Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0197/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Ихтамир, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч О.Хишиг-Өлзий,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2118000000180 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.Б, 1966 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ц.Б- нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 8 дугаар гудамжинд Д.Н-г хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Ц.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр намайг шавхайнд унагаад боогоод тавихгүй байсан. Би үхлээ гэхэд тавихгүй байсан тэгээд хутга гаргаад хутгалсан.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Ногооны ажил хийлгэсэн хүн маань үертэй гээд ирж чадахгүй байгаа, ирчихвэл цалингаа аваад хохирлоо төлнө.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-9/,

-Хохирогч Д.Н-гийн хэрэг учрал болох үед өмсөж явсан хувцас болон хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан хутга зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 14/,

 

-Хохирогч Д.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан сумын 7дугаар багт байрлах Дархан захаас өөрийн гэр рүүгээ буюу Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 8 дугаар гудамжаар явж байхад нэг бараан хувцастай эрэгтэй хүн тааралдсан. Тэгэхэд тэр хүн надтай маргалдах гээд байсан. Тэгээд би цаашаагаа эргээд алхаад явж байтал миний ар нуруу руу нэг юмаар хатгах шиг болсон. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд тэр хүн “чамайг ална” гээд байсан.

...гэмтлийн эмч намайг үзээд баруун тал хэсэгтээ дотогшоо нэвтэрсэн шархтай байна. Дотуур цус алдалттай байна гэж хэлээд гуурс тавьсан.

...Би гомдолтой байна, Эмчилгээний төлбөрөө гаргуулж авмаар байна.”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19/,

 

-Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 11-ний 02 цаг 45 минутад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад ирсэн хүний биед үзлэг хийхэд цээжний баруун ар талд далны доод ирмэгний доод хэсэгт хөндлөн байрлалтай 1 см орчим хутгалагдсан шархтай. Шархыг шалгахад цээжний хөндийрүү нэвтэрч байв. Уг шарханд нэг оёдол тавигдсан. Рентгенд баруун уушиг шалчийсан, цээжний хөндийд шингэнтэй харагдсан. Өвчтөнг хэвтүүлж цээжний хөндийд гуурс тавьсан. Гуурсаар 500 грамм орчим цус болон хийг соруулж авсан.” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай бага хүү Буянаа 01 цагийн орчимд миний гар утас руу залгаад “аав хүнд зодуулчихлаа” гэж ярихаар нь яваад очиход манай нөхөр Д.Н- гудамжинд буюу Сэргэлэнгийн 8 дугаар гудамжны 112 тоот хашааны харалдаа урд зам дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би нөхөр Д.Н- дээр яваад очиход “намайг наадах хүн чинь хутгалчихлаа” гээд хэвтэж байсан. Тэр үед бараан өнгийн хувцастай, буурал толгойтой хүн манай нөхрийн хажууд зогсож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/,

 

-Насанд хүрээгүй гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гудамжинд аав нэг хүнээс зугтаагаад гэр рүүгээ ирж байсан. Тэгээд аав намайг харчхаад “миний хүү аавыг нь энэ хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд аавын араас нэг настай ах хүрээд ирсэн. Тэгэхээр нь би аавыг нуруу хэсэг рүү нь гар утасныхаа гэрлийг тусгаад үзэхэд баруун талын нуруу хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгэхэд аавын араас ирсэн настай хүн би аавыг чинь хутгалаагүй гэж хэлчхээд явах гээд байсан. Тэгэхэд нь би ээж рүү залгаад “аавыг хүн хутгалчихсан байна” гэж хэлээд удаагүй байж байтал ээж ажил дээрээсээ унаанд суугаад хүрээд ирсэн.’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/,

 

-Насанд хүрээгүй гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Буянхишигийн гудамж руу ороод явж байхад согтуу гэмээр байдалтай 2 хүн байсан. Тэгэхэд нэг хүн нь бид нарыг харчхаад миний хүү гээд дуудсан. Тэгэхэд Буянхишиг “аав яасан бэ” гэж хэлээд очиход Буянхишигийн аав Нямцэрэн байсан. Тэгэхэд Буянхишигийн аав нь “энэ хүн намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Буянхишиг гар утасныхаа гэрлийг тусгаад харахад аавынх нь ар нуруунаас цус гараад хувцас нь цус болчихсон байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35/,

 

-Насанд хүрээгүй гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Буянхишигийн хашаа руу орох гээд явж байтал Буянхишигийн аав нь гудамжны нөгөө талаас хүрээд ирсэн. Тэгэхэд Буянхишиг “аав яасан бэ” гэж хэлээд очиход Буянхишигийн аав “энэ хүн намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд араас нь нэг настай ах хүрээд ирсэн. Буянхишиг гар утасныхаа гэрлийг тусгаад харахад аавынх нь нуруунаас цус гараад хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд Буянхишиг ээжрүүгээ залгаад дуудаад байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39/,

 

-Хохирогч Д.Н-д яаралтай тусламж үзүүлсэн тухай эмнэлгийн хуудас /хавтаст хэргийн 45-46/,

 

-“Д.Н-гийн биед цээжний баруун хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушги авчилт, цээжний хөндийн цус хий хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Н-гийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Д.Н-гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 371 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 48-49/,

 

-Цэнхэр өнгийн хүрэмний ар хэсэгт баруун суганы оёдлоос зүүн тийш 23,5 см зайд 16 мм хэмжээтэй зүсэгдэлт үүссэн байна. Хөх өнгийн хантаазны ар хэсэгт баруун суганы оёдлоос зүүн тийш 21 см зайд 15 мм хэмжээтэй зүсэгдэлт үүссэн байна. Улаан, цагаан өнгийн хөндлөн хэлбэрийн судалтай цамцны ар хэсэгт баруун суганы оёдлоос зүүн тийш 24 см зайд 1,5 см хэмжээтэй зүсэгдэлт үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр хурц иртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. Цэнхэр өнгийн хүрэм, хөх өнгийн хантааз, улаан цагаан өнгийн хөндлөн судалтай цамцанд үүссэн гэмтлүүд шинжилгээнд хүргүүлсэн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.”гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 62-67/,

 

-Д.Н-гийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх эмнэлгийн баримтууд /хавтаст хэргийн 145-157/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Б- нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 8 дугаар гудамжинд Д.Н-г хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний баруун хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушги авчилт, цээжний хөндийн цус хий хуралт” бүхий гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан “учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэг”-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Д.Н-гийн эмчилгээ хийлгэсэн гэх 300000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд шүүгдэгч Ц.Б-аас эмчилгээ хийлгэсэн зардал болох 300000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д олгож, хохирогч Д.Н- нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасан “Ялаас өршөөн хасах” хэсэгт хамаарч байна.

Уг хуулийн 6.5-д заасны дагуу оногдуулсан ялаас өршөөн хасахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул өршөөлд хамааруулах үндэслэлтэй байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялыг өршөөн хасахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б- нь энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн нимгэн босоо захтай 1 ширхэг хүрэм, хөх өнгийн цахилгаантай 1 ширхэг хантааз, хүрэн өнгийн урт ханцуйтай дотуур цамц 1 ширхэг, цагаан өнгийн иштэй 18,5 см урттай 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Б-ын эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Б-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 6 жилийн /зургаан жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Н-д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн нимгэн босоо захтай 1 ширхэг хүрэм, хөх өнгийн цахилгаантай 1 ширхэг хантааз, хүрэн өнгийн урт ханцуйтай дотуур цамц 1 ширхэг, цагаан өнгийн иштэй 18,5 см урттай 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Д.Н- нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

7.2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Б-ын эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ

 

ШҮҮГЧИД                               Б.ИХТАМИР,    

 

Н.ИДЭР