| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 184/2018/03706/И |
| Дугаар | 001/ХТ2019/00766 |
| Огноо | 2018-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2019/00766
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/03136 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар магадлалтай,
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Н.Ч, Д.Д, Б.Анарт холбогдох,
Гэрээ цуцалж, 70.607.968 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь зээлдэгч Н.Ч, Д.Д, Б.Анартай 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15/01-24 тоот зээл, барьцааны гэрээ байгуулан, 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 33 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Н.Ч, Д.Д, Б.Анар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 42.131.585,85 төгрөг, зээлийн хүү 27.401.323,92, нэмэгдүүлсэн хүү 1.075.058,37, нийт 70.607.968,14 төгрөгийн өртэй болоод байна. Иймд иргэн Н.Ч, Д.Д, Б.Анараас Бичил хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 70.607.968,14 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ч, Д.Д, Б.Анар шүүхэд гаргасан тайлбартаа: А зээл олгохдоо зээлдэгч Н.Чид зээлийн гэрээний хүүг ойлгомжгүй байдлаар тайлбарласны улмаас Н.Ч 60 сарын 66 хувийн хүүтэй зээл авч байгаагаа үл ойлгон 60 сарын 33 хувийн зээл авч байгаа гэсэн ойлголтоор хэлцэл хийсэн байна. Д.Д, Б.Анараас үүргийн гүйцэтгэл шаардаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Н.Чоос зээлийн хүүд 27.420.000 төгрөг шаардаж байгаагийн 15.720.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 42.131.585 төгрөг, зээлийн хүү 15.681.323 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.075.058 төгрөгийг, нийт 56.837.968 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Б.Бумдэлгэр, Б.Анарын олгосон итгэмжлэлээр Н.Ч Б.Бумдэлгэр нарын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх байтал Н.Ч гуравдагч этгээдтэй шууд нэрийн өмнөөс хэлцэл хийсэн байна. Ингэж хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох тул Б.Бумдэлгэр,Б.Анарын өмчийг үүргийн гүйцэтгэл хангах зориулалт бүхий барьцааны зүйл хэмээн үзэхгүй байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/03136 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ч, Б.Амарзаяа, Д.Д нараас нийт 70.607.968,14 төгрөг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Аригбанк" ХХК-д олгож, Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Н.Ч, Б.Амарзаяа, Д.Д нарыг нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Д.Дгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Москва хороолол, Москва гудамж, 126 тоотод байрлах 216 м.кв талбайтай, авто угаалгын зориулалтай Ү-2201041273 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 538 м.кв талбай бүхий 0392991 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Б.Амарбаярын эзэмшилийн Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, халуун усны хойно байрлах 0385237 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Б.Бумдэлгэрийн эзэмшилийн Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, халуун усны хойно байрлах 0385238 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510.990+70.200=581.190 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 581.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Аригбанк" ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/03136 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...453 дугаар зүйлийн 453.1...” гэснийг “...452 дугаар зүйлийн 452.2...” гэж, 2 дах заалтын “... 0385237 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар...” гэснийг “...0385237 тоот гэрчилгээтэй газар эзэмших эрхийг...” гэж , “...0385238 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар... гэснийг “...0385238тоот гэрчилгээтэй газар эзэмших эрхийг...” гэж, “...албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэснийг “...албадан дуудлага худалдаанд оруулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын төлсөн 150.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/03136 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Зээлийн төлбөртэй холбогдох баримтыг нэг бүрчлэн тооцож үзэхэд үндсэн төлбөр 53.559.041 төгрөг биш, 45.359.041 төгрөгөөр тооцогдож байна. 45.359.041 төгрөгийн зээлийн хүүг тооцож үзэхэд зээлийн хүү 27.401.328 төгрөг төгрөг биш, 21.201.323 төгрөг болж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвтгөн нэхэмжлэлийн шаардлагаас 8.200.000 төгрөгийн хасч тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Н.Ч, Б.Амарзаяа, Д.Д нарт холбогдуулан зээлийн төлбөрт 70.607.968 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
Зохигчид 2015 оны 02 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нар нь Анаас 50.000.000 төгрөгийг жилийн 33 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Д.Дгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Москва хороолол, 126 тоотод байрлах 216 м.кв талбайтай авто угаалгын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 538 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороонд байрлах Б.Амарбаяр, Б.Бумдэлгэр нарын газар эзэмших эрхийг тус тус барьцаалжээ /хэргийн 7-14 дүгээр тал/.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн ба зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу буцаан төлөөгүй болохоо хариуцагч үгүйсгээгүй байна.
Зээлийн гэрээнд заасан үүргээ хариуцагч хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл байдал буюу гэрээ цуцлах үндэслэл бий болсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгөтэй ижил төрөл, тоо, хэмжээний мөнгийг буцаан өгөх үүрэгтэй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 175 дугаар зүйлийн 175.1-т нийцсэн боловч барьцааны зүйлийг буруу тодорхойлжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “...нэхэмжлэлээс 8.200.000 төгрөгийг хасуулах” талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 150.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ