Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1632

 

 

 

 

 

      2017           07           21

                   1632

 

 

Ч.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00573 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Гантулгын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Одгэрэлд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 41 250 000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Богд Жавзандамбын гудамж 54-10 тоот хоёр өөрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ч.Гантулгын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Ч.Гантулга нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Одгэрэл, түүний нөхөр Б.Цогбадрах нартай харилцан тохиролцож, 25 000 000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлж, энэ тохиролцоогоо зээлийн гэрээгээр баталгаажуулан хийсэн юм. Зээлийн гэрээг Д.Одгэрэлтэй байгуулсан. Д.Одгэрэл мөнгөө авснаас хойш 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 250 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1 250 000 төгрөг буюу нийт хоёр сарын хүүнд 2 500 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш Д.Одгэрэл нь ямар ч төлбөр хийгээгүй. Д.Одгэрэлийн зүгээс барьцаанд бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Богд Жавзандамбын гудамж 54-10 тоот хоёр өөрөө орон сууцанд нь хүн амьдрахгүй, эзгүй байсаар байна. Иймд шүүхэд Д.Одгэрэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, хүү 2 500 000 төгрөг, зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар алданги нь нийт 135 хоногт 18 425 000 төгрөг болж байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 13 750 000 төгрөгөөр алдангийг тооцож нийт 41 250 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Одгэрэлийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ч.Гантулгаас 25 000 000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Хугацааг 4 сарын хугацаатай тохиролцсон боловч нөхөр Б.Цогтбадрахтай зээлийн хугацааг сунгах талаар Ч.Гантулгатай тохиролцож хугацааг сунгасан. Бидний хувьд эдийн засгийн хямрал гээд дээрх мөнгийг төлж чадахгүй байгаа хэдий ч 8 сарын хүү 10 000 000 төгрөг мөн үндсэн зээл 25 000 000 төгрөг төлөөд эвлэрэх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Одгэрэлээс 41 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гантулгад олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Одгэрэл нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Богд Жавзандамбын гудамж 54-10 тоот 2 өрөө орон сууц болох нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Одгэрэлээс 364 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунцэцэг давж заалдах гомдолдоо: Хариуцагч Д.Одгэрэл нь одоогийн байдлаар ажилгүй, нялх хүүхэдтэй, эдийн засгийн байдал сайн биш байгаа тиймээс шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасны дагуу алданги, хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа тул хариуцагч талын эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, багасгаж өгөхийг хүсч байна. Нэхэмжлэгч Ч.Гантулга нь хариуцагч Д.Одгэрэлтэй гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцсон байдаг. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх авч үзэж, асуудалд бодитой хандаж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хугацаа сунгасан бол алданги тооцох хуулийн үндэслэлгүй. Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иймээс 35 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн алданги гаргуулахтай холбоотой заалтад зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Ч.Гантулга нь хариуцагч Д.Одгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41 250 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.Одгэрэл нь нэхэмжлэгч Ч.Гантулгаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 25 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан ба үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамба гудамж 54 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч тал үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 000 000 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 250 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1 250 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж үндсэн зээлд 25 000 000 төгрөг, зээлийн хүүд 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Хэргийн 7 дугаар тал дахь хариуцагч Д.Одгэрэлийн гэр бүлийн хүн Б.Цогтбадрахын 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан тодорхойлолт гэх баримтаар талуудыг зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 13 750 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ажилгүй, нялх хүүхэдтэй, санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа зэргийг хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж алдангийн хэмжээг багасгах үндэслэлтэй гэж үзэв.

Гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг нь үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүүд 2 500 000 төгрөг, алдангид 6 875 000 төгрөг нийт 34 375 000 төгрөг байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “41 250 000 төгрөг” гэснийг “34 375 000 төгрөг” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “56.1” гэснийг “56.2” гэж, “хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагч Д.Одгэрэлээс 329 825 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

                                                   

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                        ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                А.МӨНХЗУЛ