Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/00834

 

 

 

 

 

     2017 оны 03 сарын 10 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00834

Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                      

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: М.Н нэхэмжлэлтэй, 

 

  Хариуцагч: О.Б холбогдох

 

  Орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 8,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, байрны төлбөр 112,000 төгрөг, газар шилжүүлэхэд гарсан зардал 194,000 төгрөг, нийт 12,906,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1660/, хариуцагч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0273/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.                               

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

              

Нэхэмжлэгч М.*******, өмгөөлөгч А.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Миний бие ээжтэйгээ зөвлөж байгаад өөрийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, ******* тоот 2 өрөө орон сууцыг О.*******т 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1 жил 6 сарын хугацаатай 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сарын 700,000 төгрөгөөр хөлсөлж гэрээ хийсэн. Уг байрыг банкны зээлээр авсан тул өмчлөх эрх нь зээлийн гэрээ хийсэн ээж, ах хоёрын нэр дээр байдаг ба О.*******тай гэрээ хийх зэрэг бүх тохиролцоонд ээж хамт байж ярьж тохирч байсан. Гэрээгээр О.******* нь 700,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 7,700,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 4,200,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн. Гэрээнд зааснаар хариуцагч нийт 12,600,000 төгрөг төлөх байсан боловч 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,100,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг өгч үлдэгдэл 8,400,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байрыг чөлөөлж өгсөн. О.******* нь гарахдаа 2016 оны 01 дүгээр сарын байрны мөнгө төлөөгүй. Бидний өмнөөс төлбөр хий, дараа тооцож өгнө гэсэн тул 2016 оны 01 дүгээр сарын байрны мөнгө 112,000 төгрөгийг нь төлж өгсөн. Эдгээр мөнгийг төлж чадаагүй тул өөрийнх нь санал болгосноор Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, ******* тоотод байрлах /өөрийнх нь хэлснээр О.Батсуурийнх боловч эгч О.*******гийнх нь нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй / газрыг М.******* миний нэр дээр шилжүүлэн өгөхийг зөвшөөрч, авсан. Гэрээ хийхэд нотариатын зардал, үл хөдлөх эд хөрөнгийн зардал гэх мэтийг бас л төлөх мөнгө байхгүй гэсэн учир 194,000 төгрөгийг нь бид төлсөн. Бид ******* тоотын газрыг үлдэгдэл төлбөр 8,400,000 төгрөгт /хариуцагч тооцоог буруу хийж уг мөнгийг 7,700,000 төгрөг гэж зассан байгаа/ тооцон авах талаар тохирч гэрээ хийсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн газраас материалыг буцаж, “заавал худалдах худалдан авах гэрээ хий” гээд байсан тул арга буюу худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан газрыг шилжүүлэн авч 10,000,000 төгрөгөөр зарах гэсэн боловч зарагдаагүй, “үнэтэй байна” гэж хүмүүс хэлж байна. Тэр хавьд байдаг газрын үнэ, ханш сонирхож үзвэл газар дээрээ хашаа татсан бол 5,000,000 төгрөг, хоосон газар бол 3,000,000 төгрөг байгаа гэсэн. О.Батсуурийн өгсөн газар бол хоосон, ямар нэг тэмдэглэгээ хийгээгүй, үерийн далангийн хажууд байрлах, хашаа татаагүй газар юм. Иймд орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 8,400,000 төгрөг, гэрээний 1-ийн “г”- д зааснаар алданги 4,200,000 төгрөг, суусан хугацааны байрны төлбөр 2016 оны 01 дүгээр сарынх 112,000 төгрөг, газар шилжүүлэхэд гарсан зардал 194,000 төгрөг, нийт 12,906,000 төгрөгийг О.Батсууриас гаргуулж өгнө үү. Энэ бүх хугацаанд аль болох хүлээцтэй байж, эв зүйгээр асуудлыг шийдэх гэж бидний талаас хичээсэн. Асуудлыг зардал багатай шийдэх үүднээс О.*******т тодорхой санал тавьж байсан хэдий ч хүлээн авахгүй өнөөдрийг хүрэв. М.******* миний нэр дээр шилжүүлэн өгсөн Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Бурхант 5-1 дүгээр гудамж, 515 а тоотод байрлах газрыг нь буцааж өгөхөд татгалзахгүй. 12,906,000 төгрөгийг авч дараа нь газар өмчлөх эрхийг буцааж О.*******гийн нэр дээр шилжүүлж өгнө.

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад түрээслүүлэгч заавал өмчлөгч байхыг шаардахгүй. Өмчлөгч өөрөө түрээслэгчтэй уулзаад зөвшөөрөөд өгсөн байдал харагддаг. Эрх зүйн зарим чадамжтэй этгээдэд эцэг эхийн зөвшөөрөл олгогдсон байх ёстой. Итгэмжлэлийг бичгээр хийнэ гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд М.******* нь 1991 онд төрсөн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байдаг. Хариуцагч нь бусад асуудлаар М.*******гийн ээжтэй уулзаж байсан байдаг. Өмчлөгч өөрөө орон сууц хөлслүүлж байгааг мэдэж байсан. Өр төлбөрт газар шилжүүлэх талаар гэрээ хийсэн. Өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл нь худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн. Худалдах худалдан авах гэрээ нь ямар ч харилцан тооцож дуусгавар болох зохицуулалт агуулаагүй юм. 10,000,000 төгрөгийн газрыг 7,700,000 төгрөгөөр гэж ташаа тайлбарлаж байна. Гэрээний үлдэгдэл үнийн дүн 8,400,000 төгрөг, үндэслэлгүйгээр мөнгө авах гэж байгаа хэлбэр биш бөгөөд эд хөрөнгөө бусдад хөлслүүлсэний төлбөрийг гаргуулж авах гэж байгаа юм. Газар нь үндсэн төлбөрийн тал хувьд ч хүрэхгүй байхад төлбөр дууссан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжсэн. Дуусгавар болсон гэрээнд нэмэлт хугацаа тогтоож татгалзах эрхийг хэрэгжүүлэх нэмэлт хугацаа тогтоосны дараа хэрэгжүүлнэ, татгалзах эрхийг гэрээнээс хэрэгжүүлнэ гэсэн асуудал яригдахгүй. Талууд хэдийд ч татгалзаж болно. Бид төлбөрийн хаана нь ч хүрэхгүй газрыг авахаас татгалзаж байгаа. Үүнийг хуульд хязгаарласан зохицуулалт байхгүй. Хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээч гэдэг шаардлага гаргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

            Хариуцагч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн О.******* нь М.*******той Баянзүрх дүүргийн 18 хороо 27-1 дүгээр байрны 1102 тоот орон сууцыг хөлслөх гэрээ байгуулсан. Энэ орон сууц тухайн үед М.*******гийн нэр дээр байгаагүй, Б.*******, Б. нарын нэр дээр байсан. Гэрээ байгуулахдаа өөрийн ээж, ах нараас итгэмжлэл аваагүй байдаг. Тийм учраас орон сууц хөлслөх гэрээ хуулийн хүчин төгөлдөр бус байна. Тийм учраас 4,200,000 төгрөгийн алданги нэхэх эрх хаалттай байна. Түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг үлдсэн. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр М.*******, О.******* нар харилцан тохироод орон сууц хөлслөх гэрээний төлбөрт шилжүүлэн тооцох гэрээ байгуулсан. 10,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий газрыг 7,700,000 төгрөгт шилжүүлэхээр тохиров гээд газрыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийг үндэслэн М.*******гийн нэр дээр шилжүүлсэн байдаг. 4,200,000 төгрөгийг мөнгөөр нь өгөөд үлдсэн 7,700,000 төгрөгийг газраар шилжүүлээд М.*******гийн нэр дээр өмчлөх эрх шилжсэн байгаа тохиолдолд төлбөр барагдаж дууссан байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлд төлөөллийг зохицуулсан. Энэ хүн өөрийн өмчийг бусдад өгөөд тэр хүн цааш нь түрээслүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлийг бичгээр хийнэ. Тийм учраас бичгээр ээж болон ахаасаа итгэмжлэл авах ёстой байсан. Тийм учраас алданги тооцох эрх хаалттай байна. Газар худалдан авах гэрээний тухайд өр шилжүүлэн авах тухай гэсэн байдаг. Гэрээний 2.1 дэх заалтад газрыг худалдан авагч тал 10 сая төгрөгийн үнэ бүхий газрыг 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний төлбөрийн дутууд гэсэн байдаг. Яагаад худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэхээр орон сууц хөлслөх гэрээний төлбөрийн дутууд 7,700,000 төгрөгт талууд тохиролцсон бөгөөд хөрөнгө шилжсэн. Газрын өмчлөгч нь М.******* байдаг. Энэ газар төв замын ойр байдаг. Дэд бүтцэд холбогдох бололцоотой. Худалдах худалдан авах гэрээгээ зөрчсөн бол буцаахаар шаардлага гаргаж болно. М.*******гийн эрх ашиг хөндөгдөөгүй. Хариуцагч орон сууц хөлслөх гэрээний үүрэгтээ мөнгө өгсөн. Газраа шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,906,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэг 8,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, байрны төлбөр 112,000 төгрөг, газар шилжүүлэхэд гарсан зардал 194,000 төгрөг, нийт 12,906,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О.******* нь М.*******той орон сууц хөлслөх гэрээ байгуулж, төлбөрийн үлдэгдэл 8,400,000 төгрөг байсан бөгөөд уг төлбөртөө М.*******гийн нэр дээр газар шилжүүлж өгсөн, одоо ямар нэгэн төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч М.*******, хариуцагч О.******* нар 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, , тоот, 65.80 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 1 жил 6 сарын хугацаатай, нэг сарын 700,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Уг гэрээгээр төлбөр хийх нөхцлийг 2014 оны 10 дугаар сарын төлбөр 700,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөх, 2014 оны 11 сарын төлбөр 7,700,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх, үлдэгдэл 4,200,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр, ийнхүү төлөхдөө төлбөрийг Улаанбаатар хотын банкны тоот дансанд тушаахаар тохирсон байна. 

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Б.*******, Б. нарын өмчлөлийнх бөгөөд гэрээнд заасан төлбөр хийх Улаанбаатар хотын банкны тоот данс эзэмшигч нь Б.******* бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 /12 дугаар сарын байрны төлбөр/ төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,100,000 /байрны түрээсийн төлбөр/ төгрөгийг тус тус энэхүү дансанд шилжүүлж байсан болох нь зохигчдын тайлбар, Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Голомт банкиар дамжуулан 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч О.******* нь 1,400,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******гийн дансруу шилжүүлсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлэгийн баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээрээс үзвэл М.******* нь О.*******тай гэрээ хийсэн боловч уг гэрээний дагуу төлөгдөх сар бүрийн төлбөрийг өмчлөгч Б.*******ын Улаанбаатар хотын банкин дахь данс руу шилжүүлж байсан, түүнчлэн М.******* нь О.*******тай гэрээ байгуулахад өмчлөгч цуг ирж гэрээ байгуулсан талаар зохигчдын хэн алин нь маргадаггүй бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ” нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Түүнчлэн уг заалтын агуулгаас үзэхэд орон сууц хөлслөгч нь өмчлөгч байх ёстой талаар зохицуулаагүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нийт 12,600,000 төгрөг төлөхөөс хариуцагч О.******* нь гэрээ байгуулсанаас хойш нийтдээ 4,200,000 төгрөгийг төлж, одоо үлдэгдэл нь 8,400,000 төгрөг байна.

 

Ийнхүү төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учир талуудын хооронд тохирсон хугацаанаас өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч О.******* нь орон сууцыг чөлөөлж өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

“Орон сууц хөлслөх гэрээ”-ний 2 дахь зүйлийн “г”-д “Гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь алданги төлнө” гэж зохигчид тохирсон, энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалттай нийцэж байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алдангид 4,200,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. 

 

Ийнхүү хөлслөгч болох О.******* нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул хөлслүүлэгч М.******* нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т хөлслөгч 3 сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар үлдэгдэл төлбөр, алданги, бусад хохирлоо нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч О.******* нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг буцааж хүлээлгэн өгсөн байх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын байр, цахилгаан, СӨХ-ны төлбөр нийт 112,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь газар шилжүүлэхэд гарсан зардал 194,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг газрыг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт харилцан тооцуулахаар шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн хэлсэн үнэлгээнд нь хүрэхгүй байх тул буцаан шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнийг дурьдах нь зүйтэй бөгөөд орон сууц хөлслөх гэрээ нь хүчин төгөлдөр байх тул уг гэрээний үүргийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч М.******* өөрийгөө байлцуулахгүйгээр, шүүх хуралдаанд өмгөөлөгчөө оролцуулах хүсэлт гаргасан, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

               Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

               1. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.Батсууриас 12,712,000 /арван хоёр сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 194,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 221,446 /хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч О.Батсууриас улсын тэмдэгтийн хураамжид 218,342 /хоёр зуун арван найман мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай. 

 

               3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЭНХЖАРГАЛ