Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0212/Э/001/2021/0389

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Н.Идэр, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.Хүрэлтогоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Д.Э,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Гэрч Ч.Н, Б.А,

Шүүгдэгч Б.Б-, Б.Г-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баяраагийн Баярцогт, Тугчин овогт Батбилэгийн Ганбат нарт, мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Батбилэгийн Ганбат нарт холбогдох эрүүгийн 1918007880576 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Б.Б 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, Нэхий гармент ХХК-нд гутал бүрдүүлэгч ажилтай, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

2.Монгол Улсын иргэн, Б.Г, 1995 оны 09 дүгээр сарны 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б-, Б.Г- нар нь согтуурсан үедээ бүлэглэж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 3 дугаар байрны гадна иргэн Д.Э- эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г- нь дээрх зодооныг салгах гэсэн иргэн С.С-ы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Миний бие нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19:40 минутын үед ажлаасаа тараад 20:00 цагийн үед Ганбат, Ариунболд хоёртой уулзаад 3 дугаар байрны 25 тоот руу орсон. Тэнд манай эхнэр болон Насантогтохын эхнэр байсан.  Бид 0.75 литрийн соёрхол нэртэй архи хувааж уугаад, 23:00 цагийн үед “Күйэн” нэртэй бар луу орж нэг нэг шил пиво уугаад 23:40 минутын үед барнаас гарч таксигаар 3 дугаар байранд хүргүүлж ирээд, хамгийн түрүүнд би машинаас буугаад бие засчхаад ирэхэд Энх-Оргил ах, Сүхчулуун ах хоёр Ганбатаас тамхи нэхээд зогсож байсан. Тэгээд би очиж тамхи өгөхөд “гал байна уу?” гэж асуусан. Намайг гал гаргаж өгөхөд намайг өөдөөс цохиж унагаасан тэгээд босож ирэхэд, Ганбатыг мөн цохиж унагаасан над руу дайраад байсан. Тэгээд би Энх-Оргилыг цохиж унагаагаад, Ганбатыг оръё гэтэл Ганбатын хөлнөөс Сүхчулуун зуурсан тавихгүй байсан. Тэгээд салгаад гэр лүү гээ Насантогтох, Ариунболд, Ганбат, бид нар цуг орсон. Би тухайн үед Энх-Оргил ахыг цохиж хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж байна. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бүлэглэн хүнд гэмтэл учруулсан гэдэгт гомдолтой байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 18:00 цагийн үед Ариунболд бид хоёр шинэ хорооллын 5 дугаар байрны ард байдаг караокэд орж нэг нэг пиво ууж, нэг цаг дуулсан.  Тэгээд Баярцогт, Насантогтох нартай уулзаад гэрт нь очиж нэг шил архи уугаад орой нь 23:00 цагийн үед баранд орж нэг, нэг пиво уусан. Барнаас гараад таксигаар гэртээ хүргүүлж таксинаас буухад Энх-Оргил, Сүхчулуун нар байрны булангаас ирж байсан. Сүхчулуун нь орилоод явж байсан бөгөөд  бид гэр лүү гээ орох гэтэл надаас Энх-Оргил тамхи асуухаар би “тамхи байхгүй” гэж задрангуй хэлсэн. Тэгээд Баярцогт хойноос ирсэн би зөрж яваад эргээд хартал Баярцогтыг Энх-Оргил цохисон. Тэгэхээр нь яваад очтол намайг цохисон би газар унаад, хэсэг манараад босож ирээд Сүхчулуунтай нэлээн ноцолдсон, тэгээд явах гэтэл хөлнөөс зуураад байхаар нь толгой руу нь цохиж салгаад орсон. Миний хувьд бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан асуудал байхгүй. Харин Сүхчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна, үнэн зөвөөр шийдэж өгнө үү. гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 22:00 цагт Сүхчулуун манайд 5-3 дугаар байрны 85 тоотод 0.5 граммын “Экс” нэртэй архи авч ирж, бид хоёр тэр архийг хувааж уусан. Тэгээд Сүхчулууныг унтуулах гэтэл гэр лүү гээ явна гэхээр нь хүргэж өгөх гээд явж байсан. Тухайн үед 2 эрэгтэй машинаас бууж ирэхээр нь би тамхи асуухад Ганбат “байхгүй, пизда минь” гэж хэлсэн. Тэгээд би “чи ямар том дуутай юм бэ ?” гэхэд Баярцогт ирээд “ах аа, уучлаарай” гээд амандаа зуусан эссэ-г надад зуулгах гэж оролдсон. Тэр тамхины иш нь нойтон болохоор нь би Баярцогтыг цааш нь түлхсэн. Тухайн үед миний дотор карманд кастер тамхи байгааг санаад “галаа өгчих” гэсэн чинь надад амандаа зууж байсан тамхиа зуулгах гэж оролдсоор байсан. Тэгээд намайг тамхи өгөхөөр “яагаад татахгүй байгаа юм бэ?” гээд намайг цохисон. Камерын бичлэгийн дүрс сайжруулах гэж 1 жил явлаа, түрүүлж цохиулсан хүн нь би. Гэтэл намайг эхэлж цохисон талаар өмгөөлөгч нь хэлээд байдаг. Шүүгдэгч нарын анхны мэдүүлэг одоогийнхоос зөрөөд байна. Өмссөн хувцас, бааранд уусан архи, 2 шил архи торонд авч явсан талаар хэлсэн байдаг шүү дээ. Гэрч Ариунболд мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн мэдүүлэгтээ Ганбат араас нь цохиж байна гэсэн зүйлийг хэлсэн байдаг. Энэ талаар Батжаргал өмгөөлөгч эрс эсэргүүцэж байсан шүү дээ. Хэрэг болох үед Баярцогт надад эхэлж гар хүрсэн, камерын бичлэгт цохилт аваад хойшоо ухарч байгаа хүн нь би, дахин цохих гэтэл би цээж рүү нь түлхсэн. Ганбат цохих гэхээр нь цохилтыг гаргаад зөрүүлж цохиход бөгсөөрөө хойшоо суусан. Түүний дараа Баярцогт нь тэлээгээ тайлаад намайг цохисон. Би тэр үед “ах нь том хагалгаанд орж байсан, толгойд битгий хүрээрэй” гэж хэлэхэд “чамайг ална” гээд толгой руу 2  удаа цохисон. Намайг манараад унасан хойно миний дээр суусан, толгой дээр дэвссэн, Ариунболд хүртэл намайг цохисон. Ганбат, Баярцогт хоёр намайг хоёулаа цохисон. Байрны 2 давхраас бичлэг хийсэн хүн “болиоч” гэж хэлэхэд Насантогтох “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн.

...эмчилгээний зардалд 2850000 төгрөг авсан. Одоо бол цаашид хагалгаанд орох зардал, өмгөөлөгчийн хөлсөнд нийт 12 сая төгрөг нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Ч.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр 11:30 минутын үед баарнаас гараад гэрийн гадаа таксигаар очсон. Биднээс хохирогч нар тамхи асуухаар нь “тамхи байхгүй” гэж хэлээд жаахан маргаан болсон. Баярцогт ирээд тамхи өгөөд гал өгөхөд Энх-Оргил нь Баярцогтыг цохисон. Дараа нь Ганбатыг цохисон. Би тэр үед архи ундаа барьсан байсан, тэд бужигнаад зам руу яваад өгсөн. Би тухайн үед байрны хүмүүстэй хэрэлдэж байгаад зам руу харсан. Тэгтэл Баярцогт Энх-Оргилыг өшиглөж байсан, тэгээд болиоч гэж болиулаад гэр лүү орцгоосон. гэв.

 

-Гэрч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр баарнаас гараад таксинаас буугаад байрны гадаа яг юунаас болж зодоон болсныг би хараагүй. Нэг харахад Ганбат, Баяцогт нар цохиулсан байсан. Тэгээд Ганбатын араас Сүхчулуун нь цохих гэхээр нь татаж унагаад хоёр өшиглөөд болиулсан. Энх-Оргил Баярцогт нар зам дээр зодолдоод байсан яг тодорхой сайн санахгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд дахиж мэдүүлэг авахдаа надад бичлэг үзүүлж байгаад “энэ цохиж байгаа хүн Ганбат мөн үү?” гэж байцаагч асуухаар нь “мөн” гэж хэлсэн. Тэрнээс биш тухайн үед Ганбат нь хохирогч Энх-Оргилыг цохисон талаар би нарийн сайн мэдэхгүй байна. гэх мэдүүлэг,

 

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-8/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 13/,

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 206-209/,

 

-Хохирогч С.С-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн үед би хамаатны дүү болох Д.Э- гэрийн хажуугаар явж таараад ойрд уулзаагүй байсан тул гэрээр нь ороод гаръя гэж бодоод 1 шил 065 литрийн архи, ундаа, шоколад аваад ороход Д.Э- болон түүний эхнэр Мөнхцэцэг хоёр хүүхдийнхээ хамт байсан. Би авч орсон архиа Д.Э-той ууж дуусахад Д.Э- намайг “хүргээд өгье” гээд надтай хамт гарсан. Ингээд манай байрны наана “Эс маркет” нэртэй дэлгүүрийн хажуугаар гараад явж байхад дэлгүүрийн хажууд 2-3 залуу зогсож байсан. Би хамаатны залуу Д.Э-оос арай түрүүлж 2-3 алхмын урд явж байсан. Тэгээд ард Д.Э- тэдгээр залуусаас уу эсхүл нөгөө залуучууд Д.Э-оос уу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан “гал байна уу?” гэж нэг нэгнээсээ асуусан. Тэгсэн Д.Э-ыг тэдгээр залуус та Баян-Идэр төвд пи си тоглоомын газар ажиллуулдаг залуу мөн үү?” гэж байсан. Тэгсэн Д.Э- “тийм, пи си тоглоомын газар ажиллуулдаг байсан” гээд ярилцаад байсан. Тэгсэн тэдгээр залуус түүнийг тойрч зогсоод дуу нь өндөрсөөд байхаар нь би маргалдаж магадгүй гэж бодоод “боль боль” гээд дундуур нь орсон чинь Д.Э-ыг тэдгээр залуусын нэг нь цохихоор нь би дундуур нь ороод салгах гэхэд жижиг биетэй сахалтай залуу буюу Б.Г- гэх залуу намайг араас татаад унагасан. Намайг Б.Г- татаж унагаад миний нуруу, хавирга, өвдөг, тохой руу олон удаа өшиглөсөн. Би тухайн үед унаад шууд нүүрээ дараад хэвтсэн. ...Намайг Ганбат зодохоо болихоор нь босоод харахад Д.Э- газар уначихсан байхад гурван залуу тойроод зогсчихсон байсан бөгөөд нэг нь хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гүйж очоод “хүүе наадах чинь толгой тархины өвчтэй хүн шүү, болохгүй шүү” гээд орилоод очиход тэдгээр хүмүүс зугтаагаад 3 дугаар байрны орц руу бөөнөөрөө гүйлдээд орчихсон.

...Намайг Д.Э- дээр очиход босох гээд байхаар нь “байж бай, наанаа жаахан хэвт” гээд өндийлгөөд замын хөвөөн дээр суулгахад толгойнх нь зүүн орой хэсгээс цус гарч шанааг нь дагаж урсаж байсан. Мөн хамрынх нь нуруу орчим битүү хавдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Түүнээс “гайгүй юу?, юу болов оо?” гэхэд “өмдний тэлээний арлаар миний толгой руу цохичихлоо” гэж хэлсэн.

...би тухайн зодооны үед толгойн духны гол, зүүн дал, баруун гарын тохой, хоёр хөлийн шилбэ рүү өшиглүүлснээс болж хөхөрч цус хурсан байсан. Мөн уруул руу өшиглөсний улмаас миний дээд, доод уруул язарсан байсан. Б.Г-ын хөлөөс зуурах үед миний толгой болон уруул, хоёр нүд рүү гараараа цохисон. Дараа нь дух руу хөлөөрөө өшиглөж унагаахад баруун гарын тохой хэсэгт зулгаралтын гэмтэл учирсан. Тиймээс миний биед учирсан гэмтлүүдийг Б.Г-, Б.Ариунболд хоёр учруулсан. Б.Б-ыг миний зүүн шанаа руу цохиход бага зэрэг хөндүүрлэснээс биш гэмтэл учраагүй. 180.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөө буруутай хүнээс нэхэмжилж байна. Өөр гомдол санал гээд байх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68, 210-211/,

 

-Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цаг 40 минутын үед шиг санаж байна. Эхнэр, хүүхдийн хамт унтах гээд хэвтэж байхад гадаа согтуу хүмүүс байгаа бололтой нэгнээсээ тамхи юм байна уу гэж ярилцаж байгаа бололтой сонсогдсон. Тэгсэн чинь пид пад гээд дуу чимээ гараад “хүн аллаа, алчихлаа шүү дээ” гээд орилохоор нь гайхаад цонхоор харахад нэг залуутай хэдэн залуучууд маргалдаад нэг залууг 4 залуу унагачхаад гишгээд юмаар ороолгож цохиод өшиглөөд гараараа нүүр лүү нь олон удаа цохиод байгаа бололтой харагдсан. Наана нь нэг намхан хар хувцастай залуу “болиоч ээ, хүн  аллаа” гээд байсан. Би тэгэхээр нь хүргэн Дашдоржийг “цагдаа дуудаарай” гээд дуудлага өгүүлсэн. Анх манай байрны гадаа маргалдаж байгаад 4 дүгээр байрны хажуугийн харанхуй орчинд зодоон болоод байсан учир яг тийм ийм гээд хэлж чадахгүй байна. Бүгд хар бараан хувцастай байсан.

...хоёр залуу нь гартаа тэлээ бололтой зүйл барьчихсан нэг залууг цохиод байсан. Тэгээд нэг нь гараараа цохисны дараа ээлжлээд нэг нэгээрээ толгой руу нь өшиглөөд байгаа харагдсан. Зодуулж байгаа залуутай хамт явж байсан залуу оршин суугчдаас “та нар цагдаа дуудсан уу?” гэхэд “цагдаа дуудсан” гэж хэлэхэд тэнд байсан залуучууд манай өөдөөс харсан 3 дугаар байрны 5 давхар луу гүйгээд орж байгаа нь харагдсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тухайн айлаас нөгөө залуучуудын нэгийг машинд суулгаад аваад гарч байгаа харагдсан. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80-81/,

 

-Гэрч Э.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 00 цаг болж байх үед гэртээ унтах гэж хэвтэж байсан чинь гадаа хүмүүс орилолдоод зодолдоод байх шиг чимээ сонсогдохоор нь цонхоор харсан чинь нэг ахыг хар хувцастай хүн гүйж очоод нүүр лүү нь цохиход нөгөө цохиулсан хүн нь газар уначихсан. Тэгсэн тэр цохиж унагасан залуу газар унасан залуугийн нүүр лүү нь гараараа нэлээн олон удаа цохисон. Тэгсэн нэг залуу очоод нөгөө цохиод байгаа залууг “одоо боль” гээд хөлөөс нь татахад хажуугаас нь тэр залуугийн ах нь  бололтой хүн “хүүе болиоч, та нар миний дүүг зодчихлоо” гээд байсан. Тэгсэн тэдгээр залуус манай урд талын 3 дугаар байр луу орох гэхэд нөгөө зодуулсан залуугийн ах нь гэх залуу явуулахгүй гэхэд нэг нь түүнийг унагаасан чинь хөлөөс нь бариад авсан. Гэтэл хөлөө бариулсан залуу тухайн хөгшин хөл барьсан залуугийн толгой руу нь цохичхоод  гүйгээд явсан. Харин нөгөө зодуулаад газар унасан залуу босохгүй хэвтээд байсан чинь ах нь очоод дүүгээ босгох гээд оролдоод байсан. Тэгж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Маргааш өглөө нь 07 цаг 50 минутын үед хичээлдээ явахдаа тухайн зодоон болсон газрын хажуугаар явахад шаргал өнгийн тэлээний арал газар хэвтэж байхыг харсан. Би тэр зодуулсан ахыг тэнд байсан хүмүүст бүгдэд нь зодуулж байхыг хараагүй. Намайг харахад нэг залуу цохиж унагаад дээр нь гараад гараараа олон удаа цохиж байхыг харсан. Тухайн зодоон болж байх үед нийт 6 залуу байсан ба 4 хүн нь зодоон дууссаны дараа 3 дугаар байр руу гүйгээд орсон. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84/,

 

-Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цаг 50 минутын үед эхнэр хүүхэдтэйгээ унтаж байхад хүмүүс орилолдоод зодолдоод байх шиг чимээ сонсогдохоор нь жижиг өрөөнийхөө цонхоор харахад байрны доор 5 залуу хоорондоо зодолдоод байгаа харагдсан. Нэг хөгшин бололтой залуу газар дээшээ хараад унасан. Тэгэхэд тэдгээр залуусын 2 нь өмднийхөө тэлээг сугалаад толгой, цээж, гар луу нь ороолгосон. Мөн толгой руу нь хэдэн хэдэн удаа өшиглөж зодчихоод манай өөдөөс харсан 3 дугаар байрны 5 давхар руу гарч байгаа харагдсан. Тэдгээр залуус орц руу орохын өмнө нөгөө газар унаад ухаангүй байгаа залуугийн найз бололтой залуу нэг намхан мяраалаг залуугийн нэг хөлөөс нь  тэвэрч суучхаад явуулахгүй гээд байсан. Тэгсэн нөгөө залуу тавиач гэж байгаад гарыг нь тавиулчхаад орцруу орсон. Ингээд удаагүй цагдаа болон эмнэлэг ирэхээр нь унтсан. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86/,

 

-Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цаг өнгөрөөд 00 цаг болж байх гадаа хүмүүс орилолдоод байгаа чимээ сонсогдохоор нь өрөөнийхөө цонхоор харахад 2 залуу 4 залуутай маргалдаад байгаа харагдсан. Тэгээд нэг залуутай нэг залуу заамдалцаад нэг нэгнийгээ цохиход нэг нь газар унасан. Унахад нь цохиж унагасан залуу өмднийхөө тэлээг сугалаад гар орчим руу нь 4-5 удаа ороолгож цохисон.

...тэлээгээр ороолгож цохиж байсан залуу тэлээгээр цохисныхоо дараа гараараа толгой, нүүр орчим руу нь хоёр гараараа ээлжлээд олон удаа цохиж байгаад босоод явсан. Тэгснээ буцаж очоод дээрээс нь цохиход бас нэг залуу ирээд хөл рүү нь өшиглөсөн. Яг хөл рүү нь байсан уу гар руу нь байсан уу мэдэхгүй 3-4 удаа өшиглөсөн. Тэр хоёр залуугийн хажууд нэг залуу хараад зогсоод байсан. Бас нэг залуу 3 дугаар орцны урд зогсож байсан. Газар зодуулсан байсан хүний ах нь бололтой хүн нэг залууг явуулахгүй гээд хөлөөс нь тэврээд авахад тэр залуугийн толгой руу 3-4 удаа цохиод хөлөө татаад орц руу гүйгээд орсон гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 90-91/,

 

-Хохирогч Д.Э- өвчний түүх, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 93-105, 107-108/,

 

...Д.Э- биед баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №13664 дугаартай гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 110-111/,

 

-...С.С-ны биед баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 953 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 127-128/,

 

-Шинжээч Т.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Э- биед учирсан гэмтлүүдээс бүсэлхийн зулгаралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд юмаар буюу тэлээгээр цохигдсоноос үүсэх боломжтой. Харин толгойн гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр нүүрний хэсэгт, баруун чамархайн хэсэгт хүч үйлчлэх үед буюу тухайн хэсгээрээ унах үед болон юм мөргөж унах үед уг гэмтэл нь үүснэ.

...тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 214/,

 

-Шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд болон хохирогч нарын эмчилгээний зардлын баримтууд 1 дэх хавтаст хэргийн 16-59, 205/

 

-“...Д.Э- биед баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлсөн мэс ажилбар /2019.11.11/, тархины аалзан хальсан доорх цус харвалт, духны хуйх, бүсэлхийн зулгаралт, зүүн чихний язарсан шарх, баруун чамархайн няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2019.11.05-ны өдөр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

 

...Д.Э- биед баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн тархины эдийн архаг няцралын голомт тогтоогдлоо. Дээрх архаг өөрчлөлт нь хэдий хугацааны өмнө үүссэн, бүрэн эдгэрсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрх архаг өөрчлөлт нь 2019.11.18-ны өдрийн №13664 тоот дүгнэлтэд тогтоогдсон гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.11.18-ны өдрийн №13664 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 19-25/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг болон камерын бичлэг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-, Б.Г- нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үйл явцыг харуулсан камерын бичлэгт хэн нь хэний эрх чөлөөнд халдаж байгаа нь тодорхой сайн харагдахгүй байгаа бөгөөд энэ нь хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй гэдгийг хангалттай нотлох баримт биш байна.

 

Хэрэг учрал болсон тухайн үеийн үйл явдлын талаар гэрч Б.Ариунболд  мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө “...тэгсэн Ганбат бас гартаа тэлээ барьчихсан байсан бөгөөд түүний аль хөлнөөс нь гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан нэг хөлнөөс нь хар өнгийн куртиктай залуу зуурчихсан байсан чинь түүнийг хөлөөрөө жийгээд хөлөө татаж авахаар нь бид нар бөөндөө Баярцогт, Насантогтох нарын хамтаар гэрт нь орсон.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74/, “...Д.Э-ыг Ганбат хавираад унагачихсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 216/ тус тус өгчээ.

 

1 дэх хавтаст хэргийн 216 дахь талд авагдсан мэдүүлгийг гэрч Б.Ариунболдоос авахдаа хэргийн газрын үйл явцыг харуулсан камерын бичлэгийг үзүүлж, улмаар “Б.Г- нь Д.Э-ыг цохисон уу?” гэж асуухаар нь бичлэг харж байгаад хавираад унагасан гэж мэдүүлсэн. Гэхдээ энэ бичлэг дээр хэн нь ямар үйлдэл гаргаж байгаа нь сайн харагдахгүй байна” гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх бөгөөд түүнийг хөтөлж авсан “...Д.Э-ыг Ганбат хавираад унагачихсан.” гэх мэдүүлгийг /1 дэх хавтаст хэргийн 216/ үндэслэж, шүүгдэгч Б.Г-ыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар хохирогч Д.Э- эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Б.Г- хамтран оролцсон гэх хангалттай нотлох баримт авагдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилсны дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Д.Э- эрүүл мэндэд баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч Б.Г- нь иргэн С.С-ы эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх шүүгдэгч  Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч, шүүгдэгч нарын  согтууруулах ундаа хэрэглэсэн үеийн зүй бус, бүдүүлэг харилцаа, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Б.Б- Д.Ганбат нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

 

Шүүгдэгч нар нь хохирогч С.С-д 180.000 төгрөгийг, хохирогч Д.Э-д 2850000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн бөгөөд хохирогч Д.Э- нь цаашид хийгдэх хагалгааны зардал, өмгөөлөгчийн хөлсөнд нийт 12 сая төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байна.

Иймд хохирогч Д.Э- нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

3.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б-, Б.Г- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Б.Б-, Б.Г- нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-, Б.Г- нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од 3 /гурван жил/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялыг өршөөн хасахаар шийдвэрлэлээ.

 

Хохирогч Д.Э- биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байдалд орсон, гэм хор арилсан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолногэж өөрчлөн найруулжээ.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 01 жил 09 сар 18 хоног өнгөрсөн байх бөгөөд түүний гэм буруу, оногдуулах ял эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлах нь зүйтэй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохзохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус заасан ба шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл Б.Г-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-, Б.Г- нар нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Б.Б-, Б.Г- нар нь энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 145 /нэг зуун дөчин тав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Мөн энэ хэрэгт хураагдаж ирсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 ууттай компьютер томографийн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Э-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Б-ын эдлэх ялыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 3 /гурван жил/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь энэ хэрэгт 145 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Г- нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 ууттай компьютер томографийн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Э-д буцаан олгож, хохирогч Д.Э- иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Э- нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

9.2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.

 

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ

 

 

     ШҮҮГЧИД                                                                Н.ИДЭР

 

 

                                                                 Б.ИХТАМИР