Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 28

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Г.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Э.С-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАЗДДБСУГ-ын даргад холбогдох

            “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын **цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалтын Э.С-аас авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгуулах, Э.С-ийн ярилцлагын шалгалтыг дахин үнэлж дүнг гаргах шалгалтын комиссыг байгуулах акт гаргахыг даалгах, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2019/0001/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, иргэдийн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг  нар оролцов.       

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.С нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалтад зохих журмын дагуу баримт материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж оролцсон болно. Тус шалгалтын Ерөнхий шаардлагын оноо 35 оноо авахаас 22.5, Удирдах ур чадварыг үнэлэх оноо 40 авахаас 25.3, Ярилцлагын оноо 25 авахаас 9.8 оноо авч нийт 57.5 оноо авсан болно. Тус шалгалтын тэнцэх нийт оноо 60 байх ёстой боловч дараах үндэслэлээр миний авах ёстой оноог дарсан, шалгалтад хууль бусаар нөлөөлсний үндсэн дээр тэнцүүлээгүй гэх хардлага төрж байна.

... Нэхэмжлэлийн шаардлагад нэмэгдүүлэх тухай. Орхон аймгийн Баян-Өндөр сумын **цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулах 2018.12.21-ний өдрийн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын шалгалтын Э.С-ийн авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгох, Э.С-ийн ярилцлагын шалгалтыг дахин үнэлж дүнг гаргах шалгалтын комиссыг байгуулах актыг гаргахыг даалгах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2018.12.21-ний өдрийн сонгон шалгаруулах комиссын 2018.12.24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагыг гаргаж байна.

Орхон аймгийн Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын **цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах 2018.12.21-ний өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ярилцлагын шалгалтын комиссыг  ОАБСУГ-ын даргын 2018.11.27-ны өдрийн А/56 тоот тушаалаар томилон ажиллуулсан нь нотлогдож байх ба сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт нь өргөдөл бичих байдал, мэдлэг ур чадвараа илэрхийлсэн байдал, төсөл бэлтгэлт, ярилцлага гэх шатлалтай авсан ба тус бүрт нь оноо өгч үнэлж дүгнэж шалгалтыг авахдаа дүн үнэлгээг дарж, ярилцлагын шалгалтыг дээрх шатлал бүрээр үнэлүүлэхдээ үндэслэлгүй үнэлгээ өгсөн учир ярилцлагад бэлтгэж өгсөн материал, ярилцлагыг үнэн зөвөөр нь дахин үнэлүүлж, дүгнүүлэх хүсэлтэй байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын **цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулах 2018.12.21-ний өдрийн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын шалгалтын комиссын 2018.12.24-ний өдрийн дүгнэлт гаргахдаа үндэслэлгүй гарсан бөгөөд нэхэмжлэгчийн уг ярилцлагын шалгалтыг орохгүй байхыг, эрх бүхий албан тушаалтнаар нь дамжуулан хэлүүлж, ярилцлагад орохоо илэрхийлэхэд нь комиссын дүнд нөлөөлөхөө хариуцагч илэрхийлсэн байх ба дээрх комиссын нэг гишүүн ярилцлагын шалгалтад оролцож шалгалт аваагүй атлаа шалгалт авсан мэт тайланд гарын үсэг зурж, дүгнэлтийг гаргасан. Мөн ярилцлагын дүнг 3 үзүүлэлтээр тус бүр оноо өгөхдөө хэрхэн яаж дүгнэсэн нь тодорхойгүй зэрэг хууль зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2018.12.24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагыг гаргаж байна.” гэжээ.                               

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАБСУГ-аас 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр **цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт зарлаж Э.С нь тэр шалгаруулалтанд оролцсон. Энэ сонгон шалгаруулалт нь 3 үе шаттайгаар явсан. Нэгдүгээр шатанд 1 дүгээр байранд үнэлэгдэж ирсэн. Гуравдугаар шатны шалгаруулалтанд орох гэж байтал 5 дугаар цэцэрлэгчийн эрхлэгч А гэдэг хүн Э.С руу утасдаж яг одоо энэ сонгон шалгаруулалтанд орохгүй гараад яв гэж БСУГ-ын дарга Ж.Б дарга хэлж байна гэсэн байдаг. Э.С-ийн хувьд шалгаруулалтыг эхэлчихсэн, онооны байдлын хувьд нэгдүгээрт явж байсан учраас тухайн ярилцлаганд орсон. Э.С-ийн хувьд 3 удаа цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд ороод дандаа ярилцлагын шатанд унадаг байсан учраас энэ удаа ярилцлагын шалгалтыг бүтэн жилийн хугацаанд бэлдсэн байдаг. Ярилцлагын шатанд ортол ярилцлага авч байгаа 4 хүн байсан. Тэдгээр хүмүүс Э.С-ийн бэлдэж оруулж ирсэн төсөл, өргөдөлтэй холбоотой асуулт тавиагүй, 2, 3 асуулт асууж байгаад гаргасан. Тэгээд дүнг танилцуулахдаа намайг тэнцээгүй талаар хэлсэн. Тухайн үед Э.С хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар өгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ сонгон шалгаруулалтын ярилцлагыг хууль бус явсан гэж үзэж 2018 оны  12 сарын 24-ний нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл энэ шалгалт авсан комисс татан буугдсан талаар БСУГ-аас албан бичиг ирсэн байгаа. Энэ албан бичигт холбогдуулан БСУГ-ыг хариуцагчаар татаж энэ нэхэмжлэлийг гаргасан. Э.С-ийн авсан ярицлагын 9.8 оноог хүчингүй болгох, Э.С-ийн ярилцлагын шалтгалтыг дахин дүгнэх комисс байгуулахыг БСУГ-т даалгах, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн комиссийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шалгалтыг зохион байгуулж байгаа БСУГ-ын дарга энэ шалгалтын үйл ажиллагаанд оролцож болохгүй гэсэн байдаг. Энэ шалгалтанд бусдын нөлөө орчихлоо гэдэг мэдээллийг Л.А БСУГ-ын дарга Ж.Б-д хэлтэл шалгалтын дүн гараагүй байгаа биздээ, би сануулсан биздээ гээд утсаа тасалсан байдаг. Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор шалгалтын комиссийг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан байдаг. Гэтэл ярилцлагын шалгалтыг 4 хүн авсан. Нэг хүн огт байгаагүй. Энэ нь Төрийн албаны үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгон шалгаруулах журмын 4.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах үнэлгээ, дүгнэлт гаргах заавар 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт байдаг. Үүнд ярилцлага хийхдээ тухайн байгууллагыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр,  өөрийнхөө чадамжийг илэрхийлсэн байдал, тухайн албан тушаалд томилогдох хүсэл зэргийг хэрхэн яаж танилцуулж байгаагаар нь дүгнэнэ гэсэн байдаг. Тэр шалгаруулалтанд ороод ирсэн байгаа төслийг нь өөрөөр нь танилцуулаагүй, өөрийнх нь гаргасан өргөдөл, ажлын байрны тодорхойлолт, хөгжлийн хөтөлбөр гэсэн зүйлүүдээс нэг ч асуулт асууж, хариулт яваагүй. Үүнийг хэрхэн яаж дүгнэсэн талаар тайлбар өгөөгүй. Төсөлтэй холбоотой асуудал тавиагүй. Ганцхан асуулт л тавьсан. Тэр ганцхан асуултанд буруу хариулт өгсөн гэж дүгнэсэн байгаа. Хөтөлбөрийг ямар судалгаан дээр үндэслэн бичсэн болон ямар хүндрэл гарсан, энэ хөтөлбөрт алдаа дутагдалтай зүйл байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Ийм үндэслэлүүд байгаа учраас тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч БСУГ-ын дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ажил үүргийнхээ дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулсан. Тухайн үед 6 ажлын байранд 8 хүн өрсөлдсөн. **цэцэрлэгчийн эрхлэгчийн орон тоо 2 өрсөлдөгчтэй байсан. Журмын дагуу шалгалтын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Тухайн үед захиргааны ажилтан маань хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас явсан. Үлдсэн 4 хүн ярилцлагын шалгалт авсан. Энэ комисс ганцхан Э.С-д зориулагдсан биш. Хуулийн дагуу сонгон шалгаруулалт явагдсан. Тэр хүмүүс өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд дүгнэлтээ гаргасан. Гаргасан дүн дээрээ гарын үсэг зурж баталгаажуулсан. Би тэр дүнг нь Төрийн захиргааны байгууллагад уламжилж өгөх үүрэгтэй. Би нөлөөлөх оролдлого огт хийгээгүй. Төрийн ажлыг эзэнтэй явуулах үүднээс сул орон тоо дээр сонгон шалгаруулалт зарлуулах хүсэлт явуулсан. 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс шинэ хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор ажлын байрны тодорхойлолт гэж байсан нь албан тушаалтны тодорхойлолт гэж өөрчлөгдөөд Боловсролын яам боловсруулалт хийж төрийн албаар хянуулж байж баталгааждаг болсон. Захирлуудын тодорхойлолтууд өмнөх 7 хоногт баталгаажаад ирсэн байгаа. Цэцэрлэгийн эрхлэгчийнх удахгүй ирнэ гэсэн хариу өгсөн. Э.С-тай өрсөлдсөн хүн шалгалтандаа уначихаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Өмнө нь үүрэг гүйцэтгэгч байсан. Э.С-тай эвлэрэх талаар ярилцахад өөр хүнийг тэнцүүлээд гаргачих байлгүй гэсэн гудамжны яриа ярьсан. Бид нар сул орон тоо байна та шалгалтанд оролцох нь нээлттэй шүү гэдгийг хэлж байгаа. Таны хардаад байгаа хүн өөр ажлын байранд очсон гэдгийг хэлсэн ба нотлох баримтаар сая өглөө. Албан ёсны шийдвэрээр томилогдсон комисс ямар асуулт асууж, яаж дүгнэхийг тэр хүмүүс л мэднэ. Ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгох боломжгүй, дахиад энэ хүнд зориулж комисс томилох эрх надад байхгүй, дүгнэлтийг хүчингүй болго гэж байгаа нь бас ойлгомжгүй сонин шаардлага тавьсан байна. Нэхэмжлэгч тийм асуулт асуух байсан асуугаагүй, тэгсэн бол би тэнцэх байсан юм гээд байдаг. Төрийн ажил явдгаараа явсан. Төрд буруу жишиг тогтож, шалгалтандаа уначихаад, унасан болгон гомдол гаргаад төрийн ажлыг гацаагаад байж болохгүй.  Төлөвлөгөө, хөтөлбөрийг үзэж, дүгнэдэг журмаараа л үзсэн байх. Би тэр комиссийн хүмүүсийн өмнөөс тайлбар хийх боломжгүй. Тухайн комисс татан буугдсан учраас би хариуцагч болно гэсэн утгатай албан бичиг явуулаагүй. Энэ бол процессоороо л явж байгаа.” гэв.

         Хариуцагчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах комиссийг БСГ-ын даргын нөлөөнд ороод дүгнэлт гарсан гэж үзээд байгаа. Үүнийг үндэслээд шалгалтын дүнг хүчингүй болгох, дахин комисс томилж, дахин шалгалт авах, комиссийн дүгнэлтийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага байна. Энэ шаардлага тус бүр нь хууль зүйн үндэслэлтэй болох нь юугаар нотлогдож байна вэ гэдгийг гаргаж хэлж чадахгүй байна. Шалгалтын комиссын хийсэн ажлыг БСГ-ын дарга хариуцах ямар хууль зүйн үндэслэл байгаа юм. Татан буугдах тухай, татан буугдсан эрхийн акт байхгүй байгаа. Гэрчийн мэдүүлгээр Ж.Б даргыг “... шалгалт дуусаагүй байгаа “ гэж хэлсэн гэж байна. Тэр гэрчийн эх сурвалж хаана байгаа юм. Эх сурвалжийг яагаад хүсэлт тавиад шалгуулаагүй юм. Энэ хүн нөлөөлөөгүй байхад шүүх өнөөдөр энэ комиссын өгсөн оноо буюу 9.8 оноог хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй. Э.С төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад, комиссын тавьсан асуултанд хэрхэн хариулсан юм гэдгийг шалгуулаад гомдол гаргаагүй юм. Давж заалдах шатны шүүхээс яг ингэж гарсан шүүхийн шийдвэрийг буруу гэж дүгнэсэн байна. Бусад хүмүүсийн төсөл юмтай харьцуулаад дүгнэлт хий гэсэн байна. Бусадтай харьцуулах боломж байхгүй. Тайланд шалгалтанд тэнцсэн хүний нэрс явж байгаа учраас Э.С-ийн нэр байхгүй гэж хариуцагч хэлсэн. Дүгнэлтийн Э.С-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулна гэдэг ойлгомжгүй байна. Би шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талаас дахин шалгаруулалтанд оролцох боломж олгосон гэдгийг үндэслэх хэсэгтээ дурдаж өгнө үү гэж хүсч байна. Э.С нь дандаа хардлагын шинжтэй зүйл яриад яваад байдаг. Гэрчийн мэдүүлэг авахад хариуцагчийг оролцуулаагүй. Хардлага байгаа бол шалгуулах ёстой. Гэрчтэй холбоотой асуудлыг ярихдаа эмэгтэйчүүдийн хоорондын хов ярианы зүйл байж магадгүй. Мөн Л.А-д өөрт нь ашиг сонирхлын ч юм байж магадгүй. Өөрийнх нь  дор ажиллаж байгаа арга зүйчтэйгээ хамт ажиллахыг хүсдэггүй байж болно. Э.С-ийн гаргаад байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй, тогтоох боломжгүй, хариуцагч нь тодорхойгүй, дахин шалгаруулалтанд оролцох боломжтой байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э.С ОАЗДДБСУГ-ын даргад холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын **цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын шалгалтын Э.С-ийн авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгох, Э.С-ийн ярилцлагын шалгалтыг дахин үнэлж дүнг гаргах шалгалтын комиссыг байгуулах акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлж “2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан.

            Нэг: Орхон аймгийн Баян-Өндөр сумын **цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын шалгалтын Э.С-ийн авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгох шаардлагын  тухайд:

            Э.С нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын **цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж, ерөнхий шаардлагын үнэлгээ 35 оноо авахаас 22.5 оноо, удирдах ур чадварын үнэлгээ 40 оноо авахаас 25.3 оноо, ярилцлагын шалгалтад 25 оноо авахаас 9.8 оноо авч, нэгдсэн үнэлгээгээр 57.5 оноо /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/ авч тухайн сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн шийдвэрийг Шалгалтын комиссоос гаргажээ. 

            Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар “Журам батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.5 /Хөтөлбөр, төсөл бэлтгэсэн шалгалтад 5 оноо хүртэл/, 4.1.6 /Өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн чадавхийн талаарх тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөлд 5 оноо хүртэл/, 4.3 /Энэхүү зааврын 2.3.2-т заасан ярилцлагын шалгалтын хүрээн дэх танилцуулга хийсэн байдалд 15 оноо хүртэл өгнө/-т зааснаар Шалгалтын комисс нь Э.С-ийн өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн чадавхийн талаарх тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөлд 2.0 оноо /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, Хөтөлбөр, төсөл бэлтгэсэн шалгалтад 2.8 оноо /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, ярилцлагын шалгалтад 5.0 оноо /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, ярилцлагын шалгалтын нийт үнэлгээг 9.8 дүгнэжээ.

            Нэхэмжлэгч Э.С ярилцлагын шалгалтыг дээрхи шатлал бүрээр үнэлэхдээ үндэслэлгүй үнэлсэн, Орхон аймгийн **цэцэрлэгийг хөгжүүлэх хөтөлбөр /төсөл/, танилцуулгаас асуугаагүй, хөтөлбөрт байгаа алдаа дутагдалтай зүйлд дүгнэлт өгөлгүйгээр 9.8 оноо тавьсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж хуульчлан заажээ.

            Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Э.С-аас авсан ярилцлагын оноог 9.8-д дүгнэсэн үнэлгээ нь дангаараа  эрх зүйн үр дагаваргүй, энэ шинжээрээ захиргааны акт биш тул түүнийг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Өөрөөр хэлбэл Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар “Журам батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын “Зургаа”-ын 6.1-д заасан сонгон шалгаруулалтын шалгалтын 9 төрлийн нэг нь  ярилцлагын шалгалт ба авсан үнэлгээ нь дангаараа эрх зүйн шууд үр дагавар бий болгож чадахгүй, бусад ерөнхий шалгалт, удирдах ур чадварын шалгалт гадаад хэл зэрэг шалгалтуудын оноотой нийлж байж эрх зүйн үр дагавар үүсгэхээр байна.

            Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан шинжүүдийг агуулсан байх бөгөөд түүний аль нэг байхгүй бол түүнийг захиргааны актад тооцох үндэслэлгүй.

            Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.С-ийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын **цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулах 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын шалгалтын Э.С-ийн авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

            Хоёр: Нэхэмжлэгч Э.С-ийн ярилцлагын шалгалтыг дахин үнэлж дүнг гаргах шалгалтын комиссыг байгуулах акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

                Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 /Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.”/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ тодорхойлох” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэлийг гаргадаг учиртай.  

            Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс “Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын шалгалтын 1 бүрдэл хэсэг болох ярилцлагын шалгалт нь дангаараа Захиргааны акт болохгүй” талаар дээр дурдсан бөгөөд зөвхөн нэг хүнээс ярилцлагын шалгалт авах зорилготой шалгалтын комисс байгуулах хууль эрх зүйн үндэслэлгүй, хариуцагчийн эс үйлдэхүй хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “ярилцлагын шалгалтыг дахин үнэлж дүнг гаргах шалгалтын комиссыг байгуулах акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

            Учир нь Боловсролын тухай хуулийн “аймаг нийслэлийн боловсролын газар” гэсэн 281 дүгээр зүлйийн 281.1.7-д “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын нэгийн 1.4.3-д “цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг аймгийн Боловсролын газрын дарга хариуцах”-аар тус тус зохицуулсны дагуу хариуцагч ОАБСУГ-ын дарга нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаалаар “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” комисс томилон ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба энд хариуцагчийн эс үйлдэхүй харагдахгүй байна.   

             /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.С эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх үзсэний үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу ярилцлагын шалгалтын комисс байгуулах акт гаргахыг аймгийн БСУГ-ын даргад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.

            Гурав: “2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:  

            Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага болох Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт нь “Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” дүгнэлт байна.

            Энэ дүгнэлтээр комисс нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” шалгалтанд тэнцсэн албан тушаалтнуудыг томилуулахаар нэр дэвшүүлсэн баримт болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасан бөгөөд ОАБСУГ-ын даргын тушаалаар томилогдсон Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан дүгнэлтэд нэхэмжлэгч Э.С-ийн талаар дурдагдаагүй, уг дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй гэж үзэхээр байна.

            Иймээс нэхэмжлэгч Э.С-ийн “2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч түүний өмгөөлөгч нар БСУГ-ыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан ба Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж тодорхойлжээ.

             БСУГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон байдаг. Ажлын хэсэг нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сонгон шалгаруулалтыг явуулж дууссан  учраас  дээрхи хуулийн дагуу ажлын хэсгийг байгуулсан, томилсон БСУГ-ын дарга Ж.Б-г хариуцагчаар татсан нь үндэслэлтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь  заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын **цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын” шалгалтын Э.С-ийн ярилцлагын шалгалтанд авсан 9.8 оноог хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзугай.

            2. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн  11 дүгээр зүйлийн 11.5, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугааар зүйлийн 37.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн “Ярилцлагын шалгалтыг дахин үнэлж дүнг гаргах шалгалтын комиссыг байгуулах акт гаргахыг даалгах”, “2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БОЛОРМАА

                       ШҮҮГЧИД                                           Б.МӨНХЖАРГАЛ  

                                                                       Г.ГАНТУЯА