Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 21

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Д.Нгийн нэхэмжлэлтэй,     
      
           Хариуцагч: Сүхбаатар аймаг дахь Цт холбогдох,   
   
           Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймаг дахь Цын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/43 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Д.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ам бүл 6, эхнэр, 02-11 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийн хүн маань хүүхдээ хараад гэртээ суудаг. Би 2007 онд аймгийн Цт туслах ажилтнаар томилогдсоноос хойш хэсгийн болон эргүүлийн цагдаа, баривчлах байрны цагдаа, шүүхийн харуулын цагдаа зэрэг албан тушаалд тасралтгүй 12 жил ажилласан. Цагдаагийн хэлтсийн даргын баярын бичиг, марш тактикийн тэмцээний 2 удаагийн алтан медаль зэрэг шагналаар шагнагдаж байсан. Энэ оны 4 сард д/а Ганхүүгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа олон удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг илрүүлэн саатуулж, холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгч байсан. Гэтэл аймгийн Цын даргын 2019 оны 04 сарын 30-ны өдрийн Б/43 тоот тушаалаар “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргаж, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах шийдвэр гарсан.
    2019 оны 04 сарын 27-ны өдөр болсон шинэ байрны найранд манай ажлынхан оролцож, би тэндээс гарч хүүхдийнхээ үсэглэлийн баярт оролцоод буцаж явахдаа айлын хашаа мөргөсний улмаас надад Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 400 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Торгуулийн мөнгийг 2019 оны 05 сарын 17-ны өдөр Төрийн банкны 100121300988 тоот дансанд тушааж, хариуцлагаа хүлээсэн. Гэхдээ би зөрчил гаргасан гэдгээ өөрөө Цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага өгсөн. Хэдийгээр би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай ч энэ үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн. Энэ өдөр нь амралтын өдөр байсан. Би ажил үүргээ гүйцэтгээгүй, албаны дүрэмт хувцас өмсөөгүй байсан. Ийм учраас ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна. Мөн 2018, 2019 онуудад надад Цын даргын тушаалаар сахилын шийтгэл ногдуулж байгаагүй тул “цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
    Нэгэнт надад “ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,  зам тээврийн осол гаргасан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар захиргааны шийтгэл хүлээлгээд байхад ажлаас халахгүйгээр бусад сахилгын арга хэмжээг ногдуулах боломжтой байсан гэж боддог. Гэтэл дээрхи үйлдлийг цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь захиргааны болон сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж, миний эрх ашгийг хохироолоо гэж үзэж байна.
    2018 оны 10 сард манай байшингийн дотор тал галын улмаас шатаж бид засвар хийх эдийн засгийн боломжгүйн улмаас албаны байранд амьдарч байгаа, банкинд удаан хугацааны өндөр зээлтэй, бага насны хүүхэдтэй, эхнэр эрүүл мэндийн байдлын улмаас байнгын эмчилгээ хийлгэдэг, цаашид хагалгаанд орох шаардлагатай болсон. Мөн би Хууль сахиулахын их сургуульд эчнээгээр суралцдаг, сургуулиа төгсөж боловсрол эзэмших, цаашид цагдаагийн байгууллагад үр бүтээлтэй ажиллах нь миний чин хүсэл бөгөөд энэхүү мөрөөдөл, боломж алдагдахад хүрээд байна.
Иймд миний хувийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан аймгийн Цын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/43 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нгийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан. Энэ гаргасан зөрчилдөө Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын Сахилгын шийтгэл оногдуулах журам байгаа. Сахилгын шийтгэл гаргасан нь учруулсан хохирлын хэр хэмжээ болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэл ногдуулна гэж заасан байгаа. Гэтэл энэ дүрмийг барьж шийтгэл ногдуулаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Танайх тушаал дээрээ ноцтой зөрчил гаргасан гэж дурдсан байсан. Тэгэхдээ ёс зүйн дүрэм дээрээ ноцтой зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан, сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхдаа зөрчил гаргасан бол ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасан байгаа. Тэгтэл ёс зүйн дүрмийн энэ заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Түүнээс гадна цагдаа ч гэсэн хүн. Өнөөдөр хэн ч байсан ажил, амралтын өдрөө зохицуулаад баярлаж цэнгэх, наргиж наадах асуудал зөндөө гарч байдаг. Тухайн зөрчил гарсан өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр амралтын өдөр байсан. Д.Нгийн хувьд тухайн өдөр албаны үүрэг гүйцэтгээгүй байсан. Энэ байдлыг нь харгалзан үзэх боломжтой байсан.
Сахилгын дүрэм дээр хувийн байдлыг харгалзан үзнэ гэж заасан байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр албаны шалгалт хийгээд хурлын тэмдэглэл хөтөлсөн байсан. Хурлын тэмдэглэл дээр Д.Нгийн хувийн байдлын талаар ярьсан байсан.
    Д.Н нь бага насны дөрвөн хүүхэдтэй, эхнэр нь өвчтэй, өндөр хэмжээний зээлтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд шууд ажлаас нь халахгүйгээр сахилгын шийтгэлийн таван төрлийн аль нэгнээс сонгон хэрэглэх боломжтой байсан. Дэс дараалалын дагуу хэрэглэх албагүй гэсэн зохицуулалт байгаа боловч зөрчлийн шинж чанарыг судалж үзэхээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Дэс дарааллыг харгалзахгүйгээр анх буюу давтан сахилгын шийтгэл хүлээснийг харгалзан үзнэ гэсэн байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Н нь сахилгын шийтгэл өмнө нь хүлээж байгаагүй. Сүүлийн нэг жилийн хугацаа болон цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл ногдуулсан талаар тушаал шийдвэр байхгүй байна.
Энэ дүрмийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргаагүй байна гэж үзэж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан байгаа. Тэгэхээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх зөрчилд нь давхардуулж сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Ийм учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сүхбаатар аймаг дахь Цын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/43 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар аймаг дахь Цын дарга Н.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
    Цын даргын 2019 оны 04 сарын 30-ны өдрийн Б/43 тоот тушаалаар Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Нд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасан цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. Цагдаагийн жижүүрийн шуурхай албанд 2019 оны 04 сарын 27-ны өдрийн хоногийн мэдээнд “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн Д.Н /ЛЮ84072278/ нь 18-18 СҮЭ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 04 сарын 27-ны оройн 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон тул тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Согтолт 1,96% гэж бүртгэгдсэн. Тухайн өдөр Д.Нг Цын ёс журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Г Цт авчран согтуурлын хэмжээг зориулалтын хэмжих багажаар шалгахад 1,96%-тай гарсан байна. Д.Нгийн дээрхи үйлдэлд Сүхбаатар аймаг дахь Цын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Г албаны шалгалт явуулахад тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан болох нь тухайн үед Д.Нгийн согтуурлын хэмжээг шалгасан багажийн заалт, тус Цын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Дийн шалгасан “холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материал” болон албаны шалгалтын хүрээнд Д.Нгийн гаргасан тайлбар, бусад баримтаар тогтоогдсон байна.
Дээрхи үйлдэл нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.8-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” хэм хэмжээг зөрчсөн байна.
    Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “цагдаагийн албан хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана” гэж заасан.
    Сүхбаатар аймаг дахь Цын даргын зөвлөлийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаар түүнийг цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомж, байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн зөрчил гаргасан талаарх шалгалтын дүнг хэлэлцээд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасан цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан. Цагдаагийн албан хаагч үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
    Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар Д.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нгийн гаргасан зөрчил нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.8-д заасан зөрчил гаргасан. Д.Н нь найранд орж болно. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хэм хэмжээг Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.8 дахь хэсэгт заасан. Цагдаагийн алба хаагч бүр энэ дүрмийг баримталж ажиллах үүрэгтэй. Тухайн үед Д.Н нь тээврийн хэрэгслээ жолоодохгүй, эсвэл орхиод явах бүрэн боломжтой байсан. Гэвч орхиж яваагүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад айлын хашаа мөргөж, захиргааны зөрчил гаргасан. Гаргасан зөрчилдөө Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдсан. Зөрчлийн арга хэмжээнээс гадна цагдаагийн алба хаагчийн ёс зүйн үйл ажиллагааг зөрчсөн учраас түүнд ёс зүйн арга хэмжээ авах үндэслэл болно.
Харин Эрүүгийн болон бусад хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй. Ийм учраас түүнд албаны шалгалт явуулаад, Цын зөвлөлийн хурлаар хэлэлцээд түүний гаргасан зөрчилд нь цагдаагийн байгууллагад 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Цагдаагийн алба хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол түүний эрхэлж байгаа албан тушаал, цол, ажилласан жилийг үл харгалзан шалгаж шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан Цагдаагийн албаны тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.4.5-т цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулсан. Хэрэв Д.Нг цагдаагийн байгууллагын ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзсэн бол Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт зааснаар халах үндэслэлтэй байсан. Цын зөвлөлийн гишүүд ярилцаад залуу хүн цаашид алдаа дутагдлаа засаад 1 жилийн дараа ажилдаа эргэж орох эрхтэйгээр ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед зөвлөлийн хурал дээр Д.Нд бүх дарга нар энэ талаар хэлж тайлбарлаж өгсөн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд хандан Сүхбаатар аймгийн Цын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Сүхбаатар аймаг дахь Цын даргын “Цагдаагийн ахлагч Д.Нг албанаас халах тухай ” Б/43 дугаар тушаалыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээсэн байтал энэ зөрчлийн улмаас албанаас халах шийдвэр гаргаж байгаа нь зөрчлийн хэр хэмжээнд тохироогүй хэмээн маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагчийн зүгээс албаны шалгалтаар тогтоогдсон зөрчилд нь холбогдуулан нэхэмжлэгчид өөрт нь мэдэгдэж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж татгалзлаа тайлбарлаж байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “ Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна ”, 13.1.6-д “ зэвсэгт хүчин . . . цагдаагийн байгууллагын офицер, ахлагч . . . хамаарна” гэж зааснаар Сүхбаатар аймаг дахь Цын нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагаар цагдаагийн ахлагч цолтой ажиллаж байсан Д.Н нь төрийн жинхэнэ буюу тусгай албан хаагч байна.
    
          Маргаан бүхий захиргааны актаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/129 тоот тушаалаар батлагдсан “ Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм ”-ийн 2.4.8-д заасныг тус тус зөрчсөн гэж нэхэмжлэгч Д.Нг буруутгасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтны  шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна ”, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт “ Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулна” гэж хуульчилсан байна.

Ийнхүү холбогдох хууль тогтоомжоор хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай тухайлбал, Цагдаагийн албан хаагчид сахилгын арга хэмжээ авах, ажлаас халах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон байна.

Нэхэмжлэгч Д.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны ням гарагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас айлын хашаа мөргөж Зөрчлийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж,  400.0 төгрөгөөр  торгуулах арга хэмжээ авагдсан  байна.

Сүхбаатар аймаг дахь Ц нь түүний дээрх зөрчилд албаны шалгалт явуулж Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэн түүнд цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “ . . .  энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна ” , Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.2-т “Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дарааллан хэрэглэхгүйгээр оногдуулна” гэж заасан байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь дээр дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Д.Нг цагдаагийн албанаас 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тухай захиргааны акт гаргахдаа үйл баримтаар тогтоогдсон зөрчилд тохирсон арга хэмжээ аваагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан баталгааг хангаагүй хууль бус шийдвэр гаргасан байна.

Тодруулвал, нэхэмжлэгч Д.Н нь үр дүнгийн гэрээний заалтыг биелүүлэн ажиллаж 2018 оны үнэлгээгээр “ хангалттай ” үнэлгээ авсан, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан 4 этгээдийг илрүүлсэн зэргээр албан үүргээ хангалттай гүйцэтгэж байсан, урьд нь ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаас харагдаж байгаа.

Тэрчлэн хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан зарчмыг зөрчиж, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэрийг гаргасныг шүүхээс буруутгаж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “ Хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байх ”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1- д зааснаар “ энэ хуульд   зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” , захиргааны үйл ажиллагаа Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар “хуульд үндэслэх”, 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэдэгт нийцээгүй тул  шүүхээс маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэл болох юм.

Нөгөө талаас Д.Н нь цагдаагийн алба хаагчийн хувьд үйл ажиллагаандаа ёс зүйн зөрчил гаргаагүй, түүний зөрчлийн талаар хэн нэгэн гомдол гаргаагүй байхад албаны шалгалт явуулж, түүний хувийн шинжтэй үйлдэлд нь сахилгын арга хэмжээний хамгийн хүнд хэлбэрийг сонгож шийдвэр гаргасан нь зөрчилд тохироогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.


Цалин гаргуулах шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч Д.Н нь тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиас гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 - д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна ” гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.

Иймд эдгээр хуулиудын холбогдох заалтуудыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахтай” холбоотой хэсгийг шийдвэрлэв.

Тэгэхээр нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг 2019 оны 04  дүгээр сарын 30 - ны өдрөөс 2019  оны 08 дугаар  сарын 28-ны өдрийг дуустал, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг түүний цалингийн карт ёсоор үндсэн цалин 690819  төгрөгөөр тооцож, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь буюу 103623  төгрөг албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл 25  хувь буюу 172705  төгрөг, цолны нэмэгдэл 25  хувь буюу 172705 төгрөгөөр тус тус тооцож , нэг өдрийн цалинг  54932.63 төгрөгөөр тооцон гаргаж, нийт ажиллаагүй хугацаа болох 83 хоногоор бодож, нийт 4559408.29 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг олгуулахаар зааж шийдвэрлэлээ. Хариуцагч нь хуульд заасан холбогдох суутгалуудыг хийх нь зүйтэй болно.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан               “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг ашигласнаас гадна Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д заасан “төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны . . . нэмэгдлээс бүрдэнэ” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн болно

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.8, 62 дугаар зүйлийн 62.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймаг дахь Цын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  “Цагдаагийн ахлагч Д.Нг албанаас халах тухай” Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Нг Сүхбаатар аймаг дахь Цын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагийн  ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нд 4559408 / дөрвөн сая таван зуун тавин есөн мянга дөрвөн зуун найман/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг Сүхбаатар аймаг дахь Цын даргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  /Цын санхүү/-ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭТУЯА