| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2019/0016/З |
| Дугаар | 04 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2019/0016/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Мандуулыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 16 дугаар байрны 133 тоотод оршин суух Халтархүүгийн Ганхуяг
Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должинд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 10.01.039/15 дугаартай “нөхөн төлбөр тогтоох” тухай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд
Хариуцагч Б.Должин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ганхуягаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Ганхуяг нь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должингийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10-01-039/15 дугаартай “нөхөн төлбөр тогтоох тухай” акттай танилцаад актаар тогтоосон нөхөн төлбөрийн 42.000.000 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 “иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана,” 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасны дагуу миний бие нэн ховор амьтан болох баданга хүдрийг алж устган 13 ширхэг соёо болох эд эрхтэнг аваагүй байтал надад холбогдуулан 42.000.000 төгрөгийн акт гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй мөн Б.Алтаншагай болон Х.Ганхуяг миний биед холбогдох 1918006490463 дугаартай эрүүгийн хэрэг үүссэн боловч уг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж миний гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад надад акт тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх 2 үндэслэлээр акт тогтоосон улсын байцаагчийн дээд шатны албан тушаалтан болох Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргасан боловч тус гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/552 дугаартай “хариу хүргүүлэх тухай” албан тоотоор Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должингийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10-01-039/15 дугаартай “нөхөн төлбөр тогтоох тухай” актыг үндэслэлтэй гэсэн хариу ирүүлсэн байх тул ийнхүү эс зөвшөөрч актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Иймд шүүх Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10.01.039/15 дугаартай “нөхөн төлбөр тогтоох” тухай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10.01.039/15 дугаартай “нөхөн төлбөр тогтоосон” актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. “Хүдэр гээд ховор амьтны соёо худалдаж авсантай холбоотойгоор нэхэмжлэгч Х.Ганхуягт Эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдсан ба шалгагдах явцад Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 32/4/3833 дугаартай албан тоот явуулсан байдаг. Энэ нь нөхөн төлбөр тогтоосон акт гаргуулах тухай албан тоот юм. Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас 42.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг н.Алтаншагай, Х.Ганхуяг нараас гаргуулахаар акт тогтоосон. Энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргасан боловч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1/552 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан тоотод “Нөхөн төлбөр тогтоох тухай” акт нь үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн ба тиймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус актыг хүчингүй болгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
- Хүдрийн соёотой холбогдолтой энэхүү хэрэгт Х.Ганхуягт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад дээрх акт гарсан. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 32/4/3833 дугаартай албан тоотын дагуу Мэргэжлийн хяналтын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус актыг гарсан. Акт гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой байтал эрх бүхий байгууллагын албан тоотын дагуу шууд 42.000.000 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон нь процессын үйл ажиллагааг зөрчиж гаргасан байна. Улсын байцаагч тус актыг гаргахдаа хэрхэн, яаж шалгасан, сонсох ажиллагаа хийгдсэн эсэх тухай ажиллагаа хийгдээгүй тодорхойгүй бөгөөд н.Алтаншагай, Х.Ганхуяг нарт тайлбар гаргах, эрхээ хамгаалуулах боломжийг олгоогүй.
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэсэн зарчим байдаг ба энэ зарчмыг алдагдуулсан. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Х.Ганхуяг болон н.Алтаншагай нар нь ховор амьны түүхий эдийг хадгалсан, худалдсан хэрэгт холбогдон шалгагдаж, үүнтэй холбоотойгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. Тэгэхээр 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар энэ хүмүүсийг Монгол улсын шүүх гэм буруутай тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.Шүүхийн тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэхүү шийдвэр гарахаас өмнө цагдаагийн албан хаагчийн албан тоотыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр акт гаргаж тогтоосон байгаа нь гэм буруутайд тооцох зарчмыг зөрчсөн, мөн шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцож хохирол төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэг үйлдэлд хоёр шийтгэл оногдуулж байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг дордуулж байна.
Мөн мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчны хяналтын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Мөн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд энэхүү актыг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлээгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт төрийн сангийн орлогод тус бүр 10.500.000 төгрөг оруулахаар тогтоосон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 40-45 дугаар зүйлд заасныг энэ акт хангахгүй байх ба бодит нөхцөл байдал үүсээгүй байхад шууд акт тогтоож нөхөн төлбөр тавиад байгаа нь хууль зөрчжээ.Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль зөрчиж явуулсан ажиллагаанаас бий болсон акт гэж үзэж байна. Ийм үндэслэлүүдээр улсын байцаагчийн актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должингоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагад Цагдаагийн газраас дэслэгч н.Отгонбаяр гэдэг хүн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэрэгт нөхөн төлбөр тогтоох акт гаргаж ирүүлэх талаарх хүсэлтийг Биологийн хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн хамт албан тоотоор ирүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр “13 ширхэг /6 хос, 1 сондгой/ соёо шүд нь баданга хүдэр амьтны соёо болохыг тодорхойлж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-нд үндэслэснээр 1 эр баданга хүдэр, 3.000.000 төгрөг буюу 7 бодгалийн экологи, эдийн засгийн үнэлгээ 21.000.000 төгрөг болно гэж тогтоосны улмаас улсын байцаагчийн актыг үйлдэж тэмдэглэл үйлдсэн.Би хуульд заасан албан үүргийнхээ дагуу хэргийн материалтай танилцаж, Цагдаагийн байгууллагаар тайлбарлуулж улсын байцаагчийн актыг тогтоосон ба улсын байцаагчийн акт тогтоохоор холбогдох ажиллгаануудыг хийсэн.
Шинжээчийн дүгнэлтийг үндэслэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 49.2.2-т заасан заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэх заалт, мөн зүйлийн 49.4.2-т зааснаар “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасныг үндэслэн 42.000.000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэснийг үндэслэж тус актыг тогтоосон.
Тухайн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр н.Алтаншагай, Х.Ганхуяг нарыг дэслэгч Отгонбаяр дагуулж хамтдаа ирсэн. Алтаншагай, Х.Ганхуяг нарт хэргийн материалтай танилцаад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дүгээр хэсгүүдийг үндэслэн нөхөн төлбөр тогтоож акт гаргасан тухай тайлбарлаж, уг актыг танилцуулсан. Уг актыг танилцуулахдаа гомдол гаргах эрхийг танилцуулж, гарын үсэг зуруулах гэхэд энэ хоёр хүн гарын үсгээ зурахгүй зөвшөөрөөгүй учир актын ард энэ тухайгаа бичиж өөрсдийнхээ гарын үсгийг зурсан байгаа. Байгаль орчны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн тус актыг тогтоосон. Одоо нэгэнт Х.Ганхуяг гэм буруутай нь тогтоогдчихсон тул актыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Ганхуягаас Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10.01.039/15 дугаартай “нөхөн төлбөр тогтоох” тухай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 10.01.039/15 дугаартай “нөхөн төлбөр тогтоох” актаар иргэн Х.Ганхуяг, Б.Алтаншагай нарт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-д заасныг үндэслэн 42.000.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ.
Нэхэмжлэгч Х.Ганхуягаас миний бие нэн ховор амьтан болох баданга хүдрийг алж устган 13 ширхэг соёо болох эд эрхтэнг аваагүй байтал надад холбогдуулан 42.000.000 төгрөгийн акт гаргасан мөн 1918006490463 дугаартай эрүүгийн хэрэг үүссэн боловч уг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж миний гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад акт тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй улсын байцаагчийн акт тогтоосон нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлдээ дурьджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл иргэн Б.Алтаншагай, Х.Ганхуяг нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 10.008 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.008.000 /арван сая найман мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 2019/ШЦТ/468 дугаар шийтгэх тогтооол, гүйцэтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүх дээрх асуудалд дүгнэлт хийхгүй, харин Х.Ганхуяг, Б.Алтаншагай нар нь нэн ховор амьтан болох 7 тооны эр Баданга хүдрийн 13 ширхэг соёо болох эд эрхтэнг худалдан авсан, худалдсандаа байгаль орчинд хохирол учруулсан гэж тооцож, нөхөн төлбөр тавьж, акт тогтоосон Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должингийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10.01.039/15 дугаартай “нөхөн төлбөр тогтоох” акт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Х.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 32/4/3833 дугаар бүхий “1918006490413 хэрэгт нөхөн төлбөр тогтоосон акт гаргаж ирүүлэх” тухай албан бичгийг, Биологийн Хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан шинжээчийн дүгнэлтийн хамт аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлжээ.
Улмаар байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должин нь иргэн Х.Ганхуяг, Б.Алтаншагай нартай уулзаж актын талаар мэдэгдсэн, Х.Ганхуяг, Б.Алтаншагай нар нь тухайн актыг зөвшөөрөхгүй байгаагаа бичиж гарын үсгээ зурсан ба Х.Ганхуяг нь гомдлоо Мэргэжлийн хяналтын газрын даргад гаргаж, хариуг авсан байдлаас үзэхэд Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг явуулаагүй, тайлбар гаргаж өгөх эрхээр хангаагүй, захиргааны акт гаргасан талаар мэдээгүй гэж үзэх боломжгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилах бөгөөд 49 дүгээр зүйлийн 2.2-т амьтанд учруулсан хохирол хамаарч байна.
Хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3-т “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна”, 4-т “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурьдсан хэмжээгээр тогтооно”, мөн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу хуулиар хүлээсэн эрхийнхээ хүрээнд Х.Ганхуяг, Б.Алтаншагай нар нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 42.000.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 10.01.039/15 дугаар бүхий улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 12-т “байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг гэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ 1 дүгээр хавсралтын 2-т “хүдэр эр экологи- эдийн засгийн үнэлгээ 3.000 /гурван мянган/ төгрөг гэж үнэлэгдсэнээр Х.Ганхуяг, Б.Алтаншагай нарт нэн ховор амьтан болох 7 тооны эр Баданга хүдрийн 13 ширхэг соёо болох эд эрхтэнг худалдан авсан, худалдсан үйлдэлд нь экологи- эдийн засгийн хохирлын үнэлгээ 42000000 /дөчин хоёр сая/ төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан нь хуулийг зөрчөөгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 3-д “гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар иргэн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Х.Ганхуягийн эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож хохирол нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус үйлдэл” гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч байгаль орчинд хохирол учруулсан нь Биологийн Хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Гантулгын /шинжээчийн/ дүгнэлтээр тогтоогдсоныг үндэслэн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар нөхөн төлбөр ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл Х.Ганхуяг нарын эрүүгийн хэрэг шийдэгдээгүй, шийтгэл ногдуулаагүй байсан ч байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд амьтанд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж байгаа нь хариуцлага ногдуулж байгаа хэрэг биш, харин дээрх иргэдийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлж байгаа юм.
Иймд нэхэмжлэгчийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 10.01.039/15 дугаартай “нөхөн төлбөр тогтоох” тухай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2, 57 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ганхуягийн хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должингийн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 10.01.039/15 дугаартай “нөхөн төлбөр тогтоох” тухай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА