Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00125

 

                                        2016 оны 07 сарын 27 өдөр               Дугаар 125                                 Баян-Өндөр сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир, Д.Дарьбазар, улсын яллагч Б.Бүжинлхам, хохирогч Ц.Цэрэндэжид, хохирогчийн өмгөөлөгч Ж.Жавзандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бүрнээд холбогдох 201614000210 тоот хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг, Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик мэргэжилтэй, “Анаг” “ХХК-”ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-13 тоотод оршин суух, урьд 1984 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн шүүхийн 26 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86-б-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1986 оны 09 сарын 08-нд тэнсэн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай Хусан бүрд овгийн Пүрвээгийн Бүрнээ. /ГВ64051019 /.

                                                    Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч П.Бүрнээ нь 2016 оны 04 сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-13 тоотод эхнэр Ц.Цэрэндэжидийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бүрнээ мэдүүлэхдээ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Ц.Цэрэндэжидийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Гэр бүлийн асуудлаас болоод эхнэр бид хоёр 2015 оны 09 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байсан юм.  2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой эхнэр Цэрэндэжид Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү гарлаа гэсэн ба би гэртээ хоол унд бэлдээд хүлээгээд ирэхгүй удаад байхаар нь “Хүрхрээ” нэртэй пивоны газарт орж 2 лааз пиво авч уугаад гарч яваад эхнэрийн машин явж байхыг хараад араас нь дагаж Дэнж багт очоод зогсохоор нь эхнэрийн машины түлхүүрийг булааж аваад машинд нь сууж байсан хүмүүсийг буулгаад тогооч Сараагийн хамт гэртээ ирсэн. Эхнэр 2016 оны 9 дүгээр сард гэрээсээ яваад ирэхгүй байж байгаад ирсэн болохоор уур хүрээд Цэрэндэжидийн гуя, мөр, гэдэс гар, хөл рүү нь гараараа цохисон нь үнэн. Мөн эрхий хурууг нь хугалсан байна лээ. Тэр үед Сараа намайг салгаад бид 3  юм яриад сууж байхад гаднаас цагдаа нар орж ирээд гарахад эхнэр хамт гараад явсан. Эхний үед би эхнэртээ гар хүрэх, хардах асуудал байсан нь үнэн. Би тусдаа амьдарч байхдаа эхнэрийнхээ араас Улаанбаатар хот руу очтол Цэрэндэжид уулзахгүй зугтаагаад байсан учир би бухимдаад эхнэртээ гар хүрсэн минь үнэн гэв.

  2.  Хохирогч Ц.Цэрэндэжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 1994 оноос эхлэн “Анаг” ХХК-ийг аавтайгаа байгуулан үйл ажиллагаа явуулдаг байсан ба 1998 онд П.Бүрнээтэй гэр бүл болж “Анаг” ХХК-ний захирлаар нөхөр Бүрнээг тавьсан. Аавыг минь нас барснаас хойш Бүрнээ намайг байнгын дарамт, хүчирхийлэлд байлгах болсон. Бүрнээд гомдолтой байна. 2002 онд “Анаг” амралтын газарт эрүүл үедээ тэнд амарч байсан хүнтэй хардаад миний биеийг хөх няц болтол зодсон. 2003 оны намар амралтын жижүүр Энхжаргал амрагч нараас авсан 36 000 төгрөгийг хаячихсан гэхээр нь цалингаас нь суутгаад хэрэггүй гэхэд Бүрнээ мөнгийг авсангүй гэж амралтын газрын халуун усны өрөөнд миний биеийн далд хэсэг рүү цохиж зодсон. 2004 оны зун амралтын газар амарч байгаа хүнтэй хардаж чамайг ална гээд аавын минь Бүрнээд бэлэглэсэн бууг машиндаа хийгээд намайг ууланд модтой газар аваачаад буудна гэхээр нь би Бүрнээг аргадаж гуйсан. Тухайн үед Бүрнээ сумалсан буугаа хий буудсан. 2005 онд Булган аймгийн Булган суманд байх хашаанд байсан грашид намайг угаартуулж ална гэж грашийн хаалгыг хаагаад онгойлгохгүй байсан. Бүрнээгийн ээж Дуламжав Бүрнээг аргадаж хаалгыг нь онгойлгож байсан. Мөн амралтанд хүлээн авалт болж байхад чам руу хүмүүс хараад намайг тоохгүй байна, чамтай хамт үхнэ гэж машинд суулгаад их хурдтай Булган аймгийн төв рүү явж байсан. 2015 оны 09 дүгээр сард Эрдэнэтээс Булган аймаг орох замд машинд зодоод, амралтын харалдаа байх ууланд очоод чамайг ална гээд сүрдүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 14-ний өглөө Бүрнээгийн орыг хураахад орны хөл хэсэгтээ том хутга хийгээд унтчихсан байсан. Би Бүрнээтэй байх үедээ их айдаг, хэзээ намайг алчих бол гэж бодоод уурласан үед нь аясаар нь хий гэсэн бүгдийг нь хийдэг. Хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийнхөө машинаар Булган аймгийн Булган суманд байдаг “Анаг” ХХК-ны ерөнхий тогооч Сарантуяагын таньдаг Омбойдоо, Оюун-Эрдэнэ нарыг хүүхдийнх нь хамт аваад Орхон аймагт 23 цаг өнгөрөөд ирсэн. Вокзал дээр Сарантуяа тосоод машинд суугаад Омбойдоогийн буух газар болох Дэнж багт очих гээд явж байхад нөхөр Бүрнээ танихгүй машинаар зам таглаж зогсоод Омбойдоог миний машиныг унаж байгааг хараад чи яагаад миний машиныг унаж явдаг юм бэ? гээд хашгираад хувцаснаас нь зуурахад Омбоодой би танай эхнэрийн машинд хотоос эхнэр хүүхдийнхээ хамт дайгдаж ирсэн, ямар ч холбоо байхгүй гэхэд эхнэр Оюун-Эрдэнэ нь та яагаад манай нөхөр лүү уурлаад байгаа юм бэ? гэхэд Бүрнээ арай зөөлрөөд ирсэн. Энэ үед Омбоодой, Оюун-Эрдэнэ нар машинаас хүүхдийнхээ хамт гараад ачаагаа буулгаж байхад Бүрнээ миний үснээс чирээд чи яагаад утсаа авдаггүй юм бэ? гэж хэлээд намайг машин руу чирээд оруулах гэхэд Сарантуяа, Оюун-Эрдэнэ, Омбоодой нар салгаад Бүрнээг та яасан сонин хүн бэ? гэж байсан. Бүрнээ намайг пизда минь машинд суу гэж хэлээд суулгасан. Тухайн үед Сарантуяа хүүхдийнхээ хамт машинд суусан. Би Сарантуяаг битгий яваарай гэж хэлээд гэртээ хамт орсон. Намайг гэрт ороход Бүрнээ араас орж ирээд хаалга дотроос нь цоожлоод миний үснээс зулгаагаад ширээ рүү түлхэж дээрээс хөлөөрөө болон гараараа нилээд хэдэн удаа цохисон. Сарантуяа салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Би Сарантуяагийн араар ороход Бүрнээ Сарантуяагийн хоёр хажуу талаар хөлөөрөө миний хоёр хөл болон давсаг руу өшиглөсөн. Бүрнээ намайг чи гутлаа тайлаач гэж хэлээд гутлыг минь татах гээд байсан. Би цахилгаанаа буулгах гэхэд миний эрхий хуруу их өвчтэй болчихсон, юм барьж чадахгүй байхаар нь чи миний хурууг хугалчихлаа гэхэд Бүрнээ хугалсан ч яадаг юм бэ?, чамд бэлдээд тавьчихсан юм байгаа, чамайг буудна гээд байсан. Би Улаанбаатар хотод байдаг эгч Цэрэндуламын утас руу цагдаа дуудаж өгөөч гэж мессеж бичсэн. Цэрэндулам эгч цагдаа дуудсан байх. Бүрнээ Сарантуяа бид хоёрыг утсанд хүргэхгүй ална гээд хашгираад байсан юм. Одоо миний эрхий хуруу хөдлөхдөө муу, юм хийж болохгүй зовиуртай байгаа. Үр хүүхдээ бодоод өнөөдрийг хүртэл энэ хүний дарамт, хүчирхийлэлд байсан. Нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуулийн дагуу л шийднэ биз дээ. Би бол их гомдолтой байгаа гэв.

   3. Гэрч Ч.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой Улаанбаатар хотоос Цэрэндэжид эгч Орхон аймаг руу ганцаараа гарах гэж байна гэхээр нь би таньдаг дүү нар маань Орхон аймагт ирэх гэж байгаа юм та машиндаа суулгаад аваад ирээч гэж хэлсэн. Цэрэндэжид эгч Улаанбаатар хотоос Орхон аймагт ирээд миний утас руу Оюун-Эрдэнэ, Омбойдоо / бүтэн нэрийг нь мэдэхгүй / хоёр Дэнж багт бууна гэж байна гэхээр нь замаас нь тосоод авах уу? гэж хэлээд ДЦС-аас тосож аваад таксинд суулгах уу? гэхэд Цэрэндэжид эгч би хүргээд өгье чи машинд ороод суучих гэхээр нь би Цэрэндэжид эгчийн машинд ороод суусан.Тухайн үед би бага охинтойгоо хамт явж байсан. Бид нарыг Дэнж баг руу явж байхад араас нэг машин ирээд урд гарч шахаж зогсоод дотроос нь Бүрнээ захирал бууж ирээд машин унаж байсан Омбойдоогийн хувцаснаас заамдаж аваад та нар юу болж байгаа юм бэ? гэж хэлээд машинаас буулгасан. Бид нар машинаас буугаад Бүрнээ захиралд би хоёр дүүгээ Улаанбаатар хотоос дайгдуулж ирүүлсэн юм, та буруу ойлгоод байна гэж хэлэхэд Бүрнээ захирал их уурлаад Цэрэндэжид эгчийг чирээд өөрийнхөө сууж байсан таксинд суулгах гэхэд Цэрэндэжид эгч би явахгүй гээд байсан. Оюун-Эрдэнэ, Омбойдоо нар Бүрнээ захирлын сууж ирсэн машинд суугаад Дэнж рүү хүргүүлсэн. Цэрэндэжид эгчийн машинд Бүрнээ захирал, би хүүхдийнхээ хамт суугаад Бүрнээ захирлын гэрт ирсэн. Бүрнээ захирал гэрт орж ирэнгүүтээ дотор талаас нь хаалгаа цоожлоод шууд эхнэр лүүгээ чи утасаа авахгүй, ирэх эсэхээ хэлэхгүй ямар учиртай юм бэ? гээд хашиграад Цэрэндэжид эгчийн хөл гар руу нь гараараа болон хөлөөрөө нилээн хэдэн удаа цохисон. Би салгах гэсэн боловч Бүрнээ захирлыг дийлэхгүй байсан. Цэрэндэжид эгч миний гар өвдөөд байна. Одоо болиочээ гэхэд Бүрнээ захирал жаахан тайвширхаар нь би сууж байгаад хоорондоо яриачээ гэхэд тэд суугаад Цэрэндэжид эгч, Бүрнээ нар хоорондоо маргалдаж байхад гаднаас хаалга тогшоод 2 цагдаа орж ирээд Бүрнээ энд юу ч болоогүй, гэр бүлийн асуудал гэж хэлэхэд цагдаа нар та олон нийтийн орон сууцанд хашгирч болохгүй гэж байсан.Тэр үед цагдаагийн хамт Цэрэндэжид эгч гараад явсан. Цэрэндэжид эгч цагдаа нарын хажуугаар зугтаад гарчихсан болохоор би хүүхдийнхээ хувцасыг өмсгөх гэж байгаад үлдчихсэн. Бүрнээ захирал надад амьдралаа ярьж тайвширсан. Тухайн үед Цэрэндэжид эгчийг гэртээ ирээгүй 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хот яваад 7 сарын дараа Орхон аймагт ирж байна гэж ярьж байсан. Би хэсэг байж байгаад хүүхдээ дагуулаад гэртээ харьсан. Цэрэндэжид эгчийг хардаж зодсон байх гэж бодож байна.Тухайн үед Бүрнээ захирал согтуу байсан. Цэрэндэжид эгчийг Бүрнээ 2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой зодож байхад Цэрэндэжид эгч миний хуруу өвдөөд байна. Бүрнээ яаж байгаа юм бэ? гэхэд Бүрнээ захирал Цэрэндэжид эгчийг хурууг гараараа барьчихсан дараад байсан. Цэрэндэжид болиоч ээ миний гар өвдөөд байна гээд хашиграад байсан. Тэр үед л хуруу нь хугарсан байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг. / хх-ийн 15-16-р тал /

   4. Гэрч Ц.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой Цэрэндэжид эгч Бүрнээ ах чинь намайг хүрээд ир гээд байхаар нь би Улаанбаатар хотоос ирэхэд согтуу ирээд намайг зодсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 19-20-р тал /

   5. Гэрч П.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр эхнэр Оюун-Эрдэнэ, охин Амгалангоо нарын хамт хотоос Булган аймаг руу явах гэж байхад Сараа эгч Цэрэндэжид эгчтэй холбуулаад Цэрэндэжид эгчийн машинд дайгдаж Орхон аймагт ирээд цаашаагаа аавын машинд суугаад явахаар болсон юм. Улаанбаатар хотоос гараад явж байхад Цэрэндэжид эгч ядраад байна, эгчийн дүү машин бариад явчих уу? гэхээр нь Цэрэндэжид эгчийн машиныг унаад Орхон аймагт орж ирэхэд Сараа эгч хүүхдийн хамт бид хоёрыг тосоод Дэнж баг руу явж байхад араас цагаан өнгийн суудлын жижиг тээврийн хэрэгсэл шахаад байхаар нь замын хажуу талд зогсоход уг машинаас нэг ах гарч ирээд жолооч талын хаалга онгойлгоод суудлын бүсийг татаад миний хоолойг боосон.Тэр ах миний хувцаснаас зуураад машинаас намайг татаж гаргасан. Тэр үед машинаас эхнэр, Цэрэндэжид эгч нар бууж ирээд чи яагаад байгаа юм бэ? гээд салгасан. Тэр ах Цэрэндэжид эгчийн үснээс нь зуураад чирээд өөрийнхөө сууж ирсэн машин руу чирээд байхаар нь би очоод та яагаад байгаа юм бэ? буруу ойлгоод байна. Та эхнэрээ ингэж болохгүй гэж хэлээд Цэрэндэжид эгчийг тэр ахын гараас тавиулаад та одоо тайвшир би эхнэр хүүхдийнхээ хамт Цэрэндэжид эгчийн машинд сууж ирсэн. Цэрэндэжид эгч ядраад байна гэхээр нь машиныг нь унасан юм. Түүнээс ямар нэг холбоо байхгүй гэж хэлэхэд Цэрэндэжид эгчийн нөхөр нь уурлаад байсан гэх мэдүүлэг./ хх-ийн 21-22-р талд /

  6. Гэрч С.Лхагвадуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би Бүрнээ ах, Цэрэндэжид эгч нарын гэрт 8 настай байхдаа амьдарч эхэлсэн. Нийт 15 жил амьдарсан. Бүрнээ ах их дээрэлхүү зантай, архи уухаараа байнга муухай ааш гаргаж дагавар охин Чээмээ бид хоёрыг суран бүсээр зоддог байсан. Бүрнээ ах хашгирч бид нарыг байнга дарамталж өөрийнхөө эрхшээлд байлгадаг. Гаднаас Бүрнээ ахыг гэрт ороод ирэхэд бүгд чимээгүй болдог. Намайг бага байхад Цэрэндэжид эгчийг Бүрнээ ах зоддог байсан, би жаахан байсан болохоор юм боддоггүй байсан. Бүрнээ ах Цэрэндэжид эгчийг грашид хийгээд буудна, ална, угаартуулна гэх мэтээр байнга зоддог байсан. Мөн уулын мод руу дагуулж ороод буудаж ална гэж байсан. Цэрэндэжид эгч Бүрнээ ахаас их айдаг, согтуу гэртээ ирэхээр нь Бүрнээ ахаас маш их айж аясаар нь байдаг. Намайг бас бага байхад оролдож байсан. Бүрнээ ах бол их догшин, Цэрэндэжид эгчийг зодохоороо зогсохоо мэдэхгүй нүүр, гар, хөл гэх мэт газар руу нь цохиж зоддог. Мөн эрүүл байхдаа бас зоддог байсан гэх мэдүүлэг / хх-ийн 22-23-р талд /

   7. Гэрч О.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр Ганболд, охин Амгалангоо нарын хамт хотоос Булган аймаг руу явах гэж байхад Сараа эгч Цэрэндэжид эгчтэй холбогдуулаад Цэрэндэжид эгчийн машинд дайгдаж Орхон аймагт нөхөр хүүхдийнхээ хамт ирсэн. Улаанбаатар хотоос гараад Цэрэндэжид эгч ядраад байна гэхээр нь нөхөр Ганболд Цэрэндэжид эгчийн машиныг унаад Орхон аймагт ирэхэд Сараа эгч хүүхдийнхээ хамт бид хоёрыг тосоод Дэнж баг руу явж байхад араас цагаан өнгийн суудлын жижиг тээврийн хэрэгсэл шахаад байхаар нь замын хажуу талд зогсоход уг машинаас нэг ах гарч ирээд манай нөхрийн хувцаснаас татаад машинаас буулгасан. Цэрэндэжид эгчийг нөгөө ах үснээс нь чирээд байхад нөхөр маань очиж салгаад бид нар машинаас нь ачаагаа аваад гэртээ харьсан. Цэрэндэжид эгчийг нөхөр нь юунаас болж зодсон талаар мэдэхгүй, их ууртай, хэрцгий, догшин хүн байсан гэх мэдүүлэг / хх-ийн 23-24-р талд /

  8. Гэрч Н.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 41 минутанд 7035102 дугаараас 4-8-13 тоотод агсан, согтуу тавьсан гэх дуудлага ирсэний дагуу дэд ахлагч Туваандоржийн хамт 4-8-13 тоотод очоод хаалгыг гаднаас нь тогшсон боловч хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. Нөхөр нь хаалгаа дотор талаас нь онгойлгож өгөхгүй байх шиг байсан. Хүрэнбулаг багийн хэсгийн цагдаа Эрдэнэбат бид нарыг орохоос өмнө олон нийтийн цагдаагийн хамт орсон гэж байсан. Туваандорж бид хоёр орж чадаагүй гэх мэдүүлэг / хх-ийн 27-28-р талд

  9. Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 30 минутанд 7035102 дугаараас 4-8-13 тоотод агсан согтуу тавьсан гэж дуудлага ирсэний дагуу олон нийтийн цагдаа Мөнхбаярын хамт 4-8-13 тоотод очиход 2 эмэгтэй, 1 эрэгтэй, 1 хүүхэд байсан ба эрэгтэй нь пиво ууж байсан. Дуудлагын дагуу юу болсон талаар асуухад нэг эгч би явчихий гэж хэлээд хувцасаа бариад гарах гээд байхад нөхөр нь миний хайр үлдчих би дахиж ийм зан гаргахгүй гээд байсан. Эхнэр нөхөр хоёр тусдаа амьдардаг юм шиг яриад байсан. Дуудлага өгсөн эгч би энэ байрнаас гарчихвал болоо гэж хэлээд хаалгаар гарсан. Дуудлага өгсөн эгчээс юу болсон талаар асуухад би явлаа, та нарт баярлалаа өөр асуудалгүй гэхээр нь би 7035102- т залгаж эхнэрийг нь гаргаад явууллаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-ийн 28-29-р талд /

  10. Гэрч Б.Мөнхмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө 01 цагийн үед миний утас руу Цэрэндэжид залгаад танай гадаа байна хаалгаа онгойлго гэсэн. Хаалгаа онгойлгоход Цэрэндэжид айсан шинжтэй, нэг талын гарын эрхий хуруу нь хавдсан байдалтай нөхөр Бүрнээ зодчихлоо гэж хэлсэн. Би Цэрэндэжидэд цай хийж өгөөд тайвшруулаад унтуулсан. Маргааш өглөө нь би ажилдаа эрт явсан гэх мэдүүлэг / хх-ийн 30-31-р талд /

      11. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 294 тоот дүгнэлтэнд: Ц.Цэрэндэжидийн биед зүүн сарвууны эрхий хурууны шивнүүр ясны далд хугарал, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Зүүн сарвууны эрхий хурууны шивнүүр ясны далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-ийн 32-33-р талд /

  12. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 46-р талд / зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

        Шүүгдэгч П.Бүрнээ нь 2016 оны 04 дүгээр сарын10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4-08-13 тоот өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ц.Цэрэндэжидийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Бүрнээгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэгээд эхнэр болон Сараагийн хамт гэртээ орж ирээд эхнэр Цэрэндэжидийг цохиод авсан. Эхнэр маань 2015 оны 09 дүгээр сард гэрээсээ яваад гэртээ ирэхгүй байж байгаад ирсэн болохоор нь би уурлаад эхнэрээ зодсон юм. Тухайн үед эхнэрийн гуя, мөр,гэдэс, гар, хөл рүү гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 41 ху/, хохирогчийн “...Намайг гэрт ороход Бүрнээ араас орж ирээд хаалга дотроос нь цоожлоод миний үснээс зулгаагаад ширээ рүү түлхэж дээрээс хөлөөрөө болон гараараа нилээд хэдэн удаа цохисон. Сарантуяа салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Би Сарантуяагийн араар ороход Бүрнээ Сарантуяагийн хоёр хажуу талаар хөлөөрөө миний хоёр хөл болон давсаг руу өшиглөсөн. Бүрнээ намайг чи гутлаа тайлаач гэж хэлээд гутлыг минь татах гээд байсан. Би цахилгаанаа буулгах гэхэд миний эрхий хуруу их өвчтэй болчихсон, юм барьж чадахгүй байхаар нь чи миний хурууг хугалчихлаа гэхэд Бүрнээ хугалсан ч яадаг юм, чамд бэлдээд тавьчихсан юм байгаа, чамайг буудна гээд байсан. Би Улаанбаатар хотод байдаг эгч Цэрэндуламын утас руу цагдаа дуудаж өгөөч гэж мессеж бичсэн. Цэрэндулам эгч цагдаа дуудсан байх. Бүрнээ Сарантуяа бид хоёрыг утсанд хүргэхгүй ална гээд хашгираад байсан юм. Одоо миний эрхий хуруу хөдлөхдөө муу, юм хийж болохгүй зовиуртай байгаа. Миний хувьд гомдолтой” гэсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн сарвууны эрхий хурууны шивнүүр ясны далд хугарал, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны 294 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Иймд шүүгдэгч П.Бүрнээд Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

          Гэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал, хохирогчийн “...гомдолтой” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулахдаа хорих ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хохирогч нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг  тус тус дурьдав.

        Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-294, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь :

    1. Шүүгдэгч Хусан бүрд овгийн Пүрвээгийн Бүрнээг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч П.Бүрнээг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Бүрнээгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдсугай.

     5.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.