Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

                          

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Ц.Осоржамаа,

нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

иргэдийн төлөөлөгч Т.Ганболд,

хохирогч Г.Энхтүвшин,

шүүгдэгч С.Энх-Очир, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүх-Очирын Энх-Очирт холбогдох эрүүгийн 201526031210 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өлзийт хороонд туслах малчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн 5-117 тоотод оршин суудаг гэх /Иргэний бүртгэлийн лавлагаа баримтаар Дорноговь, Айраг, 4-р баг, Цагаан дөрвөлж, 2-р хэсэг, Цагаан дөрвөлж гудамж, 5-1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сүх-Очирын Энх-Очир /РД:ЕА94011613/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.Энх-Очир нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23-01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн 5-117 тоотод амьдардаг хашаандаа иргэн Г.Энхтүвшинг “найз нартайгаа нийлж хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хүрзээр толгойд нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Энх-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Энхтүвшин нь гэрт хашгирч орж ирээд, нялх хүүхэд айлгаад байхаар нь би уурласандаа өөрийн мэдэлгүй цохисон байсан. Хохирогч өөрөө бас буруутай. Миний хийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид би 20.000 төгрөг өгсөн, Жадамбаа, Эрхэмээ бид гурав нийлээд 60.000 төгрөг өгсөн. Хохирогч нийт 5.544.400 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байгаа. Төлөх гэсэн боловч байнга хэрэгт шалгагдаад, цагдаад байнга дуудагдаад байсан болохоор ажил хийж чадаагүй учир хохирлыг төлж чадаагүй байна...” гэсэн мэдүүлэг,  

 

2. Хохирогч Г.Энхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой Өлзийт хороололд шинээр баригдаж байгаа сургуульд ажилчихаад Эрхэмээ найзын хамт Жадамбаагийн эхнэрийн төрсөн өдөр болно гэхээр нь тэднийд очсон юм. Тэднийхээс удалгүй найзтайгаа буцаж гараад, хотын төв рүү явж байтал Жадамбаа нь утсаар “..би хүнд зодуулчихлаа...” гэхээр нь буцаад очиход нэг өндөр шар залуу Жадамбаатай зууралдчихсан зогсож байсан. Жадамбааг зодсон залуу хаана байдгийг хамт явж байсан хүнээс нь  “...чи гэрийг нь зааж өг...” гэсэн чинь нөгөө залуу “би заагаад өгье” гээд бид хамт явсан. Тэгээд нэг айлын хашаан дээгүүр давж тэр айлд орсон. Биднийг тэр айлд очиход 5-6 хүн байсан. Айл руу дагуулж орсон өндөр шар залуу нь хутга бариад, Эрхэмээ, Жадамбаа бид гурав луу “...ална шүү...” гээд дайраад байсан. Бас тэр гэрт байсан нэг жижиг биетэй бас нэг жижигхэн шар залуу байсан нэрийг нь сайн мэдэхгүй байна, тэр жижиг залуу заазуур бариад өөрийнхөө гарыг зүсээд байсан. Би хутга, заазуурыг булаацалдаж аваад, Жадамбаа куртикныхаа малгайд заазуурыг хийсэн. Хутга, заазуур аваад гараа зүсээд байхаар нь би барьж байсан хутгыг нь булааж аваад, гарах гээд хашааны хаалганы тэнд зогсож байтал араас нэг нь намайг хүрзээр цохисон.  

Тухайн үед хэн намайг цохисныг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би зодуулснаар тархиныхаа ясанд төмөртэй болж, маш их мартамхай болсон. Уг нь би эксковаторын жолооч юм. Гэтэл биеийн байдал муугаас болж ажил хийж чадахгүй болсон. Би Энх-Очироос 5.0 сая гаруй төгрөг нэхэмжилсэн боловч өгөөгүй. Би одоог хүртэл эмчилгээгээ хийлгээд эм, тариагаа өөрөө авч байна.

Шүүгдэгч “гэрт байсан нялх хүүхдийг айлгаад байна, та нар больцгоо, гар” гэсэн шаардлага тавихад нь эсэргүүцсэн зүйл болоогүй, гэрт ороход биднийг дагуулж явсан залуу л хутга бариад шууд дайрсан, бас нэг залуу нь заазуур бариад гараа зүсээд байсан учир бид хутга заазуурыг нь булааж аваад гэрээс гараад, хашааны хаалганы тэнд байхад араас нэг нь ирж хүрзээр толгой луу цохисон.  

Одоо би их мартамхай болж барьсан, тавьсан зүйлээ санахаа байсан. Би Энх-Очирт эм тариа аваад ир гээд эмчийг бичгийг өгч явуулсан боловч 40.000 төгрөгт хүрэхгүй юм байна, тэглээ ч эмийн санд байхгүй юм байна гээд тэр 40.000 төгрөгөө үлдээгээд явчихсан. Цаашид эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж, эм тариагаа авна. Миний толгой байнга өвддөг, толгойгоор битүү хавантай, одоо хүйтэн усаар угаахаар хаван нь бага зэрэг буудаг. Мөн миний тархинд байгаа төмрийг харж байж авна гэсэн. Мөн намайг эмнэлэгт хэвтэж байхад манай дүү Налайхаас, эхнэр Өлзийт хорооллоос тус тус цай хоол зөөж байсан учир машин унааны бензин, түлшний зардлыг хохиролд оруулж, баримтуудыг нь хэрэгт өгсөн байгаа.

Шүүгдэгчээс 60.0 төгрөг аваагүй, 40.0 төгрөг авсан. Гарын үсэгтэй баримт нь хэрэгт байгаа. Нийт хохиролд 5.544.400 төгрөг болсон, үүнээс өгсөн 40.0 төгрөгийг хасч тооцоод үлдэх мөнгийг нь нэхэмжилнэ. Энэ хэрэг болохоос өмнө эхнэр бид хоёр 94-72 улсын дугаартай автомашиныг лизингээр аваад сар бүр 400.000 төгрөг төлдөг. Би эрүүл байсан бол одоо лизингээ төлөөд явах байсан. Мөн ажилгүй байсан хугацааны 3 сарын төлбөр 1.200.000 төгрөгийг нэхэмжлэлдээ оруулсан. Хохиролд ажилгүй байсан хугацаанд олох цалин орлого орж тооцогдсон байгаа. Миний хувьд одоо би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,  

 

   Эрүүгийн 201526031210 дугаартай хэргээс:

 

            1. Хохирогч Г.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2015 оны 12 сарын 07-ны өдөр би Өлзийтөд шинээр баригдаж байгаа сургуульд плитаны ажил Эрхмээгийн хамт хийчихээд, найз Жадамбаагийн эхнэр Оюунцацралын төрсөн өдөр болно гэхээр нь гэрт нь очсон. Тэгээд ...төрсөн өдрийг нь тэмдэглэж байгаад орой 22:00 цаг өнгөрч байхад гараад ...Эрхэмээ, бид хоёр хот руу ...явж байтал араас Жадамбаа залгаснаа “хүнд зодуулчихлаа, нэгийг нь бариад байж байна” гэхээр нь Эрхэмээ, бид хоёр буцаж очиход манай найзын куртик нь урагдчихсан, хамарнаас нь цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд очиход манай найз нэг өндөр бандийг нь барчихсан зогсож байхаар нь “хамт явсан банди нараа хэл, хаана байна” гэхэд “гэртээ байгаа” гээд зааж өгөхөөр нь Эрхэмээ, Жадамбаа, бид гурав гэрт нь очиход хашаа нь онгойдоггүй гээд бид нар хашааг нь давж орсон. Тэр айлд нь ороход хоёр согтуу залуу сууж байхаар нь “та нар яахаараа хүн зоддог юм бэ” гэхэд хамт гэрийг нь зааж өгсөн банди нь очингуутаа  бид нар руу хутга бариад дайрсан.

Тэгэхээр нь би хажууд нь байсан намхан шар охиныг “ахын дүү наад хутгыг нь авчих, ингэж болохгүй шүү дээ” гэсэн чинь нөгөө хэд улам агсамнаад байхаар нь бид нар гарч зугатаасан. Тэгсэн нөгөө өндөр банди дахин хутга барьж араас гарч ирээд дайрахаар нь манай найзууд нийлж байгаад хутгыг нь булааж авсан. Тэгээд хашаанаас гарч зугатаах гэж байтал араас нэг нь ирснээ миний толгой руу хүрзээр цохиж гэмтээсэн. Энэнээс хойш юу болсныг санахгүй байна.

Би тэдгээр залуучуудыг өмнө нь огт харж байгаагүй, тухайн үед манай найз Жадамбаа “хүнд зодуулчихлаа” гэхээр нь буцаад очтол 1.70 сантметр өндөртэй, туранхай, шар царайтай бандитай байж байсан. Бид нарын хувьд найзыгаа хамгаалах гэж л очсон. Намайг яг хэн нь хүрзээр цохисныг би мэдэхгүй байна.

Тухайн үед бид нар Жадамбаагийн гэрт эхнэр Оюунцацралых нь төрсөн өдрийг тэмдэглэж ойролцоогоор 10-аад хүн 1 шил 0,75 литр “Соёрхол” нэртэй архи, мөн том савтай 2,5 литртэй боргио пиво уусан. Согтолтын хувьд эрүүл байсан. Гэрт байсан гурван залуу нилээн согтуу байсан. Хамт байсан хүүхнүүд нь эрүүл байсан байх. Хүрзээр цохиулсны улмаас миний толгойн зүүн хэсэгт цөмрөлт үүссэн, өөр гэмтэл шарх байхгүй. Надаас өөр зодуулсан хүн байхгүй, өндөр шар бандийг хутга барихаар нь болиулах гэж л бөөн бужигнаан үүссэн.

Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тархины хагалгаанд орсон надад учирсан хохирол нийт 4.0 сая гаран төгрөгний эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний зардлыг гаргаж өгөх юм бол миний хувьд гомдол санал байхгүй. Би тухайн өдөр хүний өөдөөс хутга бариагүй, хүнтэй зодолдоогүй. ...Сүүлд найзуудаасаа сонсоход туранхай бор залуу чамайг цохисон, нэрийг нь Энх-Очир гэж байсан. Би Энх-Очирт гомдолтой байгаа эмнэлэгт байх үед хүний урманд нэг ч удаа ирж уулзаагүй, хүн чанар муутай хүн. Би Энх-Очироос эмчилгээний зардал болох нийт  5.544.400 төгрөг нэхэмжилж байна, надад бүх баримт нь байгаа тул хэргийн материалд хавсаргах хүсэлттэй байна...” /хэргийн 37-40х/,

 

2. Гэрч Д.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад найз Энх-Очир, Чинзориг нарын хамт манай гэрт Улаанбаатар нэртэй архи 1 шилийг ууцгаасан. Тэгээд Чинзориг бид хоёр дахин архи авах гээд дэлгүүр орчихоод, гэр лүүгээ буцаж байтал гудамжинд нэг ах, эгч хоёр тааралдахаар нь би “эмэгтэйгээс нь “буудлын дэлгүүрийн гадаа цагдаа байна уу” гэсэн чинь тэр эгч “байна, та хоёр аргалуулах юм уу, эгч нь аргалчихаад явж байна” гэхээр нь “үгүй” гэж хэлээд цааш явж байтал нөхөр нь Чинзоригтой юм яриад урд явж байснаа гэнэт барилцаж аваад, хамтдаа газар уначихсан. Тэгэхээр нь би очоод салгасан чинь эхнэр нь ирснээ манай найзыг үсдээд авахаар нь салгаад, найзыгаа “гэр лүүгээ явж бай” гэж хэлээд тэр ах, эгч хоёрыг гэрт нь хүргэж өгөхөд нөхөр нь над руу дайраад “саяны бандийг би зодох байсан” гээд агсамнаад байхаар нь эхнэр нь хориод “Жадамбаа боль” гэсэн чинь эхнэрийнхээ үгэнд орохгүй, эхнэрийгээ түлхээд унагасан. Тэгсэн чинь эхнэр нь босч ирээд нөхрийнхөө нүүр рүү алгадсан. Тэгсэн тэр ахын хамраас нь цус гараад “чи ямар их хүн өмөөрдөг юм, тэр бандийг ална” гээд найзуудруугаа утсаар яриад “та нар хаана явна намайг хоёр хүүхэд зодчихлоо” гээд яриад байхаар нь би гэр лүүгээ зугатаасан. Тэгээд гэрт очиход манай найз охин Сарнай, мөн Энх-Очир, эхнэр, хүүхэд нь, Чинзориг нар байж байсан.

Тэгсэн удалгүй манай гэрийн хашааны банзыг хугалаад 4 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирээд “аль нь вэ” гээд манай найз Чинзориг луу дайраад байсан. Тэгснээ чирч гарах гээд, “гарч үзье, ална, та нарыг” гээд бүгд согтуу хүмүүс орж ирсэн. Тэгэхээр нь бид нар “уучлаарай” гэсэн чинь агсам тавиад, манай гэрийн ширээн дээр байсан цэнхэр иштэй хутгыг нэг ах нь барьчихаад дайраад байсан. “Хүүхэд унтаж байна” гээд бид нар гадаа гарцгаасан. Гадаа гарсан хойно 2-3 залуу нь манай найз Чинзоригийг бариад, эхнэр нь гээд хамт ирсэн эмэгтэй намайг үсдэж зохиод байсан. Тэгэхээр нь манай найз Энх-Очир хүрз барьж гарч ирээд хар куртик, хар өмдтэй ахыг нэг удаа цохичихсон, тэгээд салцгаасан.

Би энэ хүмүүсийг огт харж байгаагүй. Анх тэр Жадамбаа гэх ахаас маргаан үүссэн. Тэр ахыг эхнэр нь алгадаад, хамраас нь цус гарсан чинь Чинзориг бид хоёрыг зодсон гэж худлаа найзуудаа дуудсан. Тэгээд маргаан үүссэн. Чинзориг бид хоёрын хувьд хүн зодож цохисон асуудал байхгүй, харин Жадамбаагийн эхнэр бид нарыг үсдээд цохиод байсан. Бид хэдээс хутга барьсан хүн байхгүй, тэр ах нараас манай гэрийн ширээн дээр байсан хутгыг авчихаад бид нар луу “ална” гэж дайраад байсан. Тухайн үед манай гэрт Сарнай, Энх-Очирын эхнэр хүүхэд, Чинзориг , мөн морь унадаг хүүхэд байсан.

Хүрз, хутга хоёр хоёулаа манай ахуйн хэрэглээний эд зүйлүүд, хутгыг ширээн дээр байхад бэлтгэлийн улаан цамцтай, шар өмдтэй ах бариад дайраад байсан, хүрз гэрийн баруун талын хатавчинд байхад нь Энх-Очир авч гарсан юм. Манай гэрийн үүдний шүүгээн дээр байсан ногоон хуванцар иштэй заазуурыг нөгөө гэрт орж ирсэн хүмүүсээс холдуулж би авсан юм. Тэгээд гэрт орж ирсэн хүмүүсээс уучлалт гуйгаад, “нялх нойтон хүүхэд унтаж байна, одоо болно гарцгаа” гэсэн чинь уг хүмүүс миний хэлснийг сонсохгүй, найз Чинзориг луу дайраад “гэрээсээ гараад ир, чамайг ална” гэж орилоод байсан. Тэгэхээр нь би гартаа барьж байсан заазуураар өөрийнхөө зүүн гарын шууны дотор талыг зүсээд, “би гараа зүсчихлээ, одоо болно биздээ, та нар гэрээс гарцгаа” гэж хэлсэн. Тэр гэрт байсан хүрзний иш бүтэн байсан. ...Энх-Очирыг хүрзээр хүн цохиж байхыг хараагүй. Харин тэнд байсан хүмүүс Энх-Очирыг “хүн хүрзээр цохиод унагаачихлаа” гээд орлилдоод байсан. Би тухайн өдөр ямар нэгэн хүн цохиогүй зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-43х/,

 

3. Гэрч Д.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2015 оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цаг болж байхад би найз Хүрэлбаатарын хамт яг гэрийнхээ ойролцоо гудамжны үзүүрт явж байгаад ах, эгч 2 явж байхаар нь манай найз Хүрэлбаатар тэр ах, эгч хоёроос “буудал дээр цагдаа байна уу” гэсэн чинь нөгөө эгч нь “байна, эгч нь цагдааг танина, та хоёр аргалуулах юм уу, эгч нь Өлзийтөд том шүү дээ” гээд байхаар нь манай найз нөгөө эгчээс уучлалт гуйсан. Тухайн үед би хамт явж байсан ахтай юм ярьтал өөдөөс томроод, намайг заамдахаар нь би гарыг нь тавиулах гэж зөрүүлээд барьж аваад, бид хоёр хамтдаа газар хальтарч унасан чинь хамт байсан эгч ирснээ намайг үсдэж аваад цохиод байсан. Тэгээд салцгааж, манай найз нөгөө ах, эгч хоёрыг хашаа руу нь дөхүүлж өгөхөөр явсан. Би гэр лүүгээ явсан. Тэгсэн нөгөө ах манай найзад “би саяны бандийг зодох байсан” гэж хэлсэн чинь эхнэр нь “Жадамбаа, чи боль” гэж хэлсэн чинь эхнэрийгээ түлхэж унагаахаар, эхнэр нь зөрүүлээд нөхрийгөө хэд алгадсан чинь хамраас нь цус гарсан гэсэн. Тэгээд манай найз тэр ах, эгч хоёрыг хаячихаад гэр лүүгээ явж очсон. Тэгээд бид хэд байж байтал манай гэрт араас эрэгтэй хүн хашаа давж орж ирээд, жаахан хүүхэд байсан чинь орилоод “ална, хядна” гэж томроод “гараад ир” гэхээр нь бид нар гараагүй.

Ингээд бид нар тэр ах нараас уучлалт гуйгаад гарцгаасан чинь дахин бид нар руу дайрч орилж чарлаад байсан. Тэгснээ Хүрэлбаатарын гэрийнх нь хутга заазуурыг тэр ах нар авчихаад бид нар руу дайраад байсан. Тэгтэл Энх-Очир гэртээ байсан хүрзийг аваад нэгнийх нь толгойг цохисон. Ингээд явцгаасан. Тэдгээр хүмүүсийг бид нар танихгүй.

Хүрэлбаатарын гэрт найз охин Сарнай, Энх-Очир, эхнэр, хүүхэдтэйгээ, мөн морь унадаг 14 настай хүүхэд байсан. Би гэрт байхад хутга барьсан юм байхгүй, тэр ах нар орж ирээд хутга, заазуур аваад дайрсан. Би тэр өдөр ягаан өнгийн пүүз, цэнхэр өнгийн жинсэн өмд, улаан өнгийн куртик, хар саравчтай малгайтай байсан. Хүрэлбаатарын гэрт  Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архи 1 шилийг Хүрэлбаатар, Энх-Очир, бид гурав 20 цагийн орчим уусан байсан. Согтолтын хувьд бага зэрэг согтуу болсон, асуудлыг бүгдийг санаж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-46х/,

 

4. Гэрч Ө.Жаргалцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 12 дугаар сарын 07-ны орой манай нөхөр хоёр найзын хамт Чинзориг, Хүрэлбаатар нартай гэртээ нэг шил архи уучихаад унтчихсан. Тэгээд хоёр найз нь гараад явчихсан. Би хажуугаар нь хүүхдээ хөхүүлээд унтах санаатай хэвтэж байтал хашааны хаалга дугараад, хашааны банз эвдлээд манай гэрт 4-5 хүн орж ирэнгүүтээ бид нарыг байж байхад хутга барьж далайсан. Тэгснээ хэрүүл шуугиан хийгээд байхаар нь би уурлаад “хүүхэд айчихлаа, та нар гар” гэж хэлэхэд өөдөөс уурлаж, хэл амаар доромжилсон.

Тэгээд гарч явцгаагаад гэрийн гадаа зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь би араас нь гараад “яв” гэж дахин хэлэхэд миний хөхнөөс чимхээд агсамнаад байсан. Тэгээд би эргээд гэр лүүгээ ороод хүүхдээ авсан. Үүнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна, нэг хэсэг бужигнаж байгаад явцгаасан.

Манай гэрт эхлээд Хүрэлбаатар ирээд, удалгүй байж байтал Чинзориг, тэдгээр ах эгч нартай хамт орж ирсэн. Манай гэрийн ширээн дээр байсан цэнхэр иштэй том хутга, заазуурыг тэр ах нар шууд аваад бид нарыг “ална” гэж айлгасан. Чинзоригт ямар ч хутга байгаагүй. Тэр хүмүүс л хутга авчихаад бид нар руу дайрсан. Гэрт маргалдах шалтгаан байгаагүй. Гаднаас танихгүй хүмүүс гэнэт орж ирээд ална, хядна гэж айлган сүрдүүлсэн. Чинзориг Хүрэлбаатар нартай муудалцсан юм шиг байна лээ. Яг юунаас болж муудалцсаныг мэдэхгүй байна. Тухайн үед манайд Хүрэлбаатар найз охин Сарнайтайгаа, би нөхөр хүүхэдтэйгээ, Чинзориг, морь унадаг 14 настай Шарка гэж хүүхэд бид хэд байсан.

Манай нөхрийн хувьд согтуу байгаагүй нэг шил архи уучихаад унтаж байсан нэг их уугаагүй, харин манай гэрт орж ирсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс бүгд согтуу байсан. С.Энх-Очир нь 1994 онд Дорноговь аймагт төрсөн, 21 настай, хувираа хүний адуу малладаг, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ер нь нэг их архи дарс уугаад байдаггүй, зан харилцааны хувьд төлөв даруу, дуугүй даруухан ааш зантай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х/,

 

5. Гэрч З.Мөнхсарнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би найз залуутайгаа хамт гэрт байж байсан. Тэгсэн манай найз залуу хоёр найзын хамт /Чинзориг, Энх-Очир/ 1 шил архи ууцгаасан. Уучихаад Хүрэлбаатар, Чинзориг нар дахиад дэлгүүр лүү архи авах гэж яваад 30 гаран минутын дараа буцаж манай найз залуу ганцаараа эхэлж орж ирсэн. Удалгүй араас нь Чинзориг баахан ах нартай хашаа даваад ороод ирсэн. Тэгснээ хамт ирсэн ах нар шууд гэр лүү орж ирээд Хүрэлбаатар, Чинзориг нарыг “гараад ир, ална” гэж айлган сүрдүүлж, бид нарыг хэл амаар доромжилсон. Тэгээд бид нар гэрээс хөөж гаргаад, гадаа гарсан хойноо хашаан дотор хоорондоо ноцолдоод, манай хэдийг зодоод байсан. Хамт ирсэн эгч хүртэл хашгичаад орилж, чарлаад байсан. Тэгээд ширээн дээр байсан хутгыг тэр ирсэн ах нарын нэг нь авснаа Хүрэлбаатар, Чинзориг, Энх-Очир нар руу дайраад байхаар нь Энх-Очир гэрт байсан хүрзийг аваад гарч явсан. Тэгээд “хутга бариад байсан ахыг хүрзээрээ цохьчихлоо” гэж хэлсэн. Цохиж байхыг нь би хараагүй, тэгээд салцгааж тарсан.

Энэ хүмүүсийг бид нар огт танихгүй анх удаа харж байна, Энх-Очир Хүрэлбаатар, Чинзориг нарын хувьд нэг их согтуу байгаагүй. Энх-Очир гэртээ унтаад дөнгөж сэрж байсан, гэрт ирсэн ах нар нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50х/,

 

6. Гэрч Г.Эрхэмсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2015 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед манай баз хүргэн Г.Энхтүвшин, найз Жадамбаа нарын хамт ХУД-ийн 14 дүгээр хороонд байрлах шинээр баригдсан дунд сургуулийн байранд дотор засал хийж байгаад оройн 21 цагийн орчим ажлаа тараад найз Жадамбаагийн гэрт очсон. Учир нь Жадамбаагийн эхнэр Оюунцацралын төрсөн өдөр нь болж байсан. Тэнд Оюунцацралын найзууд гээд 2-3 эрэгтэй, эмэгтэй хүн байсан. Тэнд бид нар 0.5 литрийн архи, том 2 литрийн савтай пиво байсныг хувааж уугаад, 22 цагийн орчим манай баз хүргэн Энхтүвшин бид хоёр Жадамбаагийн гэрээс гарсан.

Тэгээд бид хоёр хорооны хажуугаас хувиараа халтуур хийдэг машинд суугаад эхлээд Био комбинат орж Энхтүвшингийн найз Нарангэрэлийг аваад хот руу явсан. Тэгээд бид нар Төв аймгийн шалган нэвтрүүлэх пост орж явах үед ...Жадамбаа миний гар утас руу залгаад “Өлзийтөд хүнд зодуулчихлаа, хаана явна, буцаад хүрээд ир” гэсэн. Тэгээд Энхтүвшин,  Нарангэрэл, бид гурав такситайгаа буцаад Өлзийтийн 2 дугаар буудлын ард хүнсний дэлгүүрийн хажуугаар өнгөрөөд явж байх үед гудамжны үзүүр дээр Жадамбаа, эхнэр Оюунцацрал, тэгээд нэг туранхай биетэй залууг Жадамбаа барьчихсан зогсож байсан. Бид гурав очоод уг залууг дагуулаад Энхтүвшин, Жадамбаа, Нарангэрэл, Оюунцацрал бид нар явсан.

Тэгээд Өлзийтийн 5 дугаар гудамжны гол дунд байрлах төмөр хаалгатай хашааны гадаа ирсэн. Уг хашааны хаалга цоожтой байсан бөгөөд уг дагуулж явсан залуу нь “манайх хашаагаа даваад орчихдог юмаа” гээд даваад орохоор нь Энхтувшин, бид хоёр хашааг даваад араас нь орсон. Тэгтэл хашаагаа давж орсон залуу, уг хашаан дотор байсан гэр лүү гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би гэр лүү нь араас нь орсон. Гэрт намхан нуруутай махлаг шар залуу, дунд зэргийн нуруутай туранхай биетэй бор залуу, нэг хүүхэдтэй эмэгтэй нар  байсан санагдаж байна.

Гэр лүүгээ түрүүлж орсон залуу “манайхаан, намайг зодох гээд байна” гээд байсан. Тэгэхээр нь би “та нарын хэн нь манай найзыг зодсон юм, ямар шалтгаанаар зодсон юм бэ” гэж асуусан. Миний араас Энхтүвшин орж ирсэн. Тэгтэл өөдөөс хэрүүл хийгээд, махлах биетэй шар залуу нь гартаа заазуур бариад “та нар цус үзэх үү” гээд зүүн гарынхаа шуу орчмыг зүсээд байх шиг байсан. Тэгэхээр нь  Энхтүвшинг би аваад гарсан. Жадамбаа бас гэрт орох гэхээр нь би авч гарсан.

“Нялх нойтон хүүхэдтэй айлд хэрүүл хийгээд яах юм” гэж хэлсэн. Тэгээд бид нар хашаан дотор нь байж байхад гэрээс махлаг шар залуу нь, анх гэр лүү түрүүлж орсон залуу хоёр гарч ирсэн. Махлаг шар залуу нь гартаа хутга барьчихсан “та нар манай гэр оронд орж ирж намайг дээрэлхлээ” гээд орилоод байсан. Тэгэхээр нь Энхтүвшин бид хоёр хутгыг нь булааж авсан.

Тэгээд бид “маргааш гэрэл гэгээтэйд уулзаад учир зүйгээ олсон нь дээр, одоо харанхуйд больцгооё” гээд хашааны үүд рүү явж байх үед жаахан ам муруйх гээд байхаар нь би болиулаад, хашааны хаалган дээр ирэх үед хашааны хаалга нь цоожтой байсан. Тэгтэл тэнд байсан нэг залуу нь гэр лүүгээ түлхүүрэндээ явсан. Тэгээд бид нар хүлээгээд зогсож байх үед хаанаас ч юм бүү мэд, гартаа хүрз барьсан залуу хүрч ирээд Энхтүвшингийн ардаас нь толгой орчимд нэг удаа цохисон. Тухайн үед Энхтувшин газар унасан.

Би Жадамбаа дээр явж очих үед Жадамбаагийн хамраас цус гарсан байдалтай,  куртикных нь зах нь ханзарсан байсан. Энхтүвшин, Жадамбаа, бид гурав гэрт орсон. Бид нар гэр дотор ямар нэгэн зодоон хийгээгүй. Манай найз нарын хувьд гартаа хутга барьсан хүн байхгүй. Тухайн үед манай найз Нарангэрэл хашааны гадаа байсан. Би юу болж байсныг мэдээгүй. Би Нарангэрэлийг одоо хаана байгааг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х/,

 

7. Гэрч Г.Оюунцацралтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нь миний төрсөн өдөр байсан юм. 19 цагийн үед би ажлаа тараад, гэртээ манай ажлын найзууд болон ажлын захирлын хамт ирээд хоол хийж идэж байсан. 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Жадамбаа ажлынхаа хоёр найз Энхтүвшин, Эрхэмсайхан нарын хамт ирсэн. Нөхөр Жадамбаа гадагшаа дэлгүүр явж 1 шил 0,75 граммын Хар Чингис архи, 2,5 литрийн Нийслэл пиво 1 ширхэг, чихрийн цуглуулга 1 ширхэг авчирч өгсөн. Тэгээд бид нар архи, пивоо хувааж уугаад 21 цаг өнгөрч байхад манай ажлын газрын гурван хүн түрүүлээд явсан. ...22 цагийн үед ...Энхтүвшин, Эрхэмсайхан нар явах болоод нөхөр, бид хоёр Өлзийтийн 2 дугаар буудлын хажуугаас машинд суулгаж өгөөд буцаад явж байхад Өлзийтийн 5 дугаар гудамжны үзүүр дээр үл таних хоёр залуу гартаа архи барьчихсан ирээд “ах, эгч 2 хаана байдаг юм бэ, хэдүүлээ энэ архийг хуваагаад уучих уу”  гэсэн.

Тэгэхээр нөхөр Жадамбаа “ах нь архи уухгүй, харьж явна” гэсэн. Тэгтэл манай нөхөр явах гэж байгаад хальтраад газар уначихсан. Тэгтэл нөгөө нэг залуу нь барьцалдаж байгаад хамт унах шиг болсон. Тухайн үед харанхуй байсан болохоор би тэр залуугийн царай зүсийг болон юу болсныг сайн харж чадаагүй юм. Тэгтэл Жадамбаагийн хамраас нь цус гарчихсан байсан.

Тэгтэл манай нөхрийн найзууд болох Энхтүвшин, Эрхэмээ, Нараа гэдэг гурван залуу машинтай ирчихсэн, нөгөө хоёр залуугийн нэгийг нь барьчихсан гарч ирээд, нэг залуу нь зугатаачихсан байсан. Тэгээд тэр гудамж руу орж нөгөө залуугийн араас бид нар бөөнөөрөө явсан. Тэгээд үлдсэн нэг залуугаар нь гэрийг нь заалгаад хашааных нь гадаа иртэл хашааны хаалга нь цоожтой байсан. Тэгтэл хамт явсан нөгөө залуу нь хашаагаа даваад орох үед араас нь Эрхэмээ, Энхтүвшин, Жадамбаа гурав хашааг нь мөн даваад араас нь орсон. Би хашааны баруун талын малын хашааны хажуугийн онгорхой хэсгээр хашаанд орсон. Тухайн үед манай гурав гэрт нь орчихсон байсан болохоор би араас нь гэрт орсон.

Тэгтэл гэр дотор анх түрүүлж зугатаасан залуу нь заазуур барьчихсан өөрийнхөө зүүн гарынхаа дотор хэсгийг зүсээд зогсож байсан. Энхтүвшин тэнд байсан залуучуудыг загнаад зогсож байсан. Тэгэхээр нь би “манай нөхрийг зодсон хүмүүсийн царайг харлаа” гээд хажууд зогсож байсан залууг нь гараараа нэг удаа алгадсан. Тэгээд гэрээс гарах гэтэл хашааны хаалга цоожтой, тэнд байсан нэг намхан нуруутай охин хаалганыхаа түлхүүрийг аваад ирнэ гээд явсан. Тэр үед анх бид нарт баригддаг залуу нь гартаа заазуур барьсан гарч ирсэн. Тэгэхээр нь би уг залууг үсдэж байгаад, гараас нь уг заазуурыг булааж аваад, ногоон өнгийн хуванцар иштэй заазуурыг хашаа давуулаад шидсэн.

Тэгээд эргээд хартал Энхтүвшинг нэг залуу шаргал өнгийн модон иштэй, дөрвөлжин хүрзээр хашааны хаалганы хажууд зогсож байх үед араас нь толгойн тус газар нь нэг удаа цохисон. Энхтүвшин газар унаад өгсөн. Тэгэхээр нь бид нар Энхтүвшинг машинд суулгаж аваад гэмтлийн эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54х/,

 

7. Гэрч Ж.Жадамбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би 2015 оны 12 дугаар сарын 07-ны ...орой ажлаа тараад, 20 цагийн үед хамт ажилладаг найз Энхтүвшин, Эрхэмсайхан нарын хамт манай гэр лүү явсан. Учир нь уг өдөр нь манай эхнэр Г.Оюунцацралын төрсөн өдөр байсан юм. Тэгээд би дэлгүүр явж 1 шил 0.75 граммын “Хар Чингис” нэртэй архи, 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво 1 ширхэг, чихэрийн цуглуулга 1 ширхэг авч ирж эхнэртээ өгсөн. Тэгээд бид нар архи, пивоо хувааж уусан.

...22 цагийн орчимд Энхтүвшин, Эрхэмсайхан нар нь явах болоод, би эхнэр Оюунцацралын хамт Өлзийтийн 2 дугаар буудлын орчимд хүргэж өгөөд, эхнэр, бид хоёр  буцаад явж байтал Өлзийтийн 5 гудамжны үзүүрт үл таних хоёр залуутай тааралдсан. Тэгтэл   уг хоёр залуугийн нэг нь гартаа барьж байсан архиа үзүүлээд “ах хамт ууяа” гэсэн. Тэгэхээр нь би “ах нь архи уухгүй” гэсэн чинь “сүртэй юм бэ, уучих л даа” гээд байсан. Тэгээд би эргээд  явах гээд алхтал халтираад газар уначихсан, нэг залуу нь надтай зууралдаад хамт газар унасан. Тухайн үед нэг нь миний хамар луу цохих шиг болсон. Хэн нь цохисныг сайн мэдэхгүй байна. Миний хамарнаас цус гарсан байсан. Тэгээд зууралдаад босох үед миний өмсөж явсан өвлийн куртикны захны хэсэгт урагдсан байсан.

Тэгээд би найз Эрхмээгийн 86052199 дугаарын утас луу залгаад “хаана явна” гэхэд “Төв аймгийн товчооны хажууд явж байна” гэхээр нь би “наашаа буцаад хүрээд ир, найз нь зодуулчихлаа” гэсэн чинь Эрхмээ “за одоо очлоо” гэсэн. Удалгүй Энхтүвшин, Эрхэмсайхан, Нарангэрэл нар машинтай ирсэн. Тэр үед бид хоёртой таарсан хоёр залуугийн нэг нь зугатаагаад явчихсан. Үлдсэн нэг залуу нь зугатаах гэж байхад Эрхэмээ бариад авсан. Тэгээд зугатаасан залуугийн гэрийг барьж үлдсэн залуугаар заалгаад хашааных нь гадаа ирсэн юм.  

Гэр лүү нь ороход анх зугатаадаг намхан махлаг шар залуу хойморын орон дээр сууж байсан. Би уг залууг “чи яагаад хүний хамар луу цохичихоод зугатааж байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу “би биш, манай дүү байсан юм” гэж хэлж байсан. Тэгээд бид нар явлаа гээд хашааных том хаалганы хажууд очиход хашааны хаалга нь цоожтой, ...хаалгыг нь онгойлгуулах гээд зогсож байх үед өндөрдүү, туранхай, бор царайтай залуу гэрээс гарч ирээд Энхтүвшингийн толгойн хэсэгт хүрзний ар, хавтгай хэсгээр нь далайж байгаад нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17489 тоот актад:

 

1. Энхтүвшингийн биед тархины эдийн доторх цусан хураа, зүүн зулай ясны цууралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 58х/,

 

9. Шинжээч эмч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Тархины /эсийн/ гавлын яс цөмөрсөн болон цууралт хоёр нь ялгаатай. Хэрэв цуурсан бол хөнгөн зэрэгт, цөмөрсөн бол гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины цууралт бол гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар, цөмрөлтийг шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар тогтоодог. Миний бие 2015 оны 12 сарын 14-нд гэмтлийн зэрэг тогтоосон. Энхтүвшин нь ГССҮТ-д 2015 оны 12 сарын 14-нд хагалгаанд орсон байгаа учир хугарал болон хагалгаанд орсон өвчний түүхийг авчирч өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59х/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн магадлагаа явуулсан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаартай актын:   

 

1. Шүүх эмнэлгийн үзлэгийн 17489 тоот акт тухайн үедээ үндэслэлтэй байна, учир нь шинжээч эмч Энхтүвшинг 2015.12.09-ний өдөр үзсэн ба өөрийн үзлэг, өвчний түүхэн дэх “Монгол Хьюндай” эмнэлгийн 2015.12.08-ны өдөр хийгдсэн КТГ-ийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргажээ.

2, 3, 4 Энхтүвшинд 2015 оны 12 сарын 10-ны өдөр зулай ясны цөмөрсөн ясыг авч, цөмрөлийг металл ялтсаар нөхөх мэс засал хийгдсэн байна. Энхтүвшингийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна. Дээрх “зулай ясны цөмөрсөн хугарал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх  эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 63х/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хавтаст хэргийн материалаар гаргасан 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 614 тоот дүгнэлтэд:

 

1. Хохирогч Г.Энхтүвшингийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна. Г.Энхтүвшингийн биед учирсан гэмтлийн талаар шүүх эмнэлгийн шинжилгээний 17489 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Г.Энхтүвшингийн биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. Энэ талаар шүүх эмнэлгийн шинжилгээний 17489 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Г.Энхтүвшингийн биед үүссэн гэмтлүүд мохоо хүчин зүйлийн улмаас буюу баруун зулай хэсэгт хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих үед үүссэн байх боломжтой. Тухайлбал хүрзээр цохисны улмаас үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хэргийн 208-209х/,

 

12. Хохирогч Г.Энхтүвшингийн өвчний түүх, хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 151-159х, 112-138х/,

 

13. Эмчилгээний зардалд 40.000 төгрөг хохирогчид хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 139х/,

14. Гэрч Д.Хүрэлбаатар захиргааны шийтгэл оногдуулсан баримт /хэргийн 220х/,

 

15. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 21-26х/,

 

16. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 35х/,

 

17. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хамсаргах тогтоол /хэргийн 36х/,

 

18. Зарим сэжигтэнд холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгох тогтоол /хэргийн 221х/,

 

19. Шүүгдэгч С.Энх-Очирын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...Би Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн 5-117 тоотод найз Д.Хүрэлбаатарын гэрт нь эхнэр Жаргалцэцэг, охин Энхжин нартай хамт амьдардаг. 2015 оны 12 дугаар сарын 07-ны орой найзууд болох Чинзориг, Хүрэлбаатар нарын хамт 1 шил Улаанбаатар архи авч ууцгаасан. Тэгээд архи дуусчихаар нь манай хоёр найз дахин дэлгүүр лүү архинд явсан. Би  тэр үед гэртээ унтаад үлдсэн. Тэгсэн манай хоёр бараг нэг цаг гаран алга болж байгаад цувраад ирцгээсэн. Тэгээд араас нь 5 залуу, нэг эгчтэй хамт манай хашааг даваад гэр лүү шууд дайрч орж ирээд агсам тавьж, хашгичаад, дайраад байхаар нь манай хоёр найз тэр хүмүүсийг “жаахан хүүхэд айчихлаа” гэж хэлээд гадаа гарцгаасан. Тэгээд гадаа гарсан хойноо манай хоёр найзыг бүгдээрээ нийлээд үсдээд, цохиод байсан. Энэ үед нь би гараад болиулах санаатай очиход над руу нэг нь хутга барьж дайрахаар нь би цохиж унагасан.

Тэгээд би гэр лүү буцаж ороод, охиноо авч байтал нөгөө хүмүүс явахгүй хашгичаад, орилолдоод байхаар нь би гэрээс хүрз бариад, над руу хутга барьж далайсан Энхтүвшинг нь хүрзээрээ цохисон. Тэгээд тэр хүмүүс явцгаасан. Миний хувьд энэ хүмүүсийг огт танихгүй.  Манай хоёр найзтай гудамжинд тааралдаад муудалцсан гэсэн. Тэрнээс болж манайд ирж танхайрсан. Үүнээс болж л маргаан үүссэн байх.

Тухайн үед гэрт Чинзориг хутганы гэр барьчихаад, зүгээр айлгаад байсан, хутга бол бариагүй. Харин манайд орж ирсэн Энхтүвшин, Жадамбаа нар нь ширээн дээр байсан хутга, заазуурыг авчихаад “ална” гээд дайраад байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 86-87х, 89-91х/ болон хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 92х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 93х/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хэргийн 94-103х/, өргөмжлөлийн хуулбарууд /хэргийн 104-109х/, суурь боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 110х/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэрэгт цугларсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч С.Энх-Очир нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23-01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн 5-117 тоотод амьдардаг хашаандаа хохирогч “Г.Энхтүвшинг найз нартайгаа нийлж хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг хүрзээр толгойд нь цохиж, бие махбодид нь “зулай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий” хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- шүүгдэгч С.Энх-Очирын: “..Энхтүвшин нь гэрт хашгирч орж ирээд, нялх хүүхэд айлгаад байхаар нь би уурласандаа өөрийн мэдэлгүй цохисон байсан. Хохирогч өөрөө бас буруутай. Миний хийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна., ...Тэгээд гадаа гарсан хойноо манай хоёр найзыг бүгдээрээ нийлээд үсдээд, цохиод байсан. Энэ үед нь би гараад болиулах санаатай очиход над руу нэг нь хутга барьж дайрахаар нь би цохиж унагасан. Тэгээд би гэр лүү буцаж ороод, охиноо авч байтал нөгөө хүмүүс явахгүй хашгичаад, орилолдоод байхаар нь би гэрээс хүрз бариад, над руу хутга барьж далайсан Энхтүвшинг нь хүрзээрээ цохисон. Тэгээд тэр хүмүүс явцгаасан. Миний хувьд энэ хүмүүсийг огт танихгүй.  Манай хоёр найзтай гудамжинд тааралдаад муудалцсан гэсэн.” мэдүүлэг,  

- хохирогч Г.Энхтүвшингийн: “...би барьж байсан хутгыг нь булааж аваад, гарах гээд хашааны хаалганы тэнд зогсож байтал араас нэг нь намайг хүрзээр цохисон.  Тухайн үед хэн намайг цохисныг хараагүй. Би зодуулснаар тархиныхаа ясанд төмөртэй болж, маш их мартамхай болсон.

...Би тэдгээр залуучуудыг өмнө нь огт харж байгаагүй, тухайн үед манай найз Жадамбаа “хүнд зодуулчихлаа” гэхээр нь буцаад очтол 1.70 сантметр өндөртэй, туранхай, шар царайтай бандитай байж байсан. Бид нарын хувьд найзыгаа хамгаалах гэж л очсон. Намайг яг хэн нь хүрзээр цохисныг би мэдэхгүй байна. Тухайн үед бид нар Жадамбаагийн гэрт эхнэр Оюунцацралых нь төрсөн өдрийг тэмдэглэж ойролцоогоор 10-аад хүн 1 шил 0,75 литр “Соёрхол” нэртэй архи, мөн том савтай 2,5 литртэй боргио пиво уусан. Согтолтын хувьд эрүүл байсан. Гэрт байсан гурван залуу нилээн согтуу байсан. Хамт байсан хүүхнүүд нь эрүүл байсан байх. Хүрзээр цохиулсны улмаас миний толгойн зүүн хэсэгт цөмрөлт үүссэн, өөр гэмтэл шарх байхгүй. Надаас өөр зодуулсан хүн байхгүй, өндөр шар бандийг хутга барихаар нь болиулах гэж л бөөн бужигнаан үүссэн. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тархины хагалгаанд орсон надад учирсан хохирол нийт 4.0 сая гаран төгрөгний эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний зардлыг гаргаж өгөх юм бол миний хувьд гомдол санал байхгүй. Би тухайн өдөр хүний өөдөөс хутга бариагүй, хүнтэй зодолдоогүй. ...Сүүлд найзуудаасаа сонсоход туранхай бор залуу чамайг цохисон, нэрийг нь Энх-Очир гэж байсан. Би Энх-Очирт гомдолтой байгаа эмнэлэгт байх үед хүний урманд нэг ч удаа ирж уулзаагүй, хүн чанар муутай хүн. Би Энх-Очироос эмчилгээний зардал болох нийт  5.544.400 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

- “...Хохирогч Г.Энхтүвшингийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна, Г.Энхтүвшингийн биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна, Г.Энхтүвшингийн биед үүссэн гэмтлүүд мохоо хүчин зүйлийн улмаас буюу баруун зулай хэсэгт хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих үед үүссэн байх боломжтой. Тухайлбал хүрзээр цохисны улмаас үүсэх боломжтой...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хавтаст хэргийн материалаар гаргасан 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 614 тоот дүгнэлт, эд мөрийн баримтад үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ө.Жаргалцэцэг, З.Мөнхсарнай, Г.Эрхэмсайхан, Г.Оюунцацралт, Ж.Жадамбаа нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Хохирогч Г.Энхтүвшингийн найз Ж.Жадамбааг эхнэр Г.Оюунцацралтын хамт гудамжинд явахад нь энэ хэргийн гэрч болох Д.Хүрэлбаатар, Д.Чинзориг нар нь өдөөн хоргоосон, зодлоо гэх шалтгаанаар Г.Энхтүвшин, Ж.Жадамбаа, Г.Оюунцацралт, Г.Эрхэмсайхан нар нь шүүгдэгчийн амьдарч буй гэрт ирж, хашаа даван орж, улмаар тэдний хооронд хэрүүл маргаан үүсч, шүүгдэгч, түүний эхнэр Ө.Жаргалцэцэг нарын “нялх хүүхэд айлгачихлаа, больцгоо, гар” гэсэн шаардлагыг үл ойшоосон зохисгүй үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгч С.Энх-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангадсан байх тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Энхтүвшин гэм хорын хохиролд нийт 5.554.400 төгрөг нэхэмжилсэн хэдий ч хохирогчийн хэрэгт гаргаж өгсөн /хэргийн 112-138х/ баримт бүхий хохирлын дүн 4.829.900 төгрөг байна. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд төлөгдсөн 40.000 /хэргийн 139х/ төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй.

Мөн хэргийн 138 дугаар талд авагдсан Дашваанжил ХХК-иас 500 литр буюу 550.000 төгрөгийн хийн түлш авсан зарлагын баримт нь 2016 оны 02 сарын 21-ны өдрөөр огноологдсон байхаас тухайн цаг хугацаанд шүүгдэгч нь эмнэлэг, сувиллын байгууллагаар үйлчлүүлэн эмчилгээ хийлгэсэн гэх байдлыг нотлох үндэслэл бүхий баримтгүй, эргэлзээтэй байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

Түүнчлэн хохирогч нь ажил хөдөлмөр эрхлээгүй цаг хугацааны олох байсан орлого цалинд 1.200.000  төгрөг нэхэмжилнэ гэсэн хэдий ч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр хамтатган шийдвэрлэх боломжгүй юм байх тул гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах эмчилгээ үйлилгээ, эм тарианы зардал болон бусад зардлын баримтаар нотлогдсон хохиролд тооцон шүүгдэгч С.Энх-Очироос 4.239.900 төгрөг гаргуулж хохирогч Г.Энхтүвшинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.264.500 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүйгээр/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ....ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай хобогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан тул гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж шийдвэрлэсэн болно.  

 

Шүүх, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй байдлыг Эрүүгийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.     

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрз, модон иш зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасан журмын дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Энх-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч Г.Энхтүвшин нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүх-Очирын Энх-Очирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар С.Энх-Очирт 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Энх-Очирт оногдуулсан 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Энх-Очир нь гэм хорын хохиролд хохирогч Г.Энхтүвшинд 40.000 /дөчин мянга/ төгрөгийг нөхөн төлсөнийг дурьдаж, С.Энх-Очироос 4.239.900 /дөрвөн сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Энхтүвшинд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 1.264.500 /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.  

 

5. Энэ хэрэгт С.Энх-Очир нь цагдан хоригдоогүй, шийдвэрлэвэл зохих хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Г.Энхтүвшин нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрз, модон иш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан С.Энх-Очирт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.Энх-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД

 

                               ШҮҮГЧИД                                               Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                      Б.БАТБОЛОР