.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:М.Б холбогдох

 

Өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ оролцов.   

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3 хүүхэдтэй, М.Б нь миний том хүү юм. М.Б архи их уудаг, дүү нараа болон намайг зоддог, их догшин зан авиртай хүн. Тэрээр н.Чимгээ гэх эмэгтэйтэй гэрлэсэн боловч эхнэрээ зодож дарамталсаар байгаад эхнэр нь салаад явсан. Миний нөхөр н.Мандах 5 жилийн өмнө ертөнцийн мөнх бусийг үзсэн бөгөөд одоогийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 8 дугаар байрны 8 тоот, 2 өрөө орон сууцанд миний бие охин М.Б, түүний хоёр хүүхэд, охин М.А, хүү М.Б нартай хамт амьдардаг байсан ба уг байр нь миний нэр дээр байдаг, нэг хүний өмчлөлийн байр юм. Хамт амьдарч байх хугацаанд М.Б байнга архи ууж, намайг болон хоёр охин дүүгээ, дүүгийнхээ хоёр хүүхдийг зодож, айлган сүрдүүлж, улмаар биднийг гэрээс хөөж, уг байранд ганцаараа амьдарч байна. М.Б наймаа хийдэг, өөртөө байр авах хэмжээний мөнгөтэй хүн. Гэтэл төрсөн эхийгээ зодож хөөж гаргачихаад дотор нь архичид цуглуулж, нэг өрөөг нь хогоор дүүргээд орхисон байгаа. Би одоо охин М.А-д түр амьдарч байгаа ба ах М.Б нь дүү М.А-г зодсоноос болж тархиндаа гэмтэл авч, Шар хадны эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. М.Бг архи ууж агсам тавьж биднийг зодох үед цагдаад дуудлага өгч, өргөдөл гомдол гаргадаг боловч хүлээж авдаггүй, тэднийг аргалаад гараад ирдэг. Сүүлдээ цагдаад өгвөл бүгдийг чинь ална гэж айлгаад өргөдөл гомдол өгөхөө ч больсон. Би одоо хүнд өвчтэй болж, байнгын эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэж байна. Иймд байрыг хууль бусаар эзэмшиж байгаа М.Бг гаргаж, миний орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Б нь М.Бд холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           

 Нэхэмжлэгч Н.Б Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 8 дугаар байрны 18 тоот, 29 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч М.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Н.Б болох нь 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ү-2206002647 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр /нэг хүний өмч/ тогтоогдож байна.

 

 Дээрх орон сууцанд нэхэмжлэгч Н.Б том хүү, хоёр охин, хоёр зээгийн хамт амьдарч байсан гэх бөгөөд хүү М.Б нь архи ууж, эх Н.Б, хоёр охин дүү, зээ дүү нараа зодож, уг орон сууцнаас хөөж, байранд ганцаараа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогдоогдож байна.

 

 Хариуцагч М.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 14 хоногийн дотор буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч тэр үүргээ биелүүлээгүй байна.

 

 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “...Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй...” гэж  зааснаар дээрх орон сууцны өмчлөгч нь Н.Б байх тул М.Бгийн хууль бус эзэмшлээс орон сууцыг шаардах эрхтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үгүйсгэсэн талаар баримт ирүүлээгүй, маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохоо нотлоогүй тул М.Бгийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 8 дугаар байрны 18 тоот, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

   Н.Бийн нэхэмжлэлтэй М.Бд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10.30 минутад товлож хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ч шүүхээс мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хэргийн оролцогчдыг бүрэн оролцуулахаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10.30 минутад товлож, хариуцагчид албан тоотоор болон утсаар мэдэгдсэн байна.

 

Гэвч хариуцагч тухайн өдөр зарлагдсан шүүх хуралдаанд ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар мэдэгдээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,115.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106.1 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Бгийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 8 дугаар байрны 18 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206002647 дугаартай, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М.Бгаас 70.200 төгрөг гаргуулж, Н.Бт олгосугай.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ДАВААСҮРЭН