Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 23

 

Б.Б-, Б.Г- нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ч.Мядагбадам /онлайн/

              Хохирогч                                       Д.Э- /онлайн/

              Хохирогчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар /онлайн/

              Яллагдагч                                     Б.Б-, Б.Г- /онлайн/

              Яллагдагчийн өмгөөлөгч             П.Батжаргал /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 145 дугаар захирамжтай, Б-ийн Г-, Б-гийн Б- нарт холбогдох, 1918007880576 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн Б-,

Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, урьд нь  2015 оны 2 дугаар сарын 11-нд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5.д  зааснаар 3 жил 10 хоног хорих ял  шийтгүүлж ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ********** регистрийн дугаартай, Т- овогт Б-ийн Г-.

Яллагдагч Б.Б-, Б.Г- нар нь архи ууж согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 3 дугаар байрны гадаа иргэн Д.Э-ыг зодож эрүүл мэндэд нь баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Г- нь мөн хугацаанд зодооныг салгах гэсэн иргэн С.С-ыг зодож, эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 145 дугаар захирамжаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн  1.2 .т  заасныг баримтлан яллагдагч Б.Б-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн 1918007880576 дугаартай хэргийг  нэмэлт ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол Б.Б-, Б.Г- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди, хохирогч Д.Э-ын 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн томографын зураг /5ш/ болон сиди /1ш/ , 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн томографын зураг /2ш/, сиди /1ш/ болон компьютер томографын онош /3 хуудас/ хураагдсан болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор захирамжийг эс зөвшөөрч  бичсэн эсэргүүцэлдээ:

Хэрэгт хохирогч Д.Э-ын толгойн 2 удаагийн буюу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн томографын зураг Сиди, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн томографын зураг Сиди хураан авч хэргийн хамт хүргүүлсэн ба дээрх томографын зураг, бусад нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгийг нягтаршил, дүрс бичлэгийн чанарыг сайжруулах боломжтой эсэх талаар тусгайлан дүгнэлт гаргуулах

Хавтаст хэрэгт яллагдагч Б.Б-, Б.Г- нарын үйлдлийг зөвхөн хяналтын камерын бичлэгээр тогтоогдож буй нөхцөл байдал байхгүй. Харин хэрэгт авагдсан хууль сануулж мэдүүлэг авсан гэрч Л.Б-, гэрч Э.М-, гэрч Г.Г-, насанд хүрээгүй гэрч Б.А- нарын мэдүүлэгт Б.Б-, Б.Г- нар нь бүлэглэн хохирогч Д.Э-ыг тэлээгээр цохиж байсан, өшиглөж байсан талаар харсан зүйлээ тодорхой мэдүүлдэг. Өмнөх шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд хяналтын камерын бичлэгийг нэг бүрчлэн шинэчлэн судалж шүүх бүрэлдэхүүн нотлох баримтаар үнэлсэн, бичлэгийг тодруулах  шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлж 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй   дахин дүгнэлт гарсан байгаа.

Иймд байхад анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд буюу өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5.д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ...” заалтыг зөрчиж Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан заалтыг биелүүлээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 145 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл гаргав гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй гэж хэргийг дахин буцаасан нь үндэслэлгүй захирамж болсон. Мөн камерын бичлэгийг тодруулах боломжгүй. Иймд дахин нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Э- тайлбартаа:

Би маш их гомдолтой байна, хуучин 10 жилийн өмнөх гэмтэл байгаа, гэхдээ энэ талаар мөрдөн байцаалтад мэдүүлж байсан шинжээчийн дүгнэлт  сүүлийн гэмтлийг шинэ гэмтэл гэдгийг тогтоосон, мөн гэмтэлтэй цаг хугацааны хувьд ч нөхцөл байдлын хувьд ч  хамааралгүй гэдгийг тогтоосон, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-:

Байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г-:

Байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлт өмнөх дүгнэлттэй ямар ч ялгаагүй гарсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаа огт хийгдээгүй. Камерын дүрс бичлэгийг мэргэжлийн хүнээр сайжруулах боломжтой. Эрүүгийн хэрэгт хүнийг гэм буруутай тооцоход заавал бүрэн дүүрэн эргэлзээгүй нотолсон байхыг шаарддаг. Гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Б-, Б.Г- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу  анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос яллагдагч Б.Б-, Б.Г- нарыг  2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчимд архи ууж, согтуурсан үедээ бүлэглэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 3 дугаар байрны гадаа иргэн Д.Э-ыг зодож эрүүл мэндэд нь баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан хэрэгт,

 -Яллагдагч Б.Г-ыг энэ үед тэдний зодооныг салгах гэсэн С.С-ыг зодож, эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн  1.2 .т  заасныг баримтлан ...Мөрдөн байцаалтын шатанд зарим ажиллагааг хийгээгүй, урьд нь Давж заалдах шатны шүүх нэмэлт ажиллагаа  хийлгэхээр хэргийг Прокурорт буцаасан байхад магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй, магадлалын заалтыг биелүүлээгүй...  гэсэн дүгнэлт хийж хэргийг Прокурорт  буцаасан нь үндэслэлгүй байна.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  хянан хэлэлцээд :

           ..... хохирогч  Д.Э- нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө толгойдоо гэмтэл авч байсан эсэх  мөн толгойдоо мэс засал хийлгэсэн байдалтай байсан, хамар яс хуучин хугаралтай, зүүн талын нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай гэсэн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн компьютерт томографын 2019 оны 11 сарын 07, 12-ны өдөр, 12 сарын 16-ны  дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 18-ны өдөр хийсэн үзлэг, шинжилгээгээр баруун чамархай хэсэгт 6 ширхэг шургаар шурагдсан хуучин тавигдсан крайнопластиктай байсан, баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнгийн гүний цагаан бодист зах ирмэг бүдэг дунджаар 4.3*4 см хэмжээтэй, гиподенсив өөрчлөлттэй.... гэсэн байхад үүнийг мөрдөн шалгахдаа анхаараагүй,  энэ  гэмтлийн улмаас  эмнэлгийн мэс засал хийлгэсэн эсэх  талаарх нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй, түүнчлэн урдах гэмтэл нь сүүлийн гэмтэлд нөлөөлсөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр дахин тодруулж, бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай... гэсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Прокурорт буцаажээ.

Үүний дараа Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хэрэгт зохих ажиллагаа хийсэн бөгөөд хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор 2021-01-04-ний өдөр 3 шинжээчийн  бүрэлдэлдэхүүнтэй,  дахин шинжилгээ  хийлгэх тухай  тогтоол гаргаж  /3-р х.хийн  11-13-р хуудас/  Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн 3 шинжээч  2021-01-22-ны өдөр 68 дугаартай  бүрэлдэхүүнтэй, дахин дүгнэлт  / 3-р х.хийн 19-25-р хуудас/ гаргасан байна.

           Энэ дүгнэлтээр  магадлалд заасан ажиллагааг  хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайлбал  өмнөх буюу 2019-11-18-ны өдрийн 13664 дугаар  дүгнэлт үндэслэлтэй эсэх мөн  хохирогч Д.Э-ын биед хуучин гэмтэл байсан эсэх, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд   хуучин гэмтэл нөлөөлсөн,  шалтгаант холбоотой  эсэх зэрэгт тодорхой  хариулж дүгнэлт гаргажээ.

          Иймд анхан шатны шүүх магадлалын заалтыг биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд  хэрэгт авагдсан нотлох баримтад  хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч  захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 145 дугаар  захирамжийг хүчингүй болгож,  Б-гийн  Б-,  Б-ийн Г- нарт холбогдох, 1918007880576 дугаартай, 3 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Б-, Б.Г- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

.

                                                      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МАНЛАЙБААТАР

                                                           ШҮҮГЧИД                      Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                             Ц.ТУЯА