Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1635

 

 

 

 

 

       2017          07           21  

                   1635

 

 

Ш.Мэнд-Аюушийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01294 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Мэнд-Аюушийн нэхэмжлэлтэй хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Олгогдоогүй тэтгэмжид 12 552 121 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

 Нэхэмжлэгч Ш.Мэнд-Аюушийн  нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ш.Мэнд-аюуш нь Автобус 1 баазад 2009 оны 08 сарын 04-ний өдрийн 46 тоот тушаалаар ажилд орж, 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/15 тоот тушаалаар 7.5 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан, энэ байгууллагад бүх насаараа ажилласан ч Автобус-1 баазын захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулагдсан 2013 оны 02 сарын 05-ны өдрийн хамтын гэрээний 2014 оны 01 сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж олгосон. Түүний сарын дундаж цалин 1 628 569 төгрөг бөгөөд 9 сарын тэтгэмж 14 657 121 төгрөг олгох байтал 2 105 000 төгрөг олгосон тул олгогдоогүй 12 552 121 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын тайлбарт: Ш.Мэнд-Аюуш нь тус үйдвэрийн газрын 1 дүгээр баазад 2009 оны 08 сарын 06-ны өдрийн 46 тоот тушаалаар жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/15 тушаалаар ажлаас чөлөөлөн, түүнд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 2 253 000 төгрөгийг 2017 оны 02 сарын 15-ны өдрийн Б/136 тоот тушаалаар олгосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд 2013 оны 02 сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдан, 2014 оны 01 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хамтын гэрээг дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 3156 тоотоор баазын ҮЭХ-эд мэдэгдсэн. Учир нь “Автобус-1” ХХК нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16.4-т заасныг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. Тус нэгтгэл нь Нэгтгэлийн ҮЭХ, Ус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болгосон Хамтын гэрээг НИТХ-ын хурлын 132 дугаар тогтоол, НЗД-ын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Хөдөлмөрийн хуулийн 16.3-т заасан нь Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 31.1-д зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16.3-т заасантай нийцэж байна. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 сарын 06-ны өдөр ҮЭХ-оос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай 01 тоот албан бичиг ирж 2015 оны 1 сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон гэрээний төсөл хүргүүлж ажилласан. 2016 оны 02 сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХ-нд гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн ч ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй гацаанд оруулж байна. Цаашлаад ажил олгогчоос 2016 оны 03 сарын 01-ний өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд хамтын гэрээ байгуулдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд дээрх үндэсэлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасныг баримтлан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас дутуу олгосон тэтгэмжид 7 367 500 /долоон сая гурван зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, Цэцэн саруул овогтой Шагдарын Мэнд-Аюушид /РД:ЧС56100175/ олгож, шаардлагаас үлдэх 5 184 621 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь хураамж төлөөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 132 830 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасныг баримтлан хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжыг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөх байсан. Байгууллагын захиргааны зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилсон ба гэрээ төслийг хүргүүлсэн. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1/677 тоот албан бичгээр ҮЭХ-нд гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тоцооллын дагуу хүргүүлсэн боловч ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй гацаанд оруулаад байна. Ийм байгууллагын зүгээс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгууллагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд тус хэргийг хянан  шийдвэрлэсэн  шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Мэнд-Аюуш нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан дутуу олгосон тэтгэмжид 12 552 121 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Мэнд-Аюуш нь 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т жолоочоор ажиллаж байсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/15 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө нэхэмжлэгчийн 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 2 105 000 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

“Автобус нэг” ОНӨААТҮГ болон тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо  2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай хамтын гэрээ байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уг гэрээний 8.5-д “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй 6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгох...”-оор  нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

 

Мөн нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “...хамтын гэрээнд өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх ба хамтын гэрээг шинээр батлаагүй болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүчин төгөлдөр хамтын гэрээний 8.5-д зааснаар дутуу олгосон тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагчаас нэхэмжлэгч Ш.Мэнд-Аюушд дутуу олгосон тэтгэмжийн зөрүү болох 7 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 7 367 500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 8.5-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагчийн “хамтын гэрээ шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэх гомдол үндэслэл муутай байна. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Автобус нэг” ОНӨААТҮГ-ыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нэгтгэсэн байх ба Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт 2 буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэж үзэх талаар заасан тул хариуцагч нь хамтын гэрээнд заасан тэтгэмжийг олгох үүрэгтэй. Анхан шатны шүүхээс хуулийн этгээдийг нэгтгэснээс үүсэх эрх зүйн үр дагавар, нэхэмжлэгчид олгох тэтгэмжийн хэмжээний талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ш.Мэнд-Аюушийн нэхэмжлэлтэй хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01294 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 830 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

                                            

    

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                        ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                А.МӨНХЗУЛ