Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00815

 

Э.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02798 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 301 дугаар магадлалтай, 

Э.Г-ийн нэхэмжлэлтэй

СРТ ХХК-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, барьцаа хөрөнгө гаргаж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие СРТ ХХК-д 2016 оноос эхлэн няраваар ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа сахилгын болон ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүний нөөцийн албаны ажилтан өрөөндөө дуудаад чамайг ажил үүргийг гүйцэтгүүлэх боломжгүй болсон, ээлжийн амралттай байх хугацаанд захирлууд агуулахуудыг үзэж шалгах явцад чиний агуулах хангалтгүй байсан, тушаал шийдвэр бичгээр гараагүй байна, бичгээр гарсан даруй ирж аваарай, одоо ажил үүргээ гүйцэтгэх шаардлагагүй, чи явж байж болно гэдэг асуудал тавьсан. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал А.А.Гудковтой уулзахад агуулахын няраваар ажиллуулмааргүй байна, харин борлуулагчаар ажилла, үгүй бол ажлаас чөлөөлнө гэсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн огноотойгоор гардуулсан. Гэтэл тушаал шийдвэр нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, үйл баримтын талаарх илтэд ташаа оруулсан байдаг. Учир нь 22-ны өдөр чи явж байж болно гэж хэлээд ажлаас явуулангуутаа 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд буюу А.А.Гудков захиралтай ирж уулзах өдөр хүртэл 3 хоног ажил тасалсан учраас ажлаас чөлөөлсөн гэдэг утга агуулгатай тушаал гаргачихсан. Ажил тасалсан мэтээр тушаал шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байна. Маргаан бүхий хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан хууль зүйн үндэслэлүүд нь маш тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т сахилгын зөрчилтэй гаргасантай холбоотой ажилтанг чөлөөлөх тухай заасан байгаа. Уг 131.1.3-т дахь хэсгийг хэрэглэхийн тулд урьдчилсан нөхцөл нь 131.1.1-т зааснаар сануулах, 131.1.2-т зааснаар цалин хөлсний суутгал хийх гэх мэт дараалсан арга хэмжээ авдаг хуулийн зохицуулалттай. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 буюу хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн байгаа. Гэтэл хөдөлмөрийн харилцаагаар сахилгын болон ноцтой зөрчил 2-ыг тухайн нэг харилцаан дээр хамтад нь хэрэглэх боломжгүй. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд 5.3.9-В гэдэг заалт байхгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан нийт ажлын 82 хоногийн олговор олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, мөн сар бүрийн цалингаас хуримтлал үүсгэдэг байсан мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Э.Г- нь 2016 оны 02 дугаар сараас эхэлж СРТ ХХК-д няраваар ажиллаж эхэлсэн. 2018 онд ээлжийн амралтаа аваад 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эргэж орж ирээд тэр өдрөө бүтэн ажилласан. Маргааш нь хүний нөөцийн ажилтан дээр орж ирээд намайг халах гэж байгаа гэсэн яриа гарсан байна, ямар учиртай юм бэ гэж асууж орж ирсэн байдаг. Тэгэхэд хүний нөөцийн ажилтан тийм яриа гарсан зүйл байхгүй, би сонсоогүй, явж ажлаа хий, тийм шийдвэр гараагүй гэж явуулсан. Тэгтэл Э.Г- тэр чигээрээ ажлаа хаяад явчихсан. Тэгээд 24-ний өдөр А.А.Гудков захирал дээр орж ирэхэд нь чиний хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон байна, 2 хоног ажлаа хийгээгүй байна гэхэд өөр ажил байна уу гэж асуусан байдаг. Тэр үед агуулахын нярав ажлаа хаяад явчих юм бол тэр өдрийн компанийн ажил зогсох учраас чи борлуулалтын менежерээр ажиллавал ажилла гэсэн санал тавьсан байдаг. Ингээд Э.Г- нь тэр чигээрээ ажилдаа ирээгүй байж байгаад тушаалаа авсан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо 2018 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан, ажлаа дур мэдэн хаяж явсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. Тушаалын үндэслэлүүдийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа зүйл заалтыг баримтлах нь зүйн хэрэг. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халж байгаа бол уг зүйл заалтыг баримтлах нь хуульд нийцсэн хэрэг байна. Мөн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учраас халж байгаа учраас энэ заалтыг барьсан байна. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээн дээр 5.4 В гэх заалтад хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй болон ажлаас хожимдох, ажлаас эрт явах, ажлын цагаар ажлаа орхих, нэг жилийн дотор нийлбэр дүнгээрээ 24 цагийн ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан байгаа. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгосон тушаал нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин хуримтлалын мөнгийг тооцоод олгож болно гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02798 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар Э.Г-ийг СРТ ХХК-ийн Логистикийн албаны агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоож, барьцаа хөрөнгө гаргуулахыг даалгахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар СРТ ХХК-иас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 2 976 600 төгрөг гаргуулж, Э.Г-т олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс гаргуулж Э.Г-т буцаан олгож, хариуцагч СРТ ХХК-иас 62.576 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 301 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 128.1 гэснийг хасч, 69.1.1 гэснийг 69.1 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчаас 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Магадалалд хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, дур мэдэн ажил хаяж явсан нь хөдөлмөрийн гэрээний 5.3.9 /В/-д заасны дагуу ноцтой зөрчил гэж заасныг зөрчсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.3.9 /В/-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд заасан байх ба уг заалт хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй байх боловч хариуцагч байгууллагаас техникийн шинжтэй алдаа гэж тайлбарлажээ. Учир нь хэдийгээр хэрэгт цагийн бүртгэл ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь үгүйсгэж цаашид ажиллах байдал тодорхойгүй нөхцөл үүсэн гэж тайлбарласныг хариуцагч байгууллагаас эс зөвшөөрч эргэлзээгүй үйл баримт, хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 тус тус зааснаар үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар цагийн бүртгэл цугларч ирүүлсэн энэ утгаараа хариуцагч талын нотлох баримт үндэслэлтэй тодорхой нотлогддог гэж үзэж байгаа юм. Харин нэхэмжлэгч талын нотлох баримтууд нь зөвхөн амаар гаргасан тайлбарт үндэслэсэн байгааг шүүх дүгнэж үзсэнгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э.Г-, СРТ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, барьцаа хөрөнгө гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийн тогтоох хэсгийн техникийн шинжтэй алдааг засч шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” агуулгатай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

СРТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02/424 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 17.3.13, хөдөлмөрийн гэрээний 5.3.9-д заасныг үндэслэж, Э.Г-ийг хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр тус компанийн Логистикийн албаны агуулахын няравын ажил, албан тушаалаас халжээ.

Ажил олгогчийн тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалт нь  ажилтан  хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл юм.

Нэхэмжлэгч Э.Г- 2018 оны 8 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.

Ээлжийн амралтаа дуусгаад 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа ирсэн үед нь түүнийг ажиллуулахгүй гэсэн шалтааны улмаас Э.Г- үндсэн ажлаа эрхэлж чадаагүйг ажил олгогч 3 өдөр ажил тасалсан,  ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэн Э.Г-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шүүх эрх бүхий этгээдийн гаргасан журмын дагуу тооцсон байна. Дундаж цалин хөлст ажилтны үндсэн цалингаас гадна нэмэгдэл хөлс, урамшуулал багтдаг бөгөөд ажилгүй байсан хугацааны олговрыг ажилтны авч байсан сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 301 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ