Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 31

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

улсын яллагч В.Отгончимэг /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Т.Бямбахорол,

хохирогч С.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шинжээч М.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бууч Олхонууд овогт С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526031197 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, гэмт хэрэгт холбогдох үедээ “Ач” анагаах ухааны дээд сургуулийн 1 дүгээр курст суралцаж байсан, мэргэжилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын .... дугаар баг, ........ айл байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ...... хороолол ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бууч Олхонууд овогт С.Б

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Бадамдорж нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 19 цагаас 20 цаг 30 минутын хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн шар байрны урд байрлах “Энжана” ломбарданд шунахай сэдэлтээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ С.Цогтбаярыг хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулж хүнийг санаатай алахыг завдсан, улмаар хар өнгийн IPhone-4S маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шинжээч, шүүгдэгч нарын  мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч С.Цогтбаяр: “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б 12 цаг өнгөрөөд манай ломбарданд орж ирэхдээ малгай, ороолтоо буулгаж тайлаагүй байсан. Үүний өмнөх өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б орж ирчихээд явсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орж ирээд 13 цагаас хойш ээж мөнгө шилжүүлнэ гээд орж, гараад байж байтал орой 19 цагийн үед манай гадна талын хогийг цэвэрлэдэг залуу согтуу орж ирэхэд нь мөнгө өгөөд хурдхан явуулахын тулд “чи согтуу байж гар” гэж хэлээд цахилгаан бороохойгоороо нэг удаа айлгасан нь үнэн. Б ам цангаж, хөл өвдөөд байна гэхээр нь ус өгч, сандал тавьж өгсөн. Удалгүй 19 цаг 30 минутын орчим байсан байх би буруу хараад компьютер дээр кино үзэж байхад хүзүү зүсэх шиг болоод халуун оргиод явчихсан. Тэгээд Б-той ноцолдоод тэр намайг дэгээдэж унагаагаад дээр гарангуутаа “битгий хөдөл” гэхээр нь би “чамд юу хэрэгтэй юм бэ” гэсэн чинь “надад мөнгө хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд би амжиж түргэн тусламж руу залгачихаад би “түргэн тусламж дуудчихлаа зугтаах гэж байвал зугтаа” гэхэд Бадамдорж миний цүнхтэй мөнгийг авч зугтаах гэж байхаар нь би ноцолдсоор байгаад цүнхтэй мөнгөө авсан. Тэгээд Бадамдорж үүдний тэнд очингуутаа “камерынхаа бичлэгийг өг” гэж дайрахад нь би “камерын бичлэгийг өгч болохгүй. Учир нь гэрт давхар бичигддэг, тусдаа серверт хадгалагддаг бөгөөд тусдаа сэйфэнд байдаг гэж хэлсэн. Миний хүзүү рүү 5 удаа, гар руу хөндлөн нэг удаа хутгалахад миний гарын 9 шөрмөс тасраад мэдрэлгүй болсон. Би шүүгдэгчээс нийтдээ 17,0 сая төгрөг авсан. Би гарсан бүх хохирлуудаа нэг бүрчлэн тооцоогүй, зөвхөн эмчилгээнд гарсан зардал болон тухайн үед ажлаагүй байх хугацааны түрээсийн мөнгөө авсан. Хэдийгээр би гоо сайхан, бие эрхтнээрээ хохирсон ч гэсэн тэр бүгдийг нэхэмжлээгүй. Шөрмөс залгалтын үеэр миний 2 хурууны хөдөлгөөн багассан. Жилийн дараа нэг хуруундаа хагалгаа хийх, үгүй нь тодорхойгүй болно. ...Нас залуу хүн байж өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсах сэтгэл байхгүй байгаад гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжилнэ...” гэв.

 

Шинжээч М.Отгонбаатар: “...Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хүзүүнд бамбай булчирхайн баруун дэлбэнг гэмтээсэн байгаа. Энэ нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ийм гэмтэл авсан хүн идэвхтэй үйлдэл хийх боломжтой. Зүүн гарын бугуйнд 2, 3, 4, 5 дугаар хурууны шөрмөс гэмтсэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 дахь хэсэгт хүнд гэмтэл гэж тооцох шалгуураар нь ангилсан бол 3.1.9 дэх хэсэгт шалгуурыг хангаж байгаа бол хүнд гэмтэлд дараах зүйлүүдийг хамааруулж ойлгоно гэсэн байгаа. Шалгуурыг хангасан бол хүнд гэмтэлд хамаарна гэж тодорхойлсон. Үүнд хүзүүний бамбай булчирхайн гэмтэл орсон байгаа тул хүнд гэмтэлд хамааруулж байгаа. Гэмтлийн зэргийг тогтоохдоо хүнд шалгуураас нь шууд дүгнэлт гаргадаг...” гэв.

 

Шүүгдэгч С.Б: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ...Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Цогтбаяр ахаас уучлалт гуйж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч С.Цогтбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ломбардаа 12 цаг өнгөрөөгөөд нээсэн. Өдөр 13 цагийн үед 170 см өндөртэй, биедээ таарсан махтай, бор алаг малгайтай, саарал ороолттой, шаргал куртиктэй, 25 орчим насны залуу орж ирээд Ховд аймгаас ээж мөнгө шилжүүлнэ, тэгэхээр би танаас IPhone-4S маркийн гар утас худалдаж авна гээд орой 20 цаг хүртэл орж гараад байсан. ...Хар өнгийн содон шинж тэмдэггүй гар утсанд өөрийнхөө сим картыг хийсэн бөгөөд надаар гар утсыг цэнэглүүлж байсан. Орой хаах болж байхад тэр залуу хөл өвдөөд байна, жоохон суучих уу гэхээр нь сандал дээр суулгасан. Би цааш хараад юм хийж байхад араас миний хоолойг зүсэх шиг болохоор нь эргээд харахад сааралдуу бариултай нарийн үзүүртэй 20 см орчим урттай хутга барьсан байсан. Тэр залуугаас хутгыг нь булааж авах гээд ноцолдож байхад миний хоолой руу дахин 2 удаа хатгасан ба зүүн гарын бугалганы орчим зүссэн. Тэр залуутай ноцолдож байтал толгой эргээд тамирдаж эхэлсэн. Тэгээд ахын дүүд юу хэрэгтэй юм бэ, ах нь үхлээ, эмнэлэг дуудах хэрэгтэй байна гэж хэлэхэд надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Миний 3,0 сая гаруй төгрөгтэй цүнхийг аваад явах гэхээр нь би булааж авсан. ...Тэр залуу миний мөнгөнөөс авсан эсэхийг мэдэхгүй байна. 180,000 төгрөгийн үнэтэй IPhone-4S маркийн гар утсыг аваад явсан. ...Монгол Хьюндай эмнэлэгт 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 15 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд хүзүү болон гарын шөрмөс залгуулах хагалгаанд хоёр удаа орсон. Одоогийн байдлаар 12,806,728 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. ...Миний араас хүзүү рүү хутгалсан. Би гэнэт хутганаас нь барьж аваад нөгөө залуутай зууралдаад газар унасан. Тэр үед нөгөө залуу ахаа битгий хөдлөөд бай л даа, гүйцээчихье гээд байсан. ...Миний бие Б-с хагалгааны төлбөр болон эмчилгээний зардалд өнөөдрийн байдлаар 13,000,000 төгрөг авсан...” /хх-ийн 29-31, 32-33, 134/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч С.Хэрлэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед шар куртиктэй нүдний шилтэй Амаржаргал гэх залуу ганцаараа орж ирээд IPhone-4S маркийн хар өнгийн гар утсыг 80,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай тавьсан. ...Би С.Б гэх залуугаас 80,000 төгрөгөө буцааж авсан, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” /хх-ийн 35/ гэсэн,

 

Гэрч С.Оюунтунгалаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг дүүгийн ажил дээр очиход 170 см орчим өндөртэй, 20-23 насны шар ноосон малгай өмсөөд түүнийгээ хөмсөг хүртлээ дарсан, хар хөх туяатай дунд зэргийн куртиктэй, хар ороолт ороосон, ороолтоороо нүүрээ бараг халхалсан, нүд хэсэг нь харагдаж байсан. ...Тэр залуу дүүд “ээжтэйгээ ярьж байна, ээж мөнгө явуулна гээд буруу данс руу хийсэн байна, төв Хаан банкнаас солиулах гэж байна гэж ярьж байсан. Манай дүүгийн ломбарднаас IPhone-4S маркийн гар утас авна, өнөөдөр манай шинэ жил “SS club”-д болж байгаа гэж ярьж байсан гэсэн...” /хх-ийн 38-40/ гэсэн,

 

Гэрч Б.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б-н төрсөн эх нь байна. ...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай хүү над руу утсаар яриад ээжээ хямдхан утас байна. Та надад мөнгө явуулаач гэхээр нь би ямар үнэтэй юм бэ гэсэн чинь 200,000 төгрөг болох байх гэхээр нь би за тэгвэл чи очоод хэлээрэй, би боломж байвал явуулна гэж утсаар ярьсан. ...Тэр өдөр хагас сайн өдөр байсан тул банк хаасан байхаар нь би дотроо за 1 дэх өдрөөс шилжүүлье гэж бодоод орхисон. Тэгсэн чинь эргээд залгаагүй, дахин холбоогүй болсон чинь хэрэгт холбогдсон байна...” /хх-ийн 41-42/ гэсэн,

 

Гэрч А.Амаржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б 12 дугаар сарын 19-ний орой ойролцоогоор 21 цагийн үед манайд пиджакаа авах гэж ирсэн. Над дээр ирэхдээ “вокзал дээр ирж байгаад хүүхдүүдэд дээрэмдүүлчихлээ, мөнгө хэрэгтэй байна, чи миний гар утсыг ломбарданд тавиад өгөөч, би өөрөө тавих гэхээр бичиг баримтаа сая дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. ...Би ломбард руу ороод 80,000 төгрөгөөр утсыг нь тавьсан. ...Тэр мөнгөө бүгдийг нь аваад явсан...” /хх-ийн 43-44/ гэсэн,

 

Гэрч  У.Үүрцайх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай Ховд аймгийн шинэ жил “SS club”-д болсон. ...Б-той ойрд уулзаагүй байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 00 цагийн үед Мөнгөнчөдөр рүү Бадамдорж залгаад та нар шинэ жилээсээ гараад вокзалын энд хүрээд ир гэсэн юм. ...Бадамдорж тухайн үед согтуу уйлаад өөрийн өвдөгөө цохиод байсан. Бид нар юу болсон бэ гэтэл юу ч ярихгүй байсан...” /хх-ийн 45-46/ гэсэн,

 

Гэрч Э.Билгүүнзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай Ховд аймгийн шинэ жил “SS club”-д болсон. Бадамдорж шинэ жилд ирээгүй. Орой 00 цагийн орчим Мөнгөнчөдөр рүү Бадамдорж залгаад та нар шинэ жилээсээ гараад ир, намайг вокзалын эндээс ирээд авчих гэсэн. ...Б тухайн үед согтуу байсан...” /хх-ийн 48-49/ гэсэн,

 

Гэрч Б.Мөнгөнчөдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай Ховд аймгийн шинэ жил “SS club”-д болсон. Бадамдорж хэрэг хийсэн орой 00 цагийн үед над руу залгаад шинэ жилээсээ гараад вокзалын хүрээд ир гэсэн. ...Б согтуу уйлаад одоо би найз нартайгаа дахин уулзаж чадахгүй. Би хичээл ихтэй байгаа, өнөө орой сүүлийн удаа сайхан найзуудаараа сууя гэсэн...” /хх-ийн 51-52/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 19 дүгээр хороололд байрлах “Энжана” нэртэй ломбардаас утас худалдаж авъя гээд 13 цагийн үед ороход хүн ихтэй байхаар нь гараад буцаж орсон. Ээж мөнгө шилжүүлнэ гэсэн болохоор ломбардны ахад энэ талаар хэлээд ороод хүлээж байх уу гэж хэлсэн чинь болно гэж хэлээд би дотор орж суусан. Ээжээс мөнгө шилжиж орж ирнэ худалдаж авах утсаа үзэж болох уу гээд утсыг нь үзээд мөнгө шилжүүлэхээр би энэ утсыг авна гэдгээ хэлсэн. ...Тэр ломбардны ах “чи ер нь авч чадах юм уу даа. Ээж чинь яасан хөгийн амьтан бэ, мөнгө явуулна гэсэн юм бол яагаад явуулахгүй байгаа юм бэ” гэх зэргээр намайг загнаад байгаа юм шиг ярихаар нь би тухайн үед гайхсан. Тэр ахын хажууд нэг цахилгаан бороохой шиг юм байсан. Тэрийг гаргаж ирээд над руу ойртуулаад холдуулаад байхаар нь би айсан. ...Тэгээд IPhone-4S маркийн хар өнгийн гар утас байхаар нь аваад гарсан. ...Тэр ах намайг үг хэлээр доромжлоод, бороохойгоор бороохойдох гээд байхаар нь тийм үйлдэл хийсэн. ...Тэр үед миний уур хүрсэн байсан. Манай ээжийг арчаагүй авгай вэ гээд доромжлоод байхаар нь би уурандаа тийм зүйл хийсэн... /хх-ийн 115, 168/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэрэг учралын газарт үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 3-10, 11-18/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 22, 23, 27/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № 115 тоот акт, дүгнэлтэд:  “...Дүгнэлт 1. Цогтбаярын биед хүзүүнд бамбай булчирхайн баруун дэлбэн, эрүүнд баруун талын шүлсний булчирхай гэмтээсэн шарх, бамбай, шүлсний булчирхай, хүзүүний арьсан доорх булчин зөөлөн эдэд цус, хий хуралт, зүүн гарын бугуйнд 2, 3, 4, 5-р хурууны шөрмөс гэмтээсэн шарх, хүзүү, эрүү баруун гарын алга, шуунд шарх гэмтэл тогтоогдоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц, ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна. Тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ий 55/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 259 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 115 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Цогтбаярын биед учирсан бамбай булчирхайн баруун дэлбэнгийн шарх, зөөлөн эдэд цус, хий хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн гарын 2, 3, 4, 5-р хурууны шөрмөс гэмтээсэн шарх нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, эрүү, баруун талын шүлсний булчирхай гэмтээсэн шарх, шүлсний булчирхай, хүзүү, эрүү баруун гарын алга, шуунд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Бамбай булчирхай гэмтсэн хүн ухаан саруул, асуусан асуултанд хариулах, орчиндоо харьцаатай, мөчдөд саажилтгүй байх боломжтой.

3. Цогтбаярын биед тухайн үед хүзүүнд бамбай булчирхайн баруун дэлбэн, эрүүнд баруун талын шүлсний булчирхай гэмтээсэн шарх, бамбай, шүлсний булчирхай, хүзүүний арьсан доорх булчин зөөлөн эдэд цус, хий хуралт, зүүн гарын бугуйнд 2, 3, 4, 5-р хурууны шөрмөс гэмтээсэн шарх, хүзүү, эрүү, баруун гарын алга, шуунд шарх гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх бамбай булчирхайн баруун дэлбэнгийн шарх, зөөлөн эдэд цус, хий хуралт, зүүн гарын бугуйн 2, 3, 4, 5-р хурууны шарх шөрмөс гэмтээсэн шарх, эрүү, баруун талын шүлсний булчирхай гэмтээсэн шарх, шүлсний булчирхай, хүзүүний арьсан доорх булчин зөөлөн эдэд цус, хий хуралт, хүзүү, эрүү, баруун гарын алга, шуунд шарх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 115, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүзүүний тодосгогч бодистой КТГ, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Монгол-Хьюндай эмнэлгийн КТГ-н шинжилгээ зэргээр оношлогдож, батлагдсан байна...” /хх-ийн 143-144/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн № 410 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. С.Цогтбаяр шинжээч эмч нарт үзүүлэхээс татгалзсан болно.

2. С.Цогтбаярын биед хүзүүний /3ш/, эрүүн доорхи оочны баруун бамбай булчирхай, баруун талын шүлсний булчирхайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх орчмын цус хуралт, хүзүүний баруун хэсгийн арьсан доорх ба булчин, хальсны завсар дахь цус, хий хуралдалт болон зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйн 2, 3, 4, 5-р хурууны шөрмөс тасарсан гүн зүсэгдсэн шарх, баруун гарын алга, шууны зүсэгдсэн шархууд бүхий гэмтлүүд учирсан байх ба хүзүүний баруун бамбай булчирхайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл болно.

3. Дээрх учрах үедээ амь насанд аюултай хүзүүний баруун бамбай булчирхайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-р заалтад хамаарна.

4. Дээрх хүнд гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно...” /хх-ийн 145-146/ гэсэн,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 1136 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт А/. С.Б нь хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байсан байна. С.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

Б/. С.Б нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт өгүүлэмж үгүй байна.

В/. С.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Бадамдорж нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Г/. С.Б нь сэтгэцийн хувьд эрүүл учир эмнэлгийн чанартай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /хх-ийн 121/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 05/037 тоот дүгнэлтэд: “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шарын 1 дүгээр байрны ард байрлах ломбарданд байсан иргэнийг үл таних эрэгтэй хутгалж гар утас дээрэмдэн зугтаасан гэх хэргийн газраас бэхжүүлсэн  № 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 13 гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 19 ширхэг гарын мөчүүд шинжилгээнд тэнцэнэ.

2. Харин № 6, 11, 14 гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд тэнцэх № 3 “100 чацарганы шүүс гсэн бичиглэл бүхий 0,5 л хуванцар савны бөөрөн дээрээс”, № 12 “шилэн аяган дээрээс” гэж дугаарлан тодорхойлон бичсэн дакто хальсан дахь 3 ширхэг гарын мөрүүд нь С.Б-н баруун гарын дунд, зүүн гарын долоовор хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тус тус тохирч байна...” гэсэн дүгнэлтүүд,

 

            - Шүүгдэгч С.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118, 120/,

            - Хохирлын баримт /хх-ий 66-67/,

            - Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлгийн өвчний түүх /хх-ийн 59-65/,

- Монгол Хьюндай эмнэлгийн өвчний түүх /хх-ийн 82-96/

            - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Оюунсүрэн, /хх-ийн 179/, Б.Алтанцэцэг нарын мэдүүлэг /хх-ийн 41-42/ болон бусад баримтууд /хх-ийн 123-124, 180-183/,

            - Хохирол төлсөн баримт /хх-ийн 135, 171-175/,

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 139/,

            - Хилийн хорих тавих тухай албан тоот /хх-ийн 169/,

            - Тодорхойлолт /хх-ийн 177, 178/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 115, 259, 410, 05/037 тоот дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Б нь шунахайн сэдэлтээр 2015 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цагаас 20 цаг 30 минутын хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн шар байрны урд байрлах “Энжана” ломбарданд С.Цогтбаяраас эд зүйлийг дээрэмдэх зорилгоор биед нь “хүзүүнд бамбай булчирхайн баруун дэлбэн, эрүүнд баруун талын шүлсний булчирхай гэмтээсэн шарх, бамбай, шүлсний булчирхай, хүзүүний арьсан доорх булчин зөөлөн эдэд цус, хий хуралт, зүүн гарын бугуйнд 2, 3, 4, 5-р хурууны шөрмөс гэмтээсэн шарх, хүзүү, эрүү баруун гарын алга, шуунд шарх” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, хүнийг санаатай алахыг завдсан, хар өнгийн “Iрhone-4s” маркийн гар утсыг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Цогтбаяр, иргэний нэхэмжлэгч С.Хэрлэн, гэрч С.Оюунтунгалаг, Б.Алтанцэцэг, А.Амаржаргал, У.Үүрцайх, Э.Билгүүнзаяа, Б.Мөнгөнчөдөр нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 115, 259, 410, 05/037 тоот, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2015 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цагаас 20 цаг 30 минутын хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн шар байрны урд байрлах “Энжана” ломбарданд С.Бадамдорж очиж, ломбард ажиллуулж байсан С.Цогтбаяртай “ээж мөнгө шилжүүлнэ, шилжүүлэнгүүт нь утсыг авна” гэж ярилцсан, 19 цагаас 20 цаг хүртэл уг ломбардаар хэд хэдэн удаа орж гарсан, улмаар 20 цаг болж ломбард хаах цаг болоход С.Цогтбаярын биед хүзүү, эрүү, баруун гарын алга, шуу, зүүн гарын бугуй зэрэгт ир үзүүртэй зүйлээр гэмтэл учруулан санаатай алахыг завдсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Гэмт хэрэгт оногдуулахаар завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт санаагаа хэрэгжүүлсэн хэр хэмжээ, завдсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргээ туйлд нь хүргэж чадаагүй зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч С.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 120 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.      

Шүүгдэгч С.Бадамдоржид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Б нь хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний насны болон хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзэв.  

Шүүгдэгч С.Б нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сэжигтнээр 10 хоног /хх-ийн 97, 100/, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 50 хоног /хх-ийн 111, 157/, нийт 60 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Цогтбаярт хүнд зэргийн гэмтэл учирсан эмчилгээний болон бусад зардалд нийт 17,000,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь энэ талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаагаар тогтоогдож байна.

Хохирогч С.Цогтбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гарын хоёр хурууны хөдөлгөөн гүйцэт ороогүй, хагалгаа хийснээс хойш 1 жилийн дараа дахин хагалгаанд орох эсэх нь шийдэгдэнэ. Тухайн үед хагалгаанд орох бол эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Одоогийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч С.Б нь дээрэмдэж авсан хар өнгийн “Iрhone-4s” маркийн гар утсыг өөрийн найз А.Амаржаргалын бичиг баримтаар “Лорд” нэртэй ломбарданд 80.000 төгрөгийн барьцаанд тавиулсан, уг 80.000 төгрөгийг С.Бадамдорж иргэний нэхэмжлэгч С.Хэрлэнд төлж барагдуулсан, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч “...Би Б гэх залуугаас мөнгөө авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 35/ гэсэн мэдүүлэг авагдсан тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих төлбөргүй ба хохирогч С.Цогтбаяр цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа: “...Мөрдөн байцаалтын шатанд гаргасан шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүд эргэлзээтэй байдаг, С.Цогтбаярын өвчтөний түүхээс түүний эмнэлгээс гарах үеийн байдлаас харахад түүнд хүнд зэргийн гэмтэл учирсан гэж үзэх учир дутагдалтай гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. С.Б нь гар утас худалдаж авахаар С.Цогтбаяртай уулзахдаа өөрийнхөө болон ээжийнхээ гар утасны дугаар, хаана, юу хийдэг талаараа, орой шинэ жил хаана болж байгаа талаар хохирогч С.Цогтбаярт мэдээллийг өгч байснаас үзэхэд түүнийг шунахайн сэдэлтээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх нөхцөл байдал байхгүй байсан гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Иймд С.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4-т заасныг тус тус журамлан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь:

Хохирогч С.Цогтбаярт гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн тухайд:

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.-д “Гэмтлийн зэргийг “хүнд”, “хүндэвтэр”, “хөнгөн” гэсэн ангиллаар тогтоох ба дараах үндсэн шалгуур шинжийг баримтлана. Үүнд: 2.1.1. амь насанд аюултай эсэх гэж,

3.1.-д энэ журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай гэмтэлд дараах гэмтэл хамаарна. Үүнд: ...3.1.9-д ...түүнчлэн бамбай булчирхайг гэмтээсэн шарх ...хамаарна…” гэж тус тус заажээ.

Хохирогч С.Цогтбаярын биед “хүзүүнд бамбай булчирхайн баруун дэлбэн, эрүүнд баруун талын шүлсний булчирхай гэмтээсэн шарх, бамбай, шүлсний булчирхай, хүзүүний арьсан доорх булчин зөөлөн эдэд цус, хий хуралт, зүүн гарын бугуйнд 2, 3, 4, 5-р хурууны шөрмөс гэмтээсэн шарх, хүзүү, эрүү баруун гарын алга, шуунд шарх” гэмтэл учирсан нь дээр дурдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 150, 259, 410 тоот дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмч М.Отгонбаатарын “...Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хүзүүнд бамбай булчирхайн баруун дэлбэнг гэмтээсэн байгаа. Энэ нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ийм гэмтэл авсан хүн идэвхтэй үйлдэл хийх боломжтой. Зүүн гарын бугуйнд 2, 3, 4, 5 дугаар хурууны шөрмөс гэмтсэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 дахь хэсэгт хүнд гэмтэл гэж тооцох шалгуураар нь ангилсан бол 3.1.9 дэх хэсэгт шалгуурыг хангаж байгаа бол хүнд гэмтэлд дараах зүйлүүдийг хамааруулж ойлгоно гэсэн байгаа. Шалгуурыг хангасан бол хүнд гэмтэлд хамаарна гэж тодорхойлсон. Үүнд хүзүүний бамбай булчирхайн гэмтэл орсон байгаа тул хүнд гэмтэлд хамааруулж байгаа. Гэмтлийн зэргийг тогтоохдоо хүнд шалгуураас нь шууд дүгнэлт гаргадаг...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 410 тоот дүгнэлтэд “...хүзүүний баруун бамбай булчирхайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл болно...” гэж дүгнэснээс үзэхэд хохирогч С.Цогтбаярын биед учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан байна гэж шүүх дүгнэж, дээр дурдсан нөхцөл байдлуудаар өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди, “Лорд” ломбардны 15120624 дугаар барьцаат зээлийн гэрээний 2 хувь зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цахилгаан бороохойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, эрүүгийн 201526031197 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн  бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бууч Олхонууд овогт С.Б-г шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүнийг санаатай алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7-д зааснаар шүүгдэгч Соронзонболдын Бадамдоржийг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих төлбөргүй ба хохирогч С.Цогтбаяр цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1 ширхэг цахилгаан бороохойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

7. Эрүүгийн 201526031197 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч С.Б-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТБОЛОР

С.БАЗАРХАНД