Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01294

 

2017 оны 6 сарын 05 өдөр                     Дугаар 183/ШШ2017/01294                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 31 хороо, Хайрханы 6 гудамж, 200 тоотод оршин суух, Цэцэн саруул овогтой Шагдарын Мэнд-Аюушийн /РД:ЧС56100175/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

олгогдоогүй тэтгэмжид 12.552.121 /арван хоёр сая таван зуун тавин хоёр мянга нэг зуун хорин нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэнд-аюуш нь Автобус 1 баазад 2009-08-04-нд 46 тоот тушаалаар ажилд орж, 2017-01-10-нд Б/15 тоот тушаалаар 7,5 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан, энэ байгууллагад бүх насаараа ажилласан ч Автобус-1-ийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулагдсан 2013-02-05 өдрийн хамтын гэрээний 2014-01-22 нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж олгосон. Түүний сарын дундаж цалин 1.628.569 төгрөг бөгөөд 9 сарын тэтгэмж 14.657.121 төгрөг олгох байтал 2.105.000 төгрөг олгосон тул олгогдоогүй 12.552.121 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Мэнд-Аюуш нь тус үйдвэрийн газрын 1 дүгээр баазад 2009 оны 8 сарын 06-ны өдрийн 46 тоот тушаалаар жолоочоор орж ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 1 сарын 10-ны өдрийн Б/15 тушаалаар ажлаас чөлөөлөн, түүнд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 2.253.000 төгрөгийг 2017 оны 2 сарын 15-ны өдрийн Б/136 тоот тушаалаар олгосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд 2013 оны 2 сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдан, 2014 оны 1 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хамтын гэрээг дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 3156 тоотоор баазын ҮЭХ-эд мэдэгдсэн. Учир нь “Автобус-1” нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. Тус нэгтгэл нь Нэгтгэлийн ҮЭХ, ус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болгосон Хамтын гэрээг НИТХ-ын хурлын 132 дугаар тогтоол, НЗД-ын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Хөдөлмөрийн хуулийн 16.3т “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан нь Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 31.1-д зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16.3-т заасанд нийцэж байна. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 1 сарын 06-ны өдөр ҮЭХ-оос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай 01 тоот албан бичиг ирж 2015 оны 1 сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон гэрээний төсөл хүргүүлж ажилласан. 2016 оны 2 сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХ-нд гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн ч ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй гацаанд оруулж байна. Цаашлаад ажил олгогчоос 2016 оны 3 сарын 01-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд дээрх үндэсэлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Мэнд-Аюуш нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан дутуу олгосон тэтгэмжид 12.552.121 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж, шаардлагын үндэслэлээ Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар 9 сарын тэтгэмж авах эрх үүссэн гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар ҮЭХ-д мэдэгдсэн, “Автобус-1” нь татан буугдах хугацааны туршид мөрдсөн, шинээр үүсгэн байгуулагдсан нэгтгэл нь 4 ҮЭХ-той ажиллаж байгаа тул тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй, Хөдөлмөрийн хуулийн 16.3-т зааснаар хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж, гэрээний төсөл хүргүүлсэн ч ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй гацаанд оруулсан, МҮЭ-ийн холбоонд гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч нь “Автобус нэг” ОНӨҮГ-т 2009 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн Б/46 тоот тушаалаар жолоочоор орж, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажилтны өргөдөл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь Ш.Мэнд-Аюушид 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/136 тоот тушаалаар 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 2.105.000 төгрөгийн тэтгэмж олгожээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс тэтгэмж авах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж тайлбарлан, гагцхүү унаа, хоолны мөнгийг хасч 7 сарын хугацааны тэтгэмжийг олгох талаар тайлбарлан маргахгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог Хамтын гэрээ гэж тодорхойлсон байна.

 

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11-д Хамтын гэрээнд үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах харилцааг зохицуулахаар, 11 дүгээр зүйлийн 11.1 болон 11.2-т хамтын гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль ч тал нь санаачилж болох ба санал гаргаж байгаа тал нөгөө талд бичгээр мэдэгдэхээр зохицуулжээ.

 

“Автобус нэг” ОНӨҮГ-ын захиргаа нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан байна.

 

Энэхүү гэрээний нэмэлт, өөрчлөлтийн 8.5-д өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад тасралтгүй 5-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмжийг ажил олгогч олгохоор заасан байна.

 

Нэхэмжлэгч нь тус байгууллагад тасралтгүй 7 жил 5 сарын хугацаанд ажилласан болох нь зохигчийн тайлбар, түүний Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтээр нотлогдож байх тул Хамтын гэрээний 8.5-д заасны дагуу нэхэмжлэгчид 9 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах эрх үүссэн байх тул дутуу олгосон тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь хамтын гэрээг мөрдлөг болгохгүй талаар ҮЭХ-д мэдэгдсэн, нэгтгэл нь 4 ҮЭХ-той тул тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжаар “Автобуснэг” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, чиг үүргийг “Зорчигч тээврийн нэгтэл ОНӨААТҮГ-т шилжүүлсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан Хамтын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-т ажилтанд олгож байгаа тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжид унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлтийг оруулахгүй гэж заасан байна.

 

Иймд ажил олгогчоос олгосон 1 сарын тэтгэмжийн хэмжээ /2.105.000:2/ буюу 1.052.500 төгрөгийг үндэслэн, 7 сараар тооцож, дутуу олгогдсон тэтгэмжид нийт 7.367.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 5.184.621 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь хураамж төлөөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 132.830 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасныг баримтлан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас дутуу олгосон тэтгэмжид 7.367.500 /долоон сая гурван зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, Цэцэн саруул овогтой Шагдарын Мэнд-Аюушид /РД:ЧС56100175/ олгож, шаардлагаас үлдэх 5.184.621 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь хураамж төлөөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 132.830 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ