Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 1716

 

Б.Тамирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01154 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Тамирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох

 

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Тамирын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны Б/633 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газарт мэргэжилтэн, эдийн засагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахаар болсон. Захиргаа, удирдлагын газрын захирлын түр орлон гүйцэтгэгч 2016 оны 10 дугаар сарын 03-ны 36 тоот мэдэгдлээр ажлын орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон талаар мэдэгдэл гаргасан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний Б/470 тоот тушаал гарч орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие тус компанид мэргэжилтэн, эдийн засагч гэдэг орон тоо хасагдаагүй, зөвхөн намайг ажлаас халахын тулд орон тоо хасагдсан гэсэн үндэслэлийг гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тус хэлтсийн 6 эдийн засагч, мэргэжилтэн нараас ямар үндэслэлээр зөвхөн миний ажлын байр байхгүй болсон болон намайг ажлаас халсан нь үндэслэлгүй. Миний ажлын байрны чиг үүрэг, ач холбогдол өндөр тул тус ажлын байр хасагдаагүй гэж үзэж байна. Тус компанид надтай хамт олон хүнийг ажлаас халаагүй, өөр ажлын байр санал болгоогүй   зэрэг холбогдох хуулиудыг зөрчсөн. Намайг үндэслэлгүй ажлаас халсан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн   даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ажилгүй байсан хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт ажлын 141 хоног байна. Нийгмийн даатгалын сүүлийн 3 сарын буюу 2016 оны 08, 09, 10 дугаар сарын цалингийн дунджаар тооцоход нэг сарын дундаж цалин 1 705 391 төгрөг, нэг өдрийн цалин 79 320 төгрөг болж байна. Нийт ажилгүй байсан өдөртөө тооцоход ажилгүй байсан хугацааны цалин нь 11 184 190 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Эрдэнэс таван толгой" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Б.Тамир нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/632 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газрын хөрөнгө оруулалтын  хэсэгт мэргэжилтэн, эдийн засагчаар анх ажилд орсон. Үүнээс хойш бүтцийн өөрчлөлт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийгээд Б.Тамиртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шинээр шинэчлэн байгуулж, эдийн засгийн мэргэжилтнээр томилсон байдаг. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний 20 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Тогтоолын дагуу гүйцэтгэх захирал 2016 оны 09  дүгээр сарын 12-ны өдрийн тушаал гаргаж, компанийн нэр, орон тоо батлах тухай тушаал баталсан. Энэ тушаалын 2 дугаар хавсралтаар Төлөвлөлт, эдийн засгийн мэргэжилтэн 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа тус хэлтэс нь 6 мэргэжилтэн байсан гэж тайлбарладаг нь Эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжил хариуцсан газар нэртэй дотроо Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс, Эдийн засгийн хөгжлийн хэлтэс нэртэй 2 хэлтэстэй, хэлтэс тус бүр 3 мэргэжилтэн байсан. Эдийн засгийн хэлтсийн 3 мэргэжилтний нэг нь Б.Тамирын албан тушаал байгаа. Б.Тамирын албан тушаалыг яагаад цөөрүүлэх болсон бэ гэхээр  компанийн зүгээс тодорхой ажиллагаа хийгдсэн бөгөөд гүйцэтгэх захирал ТУЗ-ийн 20   дугаар тогтоол гарсантай холбоотой тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Түүний харьяа газар хэлтсээс компанийн бүтцийн хэмжээнд компанийн эдийн засгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, бодлого, эдийн засгийн байдлаас шалтгаалан үйл ажиллагааны зардал бууруулах, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор зарим  нэгжийг өөрчилсөн, зарим орон тоог цөөрүүлсэн, хассан тухай баримт хэрэгт авагдсан. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Захиргаа удирдлага хариуцсан газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Сумъяабазараар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнүүдийн харьцуулсан судалгаа явуулаад, цомхотгож байгаа ажлын байранд хэнийг сонгох вэ гэдгийг хурал хийгдээд тодорхой судалгааны үндсэн дээр сонгосон байгаа. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хүулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө орон тоо цөөрсөн тухай мэдэгдэл өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний Б/470 тоот тушаалаар БТамиртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль зүйн үндэслэлтэй хийгдсэн тул нэхэмжлэгчийн   нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан  ажилд  эгүүлэн  тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 11 184 190 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай хариуцагч "Эрдэнэс таван толгой" ХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэгч Б.Тамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Тамир нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Тамирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/470 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримтлахдаа Б.Тамирыг ажлаас чөлөөлөх үндэслэлийг "орон тоо хасагдсан" хэмээн заасан. Мөн компаниас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 36 тоот мэдэгдлээр Б.Тамирт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан "орон тоо хасагдсан" үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах болсныг мэдэгдсэн байдаг. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаар Б.Тамирын ажлын байрны орон тoo хасагдсан гэдэг нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Б.Тамирыг ажлаас чөлөөлсөн тушаалд ажлын байрны орон тоо хасагдсан гэх үндэслэлийг заасан боловч хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн тайлбараар зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассан агуулгад дээрх үндэслэл хамаарч байна" гэсэн дүгнэлт хийснийг огт ойлгохгүй байна.

Хариуцагч талаас "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоор компанийн бүтэц орон тооны хязгаарыг баталсаны дагуу "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/170 дугаар "Ажлын байрны нэр, орон тоог батлах тухай" тушаалын 2 дугаар хавсралтаар Төлөвлөлт эдийн засгийн мэргэжилтэн 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн хэмээн тайлбарладаг. Гэтэл энэхүү тушаалыг Б.Тамирыг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын Б/470 дугаар тушаалд баримтлаагүйгээс гадна Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоолоор ажлын байрны орон тоо хасах болон цөөрүүлэхээр шийдвэрлээгүй, мөн гүйцэтгэх захиралд ч тийм эрх хэмжээ олгогдоогүй байна. Түүнчлэн Компанийн тухай хууль болон "Эрдэнэс таван толгой" ХК-ийн дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой байгуулсан "хөлсөөр ажиллах гэрээ" зэргүүдээр гүйцэтгэх захирал нь "орон тоо хасах болон орон тоо цөөрүүлэх" эрх хэмжээгүй нь тогтоогддог. Харьцуулсан судалгаанд үндэслэн Б.Тамирыг сонгож ажлаас чөлөөлсөн талаар хариуцагч тайлбарладаг. Гэтэл энэ харьцуулсан судалгаа гэдэг нь хэний ямар шийдвэр, дүрэм журмаар хийгдсэн нь тодорхойгүй бөгөөд 3 мэргэжилтнийг төрсөн он cap, хүйс, төгссөн сургууль, мэргэжил, урьд эрхэлж байсан ажил, чөлөө авсан байдал, ажлын цаг хоцролт, тэтгэмж олгогдсон эсэх зэргээр нь харьцуулсан мэдээллийн шинжтэй хүний нөөцийн нэг мэргэжилтний хувийн үнэлэмжийн судалгаа болсон. Тухайлбал, зөвхөн Б.Тамирын чөлөө авсан байдлыг он, оноор нь гаргасан байх жишээтэй. Түүнчлэн компанийн хэсэг ажилтнуудын хийсэн гэх 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлд "чөлөө их авдаг, ажлын цагийн хоцролт ихтэй, эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаагүй, мастерын гэрчилгээ нь дүнгийн хавсралтгүй" зэрэг шалтгааныг дурдаж "Б.Тамирын ажлын байрыг хасч, мэдэгдэл өгөхөөр шийдвэрлэсэн" байгаа зэрэг нь 2013 оноос тус компанид мэргэжилтэн, эдийн засагчаар ажиллаж ирсэн Бизнесийн удирдлагын баклавар, мастерийн зэрэгтэй ажилтан Б.Тамирыг ажлаас чөлөөлөх үйл явц нь анхнаасаа эрх тэгш бус, ялгаварлан гадуурхах, шудрага бус илт үндэслэлгүйгээр явагдсаныг харуулж байна.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуульд орон тоо хасагдаж буюу цөөрүүлж буй тохиолдолд хуучин ажилтануудаас хэнийг сонгож үлдээх шалгуур журамлагдаагүй, энэ талаар байгууллагад дагаж мөрдөх тухайлсан дотоод журам үйлчилдэг гэх байдал тогтоогдоогүй нөхцөлд өөрийн байгууллагад ажиллуулах ажилтныг сонгох ажил олгогчийн эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл байхгүй" гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболд нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэдэг нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ дэх хуулийн этгээдийн үүсгэн байгуулах бичиг баримтад оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн хэсгээр тогтоогддог. Гэтэл гүйцэтгэх захирал Д.Ариунболд нь Б.Тамирыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байгаа нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 11.1.10, 11.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1-т заасныг зөрчсөн, хууль бус шийдвэр болсон. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/01154 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг хүчингүй болгож, Б.Тамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

                       

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Тамир нь хариуцагч "Эрдэнэс таван толгой" ХК-д холбогдуулан "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай" нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн "Б.Тамирыг ажлаас чөлөөлөх тухай" Б/470 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр цуцалжээ.

 

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний 20 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Тогтоолын дагуу гүйцэтгэх захирал 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тушаал гаргаж, компанийн нэр, орон тоо батлах тухай тушаал баталж, тушаалын 2 дугаар хавсралтаар Төлөвлөлт, эдийн засгийн мэргэжилтэн 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн. Үндэслэлээ үйл ажиллагаа зарим талаараа давхардаж үр ашиггүй үйл ажиллагааг бий болгож байгаа, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь адилхан, чиг үүргийн давхардалтай, компанид үр ашиггүй тул орон тоог 1-ээр цөөрүүлж байгаа талаар “Ажлын байрны нэр, орон тоог батлах тухай” тушаалын төслийн танилцуулгад дурджээ.

 

Гэтэл хэргийн 49, 60 дугаар талд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Б.Тамирын ажлын байрны тодорхойлолт авагдсан байгаа боловч нөгөө 2 мэргэжилтэн Н.Дэлгэрбаяр, Э.Марал нарын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүйгээс адил чиг үүргийн давхардалтай байсан эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт төлөвлөлт, эдийн засаг хариуцсан ажилтан байсан гэж, нөгөө хоёр мэргэжилтэн өртөг хариуцсан чиг үүрэгтэй ажиллаж байсан гэж, харин хариуцагч эдгээр гурван мэргэжилтэн адилхан чиг үүрэгтэй байсан гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа тохиолдолд нөгөө 2 мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт хэрэгт зайлшгүй шаардлагатай байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Тамирыг эдийн засгийн мэргэжилтэн гэж томилж, эдийн засагчаар /мэргэжилтэн/ анх авч ажиллуулж байсан атлаа эдийн засгийн мэргэжлээр ажиллаж байгаагүй гэж чөлөөлөх үндэслэл болгох нь учир дутагдалтай болно.

 

Иймд хэргийн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн болон хууль хэрэглээний дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01154 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

                 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БАТЗОРИГ

 

                                                              ШҮҮГЧИД                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                               

                                                                                                      Б.НАРМАНДАХ