Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 573

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг Соёмбо хотхон 54-8 тоотод оршин суух, Жалайр овогт Чимбийгийн Гантулга /УС61122819/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Богд Жавзандамбын гудамж 54 дүгээр байр 10 тоотод оршин суух, Бөх цагааныхан овогт Дагвадоржийн Одгэрэл /РД:ПЭ84081609/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 41 250 000 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Богд Жавзандамбын гудамж 54 дүгээр байр 10 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Гантулга нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Одгэрэл, түүний нөхөр Б.Цогбадрах нартай харилцан тохиролцож түүний хүсэлтээр түүнд 25 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлж, энэ тохиролцоогоо зээлийн гэрээгээр баталгаажуулан хийсэн юм. Зээлийн гэрээг Д.Одгэрэлтэй байгуулсан. Д.Одгэрэл мөнгөө авснаас хойш 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1 250 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1 250 000 төгрөг буюу нийт хоёр сарын хүүнд 2 500 000 төгрөг төлсөн юм. Үүнээс хойш Д.Одгэрэл нь ямар ч төлбөр хийгээгүйгээс гадна утсаа сольж, хаа байгаа газар нь тогтоогдохгүй ор сураггүй алга болсон юм. Миний бие түүнийг эрж хайхад багагүй мөнгө зарцуулж хохирч байна. Д.Одгэрэлийн зүгээс барьцаанд бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Богд Жавзандамбын гудамж 54-10 тоот хоёр өөрөө орон сууцанд нь хүн амьдрахгүй, эзгүй байсаар байна. Түүний нөхөр Б.Цогбадрах нь Ховд аймгийн прокурорын газарт прокурор бөгөөд нөхөртэй нь холбогдохоор өөдөөс заналхийлэх боллоо. Иймд шүүхэд Д.Одгэрэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 25 сая төгрөг, гэрээт хугацааны хүүгийн үлдэгдэл 2,5 сая төгрөг, зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар алданги нь нийт 135 хоногт 18 425 000 төгрөг болж байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 13 750 000 төгрөгөөр алдангийг тооцож нийт 41 250 000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ч.Ганхуягаас 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Хугацааг 4 сарын хугацаатай тохиролцсон боловч нөхөр Б.Цогтбадрахтай зээлийн хугацаагаа сунгах талаар Ч.Гантулгатай тохиролцож хугацааг сунгасан. Бидний хувьд эдийн засгийн хямрал гээд дээрх мөнгийг төлж чадахгүй байгаа хэдий ч Ч.Гантулгатай 8 сарын хүү болох 10 000 000 төгрөг мөн үндсэн зээл болох 25 000 000 төгрөг төлөөд эвлэрэх боломжтой гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Ч.Гантулга нь хариуцагч Д.Одгэрэлд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт  41 250 000 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Богд Жавзандамбын гудамж 54 дүгээр байр 10 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар доор дурьдсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

           Хариуцагч Д.Одгэрэл  нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ч.Гантулгатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. /хх-4/

Талууд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д.Одгэрэлийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Богд Жавзандамбын гудамж 54-10 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх 5,6/

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 25 000 000 төгрөг, үндсэн хүү 5 000 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцон алданги төлөх үүрэг хүлээсэн байх боловч зээлдэгч Д.Одгэрэл нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй байх ба 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1 250 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1 250 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул уг төлөгдсөн төлбөрийг 2 сарын хүүгийн төлбөрт тооцон хасах нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Одгэрэл нь “хугацааг 4 сарын хугацаатай тохиролцсон боловч нөхөр Б.Цогбадрах зээлийн гэрээг сунгах талаар Ч.Гантулгатай тохиролцож хугацааг сунгасан” гэх тайлбарыг гаргасан хэдий ч дээрх гэрээг сунгасан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ Ч.Гантулга, Д.Одгэрэл нарын хооронд байгуулагдсан байх бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээ сунгагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба хариуцагч нь энэ талаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Ч.Гантулга нь хариуцагч Д.Одгэрэлээс гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

          

           2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2 500 000 төгрөг, талуудын байгуулсан гэрээний 2.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 27 500 000 төгрөгийн 50 хувь болох 13 750 000 төгрөгийн алданги нийт 41 250 000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэлээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 250 000 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Богд Жавзандамбын гудамж 54 дүгээр байр 10 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д.Одгэрэлээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Одгэрэлээс 41 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гантулгад олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Одгэрэл нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Богд Жавзандамбын гудамж 54-10 тоот 2 өрөө орон сууц болох нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Одгэрэлээс 364 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                       ШҮҮГЧ                               Ц.ОЮУНБИЛЭГ